Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2017/0895

 

“Ш т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, гуравдагч этгээд “Х х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А, өмгөөлөгч Т.Д, гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э нарыг оролцуулан хийж, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Ш т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргад холбогдох хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:  

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/68 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтаар “...Х х” ХХК-нд ... Зүүн шандын 346 га” гэсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.  

 

Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Тус хэргийг Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцээд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дугаар 26 тоот шийдвэрээр “Ш т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 2015 оны 04 сарын 28-ний өдрийн А/68 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтын "Х Х” ХХК-д ... Зүүн шандын 346 га" гэсэн хэсгийг хүчингүй болгож, “Ш т” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Шүүх нэхэмжлэгчийн маргаагүй актын талаар шийдвэрлэсэн. "Ш т" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага буюу шүүхэд хянан шийдвэрлүүлж буй маргаан бүхий акт нь “Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 2015 оны 04 сарын 28-ний өдрийн А/68 дугаар захирамжаар “Б” ХХК-аас “Х Х” ХХК-д "Зүүн шанд” нэртэй газрын тариалангийн зориулалт бүхий 346 га” газрыг шилжүүлсэн үйлдэл. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ нэхэмжлэлийн хүрээнд явагдах зарчимтай бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түуний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасан тул шүүх “Б” ХХК нь өөрийн эзэмшил газрыг “Х Х” ХХК-д шилжүүлсэн захиргааны үйлдэл шийдвэр нь Газрын тухай хууль болон түүнд нийцүүлэн гарсан журмын дагуу явагдсан эсэх, хэрэв түүнийг зөрчсөн бол түүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх талаар дүгнэлт хийж шийдвэрлэх ёстой. Гэвч шүүхийн дүгнэлтэд тус "захиргааны акт"-ийн талаар огт дурдсангүйгээр үл барам тус үйл баримт, түүний хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцэлгүйгээр шийдвэр гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ маргаан бүхий захиргааны актаас гадуур явагдсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж заасныг зөрчжээ. Шүүх эзэмших эрх шилжих актын талаар нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ маргаагүй захиргааны акт болох “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, түүнд газар эзэмших эрхээ шилжүүлэн өгсөн иргэн Д.Алтантулгын газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Нэхэмжлэгчийг тухайн газрыг эзэмших эрхтэй хэмээн хийсвэр дүгнэсэн. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан. Шүүх шийдвэр гаргахдаа газрын шилжүүлэлт бүрт тухайлбал: “Ш т” ХХК-аас Д.Алтантулгад газар эзэмших эрх шилжилт, Д.Алтантулгаас "Б" ХХК-д газар эзэмших эрх шилжих үед газар эзэмших эрх шилжүүлэх талаар Засаг даргын захирамж гараагүй, зөвхөн тэмдэглэл үйлдэж шилжүүлсэн нь хууль бус тул газар эзэмших эрх шилжихгүй гэж дүгнэсэн атлаа "иргэн Д.Вандан-Иш-ээс “Ш т” ХХК-д тус газрын эрх шилжүүлсэн Засаг даргын захирамж гараагүй байхад "Ш т" ХХК-д хууль ёсны газар эзэмших эрх байна гэж дүгнэсэн нь хуулийг нэг мөр хэрэглэх зарчимтай харшлаж байна. Шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны шийдвэрийг хүчингүй болгох боломжтой тул эхлээд нэхэмжлэгчид эрх бий эсэх, тэрхүү эрх нь хууль ёсны эсэхийг урьдчилан хянах үүрэгтэй. Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг, Ар тархи багийн Оорцог Шандын 346 га газрыг “Б” ХХК-аас "Х Х" ХХК-д хүсэлтийн дагуу шилжүүлэх үед "Ш т"ХХК-д газар эзэмших эрх байсан гэх үндэслэлгүй хийсвэр дүгнэлт хийжээ. Оорцог шандын 346 га газрын шилжүүлэг нь нэгдүгээрт: 2006 оны дээрх бүртгэлээр “Ш т” ХХК-с Б.Алтантулгад, хоёрдугаарт: Б.