Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1303

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДН- эмнэлгийн

Нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/01136 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ДН- эмнэлгийн хариуцагч П.С-од холбогдуулан гаргасан Цалин болон зардалд төлсөн 20 721 650 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч ДН- эмнэлгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Нэгдсэн эмнэлэгт яаралтай түргэн тусламжийн эмчээр ажиллаж байсан П.С- нь 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр №13 тоот Төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтанд суралцаж Нүдний эмчээр Нэгдсэн эмнэлэгтээ 5 жилээс доошгүй хугацаагаар ажиллахаар гэрээ байгуулж, 3 жилийн хугацаанд сургалтанд хамрагдаж нарийн мэргэшил эзэмшиж тус эмнэлэгт 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/137 тоот тушаалаар нүдний эмчээр томилогдон ажилласан. Гэвч Д.С- нь уг ажлын байранд үргэлжлүүлэн ажиллахгүй гээд ажлаа орхиж явсан бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд манай байгууллагаас 2015 оны 10 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарыг дуусах хүртэл хугацаанд цалин 3 573 994 төгрөг, нийгмийн даатгалд 570 336 төгрөг, нийт 4 144 330 төгрөгийг төлж зардал гаргасан. Нэгдсэн эмнэлэг нь нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнээр дутмаг ажиллаж байгаа ба П.С- нь суралцаж төгссөнөөс хойш тус байгууллагадаа огт ажиллаагүй гэрээний үүргээ зөрчиж байгууллагын хүний нөөцийн бодлогыг алдагдуулж тухай орон нутгийн ард иргэдийн эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр хохирол учруулсан гэж үзэж байна. Иймд Нэгдсэн эмнэлэгээс 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн №13 тоот гэрээний 4.2-т зааснаар 20 721 650 төгрөгийг П.С-оос гаргуулж Нэгдсэн эмнэлэгт олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. П.С- 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 13 дугаартай Төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтанд суралцагчтай байгуулах гэрээ-г Эрүүл мэндийн хөгжлийн төв болон эрүүл мэндийн газартай байгуулсан. Мөн өдөр эрүүл мэндийн газартай Мэргэжил олгох, дээшлүүлэх сургалтанд суралцуулах гэрээ-т тус тус байгуулсан. Дээрх 2 гэрээгээр П.С- 3 жилийн хугацаанд суралцан төгсөж, нэгдсэн эмнэлэгт ажиллах үүрэг хүлээсэн. Мөн захиалагч байгууллага болон эмнэлэг нь суралцаж төгссөний дараа эзэмшсэн мэргэжлийн дагуу ажлын байраар хангах, шаардлагатай орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр хангах үүрэг хүлээсэн. Ингээд 2018 оны 11 дүгээр сард сургуулиа төгсөж, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ажилдаа орохоор очсон боловч Нэгдсэн эмнэлгийн дарга ажилд томилохгүй хүлээлгэж байгаад 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Б/137 дугаартай тушаал гаргаж Нүдний эмчийн ажилд томилсон. Гэвч ажилд томилсон өдрөөс эхлэн нүдний үзлэг оношилгоо хийх багаж, тоног төхөөрөмж байхгүй тул дотрын эмчээр ажилла гээд ажиллуулсан. Гэтэл П.С- нь дотрын эмчийн мэргэшүүлэх сургалтад суралцаж төгсөөгүй, дотрын эмчийн ажил үүргийг хийж гүйцэтгэх мэдлэг, мэргэшилгүй, дотрын эмчийн ажлын дадлага туршлага байхгүй зэрэг үндэслэлээр дотрын эмчийн ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй юм гэдгээ эмнэлгийн даргад илэрхийлсэн боловч хүлээж аваагүй тухайн ажлыг хийлгэсээр байсан тул 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бичгээр хүсэлт өгч, дотрын эмчийн ажил хийхгүй гэдгээ албан ёсоор илэрхийлж, тушаалын дагуу нүдний эмчийн ажил үүргээ гүйцэтгэх хүсэлтэй байгаагаа мөн илэрхийлсэн. Гэтэл Нэгдсэн эмнэлгийн дарга нь үг хэлээр дайрч доромжлон, зайл гэх зэргээр ажиллах нөхцөлгүй болгож байсан. Тушаал гаргах үедээ ч Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолт гаргаж өгөөгүй. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж өгөх, боломжгүй бол хариуцсан ажил үүргээс чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг өгсөн бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл тоног төхөөрөмж ч үгүй, ажилд томилж ажиллуулахгүй удаан хүлээсэн. Нэгэнт сар гаруй хугацаанд ажил хийгээгүй цалин хөлсгүй байсан тул Хөдөлмөрийн хуульд заасан 30 хоногийн хугацаанд хариу өгөөгүй тул хариуцсан ажил үүргээс чөлөөлсөн гэж ойлгосон болохоо илэрхийлсэн. