Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2018/0218/з |
Дугаар | 409 |
Огноо | 2018-10-24 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 409
хорооны иргэдийн Нийтийн Хурлын нэхэмжлэлтэй,
Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, шинээр байгуулагдсан 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд тус тус
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: М.Батсуурь,
Шүүгчид: Х.Батсүрэн,
Б.Мөнхтуяа,
Ч.Тунгалаг,
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг,
Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын 5, 6 дугаар хороонд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, уг актын дагуу 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох, Анхдугаар хуралдаанаас батлан гаргасан 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Тооллогын комисс байгуулах тухай” 1 дүгээр тогтоол , “Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаар тогтоол, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 03 дугаар тогтоол, “Хорооны Засаг даргыг сонгох тухай” 04 дүгээр тогтоол болон Тооллогын комиссын баталсан “Санал хураах тухай” 01, 02, 03 дугаар тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0437 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2018/0453 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У, О.Б нарыг оролцуулж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0437 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1,6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.2, 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг тус тус үндэслэн “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын хавсралтын 11, 12-т заасан 5, 6 дугаар хороонд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.2.7, 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-ийн нэмэгдүүлсэн “2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох, уг илт хууль бус Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаанаас батлан гаргасан 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн тооллогын комисс байгуулах тухай” 01 дүгээр тогтоол, “Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаар тогтоол, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 03 дугаар тогтоол, “Хорооны Засаг даргыг сонгох тухай” 04 дүгээр тогтоол, мөн Тооллогын комиссын баталсан “Санал хураасан дүнгийн тухай” 01, 02, 03 дугаар тогтоолуудыг тус тус хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2018/0453 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0437 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.2, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.2, 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг тус тус үндэслэн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын хавсралтын 11, 12-т заасан 5, 6 дугаар хороонд холбогдох хэсэг, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаан, уг хуралдаанаас батлан гаргасан 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Тооллогын комисс байгуулах тухай” 01 дүгээр тогтоол, “Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаар тогтоол, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 03 дугаар тогтоол, “Хорооны Засаг даргыг сонгох тухай” 04 дүгээр тогтоолуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2-т заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны Тооллогын комиссын “Санал хураасан дүнгийн тухай” 01, 02, 03 дугаар тогтоолуудыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-ийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.4 дэх зохицуулалт нь сонгуулийн үр дүнд байгуулагддаг аймаг, нийслэл, сум, дүүрэгт хамааралтай бөгөөд сонгуулийн үр дүнд байгуулагддаггүй баг, хорооны иргэдийн Нийтийн анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах зохицуулалт биш юм.
4. Давж заалдах шатны шүүхээс Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох, уг илт хууль бус Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны анхдугаар хуралдаанаас батлан гаргасан 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01, 02, 03, 04 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж хүлээн авахаас татгалзсаныг буруу гэж үзэн Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 22.1.7, 22.1.14-т заасны дагуу 6 дугаар хорооны хурлын дарга нь шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгох нь зөв, тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцсэний эцэст шүүхэд төлөөлөх эрх үүснэ гэж хуульд байхгүй шаардлага тавьж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийн үндэслэл болж буй 22.1.3, 22.1.14 дэх заалтууд нь аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын даргын бүрэн эрх байхад хорооны хурлын даргын бүрэн эрх мэтээр хуулийг илт буруу тайлбарлаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.
5. Т.Б-д 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр олгосон итгэмжлэлд Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх олгосон бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр тэрээр хариуцагчийг сольж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
6. Гэтэл Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 8 дугаар тогтоол, 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 4 дүгээр тогтоолоор Хурлын дарга Б.М, О.Б нарт Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн А/06 дугаар тогтоол нь хорооны иргэдийн Нийтийн Хурлын эрхэд халдсан тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах, нэхэмжлэлд гарын үсэг зурах, итгэмжлэл гаргах, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох эрхийг тус тус олгосон байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т, 28.2.7-д зааснаар тусгайлан олгосон итгэмжлэлийн хүрээнд итгэмжлэлийг шилжүүлээгүй.
7. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна.
8. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
9. Давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буруу тодорхойлсон байх тул магадлалын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
10. Дүүргийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолоор “хорооны Анхдугаар хуралдааны хуваарийг баталж, тогтоосон хугацаанд зохион байгуулахыг бүрэн эрх нь дуусгавар болсон хороодын Хурлын Тэргүүлэгчдэд даалгаж” шийдвэрлэсэн байна. Гэвч ийнхүү шийдвэр гаргах эрх дүүргийн Хурлын Тэргүүлэгчдэд олгогдоогүй тухай анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
11. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаранхоёр дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага шийдвэрлэж үл болно” гэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт “хууль тогтоомжид зөвхөн сум, дүүргийн хуралд олгосон бүрэн эрхийг аймаг, нийслэлийн хурал тэдгээрийн зөвшөөрөлгүйгээр хэлэлцэн шийдвэрлэхийг хориглоно” гэж, 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид ... зарлан хуралдуулна” гэж тус тус заасан байна. Хуулийн эдгээр заалтын агуулгаас үзэхэд Анхдугаар хуралдааныг товлон зарлах эрх зөвхөн хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд олгогдсон болохоос дүүргийн Хурлын Тэргүүлэгчдэд олгогдоогүй, хорооны эрх хэмжээний асуудлыг дүүрэг шийдвэрлэх эрхгүй.