Алтантулгын хүсэлтээр “Б” ХХК-д 2008 онд, “Б” ХХК-ийн хүсэлтийн дагуу “Х Х” ХХК-д 2015 оны 04 сарын 28-ий өдрийн А/68 тоот захирамжийн дагуу шилжүүлсэн байдаг. Гэтэл шүүхээс эдгээр шилжүүлгүүдийн эхний үйлдэл болох Б.Алтантулгад шилжүүлсэн үйлдэлд дүгнэлт өгөөгүй хирнээ 2015 оны А/68 захирамжтай "Х Х" ХХК-д шилжүүлсэн үйдлийг тодорхойгүй шалтгаанаар хууль зөрчсөн хэмээн үзжээ. Маргаж буй газрыг 2006, 2008 онуудад шилжүүлэхдээ газар эзэмшигч болон шилжүүлэн авч буй этгээдүүд өөрсдийн чөлөөт хүсэл зоригийн үндсэн дээр хүсэлтээ гаргаж байсан бөгөөд уг үйлдэлд талуудаас хэн ч тухайн үед гомдол гаргаж байгаагүй. Үүнээс гадна нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд 2003 оноос “Ш т” ХХК-ийн үйл ажиллагаанд оролцолгүй дүү Б.Алтантулгад   шилжүүлсэн гэж бичсээр атал шүүхээс нэхэмжлэгчийн болон гэрч Б.Алтантулга, хариуцагч Тариалан сумын Засаг дарга, гуравдагч этгээд нарын хүсэл зоригийг үл харгалзан бие даасан дүгнэлт хийжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гаргасан нэхэмжлэлдээ 2006 онд “Ш т” ХХК-аас Б.Алтантулгад шилжүүлсэн шилжүүлгийн талаар эсэргүүцэж бичээгүй буюу маргаагүй байтал түүний өмнөөс шүүх санаачлагаараа тухайн асуудлаар шийдвэр гаргажээ. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Гуравдагч этгээд “Х Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу хөөн хэлэлцэх хугацааг тооцоогүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Ш Т” ХХК-ийн захирал А.Ганпүрэв 2017.05.01-ний өдөр өмгөөлөгч Б.Амаржаргалд итгэмжлэл олгохдоо Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 2015 оны А/68 дугаар захирамжид гомдол гаргах эрх олгосон байна”, “төлөөлөгч, өмгөелөгч В.Амаржаргал хүчингүй болгох асуудлаар Хөвсгөл аймгийн Засаг даргад хандсаны хариуд аймгийн Засаг даргаас 2017.05.22-ны өдрийн 1/1145 тоот албан бичгээр уг захирамжтай холбоотой газрын маргааны асуудлаар захиргааны хэргийн шүүхэд хандахыг зөвшөөрчээ” гэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн  94.1-д зааснаар иргэн, хуулийн этгээд нь тухайн захиргааны акттай холбоотой гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий захиргааны байгууллага буюу аймгийн Засаг даргад 30 хоногийн дотор гаргах ёстой. Улмаар гомдлыг хүлээн авсан Засаг дарга тус хуулийн 95 дугаар зүйлд заасан журмын дагуу гомдол хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д “захиргааны акт илт хууль бус болохыг хулээн зөвшөөрөх”, “гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг захиргааны актыг бүхэлд нь, эсхүл холбогдох хэсгийг хүчингүй болгох”, “захиргааны байгууллагын эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол захиргааны зохих акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах”, “захиргааны актыг өөрчлөх”, “захиргааны актыг хэвээр үлдээх” гэсэн шийдвэрүүдийн нэгийг гаргахаар хуульчилжээ. Гэтэл шүүхээс дээд шатны захиргаа болох аймгийн Засаг даргаас гомдолд өгсөн хууль бус хариу буюу “шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү” гэснийг шүүхэд нэхэмжлэл гаргахыг зөвшөөрсөн зөвшөөрөл хэмээн Монгол улсын хууль зүйн тогтолцоонд огт байхгүй жишиг тогтоож, үүнийгээ Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15-д “иргэн хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн хуулийн этгээдийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана”, 33.16-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасан” гээд үүнийгээ хууль зөрчөөгүй хэмээн шүүх дүгнэжээ. Ийнхүү дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15-ыг буруу тайлбарлаж хэрэглэснийг хангалттай харуулж байна. Өөрөөр хэлбэл хуулийн тогтоосон журмаар гаргасан гомдол гэдэг нь өөрөө Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Захиргааны ерөнхий хуулийн 94.1-д зааснаар маргаан бүхий захиргааны актыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдол гаргах юм. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа актын тухай хэзээ мэдсэн гэдгээ илэрхийлээгүй буюу тодорхойгүй байсан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд 2015 онд гарсан актыг хүчин төгөлдөр болсон цагаас нь мэдэж байсан ба тухайн үед гомдлын шаардлага гаргаж байгаагүй тухай мэдүүлсэн болно. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ. 

