Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 1408

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/01285 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.М-гийн хариуцагч “Ж Э Э Э-” ХХК болон “Т-” ХХК-д холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Маунтайн вию ресидэнс” хотхон 51 дүгээр байрны 187 тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцыг барьцааны гэрээнээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг өөрчлөн, тодруулан гаргасан шаардлагадаа: Миний бие 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Ж Э Э Э-” ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11-р хороонд байрлах, “Маунтайн вию ресиденс” хотхоны 51 дүгээр байрны 87 тоот, 53.4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 77 430 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд орон сууцны төлбөрийг гэрээ байгуулсан өдөр буюу 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төлбөрийн 50 хувь буюу 38 715 000 төгрөг, 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 7 743 000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 16 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдөр буюу түлхүүр гардан авсан өдөр үлдэгдэл 14 972 000 төгрөгийг төлж дуусгасан болно. Орон сууц захиалгаар бариулах гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.4-д “захиалагчийн захиалсан орон сууцыг гэрээний хугацааны турш гуравдагч этгээдэд худалдахгүй, түрээслэхгүй, барьцаалахгүй байх үүрэгтэй бөгөөд барилга баригдаж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд тусалж, холбогдок бичиг баримтыг саадгүй гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасан. Гэвч “Ж Э Э Э-” ХХК-ийн ерөнхий захирал Б.Г-, гүйцэтгэх захирал Ц.М- нар гэрээний үүргээ зөрчиж, одоог хүртэл орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй байна. Би 2017 оны 4 дүгээр сард, 5 дугаар сард Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч хариуцагч “Ж Э Э Э-” ХХК нь бүртгэлтэй хаягтаа байхгүй гэх шалтгаанаар нэхэмжлэл буцаагдсан. Одоогоор Ж Э Э Э- ХХК-ийн ерөнхий захирал Б.Г-, гүйцэтгэх захирал Ц.М- нар “Ж Э Э Э-” ХХК-с гадна барилга угсралтын чиглэлийн “Соёмбо констракшн” ХХК-ийг удирдан ажиллуулж байгаа гэх мэдээллийг авсан бөгөөд тэд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Их хуралдай оффис төвийн 7 дугаар давхарт 704 тоотод үйл ажиллагаагаа явуулж байгаа талаар хамгийн сүүлд утсаар холбогдоход хэлсэн болно. Б.Г-, Ц.М- нь “Ж Э Э Э-” ХХК-ийн нэр дээр “Маунтайн вию ресиденс” хотхоны 51 дүгээр байрыг захиалгаар бариулах гэрээтэй ажиллаж байхдаа гэрээний үүргээ зөрчиж 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Т-тай зээлийн гэрээ байгуулж тухайн үед орон сууц ашиглалтанд ороогүй байх үед баригдаж байсан орон сууцнуудыг барьцаанд тавьж 2 500 000 000 төгрөг авсан байдаг бөгөөд одоог хүртэл зээлээ бүрэн төлөөгүйгээс болж орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан иргэд бид хохироод байна. Иймд С.М- намайг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Маунтайн вию ресидэнс” хотхон 51 дүгээр байрны 87 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, барьцаанаас чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Т-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Ж Э Э Э-” ХХК нь 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 162 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 2 500 000 000 төгрөгийг сарын 1,8%-ийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлэн авсан. Зээлийн барьцаанд ХУД-ийн 11 хороо, Зайсан хороолол, Дүнжингарав гудамж 51 тоот 14,100 мкв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, ХУД-ийн Зайсангийн аманд байрлах 0.2628 га газрыг барьцаалсан. Мөн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 162/3 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр дээр байгуулсан зээлийн гэрээг 3 сарын хугацаагаар сунгасан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр өмчийн эрх албажин баталгааждаг хууль эрх зүйн орчинд банк албан ёсны буюу “Ж Э Э Э-” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлийн барьцаа хөрөнгө болох 14,100 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө нь нийт 188 айлын орон сууц бөгөөд тухайн компани дээрх орон сууцыг гүйцээн барих зориулалтаар Т-наас 2,5 тэрбум төгрөгийн зээл авч, орон сууц захиалгын хүлээгдэж буй орлогоор зээлийг эргэн төлөх зориулалттай байсан боловч Т-ны зээлийг хааж дуусгаагүй байна. Орон сууцны түлхүүрыг 2015 оны 9 дүгээр сард хүлээлгэн өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулж, гүйцэтгэл дутуу барилгын ажлыг бүрэн дуусгасан боловч оршин суугчдын төлсөн мөнгийг банкны зээлэнд төлөөгүй байгаа нь компаний өөрийн буруутай үйл ажиллагаа байна. Т-ны зээлийн барьцаанд 72 айлын 3592 мкв талбай үлдсэн. Банк иргэн С.