Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 0082

 

 

 

 

 

 

    М.У, Н.С нарт холбогдох

                                             эрүүгийн хэргийн тухай

 

 

          Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                   Прокурор                                               Н.Д

Шүүгдэгч нарын өмгөөлөгч               Д.Б, Ж.М/цахим/

                   Нарийн бичгийн дарга                      Э.Булгантамир нарыг оролцуулан

 

           Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 214 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гаргасан дээд шатны прокурор Б.Б-ы эсэргүүцлээр шүүгдэгч М.У, Н.С нарт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

           М овогт М-н У,

 

           О овогт Н-н С,

  М.У нь нийтийн албан тушаалтан буюу         аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байхдаа 2017 оны 05 дугаар сард        аймгийн Засаг даргын тамгын газрын 1 давхарт байх цэргийн штабын өрөөнд      аймгийн     сум,        дүгээр багийн нутаг дэвсгэр “Х” ШТС-н урд талд байрлах ахуйн зориулалтаар эзэмших 762 м.кв талбай бүхий газрын гэрчилгээг Н.Сын нэр дээр гаргаж өгөхөөр хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр М.Б-р дамжуулан Н.Соос 1.500.000 төгрөгийн хээл хахууль авсан,

  Н.С нь      аймгийн      сумын       дүгээр  багийн нутаг дэвсгэрт “Х” ШТС-н урд талд байрлах ахуйн зориулалтаар эзэмших 762 м.кв талбай бүхий газрын гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авахаар     аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга М.Уд 2017 оны 05 дугаар сард       аймгийн Засаг даргын тамгын газрын 1 давхарт байх цэргийн штабын өрөөнд М.Б-р дамжуулан 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

         аймгийн Прокурорын газраас: М.У, Н.С нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Н.С, М.У нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж,

 

            Шүүгдэгч Н.С, М.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг дуу бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор Б.Б эсэргүүцэлдээ:

... Шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгахдаа “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд ... эргэлзээгүй тогтооно” гэж заасан тул шүүхийн шийдвэр таамаглалд үндэслэх ёсгүй юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч Н.С, М.У нарын үйлдэл нотлогдоогүй, эргэлзээтэй гэж дүгнэжээ.

Гэвч анхан шатны шүүх прокуророос яллагдагч М.У, Н.С нарыг хахууль авах, өгөх гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн яллах талын нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэж, эргэлзээ үүссэн талаараа огт дурдаагүй. Тухайлбал М.У-г цагаатгах талын нотлох баримтад М.Б-н гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэлэн эргэлзээтэй хэмээн дүгнэсэн атлаа түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн мэдүүлгийг үнэлээгүй.

Авлигын мөнгийг М.Уд өгсөн талаар Н.Сын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгийг хэрхэн ямар нотлох баримтаар үгүйсгэж байгааг дурдаагүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгнийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй буюу шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Хахууль өгөгч хахууль өгсөн талаараа тогтвортой мэдүүлсэн, түүний хахуулийн мөнгийг өөрийн данснаас авсан, улмаар М.Б-р дамжуулан өгсөн үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн М.У-н мэдүүлгээр эргэлзээтэй гэж илт үндэслэлгүй дүгнэлт гэж үзэхээр байна.

Түүнчлэн Н.С нь       аймгийн      сум,        дүгээр багийн нутаг дэвсгэрт “Х” ШТС-н урд талд байрлах ахуйн зориулалтаар эзэмших 762 м.кв талбай бүхий газрын гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авах ашиг сонирхол байсан, М.У нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ бусдаас хахууль авах талаар санал гаргасан буюу хахууль өгөгч, авагч нарын хооронд үүссэн харилцан ашиг сонирхлын нэгдэл үүссэн үйл баримт тогтоогдсон. Хахууль авах, өгөх гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг бөгөөд хахууль авч, өгч байгааг шууд нотолсон гэрчийн мэдүүлэг хэрэгт цуглараагүй нь гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзээ төрсөн гэж дүгнэх боломжгүй юм.