                                                                         ХЯНАВАЛ:

           Анхан шатны шүүхийн шийдвэр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

           Нэхэмжлэгч “Ш т” ХХК нь “Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/68 дугаар захирамжийн 1 дэх заалтаар “Б” ХХК-ийн эзэмшиж байсан Зүүн шандын 346 га газрын эзэмших эрхийг “Хо хт” ХХК-д шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгож, “Ш т” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээлгэх”-ийг хүссэн нэхэмжлэл гаргасан. 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл  Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 1997 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 112 дугаар захирамжаар тус сумын Ар тархи багийн нутагт, Зүүн шандын 346 га газрыг иргэн Д.Вандан-Ишид газар тариалангийн үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, тухайн газрыг 40 жилийн хугацаатай эзэмших эрхийг “Ш т” ХХК-д 2000 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээгээр олгосон болох нь тогтоогдож байх ба дээрх Газар эзэмших гэрчилгээний Улсын бүртгэлд оруулсан өөрчлөлтийн тухай тэмдэглэл хэсэгт “Д.Вандан-Иш захиралтай “Ш т” ХХК нь 2006 онд өөрийн хүсэлтээр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан эрх зүйг ханган материал бүрдүүлж өгч өөрийн эзэмшилтэй Артархи багийн Оорцог Шандын 346 га-г иргэн Алтантулгад шилжүүлж байгааг хянан бүртгэв” гэсэн тэмдэглэгээг Тариалан сумын Газрын даамал С.Эрдэнэдалай 2006 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хийсэн, “Б” ХХК-д 2000 оны 10 дугаар сарын 23-ны өдөр олгогдсон Газар эзэмших гэрчилгээний улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан хэсэгт “Үр тариа үйлдвэрлэгч “Ш т” ХХК-ийн эзэмшил талбайг шилжүүлэн “Б” ХХК-д 545,5 га-г нэмж улсын бүртгэлд авч тайланд тусган төлбөр оногдуулав” гэсэн тэмдэглэгээг Тариалан сумын Газрын даамал С.Эрдэнэдалай 2008 оны 02 дугаар сарын 19-ний өдөр тэмдэглэн үлдээсэн үйл баримтууд нотлогджээ.

Дээрх нөхцөл байдал болон хэрэгт авагдсан Б.Алтантулгын “Оорцог-Шандын 346 га газрын эзэмших эрхийг “Б” ХХК-д шилжүүлэх тухай” 2008 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн хүсэлт, “Б” ХХК-ийн “Оорцог-Шандын 346 га газрын эзэмших эрхийг шилжүүлж авах тухай” 2008 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хүсэлт, нэхэмжлэлд “Д.Вандан-Иш нь 2003 оноос хүнд өвчний улмаас удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлага гарч компанийн үйл ажиллагааг түр хугацаагаар өөрийн дүүд хариуцуулсан байсан” гэж дурдсан, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар шийдвэрт “Тухайн үед Д.Вандан-Иш нь эрүүл мэндийн хувьд тааруу байсан, түүний дүү Б.Алтантулга нь компанийн үйл ажиллагааг эрхлэн явуулж ахынхаа нэрээр 2012 онд шинээр компани үүсгэн байгуулж хууль бусаар хүсэлт гаргаж улсын бүртгэлд бүртгүүлж эрх ашгийг зөрчсөн байдаг” гэж нэхэмжлэгч Д.Вандан-Ишийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргасан зэрэгт дүгнэлт хийвэл “Ш т” ХХК нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи багийн нутаг, Зүүн шандын 346 га газрыг одоо хүртэл эзэмших эрхтэй гэж үзэх боломжгүй байна.