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан Төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтанд суралцагчтай байгуулах гэрээний 4.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна гэж тайлбарлаж шаардлага гаргасан байна. Харин хариуцагчийн зүгээс тус гэрээний 4.3-т зааснаар захиалагч байгууллага болон эмнэлэг нь ажилтан ажиллах нөхцөл боломжоор хангаагүй, үүний улмаас тус эмнэлэгт ажиллаагүйд захиалагч тал буруутай гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн  399 дүгээр зүйлийн 399.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.С-оос 4 144 330 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 16 577 320 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Нэгдсэн эмнэлэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөллөгддөг болохыг дурдаж, хариуцагч П.С-оос улсын тэмдэгтийн хураамжинд 81 259 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх талуудын хороонд байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 13 дугаартай “Төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтанд суралцагчтай байгуулах гэрээ” болон “Мэргэжил олгох, дээшлүүлэх сургалтанд суралцуулах гэрээ"-г Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийг 399.1 -т заасны дагуу Даалгаврын гэрээ гэж үзсэн. Энэхүү гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн зардлаар мэргэжил олгох сургалтад суратцах үүрэг хүлээсэн бөгөөд нөгөө талаас нэгдсэн эмнэлэг нь “Мэргэжил олгох, дээшлүүлэх сургалтанд суралцуулах гэрээ”-ний 3.2-т заасны дагуу шаардагдах орчин үеийн багаж, тоног төхөөрөмжөөр хангах үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгч тал байгуулсан гэрээний энэхүү үүргээ биелүүлснээр цаашид гэрээг хэрэгжүүлэх боломж үүсэх байсан. Гэтэл нүдний эмчээр ажиллуулах тушаал гаргасан боловч дотрын эмчээр ажиллуулсныг шүүх “... төгсөөд ирэхэд нь ажлын байраар хангаж гэрээнд заасан үүргээ биелүүлсэн байх ба...” хэмээн дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Мөн нэхэмжлэгч тал хариуцагчийг сургуулиа төгсөж ирмэгц тоног төхөөрөмжөөр хангсан мэтээр тайлбарлаж шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Импортоор орж ирэх барааны үнийн хуваарийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнийг анхан шатны шүүх мөн л уг огноогоор нэгдсэн эмнэлэгт тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагч нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “шаардлагатай багаж тоног төхөөрөмжөөр хангаж өгөх, боломжгүй бол хариуцсан ажил үүргээс чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлтээ бичгээр гаргаж 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэхэд эмнэлэг ч тоног төхөөрөмжгүй байсан. Хэрэв гэрээ болон стандартад заасан тоног төхөөрөмж бүрэн байгаа тохиолдолд гэрээний дагуу ажиллахад татгалзах зүйлгүй гэдгээ мөн илэрхийлж байсан. Иймээс Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор “Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа МNS5095:2017” Монгол Улсын стандарт баталсан байна. Энэхүү стандартад заасан нэр төрлийн багаж тоног төхөөрөмжөөр хангагдаж байж гэрээний үүргээ биелүүлэх боломжтой буюу гэрээнд заасан хугацаагаар ажиллах нөхцөл үүсэх байсан. Иймээс хариуцагч талаас шинжээч томилуулах хүсэлт гаргаж байсан. Мөн анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 399 дүгээр зүйлд заасан Даалгаврын гэрээ гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байгаа бөгөөд уг гэрээний үндсэн шинж нь тухайн гүйцэтгэж байгаа үүргийг даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс даалгавар гүйцэтгэгч хэрэгжүүлэхийг шаарддаг. Гэтэл нүдний эмчийн мэргэжил эзэмшихээр суралцах үйл явц нь нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс бус хариуцагч өөрөө, өөрийнхөө нэрийн өмнөөс суралцсан үйл явдал бөгөөд гэрээний дагуу гагцхүү сургалтын төлбөрийг суралцагчийн нэрийн өмнөөс төлөх, үүний төлөө хариуцагч нь заасан хугацаанд нэхэмжлэгч байгууллагад ажиллах үүрэг хүлээсэн гэж ойлгож байна. Хариуцагчийг ажиллуулахын тулд нэхэмжлэгч нь харилцан үүрэг хүлээсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч нэгдсэн эмнэлэг нь хариуцагч П.С-од холбогдуулан цалин болон зардалд төлсөн 4 144 330 төгрөгийг Төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтанд суралцагчтай байгуулах гэрээний 4.2-т заасны дагуу 5 дахин нэмэгдүүлж, нийт 20 721 650 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, эмнэлэг нь ажиллах нөхцөл боломжоор хангаагүй гэж маргажээ.

