Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2020/01136

 

 

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2020/01136

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д

Хариуцагч: С  

Цалин болон зардалд төлсөн 20 721 650 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д эмнэлгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Нэгдсэн эмнэлэгт яаралтай түргэн тусламжийн эмчээр ажиллаж байсан С  нь 2015 оны 09-р сарын 07-ны өдөр №13 тоот Төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтанд суралцаж Нүдний эмчээр Нэгдсэн эмнэлэгтээ 5 жилээс доошгүй хугацаагаар ажиллахаар гэрээ байгуулж, 3 жилийн хугацаанд сургалтанд хамрагдаж нарийн мэргэшил эзэмшиж тус эмнэлэгт 2018 оны 12 сарын 01-ний өдрийн Б/137 тоот тушаалаар нүдний эмчээр томилогдон ажилласан. Гэвч Д.С  нь уг ажлын байранд үргэлжлүүлэн ажиллахгүй гээд ажлаа орхиж явсан бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд манай байгууллагаас 2015 оны 10-р сараас 2018 оны 12-р сарыг дуусах хүртэл хугацаанд цалин 3 573 994 төгрөг, нийгмийн даатгалд 570 336 төгрөг, нийт 4 144 330 төгрөгийг төлж зардал гаргасан. Д  аймгийн З сумын нэгдсэн эмнэлэг нь нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнээр дутмаг ажиллаж байгаа ба П.С  нь суралцаж төгссөнөөс хойш тус байгууллагадаа огт ажиллаагүй гэрээний үүргээ зөрчиж байгууллагын хүний нөөцийн бодлогыг алдагдуулж тухай орон нутгийн ард иргэдийн эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр хохирол учруулсан гэж үзэж байна. Иймд З сумын Нэгдсэн эмнэлэгээс 2015.09.07-ны өдрийн №13 тоот гэрээний 4.2-т зааснаар 20 721 650 төгрөгийг П. С оос гаргуулж З сумын Нэгдсэн эмнэлэгт олгож өгнө үү гэв.

Хариуцагч П.С ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. П.С  2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 13 дугаартай Төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтанд суралцагчтай байгуулах гэрээ-г Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Д  аймгийн эрүүл мэндийн газартай байгуулсан. Мөн өдөр Д аймгийн эрүүл мэндийн газартай Мэргэжил олгох, дээшлүүлэх сургалтанд суралцуулах гэрээ-т тус тус байгуулсан. Дээрх 2 гэрээгээр П.С  3 жилийн хугацаанд суралцан төгсөж, Д  аймгийн З сумын нэгдсэн эмнэлэгт ажиллах үүрэг хүлээсэн. Мөн захиалагч байгууллага болон эмнэлэг нь суралцаж төгссөний дараа эзэмшсэн мэргэжлийн дагуу ажлын байраар хангах, шаардлагатай орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр хангах үүрэг хүлээсэн. Ингээд 2018 оны 11 дүгээр сард сургуулиа төгсөж, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ажилдаа орохоор очсон боловч Нэгдсэн эмнэлгийн дарга ажилд томилохгүй хүлээлгэж байгаад 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Б/137 дугаартай тушаал гаргаж Нүдний эмчийн ажилд томилсон. Гэвч ажилд томилсон өдрөөс эхлэн нүдний үзлэг оношилгоо хийх багаж, тоног төхөөрөмж байхгүй тул дотрын эмчээр ажилла гээд ажиллуулсан. Гэтэл П.С  нь дотрын эмчийн мэргэшүүлэх сургалтад суралцаж төгсөөгүй, дотрын эмчийн ажил үүргийг хийж гүйцэтгэх мэдлэг, мэргэшилгүй, дотрын эмчийн ажлын дадлага туршлага байхгүй зэрэг үндэслэлээр дотрын эмчийн ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй юм гэдгээ эмнэлгийн даргад илэрхийлсэн боловч хүлээж аваагүй тухайн ажлыг хийлгэсээр байсан тул 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бичгээр хүсэлт өгч, дотрын эмчийн ажил хийхгүй гэдгээ албан ёсоор илэрхийлж, тушаалын дагуу нүдний эмчийн ажил үүргээ гүйцэтгэх хүсэлтэй байгаагаа мөн илэрхийлсэн. Гэтэл Нэгдсэн эмнэлгийн дарга нь үг хэлээр дайрч доромжлон, зайл гэх зэргээр ажиллах нөхцөлгүй болгож байсан. Тушаал гаргах үедээ ч Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолт гаргаж өгөөгүй. Ингээд 2018.12.19-ний өдөр шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж өгөх, боломжгүй бол хариуцсан ажил үүргээс чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг өгсөн бөгөөд 2019.01.21-нийг хүртэл тоног төхөөрөмж ч үгүй, ажилд томилж ажиллуулахгүй удаан хүлээсэн. Нэгэнт сар гаруй хугацаанд ажил хийгээгүй цалин хөлсгүй байсан тул Хөдөлмөрийн хуульд заасан 30 хоногийн хугацаанд хариу өгөөгүй тул хариуцсан ажил үүргээс чөлөөлсөн гэж ойлгосон болохоо илэрхийлсэн. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан Төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтанд суралцагчтай байгуулах гэрээ-ний 4.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна гэж тайлбарлаж шаардлага гаргасан байна. Харин хариуцагчийн зүгээс тус гэрээний 4.3-т зааснаар захиалагч байгууллага болон эмнэлэг нь ажилтан ажиллах нөхцөл боломжоор хангаагүй, үүний улмаас тус эмнэлэгт ажиллаагүйд захиалагч тал буруутай гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.               