М-гын хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, түүнтэй эрх зүйн ямар нэгэн харилцаанд ороогүй ба компани зээлийн өрөө барагдуулсан үед барьцааг суллахад татгалзах зүйлгүй болно. Иргэн асуудлаа “Ж Э Э Э-” ХХК-тай тохиролцон шийдвэрлэх, эсвэл компаниас учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Өмчлөгчөөр тогтоолгох, барьцааны гэрээнээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай энэхүү маргааныг шүүх хянахдаа банкны барьцаа хөрөнгийг шүүхийн журмаар чөлөөлөх, эдийн засгийн харилцааны асуудлыг хуулийн буюу энэхүү арга технологийг ашиглан зээлийн барьцаанд тавигдсан барьцаа хөрөнгийг чөлөөлөх асуудал шударга ёсны зарчимд үл нийцнэ гэж үзэж байна. “Т-” ХХК, “Ж Э Э Э-” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ хуулийн хүчин төгөлдөр хамтын ажиллагаа үргэлжилж байгаа ба барилга бүхэлдээ барьцаанд авагдсан, төлөгдсөн дүнгээр чөлөөлөгдөж байгаа гэдгийг анхаарч үзэх нь зүйтэй байна. Иргэн С.М-гийн захиалсан гэгдэж байгаа уг орон сууцыг банк хурааж авах, худалдан борлуулах ажиллагааг явуулаагүй бөгөөд “Ж Э Э Э-” ХХК зээлийн төлбөрийн үлдэгдэл өрийг хэсэгчлэн болон бүрэн барагдуулсан тохиолдолд уг барьцаа хөрөнгийг суллаж хууль ёсны өмчлөгчид шилжүүлэх болно. “Ж Э Э Э-” ХХК 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар нийт 1,8 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч компаний зээл төлсөн дүнд дүйцүүлэн 188 айлын барьцаанаас 113 айлыг чөлөөлсөн байгаа ба одоо 72 ширхэг орон сууц зээлийн барьцаанд байна. Хууль, өмчлөгч өмчөө хэн нэгнээс зөвшөөрөл авалгүйгээр захиран зарцуулах, эдийн засгийн эргэлтэнд оруулах эрхийг хамгаалан баталгаажуулдаг. Зээлийн гэрээ байгуулагдах үед болон өнөөдрийг хүртэл улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй уг өмчийн албан ёсны өмчлөгч нь компани мөн. Зээлдэгч “Ж Э Э Э-” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй байхад барьцаа хөрөнгө чөлөөлөх боломжгүй мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүд хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар нэхэмжлэгч Хуасай овогт Санжхандын М- /ЖЭ56050909/-г Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 51-р байрны 187 тоотод байрлах 53,4 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч “Ж Э Э Э-” ХХК, “Т-” ХХК нарын хооронд 2014-05-21-ний өдөр байгуулсан 162 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 51-р байрны 187 тоотод байрлах орон  сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаарзүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.М-гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 615 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ж Э Э Э-” ХХК-иас 545 100 /таван зуун дөчин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.М-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.М-гийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан дүнжингарав гудамж 51-р байр, 187 тоот орон сууцны өмчлөгчөөр тоот тогтоолгох нэхэмжпэлийн шаардлагыг хариуцагч “Ж Э Э Э-” ХХК нь хүлээн зөвшөөрснийг анхан шатны шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталсан. Харин нэхэмжлэгч С.М-гийн “Ж Э Э Э-” ХХК, “Т-” ХХК-ийн хооронд 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Орон сууц захиалгаар бариулах гэрээгээр “ ... 5 дугаар зүйлийн 5.1.4 -д “Захиалагчийн захиалсан орон сууцыг гэрээний хугацааны турш гуравдагч этгээдэд худалдахгүй, түрээслэхгүй, барьцаалахгүй байх үүрэгтэй бөгөөд барилга баригдаж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд тусалж, холбогдох бичиг баримтыг саадгүй гаргаж өгөх үүрэгтэй.”, 5.2.4 -д “Гэрээгээр тохиролцсон төлбөрийг графикийн дагуу орон сууцны төлбөрийг бүрэн төлж дуусгаснаар орон сууцны өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авах эрхтэй.”, 6.3-д “Түлхүүр хүлээлгэн өгсөн өдрөөс захиалагчид орон сууц өмчлөх эрх шилжсэнд тооцно.” гэж харилцан тохиролцсон байдаг. Гэтэл ажил гүйцэтгэгч буюу үүрэг гүйцэтгэгч “Ж Э Э Э-” ХХК нь иргэн С.