Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 1340

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Б-, Б.Г- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/01148 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Б-, Б.Г- нарын хариуцагч “Л-” ХХК-д холбогдуулан гаргасан 0000-УНБ, 1111- УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, өмчлөх эрхийг А.Б-, Б.Г-  нарын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагчийн өмгөөлөгч Ж.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Б-ын өмч болох 0000-УНБ улсын дугаартай, Мерседес бенз маркийн автомашиныг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн В/251 дугаартай “Л-” ХХК-ийн албан бичгээр, Б.Г-гийн өмч болох 1111- УБЕ улсын дугаартай, Ландкруйзер Лс 200 маркийн автомашиныг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн В/252 дугаартай, “Л-” ХХК-ийн албан бичгээр тус тус уг компанийн өмчлөлд бүртгэсэн байна. “Л-” ХХК нь эдгээр тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээг фидуцийн гэрээ байгуулах нэрээр аваад эргүүлж өгөөгүй ба хуулбар баримт байхгүй байна. Харин 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас гаргуулж авсан лавлагааны хуулбарыг баримтаар хавсаргав. Дээр дурдсан албан бичгүүдэд зээлийн гэрээний дагуу “Л-” ХХК-ийн өмчөөр улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг Авто тээврийн үндэсний төвд гаргасан байх бөгөөд нэхэмжпэгч нарын хэн аль нь уг компанитай ямарваа нэгэн гэрээ байгуулж байгаагүй юм. Иймээс 9090 УНБ улсын дугаартай, Мерседес бенц S-350,0 маркийн автомашин 0080 УБЕ улсын дугаартай, ланд круйзер 200 маркийн автомашинуудыг “Л-” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, 9090 УНБ улсын дугаартай, мерседес бенц маркийн автомашиныг А.Б-ын нэр дээр, 0080 УБЕ улсын дугаартай ланд круйзер 200 автомашиныг Б.Г-гийн нэр дээр тус тус шилжүүлэн бүртгэхийг Авто тээврийн үндэсний төвд даалгуулахаар шаардаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г- захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаад захиргааны шүүхээс Г-гийн нэхэмжлэлийг хангаж, авто тээврийн үндэсийн төв болон “Л-” ХХК-иас давж заалдах гомдол гаргаагүй шийдвэр хүчин төгөлдөр болсон байгаа. Тэнд захиргааны шүүхээс хангаж шийдвэрлэсэн шаардлага энд давхар явж байгаа учраас Г-д холбогдох шаардлагыг татан авч, нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байна. Б-т холбоотой шаардлагыг шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Захиргааны шүүх “Л-” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, Г-гийн нэр дээр 0080 УБЕ улсын дугаартай ланд круйзер 200 маркийн автомашиныг бүртгэхийг даалгасан шийдвэр гарсан. А.Б-ын шаардлагын тухайд “Л-” ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд уг компанийн удирдах зарим нэг хүмүүсийг нэхэмжлэгч А.Б-, түүний дүү н.Батзаяа нар танина. Тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр зээл авч, хоёр машин барьцаанд тавихаар хоорондоо тохирсон юм байна лээ. 160 000 000 төгрөгийн зээлийг авахаар болж А.Б-ын өмчлөлийн бенз, Б.Г-гийн өмчлөлийн ланд 200 маркийн 2 автомашиныг барьцаанд тавьсан боловч машиныг эзэд нь өөрсдөө эдэлж хэрэглэхээр тохиролцож бичгийн гэрээ байгуулсан. Гэтэл авто тээврийн үндэсний төвөөс А.Б-ын гарын үсгийг зуруулж, Б.Г-тай холбоотой ямар нэг бичиг баримт үйлдээгүй эдгээр автомашиныг “Л” ХХК-ийн өмчлөлд бүртгүүлсэн байсан. Энэ хамгийн гол маргасан шалтгаан болсон. “Л-” ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан н.Ч- гэдэг хүнд энэ зээл нь очоогүй, Белон гэдэг компани руу шилжээд явчихсан байсан. Энэ талаар автомашинаа барьцаалсан Б-т ямар ч мэдээлэл байхгүй, ямар ч тохиролцоо байхгүй байсан. Л компаниас зээлсэн 160 000 000 төгрөг нь Белон гэдэг компанийн нягтлан бүсгүйн дансанд ороод шилжээд явсныг мэдээд гомдол гаргаж эхэлсэн. Энэ талаарх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргааныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж шийдсэн. Энэ хэрэгт хариуцагч “Л-” ХХК нь нэхэмжлэгчээр орж иргэн н.Ч-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжилсэн байгаа. Тухайн анхан шатны шүүхийн шийдвэрт тодорхой хугацааны дараа бид харилцан тохиролцож чадна, 160 000 000 төгрөг болон барьцаанд байгаа гээд хариуцагч н.Ч- хэлж байгаа, мөн барьцаанд 2 машин байгаа, түүнийг зарж борлуулж зээлийг хаах боломжтой байсан гэж маргав гэж тусгагдсан, энэ талаарх давж заалдах гомдол нэхэмжлэгч тал гаргасан. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал 2019 оны 01 сарын 16-ны өдрийн магадлалд мөн адил 160 000 000 төгрөгийн барьцаанд энэ 2 машин байгаа талаар дурдаж ярьсан байгаагаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа олгосон нь тодорхой байна гэж ойлгогдохоор байгаа. Иймд А.