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З сумын нэгдсэн эмнэлэг хариуцагч П.С од холбогдуулан Цалин болон зардалд төлсөн 4 144 330 төгрөгийг Төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтанд суралцагчтай байгуулах гэрээ-ний 4.2-т заасны дагуу 5 дахин нэмэгдүүлж, нийт 20 721 650 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4 144 330 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.  

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Д  аймгийн эрүүл мэндийн газар нь хариуцагч П.С той 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №13 Төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтанд суралцагчтай байгуулах гэрээ-г бичгээр байгуулжээ.

Уг гэрээний зорилго нь Эрүүл мэндийн байгууллагад хэрэгцээтэй байгаа мэргэжлийн чиглэлээр эмнэлгийн мэргэжилтнүүдийг төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтанд хамруулж, тэднийг захиалагч эрүүл мэндийн байгууллагад нь тогтвор суурьшилтай ажиллуулах гэж тусгасан байх ба дээрх гэрээний дагуу хариуцагч П.С ыг Нүд судлалын мэргэжлээр 3 жилийн үндсэн сургалтанд төсвийн санхүүжилтээр суралцуулах, суралцагчийн 3 сар буюу 90 хүртэл хоногийн албан тушаалын үндсэн цалинг ...олгох, суралцагчийн ажлын байрыг хадгалах эсвэл эзэмшсэн мэргэжлийн дагуу ажлын байраар хангаж, сургалтыг дүүргэсний дараа 5-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллуулахаар тохиролцжээ./хх-ийн 6-10/

Мөн З сумын нэгдсэн эмнэлэг их эмч П.С  нарын хооронд Мэргэжил олгох, дээшлүүлэх сургалтанд суралцуулах гэрээ 2015 оны 09 сарын 07-ны өдрөөс 2023 оны 09 сарын 07-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулагдаж, уг гэрээнд З сумын нэгдсэн эмнэлэг П.С од ажлын 90 хоногийн үндсэн цалин, НДШ, нэг удаагийн замын зардлыг/ирэх, буцах/ тухайн үеийн тогтсон тарифын дагуу олгохоор, их эмч П.С  нь сургалтын дараа үндсэн байгууллагадаа мэргэжлээрээ 8-аас доошгүй жил ажиллахаар тохиролцсон байна./хх-ийн 48,49/ 

Эдгээр гэрээ байгуулагдаж их эмч П.С  нь 2015 оны 9 сараас 2018 оны 12 сар хүртэлх хугацаанд Нүдний эмчээр суралцаж, төгссөн байх ба З сумын Нэгдсэн эмнэлгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/137 дугаартай тушаалаар Нүдний эмчийн ажилд томилогдсон болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба талууд эдгээр асуудлаар маргаагүй байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан даалгаврын гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заажээ.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...бид гэрээний үүргээ биелүүлж 3 жилийн сургалтанд суралцуулсан боловч их эмч П.С  нь төгссөнөөс хойш тус байгууллагадаа огт ажиллаагүй гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээний хугацаанд олгосон цалин, нийгмийн даатгалд төлсөн нийт 4 144 330 төгрөгийг гэрээний 4.2-т зааснаар 5 дахин нэмэгдүүлж, шаардаж байна. гэснийг хариуцагч ...нүдний үзлэг оношилгоо хийх багаж, тоног төхөөрөмж байхгүй тул дотрын эмчээр ажилла гээд ажиллуулсан. Гэтэл П.С  нь дотрын эмчийн мэргэшүүлэх сургалтад суралцаж төгсөөгүй, дотрын эмчийн ажил үүргийг хийж гүйцэтгэх мэдлэг, мэргэшилгүй, дотрын эмчийн ажлын дадлага туршлага байхгүй зэрэг үндэслэлээр дотрын эмчийн ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй юм гэдгээ эмнэлгийн даргад илэрхийлсэн, ... гэрээний 4.3-т зааснаар захиалагч байгууллага болон эмнэлэг нь ажилтан ажиллах нөхцөл боломжоор хангаагүй, үүний улмаас тус эмнэлэгт ажиллагаагүйд захиалагч тал буруутай тул нэхэмжлэл үндэслэлгүй гэх тайлбарыг гаргаж маргажээ.