М-тай Орон сууц захиалах гэрээ байгуулсан байх хугацаандаа 188 айлын орон сууцны 60 хувийн гүйцэтгэлд дуусаагүй барилгын гэрчилгээ гаргуулан авч 188 айл мэдэгдэлгүйгээр “Ж Э Э Э-” ХХК нь Т-тай 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулсан байна. Одоо 72 айлын барьцаанаас чөлөөлөгдөөгүй байгаа гэж Т-ны төлөөлөл тайлбартаа дурьдсан байдаг. С.М-гийн орон сууц нь Барьцааны гэрээний зүйл болж үлдсэн 72 айлын хамт үлдсэн байна. С.М- нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно.” гэж заасны дагуу “Ж Э Э Э-” ХХК, “Т-” ХХК нарын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй. “Ж Э Э Э-” ХХК Т-тай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаанд тавьсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д “барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх”-ийн талаар тусгана" гэснийг, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан “Барьцаалуулагч нь барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн түрээслэх болон бусад хязгаарлагдмал эрхийн талаар барьцаалагчид бичгээр мэдэгдэх ... ” гэснийг болон Иргэний хуулийн барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх.” Шаардлагыг тус тус зөрчсөн байна. Харин барьцаалагч Т-ны хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д Зээлийн хувийн хэрэг хөтлөхийг үүрэг болгосон байх бөгөөд Зээлийн хувийн хэргийн бүрдийг хангах, мөн зүйлийн 23.4-д “Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн эрх бүхий хүмүүсээс газар дээр нь очиж, нэгбүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ, чанар зэргийг бичнэ.” гэж заасныг зөрчиж барьцааны хөрөнгийг биечлэн үзээгүйгээс зээлийн барьцаанд барьцаалсан хөрөнгө гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хэлцэл байгуулсан байна. Иймд “Ж Э Э Э-” ХХК, Т- нарын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний Барьцааны зүйлийн 1-д заасан барьцааны зүйл нь /ХУД-ийн 11-р хороо, Зайсан хороолол, Дүнжингарав гудамж, 51 тоот, 14,100 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны зориулалттай барилгыг Ажилчдын байрны зориулалттай гэх мэдээллээр бүртгүүлэн Ү-2206024797 дугаартай дуусаагүй барилга/ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсгийг зөрчиж хийсэн хэлцэл тул Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хэлцлийн тухайн хэсэг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Гэрээний тухайн хэсэг хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул ХУД-ийн 11-р хороо, Зайсан хороолол, Дүнжингарав гудамж, 51 тоот, 14,100 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны зориулалттай барилгыг Ажилчдын байрны зориулалттай гэх мэдээллээр бүртгүүлэн Ү-2206024797 дугаартай дуусаагүй барилгын нэг хэсэг болох ХУД, 11-р хороо, Зайсан хороолол, “Маунтайн вию ресидэнс” хотхоны 51-р байрны 187 тоот орон сууцыг барьцааны хөрөнгө гэж үзэхгүй тул барьцаанаас чөлөөлөх үндэслэл болно. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/01285 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч С.М- нь хариуцагч “Ж Э Э Э-” ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан Дүнжингарав гудамжны 51-р байрны 87 тоотод байрлах 53,4 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаснаас тодруулж хаалганы дугаарыг 187 тоот гэж өөрчилсөн бөгөөд “Т-” ХХК, “Ж Э Э Э-” ХХК-ийн хооронд 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцааны үүргээс чөлөөлөхийг даалгахаар шаардсаныг хариуцагч “Т-” ХХК эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч С.М-, хариуцагч “Ж Э Э Э-” ХХК-ийн хооронд 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдаж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Соёмбот уулын хормойд Mountain view residence орон сууцны 1-р орц 8-р давхарт 87 тоот 53,4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч орон сууцны үнийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээгээр тогтоогдож байна. /хэргийн 4-6 дугаар тал/ Тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн 11-1426942 дугаартай лавлагаа, орон сууц захиалгаар бариулах гэрээ, 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 486 дугаартай мөн сарын 24-ний өдрийн 489 дугаартай албан бичигт маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хаяг болон хаалганы дугаар өөр өөр байх боловч нэг эд хөрөнгө болох талаар талууд маргаагүй байна. /хэргийн 51, 70, 74 дүгээр тал/