Б-ын өмчлөлийн мерседес бенз маркийн 9090 УНБ улсын дугаартай автомашиныг “Л-” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч А.Б-ын нэр дээр бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Маргаан бүхий 0000-улсын дугаартай автомашины эзэмшил нь нэхэмжлэгч А.Б-т, өмчлөл нь “Л-” ХХК-д байгаа гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь “Л-” ХХК-д холбогдуулан “... автомашинуудыг “Л-” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, 0000-УНБ улсын дугаартай, мерседес бенз S-350,0 маркийн автомашиныг А.Б-ын нэр дээр 1111- УБЕ улсын дугаартай, ланд круйзер 200 маркийн автомашиныг Б.Г-гийн нэр дээр тус тус шилжүүлэн бүртгэхийг “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-т даалгаж өгнө үү ...” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт “...нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт...”-ыг нэхэмжпэлд зайлшгүй тусгахаар хуульчилан заасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “Л-” ХХК-тай гэрээ байгуулаагүй, албан бичгээр тус компанийн өмчлөлд шилжсэн гэх бөгөөд харин нэхэмжлэлийн шаардлагаа “автомашинуудыг “Л-” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, ... шилжүүлэн бүртгэхийг “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-т даалгуулах ...” гэж тодорхойлжээ. Дээрх зүйлээс үндэслэн нэхэмжпэгч нь ямар шаардлагыг хэнд холбогдуулан гаргаж байгаа нь тодорхой бус, ойлгомжгүй байх бөгөөд хэдэн шаардлагыг шүүхэд гаргасан нь мөн тодорхойгүй, хоёр хариуцагчид гаргасан эсэх нь ойлгомжгүй, “Л-” ХХК болон Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т хамтран хариуцуулж байгаа эсэх нь тодорхойгүй байгаагаас нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг ялгаж зөв тодорхойлох боломжгүй байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 181/Ш32019/05197 дугаар захирамжаар “... 9090 УНБ улсын дугаартай, мерседес бенз s-350,0 маркийн автомашиныг А.Б-ын нэр дээр, 1111- УБЕ улсын дугаартай, ланд круйзер 200 маркийн автомашиныг Б.Г-гийн нэр дээр тус тус шилжүүлэн бүртгэхийг Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т даалгах...” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй...” гэж заасны дагуу мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт “... нэхэмжлэлд дурдсан үйл баримт, ...хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа ...” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилан заасныг баримтлан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ. Дээрх зүйлээс үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан иргэн А.Б-, Б.Г- нарын нэхэмжлэлтэй “Л-” ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас харахад нэхэмжлэлийн үндэслэл нь тодорхой бус, шаардлага нь ойлгомжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.4-т нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, түүнийг нотлох баримтыг заавал тусгах талаар зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа автомашиныг хариуцагч “Л-” ХХК-ийн хууль бус эзэмшлээс  чөлөөлж, нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Авто тээврийн үндэсний төвд даалгуулах гэж тодорхойлсон. Энэ нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд нэхэмжлэгч нь ямар шаардлагыг хэнд холбогдуулан гаргаж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл, “Л-” ХХК-д юм уу, Авто тээврийн үндэсний төвийг хамтран хариуцагчаар татаж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Мөн уг шаардлагатай яг ижил шаардлагыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 8183 дугаартай захирамжаар А.Б-ын нэхэмлэлтэй Авто тээврийн үндэсний төвд холбогдох хэргийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан байгаа. Иймд 65.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63.1.2-т нэхэмжлэлийн үнийн дүнг эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр тодорхойлохоор заасан. Гэтэл нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн байгааг шүүх анхаарна уу. А.Б-, Б.Г- нарын нэхэмжлэлтэй шаардлагыг 2019 оны 11 дгүээр сарын 07-ны өдөр захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэнд Б.Г- зөвшөөрөхгүй гомдол гаргаснаар Б.Г-д холбогдох хэргийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Уг захирамжид А.Б- гомдол гаргаагүй учир нь А.Б- өөрөө хүсэж авто тээврийн үндэсийн төвийн бүртгэл дээр очиж гарын үсэг зурж шилжүүлсэн байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 111 дүгээр зүйлийн 111.1, 235 дугаар зүйлийн 235.1, 186 дугаар зүйлд заасныг баримтлан 9090 УНБ улсын дугаартай, мерседес бенз S-350.0 маркийн автомашиныг хариуцагч “Л-” ХХК-ийн хууль бус өмчлөлөөс чөлөөлж, нэхэмжлэгч Ц овогт А-ийн Б-н нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Автотээврийн үндэсний төв ТӨҮГазарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаарзүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Л-” ХХК-иас 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Б-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “...Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...”, 40.2-т “...Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ...” гэж тус тус заасныг зөрчсөн болно. Нэхэмжлэгч А.Б- шүүхэд “...автомашиныг “Л-” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх...” шаардлагыг гаргасан. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч А.Б- нь хүсэл зоригийн дагуу өөрийн автомашиныг эзэмшин, ашиглаж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...автомашины эзэмшил нь А.Б-т байгаа..." гэх удаа дараагийн тайлбараар бүрэн нотлогдоно. Гэтэл шүүх Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2018/03021 дүгээр шийдвэрээр шийдвэрлэсэн зээлийн гэрээ болон барьцаа, фидуцийн гэрээний талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Учир нь зээлийн болон барьцаа, фидуцийн гэрээ, А.Б- нь өөрийн автомашиныг хүсэл зоригийн үндсэн дээр “Л-” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн, Автотээврийн үндэсний төвд биечлэн очиж шилжүүлгийг хийсэн зэргийг иргэний болон захиргааны хэргийн шүүхүүд үндэслэл бүхий бүрэн дүүрэн үнэлэлт дүгнэлтийг хийж, шийдвэрлэсэн. Харин нэхэмжлэгч А.Б-ын тус шүүхэд гаргаад буй нэхэмжлэлийн шаардлага нь “....хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх...” байхад шүүх “...Л-  ХХК-ийн хууль бус өмчлөлөөс чөлөөлж... "шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зарчмыг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгч А.Б- нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “..автомашиныг А.Б-ын нэр дээр шилжүүлэн буртгэхийг Авто тээврийн ундэсний төв ТӨҮГ-т даапгах тухай...” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 181/Ш32019/05197 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх хэсгийг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх 31-33 дахь тал/Улмаар нэхэмжлэгн А.Б- нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "...авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын бүртгэлийг хүчингүй болгуулж, дээрх авто машинуудыг А.Б- .. ийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг даалгаж өгнө үү...” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/Ш32019/8183 дугаар шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.8 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /хх 36- 40 дахь тал/ бөгөөд уг шийдвэрт А.Б- нь хуульд заасны дагуу давж заалдах гомдол гаргаагүй болно. Ингээд А.Б- нь дахин иргэний шүүхэд “...Автомашиныг А.Б-ын нэр дээр .. шипжүүлэн бүртгэхийг Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяаллыг ноцтой зөрчиж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт "...Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биөлүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ..." гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ыг хариуцагчаар оролцуулаагүй атлаа тус газарт холбогдуулан шаардлага гаргасан байхад шүүх “...А.Б-ын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Автотээврийн үндэсний төв ТӨҮГазарт даалгасугай...” гэх шийдвэрлэн хуулийг ноцтой зөрчсөн болно. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үүнийг хүлээн зөвшөөрч 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгчийн “...Б-ын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг даалгах шаардлагыг хэнд холбогдуулж гаргаж байгаа юм” гэх асуултад “...Автотээврийн үндэсний төвд л холбогдох шаардлага л даа..” гэсэн тайлбарыг өгсөн байдаг. Ийнхүү шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг шийдвэрлээгүй, харьяалал зөрчсөн шүүхийн шийдвэр биелэгдэх боломжийг хангах нөхцөлийг алдагдуулж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлд заасан шүүх хуралдааны бэлтгэл хангах шүүгчийн ажиллагааг хийлгүй, хавтаст хэргийг дугаарлаж шүүх хуралдаанд бэлэн байлгах үүргээ биелүүлэлгүй хэргийн оролцогчид мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг шинжлэн судлах боломжийг бүрэн гүйцэд олголгүй 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааныг явуулсан. Дээр дурдсан үндэслэлүүдээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч А.Б-, Б.Г- нар нь хариуцагч “Л-” ХХК-д холбогдуулан 9090 УНБ, 0080 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, өмчлөх эрхийг А.Б-, Б.Г- нарын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг даалгуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Г- нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

