Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1307

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-, М.М- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/00980 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-, М.М- нарын хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2019/00679 дугаар шийдвэрээр хариуцагч Б.Б-, М.М- нар нэхэмжлэгч Т.О-ын нэхэмжлэлийн шаардлагаас 16 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталсан. НШШГГ- нь М.М-ийн өмчлөл, эзэмшлийн Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Ар согоотын 1-р гудамж, 106 тоотод байрлах 36 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017591 дугаарт бүртгэлтэй 2 өрөө хувийн сууц, нэгж талбарын 18643320692471 дугаартай 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт “Б-” ХХК-аар 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хөрөнгийн үнэлгээ хийлгэж уг үнэлгээний тайлан болон дүгнэлтийг Б.Б-, М.М- нарт 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч Б.С- танилцуулсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон “Б-” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайланг зах зээлийн үнээс хэт доогуур 20 382 000 төгрөгөөр үнэлсэн байна. Тодруулбал, 36 м.кв талбайтай 2 өрөө хувийн сууцыг 6 390 018 төгрөгөөр үнэлсэн нь М.М-ийн хувийн сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэгүйдүүлсэн үнэлгээ хийсэн. Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний саналаа 120 000 000 төгрөг, 80 000 000 төгрөг гэж өгсөн бөгөөд уг үл хөдлөх хөрөнгийг 2 өрөө байраар сольё гэж байсан. Дулаан болон бохирын шугам орох гэж байгаа учраас үнэд хүрэх боломжтой юм. Мөн үнэлгээ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн ажлыг харгалзан үзээгүй, мөн хөрөнгийн үнэлгээний хуульд заасан зарчим, журмаар үнэлээгүй байна. Энэ нь төлбөр төлөгч болон өмчлөгч эзэмшигчийн эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас М.М-ийн хувийн сууц, газрыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2019/00679 дугаар шийдвэрээр хариуцагч Б.Б-, М.М- нараас 16 237 950 төгрөгийг гаргуулж Т.О-т олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч М.М-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017591 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Ар согоотын 1-р гудамж, 106 тоотод байрлах 36 м.кв талбайтай хувийн орон сууц, нэгж талбарын 18643320692471 дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 19300767/01 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 18300767/01 дугаартай тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу талууд харилцан тохиролцоогүй тул, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55.2.2-т заасны дагуу 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 19300767/01 дугаар шинжээч томилох тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр зах зээлийн үнэлгээг тогтоолгосон. “Б” ХХК-ийн шинжээч 20 382 000 төгрөгийн үнэлгээ тогтоосон тайланг төлбөр төлөгч М.М-, Б.Б- нарт мэдэгдлийн хамт танилцуулж гардуулан өгсөн. Иймд дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар НШШГГ-т холбогдох, үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай М.М-, Б.Б- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.М-, Б.Б- нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нь... Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9-р зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээчээр “Б-” ХХК-ийг томилсон, шинжээч “Б-” ХХК нь хашаа байшингийн зах зээлийн үнийг 20 382 000 төгрөг болохыг тогтоожээ. Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд байх ба үнэлгээг гаргахдаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Нэхэмжлэгч нар нь шинжээчийн тогтоосон үнийг зах зээлийн үнээс хэт доогуур байгаа гэж тайлбарлаж, орон сууцыг дулаан бохирын шугамд холбогдох гэж байгаа, хоёр өрөө байраар солино гэсэн гэж тайлбарлаж байгаа боловч -дослзаэ:- чатлох баримтаар нотлоогүй, Монгол улсын зах зээлд тухайн эд хөрөнгө ямар үнээр худалдан борлогдож байгаа талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, шинжээчийн үнэлгээ тогтоосон аргачлалыг үнлэслэл зааж няцаагаагүй тул шинжээчийн тогтоосон үнэлгээг буруутгах үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. Учир нь тухайн эд хөрөнгө ямар үнээр худалдан борлогдож байгаа талаарх баримтыг гаргаж өгөхөд учир дутагдалтай бөгөөд тухайн хөрөнгийн зах зээлд худалдан борлогдох үнэ цэнэ нь нэг өөр үнэ цэнэтэй, харин тухайн хөрөнгийн үнэ цэнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн зорилгоор тогтоох нь бас өөр аргачлалаар тогтоогдож байна гэж үзэж байна. Бодит байдал дээр 36м.кв талбайтай хувийн сууцыг иргэд хоорондоо ч 6 390 018 төгрөгөөр худалдахгүй ба материалын үнэ ч ийм үнэтэй байхгүй бөгөөд үнэлгээг хэт доогуур тогтоож үнэгүйдүүлсэнд маш их гомдолтой байна. Гэтэл анхан шатын шүүх үнэлгээний тайлан, дүгнэлтийг судлаж үзэлгүй бидний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Б.Б-, М.М- нар нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2019/00679 дугаар шийдвэрээр хариуцагч М.М-, Б.Б- нараас нийт 16 237 950 төгрөгийг гаргуулж Т.О-т олгохоор шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хэргийн 7-10 дугаар тал/ Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

            Төлбөр төлөгч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул НШШГГ- шийдвэрийг албадан гүйцэтгэхээр барьцааны хөрөнгө болох М.М-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017591 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Ар согоотын 1-р гудамж, 106 тоотод байрлах 36 м.кв талбайтай хувийн орон сууц, нэгж талбарын 18643320692471 дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 19300767/01 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 18300767/01 дугаартай тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хэргийн 11-12 дугаар тал/

            Талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн талаарх үнийн саналыг НШШГГ- авахад төлбөр төлөгч М.М-, 120 000 000 төгрөгөөр, Б.Б- 80 000 000 төгрөгөөр, төлбөр авагч Т.О- 10 000 000 төгрөгөөр тус тус үнэлжээ. /хэргийн 37-39 дүгээр тал/ Улмаар хөрөнгийн үнэлгээний талаар талууд тохиролцоогүй тул хариуцагч байгууллагаас 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 19300767/01 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор “Б-” ХХК-ийг шинжээчээр томилж, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9, 13, 14, 15, 45 дугаар зүйлд заасан эрх үүргийг танилцуулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад нийцсэн байна. Тодруулбал, шинжээчийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

            Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заажээ.

            Шинжээч “Б-” ХХК нь  тухайн хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын аргаар үнэлгээ хийж, улмаар үнэлгээний дүнг нэгтгэн зах зээлийн үнэ цэнийг 20 382 000 төгрөг гэж тогтоосон байна. Хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиж судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагджээ. /хэргийн 45-58 дугаар тал/ Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

            Нэхэмжлэгч нар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 80 000 000-120 000 000 төгрөгийн үнэтэй, хөрөнгийн үнэлгээ нь хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

            Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/00980 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ш.ОЮУНХАНД

 

                                      ШҮҮГЧИД                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                    С.ЭНХТӨР