Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 1409

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2020/01339 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.А-гийн хариуцагч “М-” ХХК-д холбогдуулан гаргасан “М-” ХХК-ийн Үйл ажиллагааны захирлын 2020  оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Б-20/74 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулж, туслах тоног төхөөрөмжийн механикийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлс гаргуулах, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, Б.Г, өмгөөлөгч: Ө.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус компанид 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр туслах тоног төхөөрөмжийн механикаар Индастриалын газрын Оюутолгойн засвар үйлчилгээний хэлтэст томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ажиллах хугацаандаа албан үүрэгтээ хариуцлагатай хандаж, мэргэжлийн түвшинд гүйцэтгэж байсан ба ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “М-” ХХК-ийн үйл ажиллагааны захирал Ш.Н-ийн Б-20/74 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн ба миний хувьд байгууллагыг хохироосон ноцтой хохирол учруулаагүй, сахилгын зөрчил гаргаагүй. Би өөрийн үйлдлээ ухамсарлаж байсан. Тээврийн хэрэгсэл жолоодох зөвшөөрөл өгөөгүй, Д.Ж зөвхөн ажил гүйцэтгэхэд саад болж зогссон тээврийн хэрэгслийг хоёр алхам ухрааж замаа чөлөөлсөн. Энэ үндэслэл нь миний хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой үндэслэл биш. Би ажилдаа хайхрамжгүй хандаагүй, ажил олгогчийн итгэлийг алдаагүй, компанид хохирол учруулаагүй. Хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн ба одоо өөр компаниудад ажилд орохоор хандахад “Таныг 1 жилийн хугацаанд эргэн орох эрхгүйгээр ажлаас халсан байгаа тул ажилд авах боломжгүй” гэдэг хариу өгч байна. Иймд надад маш их хохиролтой байгаа тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргаж, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “М-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, Б.Г нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Манай байгууллага Т.А-гийн туршлага, чадварыг үнэлэн анх ажилд авсан ба тэрээр 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний тусгай шаардлагыг байгуулж, хөдөлмөрийн гэрээнд нэмэлт оруулан ажиллаж байсан. Гэтэл 2020 оны 01 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө ээлжээр гүний уурхайд ажиллаж байхдаа өөрийн хариуцаж байсан ногоон малгайтай, уурхайн талбарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд буюу Д.Ж-аар зөөврийн АV020 маркийн машиныг хөдөлгөж, засварын цехийг зайчлах заавар өгсөн. Энэ нь Хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 16.3.1.1, Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа болон байгаль орчны удирдлагын тогтолцооны журмын 10 дугаар хэсгийн 3, Амь нас хамгаалах дүрмийн 2-т заасныг тус тус зөрчсөн. Мөн хувь хүний мөрдөх зарчмын “Би аюултай гэж үзсэн ямар ч ажлыг шууд зогсооно, би бусдыг эрсдэлд оруулахгүй” гэж заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгсэл жолоодох заавар өгч өөрийгөө болон Д.Ж-ыг эрсдэлд оруулснаараа Хөдөлмөрийн гэрээний 7.3.2.14, Төслийн тусгай шаардлагын 3.1.24-т заасныг мөн зөрчсөн. Компанийн зүгээс уг зөрчлийг магадлан шалгах ажиллагаа явуулж, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зөрчлийн Магадлан шалгалтын тайлангаар тогтоосон ба уг шалгалтын явцад Т.А-, Д.Ж- болон зөрчлийг анх илрүүлсэн аюулгүй ажиллагааны ажилтан М.Э- нарын тайлбар авсан. Уг тайлбартаа Т.А- гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар ажлаас халах шийдвэр гаргасан нь хууль болон компанийн дотоод журмуудыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан хариуцагч “М-” ХХК-нд холбогдох ““М-” ХХК-ийн Үйл ажиллагааны захирлын 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Б-20/74 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулж, туслах тоног төхөөрөмжийн механикийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлс гаргуулах, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Т.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.А- улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан магадлан шалгалтын тайлан, ХАБЭАБО-ны тохиолдлын тайлангийн маягт, М.Э-, Т.А-, Д.Ж- нарын тайлбар бүхий Осол зөрчлийн тайлбар авах хуудас, А-, Ж- нартай хийсэн ярилцлагын тэмдэглэл зэрэг нь шүүхийн дүгнэснээр нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасан гэдгийг нотлох баримт биш. Ноцтой зөрчил гэдгээ хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд зааснаар тодорхойлоогүй. Харин Төслийн тусгай шаардлага гэсэн баримтаар ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Төслийн тусгай шаардлага нь яаж хөдөлмөрийн гэрээний хавсралт болж байгаа нь тогтоогдоогүй. Төслийн тусгай шаардлага нь дээд өнцөгтөө кодолсноор Оюу толгойн гүний уурхайн засварын төсөл CW2135948 байх бөгөөд тус шаардлагын 1.3-д Тээврийн төрөл гэдэгт Онгоцны нислэг гэсэн байгаа нь М- ХХК-ийн хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамтай ямар ч холбоогүй байгааг тодорхойлно. Хөдөлмөрийн гэрээ нь дээд өнцөгтөө HR-FO-017-EC гэсэн кодтой байгаа нь хоорондоо хамааралтай болохыг илтгэнэ. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан Магадлан шалгалтын тайлан, ХАБЭАБО-ны тохиолдлын тайлангийн маягт, М.Э-, Т.А-, Д.Ж- нарын тайлбар бүхий Осол зөрчлийн тайлбар авах хуудас, А-, Ж- нартай хийсэн ярилцлагын тэмдэглэл зэрэг нь ХАЭА-н зөрчил бөгөөд энэ зөрчлийн ХАБЭА-ын байцаагч шалгаж тогтоосон асуудал. ХАБЭА-н зөрчлийг ноцтой зөрчилд тооцно гэж хууль, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд тусгаагүй байна. Магадлан шалгалтын тайланг хариуцагч талаас хэрэгт хавсаргаж өгсөн мөртлөө энэ шалгалтыг яаж явуулдаг талаарх дүрэм журмаа гаргаж өгөөгүй. Энэ ямар учиртай шалгалт, хэний ямар удирдамжаар явагддаг шалгалт болохыг тодорхойлоогүй байтал энэ талаарх хэлсэн тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй гэсэн нь хууль эрх зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч энэ бүхнээ өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй байтал шүүх хууль зүйн дүгнэлт зөв хийгээгүй. Т.А- нь сахилгын зөрчил гаргаж байгаагүй учир давтан гаргах боломжгүй. Ноцтой зөрчил гэдэгт ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан нөхцөл байдлыг илэрхийлдэг бөгөөд миний зүгээс байгууллагыг хохироосон үйлдэл үйл ажиллагаа огт байхгүй. Хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудад заасан зөрчил гаргаагүй. Гэтэл ийм сахилгын шийтгэл ногдуулаад байгаа нь ойлгомжгүй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Т.А- нь хариуцагч “М-” ХХК-д холбогдуулан тус газрын үйл ажиллагааны захирлын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б-20/74 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулж, туслах тоног төхөөрөмжийн механикийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлс гаргуулах, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал хуульд нийцсэн гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Т.А- нь хариуцагч компанийн Индастриалын газрын Оюутолгойн засвар үйлчилгээний хэлтэст туслах тоног төхөөрөмжийн механикаар 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаад “М-” ХХК-ийн үйл ажиллагааны захирлын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б-20/74 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2.1, 5.2.2.10, 7 дугаар зүйлийн 7.3.2.14, Хөдөлмөрийн гэрээний Төслийн тусгай шаардлагын 3 дугаар зүйлийн 3.1.24, компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.4, 6.6-д тус тус заасан үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ./хэргийн 4 дүгээр тал/