 

            Нэхэмжлэгч А.Б- нь дээрх автомашиныг өөрөө эзэмшиж байгаа үйл баримтын талаар маргаагүй атлаа Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. дэх хэсэгт зааснаар автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байна.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж талуудыг мэтгэлцүүлээгүй нь буруу.

 

            Тодруулбал, нэхэмжлэгчээс хариуцагч байгууллагад ямар гэрээний үндсэн дээр автомашины эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж, эрх бүхий байгууллагад бүртгэл хийхийг өөрөө зөвшөөрсөн бичгийн баримтыг хийж өгсөн үндэслэлийн талаар зохигчид маргасан байхад шүүх энэ талаар мэтгэлцүүлж, хэргийн үйл баримтыг бүрэн тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн алдаа гаргажээ.

 

Өөрөөр хэлбэл, талууд эрх зүйн харилцаа үүссэн буюу хэлцэл хийгдсэн эсэх үйл баримтын талаар маргаж байхад, шүүх тэдгээрийн хооронд хэлцэл хийгдсэн нь хүчин төгөлдөр эсэх, гэрээний үүрэг, эсхүл хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж байгаа эсэхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх хүрээнд тодруулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ. Учир нь нэхэмжлэгч гэрээний болон гэрээний бус үүрэг шаардаж байгаа эсэхээс хамааран Иргэний хуулийн зохицуулалтыг оновчтой зөв, тайлбарлан хэрэглэх нөхцөл бүрдэнэ.

 

            Дээрх нөхцөл байдал тодорхойгүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 110 дугаар зүйлийн 110.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг шийдвэрлэх болсон нь ойлгомжгүй байна.

 

            Давж заалдах шатны шүүхээс дээрх байдлыг тодруулах ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримт, хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/01148 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                      ШҮҮГЧИД                             Ч.ЦЭНД

 

                                              С.ЭНХТӨР