Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2022/00672

 

 С.С.Мгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.С.М, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/01285 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1408 дугаар магадлалтай,

С.Мгийн нэхэмжлэлтэй

“Ж Э Э Э” ХХК, “Т Б” ХХК-д тус тус холбогдох

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маунтайн вию ресидэнс хотхон 51 дүгээр байрны 187 тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцыг барьцааны гэрээнээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өнөржаргалын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.С.М нь “Ж Э Э Э” ХХК, “Т Б” ХХК-д тус тус холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маунтайн вию ресидэнс хотхон 51 дүгээр байрны 187 тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцыг барьцааны гэрээнээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/01285 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар нэхэмжлэгч Хуасай овогт Санжхандын С.М /ЖЭ000000000/-г Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 51-р байрны 187 тоотод байрлах 53,4 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ж Э Э Э ХХК, Т Б ХХК нарын хооронд 2014-05-21-ний өдөр байгуулсан 162 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 51-р байрны 187 тоотод байрлах орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчС.Мгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 615.300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж Э Э Э ХХК-иас 545.100 /таван зуун дөчин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчС.Мд олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1408 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/01285 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өнөржаргал хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийн дагуу энэхүү гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс дараах 3 асуудлаар дүгнэлт хийсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Үүнд: 1. Магадлалд “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч “Ж Э Э Э” ХХК нь уг орон сууцыг надад мэдэгдэлгүйгээр “Т Б” ХХК-ийн зээлийн барьцаанд тавьсан учир хариуцагч нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, дээрх орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлнэ.” гэж тайлбарлаж байх боловч орон сууц захиалгын гэрээ 2012.10.23-ны өдөр байгуулагдаж, нэхэмжлэгч 2014.12.08-ны өдөр орон сууцыг актаар эзэмшилдээ шилжүүлэн авчээ. Гэтэл үүнээс өмнө хариуцагч нарын хооронд 2014.05.21-ний өдөр зээлийн гэрээний харилцаа үүсч, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар уг барилгыг барьцаалсан байна. ...Иймээс хариуцагч “Ж Э Э Э” ХХК нь зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй тул барьцаанаас чөлөөлөх боломжгүй гэж хариуцагч “Т Б” ХХК-ийн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.” гэжээ. /Магадлалын 8 дахь хуудас/ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно.” гэж заасан. НэхэмжлэгчС.Мгийн хувьд 2014.05.21-ний өдөр байгуулагдсан “Т Б” ХХК, “Ж Э Э Э” ХХК-ийн хоорондын гэрээний оролцогч биш боловч дээрх 2 хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд мөн бөгөөд Иргэний хуульд хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардлага гаргах эрхийг нь хуульчилсан болно. НэхэмжлэгчС.М нь хариуцагч “Ж Э Э Э” ХХК-тай 2012.10.23-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан, 2014.12.08-ны өдөр хүртэл хугацаанд гэрээний дагуу төлбөрийг төлж байсан болно. НэхэмжлэгчС.М, “Ж Э Э Э” ХХК-тай 2012.10.23-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээний 5 дугаар зүйлд гэрээний зүйл болох орон сууцыг гэрээний хугацаанд бусдад барьцаалахгүй байхаар талууд харилцан тохиролцсон байдаг. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ.” гэж заасан бөгөөд энэ нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын итгэлцлийн зарчмын агуулгыг бүрэн тодорхойлсон заалт юм. Өөрөөр хэлбэл Орон сууц захиалан бариулах гэрээгээр тохиролцсон заалт бүрт иргэнС.М нь итгэл үнэмшилтэй хандаж, өөрийн зүгээс гэрээний үүргээ шударгаар биелүүлж байсан байдаг. Гэтэл хариуцагч “Ж Э Э Э” ХХК нь гэрээний үүргээ зөрчиж, Иргэний хуулийн итгэлцлийн зарчмыг алдагдуулан иргэнС.