Мөн цагаатгах тогтоолд улсын яллагчийн зүгээс гэм буруутайд тооцуулахаар гаргасан дүгнэлтийг няцаан үгүйсгэхдээ хэрэгт цугларсан ямар нотлох баримтуудаар няцааж байгаа, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн талаараа дурдаагүйн дээр мөрдөгчөөс хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, улмаар прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтуудыг “чухал шаардлагатай биш баримтууд” гэж үзсэн талаараа дүгнэлтүүд хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан атал шүүхээс “чухал шаардлагатай биш баримтууд” гэж үнэлсэн нь өрөөсгөл болжээ.

Дээрх байдлуудаар шүүгдэгч М.У, Н.С нарт холбогдох хэрэгт гарсан шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан “Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй”, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10 дахь хэсэгт заасан “Илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэсэн үндэслэлүүдэд бүрэн хамаарч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэхээр байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/214 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.У-н  өмгөөлөгч Д.Б тайлбартаа:  ... М.У-г хахууль авсан гэдэг нь нотлогддоггүй. Анхан шатны шүүх эргэлзээтэй гэж дүгнээд цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.У-н  өмгөөлөгч Ж.М тайлбартаа: “ ... Давж заалдах шатны шүүхээс хэргийг буцаах үндэслэлгүй тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж  өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн нотлох баримтуудыг хэрхэн дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тодорхойгүй. Үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.У, Н.С нарт холбогдох эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

 Шүүгдэгч М.У нийтийн албан тушаалтан буюу        аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байхдаа 2017 оны 05 дугаар сард     аймгийн Засаг даргын тамгын газрын 1 давхарт байх цэргийн штабын өрөөнд      аймгийн       сум,      дүгээр багийн нутаг дэвсгэр “Х” ШТС-н урд талд байрлах ахуйн зориулалтаар эзэмших 762 м.кв талбай бүхий газрын гэрчилгээг Н.Сын нэр дээр гаргаж өгөхөөр хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр М.Б-р дамжуулан Н.Соос 1.500.000 төгрөгийн хээл хахууль авсан,

 

шүүгдэгч Н.С нь дээрх газрын гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авахаар     аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга М.Уд 2017 оны 05 дугаар сард    аймгийн Засаг даргын тамгын газрын 1 давхарт байх цэргийн штабын өрөөнд М.Б-р дамжуулан 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогдсон байна.

 

      аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос М.У-н үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар, Н.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.

 

          Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С, М.У нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

 

          Хахууль өгөх, авах гэмт хэрэг нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд эсхүл бусдаар дамжуулан хахууль авсан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийн өмчлөх эрхийг шилжүүлсэн, хөнгөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл тэдгээрийг амласан, санал болгосон үйлдлийг хахууль авах, өгөх гэмт хэрэгт тус тус тооцохоор хуульчилсан билээ.

 

          Хахууль өгөгчийн ашиг сонирхол гэдэг нь өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгох гэсэн гэмт санаа зорилго байдаг бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна.

 

          Тодруулбал: Н.С нь ахуйн зориулалтаар эзэмших 762 м.кв талбай бүхий газрын гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авах ашиг сонирхол байсан эсэх, М.У нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ бусдаас хахууль авах талаар санал гаргасан буюу хахууль өгөгч, авагч нарын хооронд үүссэн харилцан ашиг сонирхлын нэгдэл байсан эсэх талаар, мөн дээрх мөнгийг Н.С өөрийн данснаасаа авч М.Б-р дамжуулан М.Уд өгсөн тухай мэдүүлэг, Н.Сын өгсөн мөнгийг М.Уд өгсөн талаарх гэрч М.Б-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргийг няцаан үгүйсгэсэн дүгнэлт огт хийгээгүй байна.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт ... шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга, шүүх ... улсын яллагчийн дүгнэлт ... -няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана” гэж заасан ба анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6.д заасан дээрх шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

 

          Дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсанаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байх боловч Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсон бөгөөд уг хууль нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс  дагаж мөрдөгдөж байгаа билээ.

 

          Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул шүүгдэгч М.У, Н.С нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нөхцөл байдал үүссэн байна.

 

          Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах тухай дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 214 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР

                        ШҮҮГЧ                                                           С.ЦЭЦЭГМАА