Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2020/00980

 

2020 05 05

182/ШШ2020/00980

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

182/2020/00697/И

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж:

 

Нэхэмжлэгч: Б овогт Б.Б /РД:ЧБ69/, Сүхбаатар дүүрэг,

Нэхэмжлэгч: С овогт М.М /РД:УХ61/, Чингэлтэй дүүрэг,

Хариуцагч: НШШГГ , Сүхбаатар дүүрэг, өөрийн байр

үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, В.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2019/00679 дугаар шийдвэрээр хариуцагч Б.Б, М.М нар нэхэмжлэгч Т.О ын нэхэмжлэлийн шаардлагаас 16,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2019 оны 10 сарын 17-ны өдөр төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталсан. НШШГГ  нь М.М ийн өмчлөл, эзэмшлийн Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Ар согоотын 1-р гудамж, 106 тоотод байрлах 36 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017591 дугаарт бүртгэлтэй 2 өрөө хувийн сууц, нэгж талбарын 18643320692471 дугаартай 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт Баян модот ХХК-аар 2020 оны 02 сарын 23-ны өдөр хөрөнгийн үнэлгээ хийлгэж уг үнэлгээний тайлан болон дүгнэлтийг Б.Б, М.М нарт 2020 оны 03 сарын 20-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч Б.С танилцуулсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон Б м ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайланг зах зээлийн үнээс хэт доогуур 20,382,000 төгрөгөөр үнэлсэн байна. Тодруулбал 36 м.кв талбайтай 2 өрөө хувийн сууцыг 6,390,018 төгрөгөөр үнэлсэн нь М.М ийн хувийн сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэгүйдүүлсэн үнэлгээ хийсэн. Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний саналаа 120,000,000 төгрөг, 80,000,000 төгрөг гэж өгсөн бөгөөд уг үл хөдлөх хөрөнгийг 2 өрөө байраар сольё гэж байсан. Дулаан болон бохирын шугам орох гэж байгаа учраас үнэд хүрэх боломжтой юм. Мөн үнэлгээ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн ажлыг харгалзан үзээгүй, мөн хөрөнгийн үнэлгээний хуульд заасан зарчим, журмаар үнэлээгүй байна. Энэ нь төлбөр төлөгч болон өмчлөгч эзэмшигчийн эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас М.М ийн хувийн сууц, газрыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2019/00679 дугаар шийдвэрээр хариуцагч Б.Болормаа, М.М  нараас 16,237,950 төгрөгийг гаргуулж Т.О т олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч М.М ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017591 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Ар согоотын 1-р гудамж, 106 тоотод байрлах 36 м.кв талбайтай хувийн орон сууц, нэгж талбарын 18643320692471 дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг 2020 оны 01 сарын 17-ны өдөр 19300767/01 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 01 сарын 30-ны өдөр 18300767/01 дугаартай тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу талууд харилцан тохиролцоогүй тул, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55.2.2-т заасны дагуу 2020 оны 02 сарын 07-ны өдрийн 19300767/01 дугаар шинжээч томилох тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр зах зээлийн үнэлгээг тогтоолгосон. Баянмодот ХХК-ийн шинжээч 20,382,000 төгрөгийн үнэлгээ тогтоосон тайланг төлбөр төлөгч М.М , Б.Б нарт мэдэгдлийн хамт танилцуулж гардуулан өгсөн. Иймд дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэл, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2019/00679 дугаар шийдвэр, гүйцэтгэх хуудас, эд хөрөнгө хураах тухай тогтоол, шинжээч томилох тухай тогтоол, Баян модот ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2019/00679 дугаар шийдвэрээр хариуцагч М.М , Б.Б нараас 16,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 237,950 төгрөг, нийт 16,237,950 төгрөгийг гаргуулж Т.О т олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Төлбөр төлөгч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул НШШГГ  шийдвэрийг албадан гүйцэтгэхээр барьцааны хөрөнгө болох М.М ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2291 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Ар согоотын 1-р гудамж, 106 тоотод байрлах 36 м.кв талбайтай хувийн орон сууц, нэгж талбарын 18643471 дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг 2020 оны 01 сарын 17-ны өдөр 19300767/01 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 01 сарын 30-ны өдөр 18300767/01 дугаартай тогтоолоор хурааж, албадан худалдахын тулд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу Баян модот ХХК-ийг шинжээчээр томилж орон сууцыг үнэлүүлсэн байна. Шинжээч газар, сууцыг 20,382,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг 2020 оны 02 сарын 23-ны өдөр ирүүлж, шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч М.М , Б.Б нарт мэдэгдлийн хамт танилцуулж мэдэгдсэн, М.М , Б.Б нар үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг илтэд бага болсон үндэслэлээр эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар 2020 оны 03 сарын 02-ны өдөр шүүхэд гомдол гаргажээ.

 

Хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, орон сууцыг үнэлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээчээр Баян модот ХХК-ийг томилсон, шинжээч Баян модот ХХК нь хашаа байшингийн зах зээлийн үнийг 20,382,000 төгрөг болохыг тогтоожээ. Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд байх ба үнэлгээг гаргахдаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Нэхэмжлэгч нар нь шинжээчийн тогтоосон үнийг зах зээлийн үнээс хэт доогуур байгаа гэж тайлбарлаж, орон сууцыг дулаан бохирын шугамд холбогдох гэж байгаа, хоёр өрөө байраар солино гэсэн гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй, Монгол улсын зах зээлд тухайн эд хөрөнгө ямар үнээр худалдан борлогдож байгаа талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, шинжээчийн үнэлгээ тогтоосон аргачлалыг үндэслэл зааж няцаагаагүй тул шинжээчийн тогтоосон үнэлгээг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд НШШГГ т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай М.М , Б.Б нарын нэхэмжлэлийг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар НШШГГ т холбогдох, үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай М.М , Б.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.М , Б.Б нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д зааснаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2019/00679 дугаар шийдвэрийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг 7 хоногт гардан авах үүрэгтэй, эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ С. БУД