Мгийн гэрээний дагуу шилжүүлэн төлбөрөөр барьж байсан буюу нийт захиалагч нарын төлбөрөөр барьж байсан дуусаагүй барилгад өөрсдийн давуу байдлыг ашиглан 2014 оны ... дугаар сард дуусаагүй барилгын гэрчилгээ гаргуулан авч “Т Б” ХХК-тай Зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан байдаг. “Ж Э Э Э” ХХК Т Бтай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаанд тавьсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д “барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх”-ийн талаар тусгана” гэснийг, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан "Барьцаалуулагч нь барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн түрээслэх болон бусад хязгаарлагдмал эрхийн талаар барьцаалагчид бичгээр мэдэгдэх...” гэснийг болон Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-д “барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх.” шаардлагыг тус тус зөрчсөн байна. Харин барьцаалагч Т Бны хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д Зээлийн хувийн хэрэг хөтлөхийг үүрэг болгосон байх бөгөөд Зээлийн хувийн хэргийн бүрдийг хангах, мөн зүйлийн 23.4-д “Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн эрх бүхий хүмүүсээс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ, чанар зэргийг бичнэ.” гэж заасныг зөрчиж барьцааны хөрөнгийг биечлэн үзээгүйгээс зээлийн барьцаанд барьцаалсан хөрөнгө гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хэлцэл байгуулсан байна. Гэтэл давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар дүгнэлт өгөөгүй бөгөөд хариуцагч “Т Б” ХХК, “Ж Э Э Э” ХХК нь гомдлыг ямар нэг байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд няцаагаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн мэтгэлцэх зарчмын үүднээс гомдлыг хангаж шийдвэрлэх ч хууль зүйн үндэслэлтэй болно. Иймд “Ж Э Э Э” ХХК, Т Б нарын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний барьцааны зүйлийн 1-д заасан барьцааны зүйл нь /ХУД-ийн 11-р хороо, Зайсан хороолол, Дүнжингарав гудамж, 51 тоот, 14,100 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны зориулалттай барилгыг Ажилчдын байрны зориулалттай гэх мэдээллээр бүртгүүлэн Ү-0000000000дугаартай дуусаагүй барилга/ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсгийг зөрчиж хийсэн хэлцэл тул Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хэлцлийн тухайн хэсэг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Гэрээний тухайн хэсэг хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул ХУД-ийн 11-р хороо, Зайсан хороолол, Дүнжингарав гудамж, 51 тоот, 14,100 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны зориулалттай барилгыг Ажилчдын байрны зориулалттай гэх мэдээллээр бүртгүүлэн Ү-0000000000дугаартай дуусаагүй барилгын нэг хэсэг болох ХУД, 11-р хороо, Зайсан хороолол, “Маунтайн вию ресидэнс” хотхоны 51-р байрны 187 тоот орон сууцыг барьцааны хөрөнгө гэж үзэхгүй тул барьцаанаас чөлөөлөх үндэслэл болно. 2. Магадлалд “...хариуцагч нар нь барьцааны гэрээ байгуулахаас өмнө Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч худалдах худалдан авах гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж түүнд уг орон сууцыг өмчлөх эрх үүссэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Мөн нэхэмжлэгчС.М нь уг орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр улсын бүртгэлийн газарт холбогдуулан Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргасан талаархи баримт хэрэгт авагдаагүй байна.” гэжээ. Хариуцагч “Ж Э Э Э” ХХК нь захиалагч нарын урьдчилгаа төлбөрөөр барьж байсан орон сууцнуудыг захиалагч нарт мэдэгдэлгүйгээр Орон сууц захиалан бариулах гэрээ, Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан итгэлцлийн зарчмыг зөрчин, дуусаагүй барилгын гэрчилгээ гаргуулан авч Барьцааны гэрээ байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгчС.Мгийн хувьд Орон сууц баригдаж дуусаагүй байхад өмчлөөгчөөр бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргах ямар ч бололцоо байхгүй байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай асуудалд дүгнэлт өгөхгүй атлаа нэхэмжлэгчС.Мд өмчлөгчөөр бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад хандаж байсан эсэх асуудлыг хөндөж байгаад харамсалтай байна. 3. Магадлалд “...иймд хариуцагч нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл гэж үзэхгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан хариуцагч нарын хооронд байгуулсан дээрх барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2 дах хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.” гэжээ. Нэхэмжлэгчийн хувьд хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг гаргуулахаар шүүхэд удаа дараа хүсэлт гаргаж байсан бөгөөд хүсэлтийг анхан шатны шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн байдаг. Гэвч уг баримтууд нь хариуцагч “Т Б” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” гэж заасныг баримтлан татгалзлын үндэслэлээ нотлохын тулд гаргаж өгөх боломжтой байсан. Гэтэл хариуцагч “Т Б” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзлын үндэслэл болох нотлох баримтуудыг гарган өгөөгүй болно. НэхэмжлэгчС.Мгийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагатай бүх баримтуудыг гарган өгсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох баримтууд хэрэгт авагдсан болно. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж заасныг зөрчин хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалд тус тус өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн” эсэх үндэслэлээр хянан хэлэлцээд, хангахгүй орхив.