 

            Хэрэгт авагдсан кассын орлогын ордер гэх баримтаар нэхэмжлэгч нь орон сууцны үнэд 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 38 715 000 төгрөг, бэлэн мөнгөний орлогын баримтаар 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 774 300 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 16 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 14 972 000 төгрөг, нийт 70 461 300 төгрөгийг хариуцагч “Ж Э Э Э-” ХХК-д төлсөн байна. /хэргийн 7 дугаар тал/ Улмаар 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гүйцэтгэгч талыг төлөөлж инженер Д.Мөнхбаяр, захиалагч С.М- нар орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгсөн акт үйлдэж орон сууцыг хүлээн авсан байна./хэргийн 8 дугаар тал/ Иймээс хариуцагч “Ж Э Э Э-” ХХК нь орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шилжүүлэх үүрэгтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

            Мөн анхан шатны шүүхээс хариуцагч “Ж Э Э Э-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж, эрх үүргийг тайлбарласан байх боловч хууль заасан хугацаанд хариуцагч “Ж Э Э Э-” ХХК-аас хариу тайлбар ирүүлээгүй байна. /хэргийн 21-22, 35 дугаар тал/ Иймд хариуцагч “Ж Э Э Э-” ХХК-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэгчийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Түүнчлэн, хариуцагч “Ж Э Э Э-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гал-Очироос 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “...хувийн шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй тул эзгүйд шийдвэрлүүлэх...” тухай хүсэлт, 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “...нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тодруулга дээр татгалзал байхгүй тул 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй учир эзгүйд шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлтүүдийг ирүүлжээ./хэргийн 69, 89 дүгээр тал/ Шүүх түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт нийцжээ.

 

            Маргаан бүхий эд хөрөнгө нь “Т-” ХХК-ийн барьцаанд байгаа болох нь хэрэгт авагдсан хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон шүүхэд 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаа, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна./хэргийн 39-40, 51 дүгээр тал /

 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч “Ж Э Э Э-” ХХК нь уг орон сууцыг надад мэдэгдэлгүйгээр “Т-” ХХК-ийн зээлийн барьцаанд тавьсан учир хариуцагч нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, дээрх орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлнэ” гэж тайлбарлаж байх боловч орон сууц захиалгын гэрээ 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдаж, нэхэмжлэгч 2014 оны 12 дугаар 08-ны өдөр орон сууцыг актаар эзэмшилдээ шилжүүлэн авчээ. Гэтэл үүнээс өмнө хариуцагч нарын хооронд 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээний харилцаа үүсч, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар уг барилгыг барьцаалсан байна./хэргийн 39 дүгээр тал/

 

            Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагч нарын хооронд гэрээ байгуулагдснаас хойш орон сууцны төлбөрийг төлж, уг байрыг эзэмшилдээ шилжүүлэн авсан байна. Харин нэхэмжлэгч уг байрыг эзэмшилдээ хүлээн авахаас өмнө буюу 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч “Жи Эс Эс Эс” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг барьж дуусгаагүй байхдаа “Т-” ХХК-д барьцаанд тавьсан байна. Тодруулбал, хариуцагч “Жи Эс Эс Эс” ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлээгүй байхдаа үүргийн барьцаанд тавьсан байна. Иймээс хариуцагч “Жи Эс Эс Эс” ХХК нь зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй тул барьцаанаас чөлөөлөх боломжгүй гэх хариуцагч “Т-” ХХК-ийн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.

 

            Дээрх баримтуудыг дүгнэвэл, хариуцагч нар барьцааны гэрээ байгуулахаас өмнө Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч худалдах худалдан авах гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж түүнд уг орон сууцыг өмчлөх эрх үүссэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Мөн нэхэмжлэгч С.М- нь уг орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр улсын бүртгэлийн газарт холбогдуулан Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй.

 

            Иймд хариуцагч нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл гэж үзэхгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан хариуцагч нарын хооронд байгуулсан дээрх барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

            Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2 дах хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/01285 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              А.МӨНХЗУЛ

 

                                         ШҮҮГЧИД                              Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                     С.ЭНХТӨР