 

            Эрүүл мэндийн хөгжлийн төв болон эрүүл мэндийн газар, хариуцагч П.С- нарын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр №13 дугаартай Төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтанд суралцагчтай байгуулах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу хариуцагч П.С-ыг Нүд судлалын мэргэжлээр 3 жилийн үндсэн сургалтад төсвийн санхүүжилтээр суралцуулах, суралцагчийн 3 сар буюу 90 хүртэл хоногийн албан тушаалын үндсэн цалинг ...олгох, суралцагчийн ажлын байрыг хадгалах эсвэл эзэмшсэн мэргэжлийн дагуу ажлын байраар хангаж, сургалтыг дүүргэсний дараа 5-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллуулахаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 6-10 дугаар тал/

 

            Мөн зохигчдын хооронд Мэргэжил олгох, дээшлүүлэх сургалтанд суралцуулах гэрээ 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулагдаж, уг гэрээнд нэгдсэн эмнэлэг П.С-од ажлын 90 хоногийн үндсэн цалин, НДШ, нэг удаагийн замын зардлыг/ирэх, буцах/ тухайн үеийн тогтсон тарифын дагуу олгохоор, их эмч П.С- нь сургалтын дараа үндсэн байгууллагадаа мэргэжлээрээ 8-аас доошгүй жил ажиллахаар тохиролцсон байна./хэргийн 48, 49 дүгээр тал/

 

            Дээрх гэрээний нөхцөл зөрчигдсөн эсэх, гэрээний үүрэг зөрчигдөхөд хэн буруутай талаар талууд маргаж байна. Гэрээний үүрэг ялимгүй зөрчигдсөн эсэх, гэрээ цуцлагдах хэмжээний зөрчил гарсан эсэх үйл баримт тодорхой бус байна. Тодруулбал, нэхэмжлэгч талаас тухайн үед эмнэлгийн төхөөрөмж орж ирсэн байсан гэж, хариуцагч тоног төхөөрөмж байхгүй байсан гэж маргаж байна.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нэгдсэн эмнэлэгт стандартад заасан нүдний 13 төрлийн багаж тоног төхөөрөмж байгаа эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүхээс 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШЗ2020/06245 дугаар шүүгчийн захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Учир нь тоног төхөөрөмжийн эхний захиалга нь тус эмнэлэгт орж ирсэн эсэх, данс бүртгэлд тусгагдсан эсэхийг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

 

            Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулж, хэргийг хянан шийдвэрлээгүй нь хэргийн үйл баримтыг тогтооход нөлөөлсөн байна.

 

            Давж заалдах шатны шүүхээс дээрх байдлыг тодруулах ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримт, хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/01136 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ш.ОЮУНХАНД

 

                                       ШҮҮГЧИД                              А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                 С.ЭНХТӨР