12. Хариуцагчийн “ээлжит сонгуультай холбоотой заалт Хороонд хамааралгүй, хорооны Нийтийн Хурал нь сонгуулийн үр дүнд байгуулагддаггүй” гэж тайлбарлаж байгаа боловч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт зааснаар Хорооны Хурлын Тэргүүлэгчдийг 4 жилийн хугацаагаар сонгох бөгөөд тус хуульд Хорооны анхдугаар хуралдааныг хэзээ товлох талаар нарийвчилсан хугацаа заагаагүй байна. Гэвч ийнхүү хугацаа заагаагүй байгаа нь дурын хугацаанд хурал товлох хязгааргүй эрхийг бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчдэд олгоогүй, харин дүүргийн анхдугаар хуралдаан зарлах хугацаа буюу “ээлжит сонгуулийн санал хураалт явагдсан хугацаанаас хойш 20 хоногт хурал товлох” тухай нарийвчилсан хугацааг адилтган хэрэглэх бүрэн боломжтой юм.
13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын шатны шүүх хуралдаанд “хорооны Тэргүүлэгчид анхдугаар хуралдаанаа зарлахгүй байсан тул дүүргээс хуваарь баталсан” гэж тайлбарласан боловч энэ тайлбар нь үгүйсгэгдсэн буюу тухайн тохиолдолд 5 дугаар Хороо нь 2017 оны 3 дугаар сарын 25-нд, 6 дугаар Хороо нь 2015 оны 2 дугаар сарын 10-нд тус тус Анхдугаар хуралдааныг зохион байгуулсан байх тул хорооны Хурлын Тэргүүлэгчид анхдугаар хуралдааныг товлон зарлаагүй эс үйлдэхүй гаргаагүй байна.
14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь “хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн” тайлбар гаргах үүрэгтэй, энэ хэрэгт Хорооны Хурлын Тэргүүлэгчид анхдугаар хуралдаан зарлахгүй байсан үйл баримт нотлох баримтаар тогтоогдоогүй, нөгөө талаар мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийх эрхгүй буюу анхан шатны шүүхэд хариуцагчаас “Тэргүүлэгчид анхдугаар хуралдаан зарлаагүй” асуудлаар тайлбар гаргаагүй, зөвхөн хяналтын шатны шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй байна.
15. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “2017 оны Анхдугаар хуралдаан бодитой болоогүй, иргэдийг оролцуулаагүй хирнээ оролцсон мэтээр хуурамч баримт бүрдүүлсэн, хурлын товыг мэдэгдээгүй, хуралдаанд огт оролцоогүй болон тус хороонд оршин суудаггүй иргэдийн бүртгэл байсан” гэж тайлбарласан боловч “хуурамч баримт үйлдсэн” гэдгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй, нэхэмжлэгч нараас өөр багийн иргэд Анхдугаар хуралдаанд оролцсон тухай нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул дээрх тайлбар хууль зүйн үндэслэлгүй.
16. Түүнчлэн хариуцагчийн хүсэлтээр гэрч Л.С, Ж.У нарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулсан, эдгээр иргэд нь “2017 онд Хорооны хуралдаанд суугаагүй” тухай мэдүүлсэн боловч зөвхөн хоёр гэрчийн мэдүүлгийг үндэслэн Анхдугаар хуралдаан болоогүй тухай дүгнэх боломжгүй, энэхүү гэрчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар батлагдсан тохилдолд шүүхийн шийдвэрт нөлөөлөх бөгөөд ийнхүү тогтоогдсон зүйл байхгүй тул зөвхөн нэг талын гэрчийн мэдүүлэг нь хангалттай үндэслэл болж чадахгүй юм.
17. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгчид тусгайлан олгосон итгэмжлэлийн хүрээнд итгэмжлэлийг шилжүүлээгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” тухай гомдол үндэслэлгүй байна. Учир нь хорооны Хурлын Тэргүүлэгчдээс нэхэмжлэл гаргах эрх болон итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох эрхийг Хурлын даргад олгосон, энэ дагуу Хурлын дарга нараас Т.Б-г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байх тул “шүүхэд нэхэмжлэл аргах эрхгүй этгээд” нэхэмжлэл гаргасан гэж үзэхгүй, уг асуудлаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.
18. Харин давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “хуралдаан” илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт нийцэхгүй байна. Учир нь “хуралдаан” нь захиргааны актын үндсэн шинжийг агуулахгүй, харин тухайн хуралдаанаас гарсан шийдвэр буюу маргаан бүхий актын “шийдвэр гаргах ажиллагааны процесс” нь юм. Өөрөөр хэлбэл, хуралдаан нь дангаараа нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, харин түүнээс гарсан тогтоол нь эрх зүйн үр дагавартай захиргааны акт болно.
19. Иймд, нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн үр дагавар үүсгэж буй хуралдаанаас гарсан тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх бүрэн боломжтой, ийнхүү эрхээ эдэлж нэхэмжлэл гаргасан атлаа дахин тухайн өдрийн нэгэнт явагдаад дууссан хуралдааныг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь ямар эрх зүйн хамгаалалтыг шаардаж байгаа нь тодорхойгүй байна.
20. Түүнчлэн, хуралдаан нь бие даасан захиргааны акт биш тул захиргааны актыг хүчингүй болгуулах, эсхүл илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүйн зэрэгцээ нэхэмжлэгчээс хариуцагчийн нэг үйл ажиллагаанд хоёр шаардлага гаргах хууль зүйн боломжгүй юм.
21. Иймээс “хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаан биш гэж үзэж, хүлээн авахаас татгалзсан өөрчлөлт магадлалд оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2018/0453 дугаар магадлалын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан илт хууль бус болохыг тогтоосугай” гэснийг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Анхдугаар хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