Хэдийгээр Газрын тухай хуулийн /2002 оны/ 35 дугаар зүйлийн 35.1.4-д “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх”, 38 дугаар зүйлийн 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд  бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж заасныг зөрчсөн талаар хийсэн  шүүхийн дүгнэлт үндэслэлтэй боловч энэ нь 2006 онд “Ш т” ХХК-иас Б.Алтантулгад, 2008 онд Б.Алтантулгаас “Б” ХХК-д газар эзэмших эрх шилжсэн үйл баримт, 2008 оноос 2015 он хүртэл “Б” ХХК газрын төлбөрийг төлж Зүүн шандын 346 га газрыг эзэмшиж байсан бодит нөхцөл байдлыг үгүйсгэх үндэслэл болж чадахгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Энэ тохиолдолд 2006 онд “Ш т” ХХК-иас Б.Алтантулгад, 2008 онд Б.Алтантулгаас “Батзол” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлэн бүртгэсэн захиргааны үйл ажиллагаатай маргаагүй, 2008 оноос “Б” ХХК газрын төлбөрийг төлж Зүүн шандын 346 га газрыг эзэмшиж байсныг мэдэж байсан атлаа гомдол гаргаагүй нэхэмжлэгч “Ш т” ХХК нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын  2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/68 дугаар захирамжийн “Б” ХХК-иас “Х х” ХХК-д Зүүн шандын 346 га газрын эзэмших эрхийг шилжүүлсэн асуудлаар маргах, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болно. 

Тодруулбал, газар эзэмших эрхийн гэрчилгээнд тэмдэглэл үйлдэх хэлбэрээр газар эзэмших эрх шилжүүлж байгаа захиргааны үйл ажиллагааг захиргааны акт гэж үзэх нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасантай нийцэх бөгөөд дээрх захиргааны актуудтай маргалгүй “Б” ХХК-иас “Х х” ХХК-д Зүүн шандын 346 га газрын эзэмших эрхийг шилжүүлсэн захирамжтай маргаж нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан “...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэх үндэслэлд хамаарах тул “Ш т” ХХК-ийн нэхэмжлэлээр үүссэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

 

Ийнхүү шийдвэрлэж байгаатай холбогдуулан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дээрх агуулгаар гаргасан гуравдагч этгээд “Батзол” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байх бөгөөд шүүх нэхэмжлэгч “Ш т” ХХК-ийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж дүгнэлт хийсэн тул хөөн хэлэлцэх хугацааны талаар гаргасан гуравдагч этгээд “Х х” ХХК-ийн гомдолд  дүгнэлт өгөх шаардлагагүй, энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрт Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15, 33.16-д заасныг буруу тайлбарласныг тэмдэглэх нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан 

ТОГТООХ нь:

1.  Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “Ш т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргад холбогдох “Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/68 дугаар захирамжийн 1 дэх заалтаар “Б” ХХК-ийн эзэмшиж байсан Зүүн шандын 346 га газрын эзэмших эрхийг “Х х” ХХК-д шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээлгэх”-ийг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, давж заалдах гомдол гаргахдаа гуравдагч этгээд “Б” ХХК-ийн төлсөн 70.200 төгрөг, “Х х” ХХК-ийн төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж тус тус буцаан олгосугай. 

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь  хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                           

                                 

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Д.БАТБААТАР  

                                      ШҮҮГЧ                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН          
                                 

                                      ШҮҮГЧ                                       О.НОМУУЛИН