Хариуцагчийн тайлбар, татгалзал дараах үндэслэлгүй байна.

З сумын Нэгдсэн эмнэлгийн даргын 2019 оны 12 сарын 01-ний өдрийн Б/137 тоот тушаалаар П.С ыг нүдний эмчээр томилсон байх ба хариуцагч Д.С  нь нүдний эмчээр томилогдсон боловч уг ажлын байранд ажиллаагүй болох нь хариуцагч П.С ын тайлбар болон хэрэгт хариуцагч талаас гаргаж ирүүлсэн бичгийн баримтуудаар тогтоогдож байх ба талууд нүдний их эмчийн ажлаас чөлөөлөгдсөн асуудлаар маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч тал тус эмнэлэгт нүдний эмчийн батлагдсан орон тоо 1 байдаг бөгөөд уг албан тушаалд П.С ыг авч ажиллуулсан боловч ажлаа хийгээгүй орхиж, явсан бөгөөд манай эмнэлэгт 2019 оны 12 сарын сүүлээр 20 000 000 төгрөгийн үнэ бүхий нүдний үзлэг, оношилгоо хийх багаж, тоног төхөөрөмж ирсэн гэх тайлбарыг гаргаж, ...орон тоо баталсан тушаал, хөрөнгө оруулалт хийсэн талаар баримтыг фото зургаар баталгаажуулж ирүүлсэн байна./хх-ийн 76-80/

Дээрх байдлуудаас дүгнэхэд З сумын Нэгдсэн эмнэлэг их эмч П.С ыг 3 жилийн хугацаанд суралцахад холбогдох цалин хөлс болон зардлыг гэрээний дагуу төлж, улмаар төгсөөд ирэхэд нь ажлын байраар хангаж гэрээнд заасан үүргээ биелүүлсэн байх ба харин хариуцагч П.С  нь эрх бүхий албан тушаалтны тушаал шийдвэр гараагүй байхад ажлын байраа орхиж явсан үйлдэл нь уг гэрээнээс татгалзаж, гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлтэй. Энэ нь Иргэний хуулийн 405 дугаар зүйлийн 405.1.2-т заасан даалгаврын гэрээ дуусгавар болгох үндэслэлд буюу даалгавар гүйцэтгэгч нь даалгавар биелүүлэхээс татгалзсан гэх үндэслэлд хамаарч байна.

Ийнхүү гэрээнд заасан зорилгын дагуу З сумын Нэгдсэн эмнэлгийн нүдний нарийн мэргэжлийн эмчтэй болох хүсэл зориг хангагдаагүйд хариуцагч П.С ыг гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэснээр дээрх хугацаанд хариуцагчид олгосон зардлаа шаардах эрхтэй ба хариуцагч нь нийт 4 144 330 төгрөгийг авсан эсэх талаар маргаагүй байна. /хх-ийн 32-36/

Харин талуудын байгуулсан гэрээний 4.2-т Суралцагч нь сургалтаа амжилттай дүүргэсэн хэдий ч холбогдож журам болон энэхүү гэрээнд заасан хугацаанд эрүүл мэндийн байгууллагадаа ажиллаагүй тохиолдолд ...захиалагч байгууллагаас олгосон цалин, замын зардал бусад санхүүжилтийг захиалагч байгууллагадаа зарцуулсан зардлыг 5 дахин нэмэгдүүлж эргүүлэн төлнө гэснээр шаардаж байна гэсэн нь дараах үндэслэлгүй.

Тодруулбал гэрээний дээрх заалтыг аль хуулийн, ямар зохицуулалтад нийцэж байгаа нь тодорхойгүй, түүнчлэн Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн үүргийн гүйцэтгэлийг хангах арга гэж үзэх үндэслэлгүй тул 4 144 330 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлж шаардсан нь үндэслэлгүй байна.

Дээрхийг нэгтгээд хариуцагч П.С оос 4 144 330 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З сумын Нэгдсэн эмнэлэгт олгож, илүү нэхэмжилсэн 16 577 320 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн  399 дүгээр зүйлийн 399.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.С оос 4 144 330 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З сумын Нэгдсэн эмнэлэгт олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 16 577 320 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З сумын Нэгдсэн эмнэлэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөллөгддөг болохыг дурдаж, хариуцагч П.С оос улсын тэмдэгтийн хураамжинд 81 259 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

                                   

ДАРГАЛАГЧ                                   Б.МӨНХЖАРГАЛ