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрын тодорхойлолтод заасан үүрэг болон төслийн талбайд мөрдөгддөг дүрэм, журмуудыг зөрчиж, ажил үүрэгтээ хайнга хандаж, Д.Ж-ыг Оюутолгой уурхайн талбарт тээврийн хэрэгсэл жолоодох зөвшөөрөгдсөн үнэмлэхгүй болохыг мэдсээр байж, AV020 маркийн тээврийн хэрэгслийг жолоодох заавар өгч, эрхээ хэтрүүлсэн болох нь магадлан шалгалтын тайлан, өөрийнх нь өгсөн тайлбар зэргээр тогтоогдсон үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хариуцагч цуцалсан байна.

 

Уг тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Т.А- нь дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд буюу 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан байна.

 

            Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 7.3.2.14-т заасан “Ажилдаа хайхрамжгүй хандаж, ажил олгогчийн итгэлийг алдсан, эрх мэдлээ хэтрүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлана” гэж, Хөдөлмөрийн гэрээний тусгай нөхцөл болох “Төслийн тусгай шаардлага” гэх баримтын 3 дугаар хэсэгт “Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох, эсвэл Оюу Толгойн уурхайн талбараас гаргах “Ноцтой зөрчлүүд” гээд 3.1.24-т “Ажилтныг аюултай нөхцөл байдалд ажиллах гэж байгааг, эсхүл ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай зөвшөөрөл, мэргэжлийн болон ур чадварын гэрчилгээ, үнэмлэх болон бусад адилтгах баримт бичиггүй гэдгийг мэдсэн хэдий ч түүнд ажиллах заавар, зааварчилгаа, үүрэг даалгавар өгөх” гэж тус тус нэрлэн зааж ноцтой зөрчилд тооцож ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар тохиролцсон байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарч байна. /хэргийн 8-10, 13 дугаар тал/

 

            Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Т.А- нь Д.Ж-ыг Оюутолгой уурхайн талбарт тээврийн хэрэгсэл жолоодох зөвшөөрөгдсөн үнэмлэхгүй болохыг мэдсээр байж, AV020 маркийн тээврийн хэрэгслийг жолоодох заавар өгч, эрхээ хэтрүүлсэн зөрчлийг гаргасан болох нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Магадлан шалгалтын тайлан, ХАБЭАБО-ы тохиолдлын тайлангийн маягт, 2020 оны 01 дүгээр сарын 20, 21-ний өдрийн М.Э-, Т.А-, Д.Ж- нарын Осол, зөрчлийн тайлбар авах хуудас, Т.А-, Д.Ж- нартай хийсэн ярилцлагын тэмдэглэл зэргээр тогтоогдож байна./хэргийн 64-89 дүгээр тал/

 

Шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, маргааны зүйлд хамаарах Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Иймээс нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай буюу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах хэмжээний ноцтой зөрчил гаргасан болох нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Тодруулбал хариуцагч байгууллага, нэхэмжлэгчийн гүйцэтгэж байгаа ажлын байр, ажил үүргийн онцлог, үр дагвартай холбогдуулан хөдөлмөрийн гэрээний тусгай нөхцлийг давхар гэрээгээр зохицуулсан байгааг хөдөлмөрийн гэрээний нэг хэсэг гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Талууд дээрх гэрээнүүдийг сайн дурын үндсэн дээр өөрийн хүсэл зоригыг илэрхийлж байгуулсан гэж шүүх дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

            Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдээхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2020/01339 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.А- улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              А.МӨНХЗУЛ

 

                                         ШҮҮГЧИД                              Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                     С.ЭНХТӨР