6. НэхэмжлэгчС.М нь хариуцагч “Ж Э Э Э” ХХК, “Т Б” ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан Дүнжингарав гудамжны 51-р байрны 87 тоотод байрлах 53,4 м.кв талбай бүхий 187 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох,  “Т Б” ХХК, “Ж Э Э Э” ХХК-ийн байгуулсан 2014.05.21-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, барьцааны үүргээс орон сууцыг чөлөөлүүлэхийг даалгах 2 шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч “Ж Э Э Э” ХХК нэхэмжлэлд хариу тайлбар гаргаагүй, хариуцагч Т Б барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж маргажээ.

7. Анхан шатны шүүх өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг буюу барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, барьцааны зүйлийг чөлөөлүүлэхийг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад, хэвээр үлдээсэн байна.

8.С.М нь 2012.10.23-ны өдөр “Ж Э Э Э” ХХК-тай гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Соёмбот уулын хормойд Mountain view residence орон сууцны 1-р орц 8-р давхарт 87 тоот 53,4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авахаар тохирч, 2012.10.23-2014.12.08-ны хооронд орон сууцны үнэ 70,461,300 төгрөгийг төлсөн, 2014.12.08-ны өдөр орон сууцыг хүлээж авсан үйл баримт тогтоогджээ. Хариуцагч “Ж Э Э Э” ХХК нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлээгүй, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үүргээ биелүүлээгүй тул үүргийг хангуулах тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

9. Маргаж буй орон сууц нь “Т Б” ХХК-ийн барьцаанд байгаа болох нь хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2014.05.21-ний өдрийн барьцааны гэрээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2019.05.09-ний өдрийн лавлагаагаар тогтоогджээ. /хэргийн 39-40, 51 дүгээр тал/

10. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу орон сууцны үнийг төлж байхад “Ж Э Э Э” ХХК нь уг орон сууцыг 2014.05.21-ний өдөр зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан, энэ талаар худалдан авагчС.Мд мэдэгдээгүй нь гэрээний 5-д заасан нөхцөл, Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж заасан зохицуулалтыг зөрчсөн боловч барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй юм. Учир нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж заасан. Зүй нь худалдах-худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх эсвэл урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн бол нэхэмжлэгчС.М нь өмчлөх эрхээ хамгаалах боломжтой байсан ба ийнхүү бүртгүүлээгүйгээс орон сууцыг барьцаалсан, харин нэхэмжлэгч нь орон сууцны үнийг төлсөн байхад хариуцагч “Ж Э Э Э” ХХК барьцаанаас чөлөөлүүлэх талаар арга хэмжээ аваагүй, барьцааны талаар худалдан авагч болох нэхэмжлэгчид мэдэгдээгүй байна.

11. “Ж Э Э Э” ХХК, “Т Б” ХХК зээлийн үүргийг хангуулах зорилгоор үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хуулийн шаардлагыг хангасан, “Т Б” ХХК нь шударга барьцаалагч болох тул нэхэмжлэгчийн худалдаж авсан орон сууцыг барьцаанаас чөлөөлөх үндэслэлгүй, хоёр шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.9-д барьцааны гэрээнд “барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх”-ийг тусгана гэж заасан, барьцааны гэрээнд хуулийн энэ заалтыг зөрчсөн байх боловч гэрээний уг нөхцөлд хамааралтай болохоос гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй байна. Барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл гэж үзэхгүй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

12. Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/01285 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1408 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                          Х.ЭРДЭНЭСУВД

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                                                    Б.МӨНХТУЯА

                                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