Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 1406

 

 

 

 

 

 

 

 

 

 

НӨАУГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/01262 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч НӨАУГ-ын хариуцагч “УБ Х-” ХХК-д холбогдуулан гаргасан байрнаас албадан чөлөөлүүлэх, байр ашигласан төлбөрт 7 644 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Б.Г, өмгөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 169 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 335 дугаар захирамжийг үндэслэн 2011 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах Соёлын төв өргөөний Б корпусын хүзүүвчний хэсэгт хөрөнгө оруулалт хийх тухай Нийслэлийн өмчийн харилцааны газар Соёлын төв өргөө, “УБ Х-” ХХК, Монголын архитекторуудын эвлэл төрийн бус байгууллагатай тохиролцож 4 талт гэрээг байгуулсан. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т шинээр баригдах барилгын 3 дугаар давхарыг бүтнээр нь Соёлын төв өргөөний балансад бүртгэж барилгын өртгийг нэмэгдүүлэх арга хэмжээ авна гэж заасан, 3.10-т хоёр дугаар давхараас бусад хэсэг нь Б талын өмч байна гэж заасан. Уг гэрээний дагуу Засаг даргын захирамж, шийдвэр гарсан. Иймд Сити тоувер барилга, 3 давхар, 305 тоот байрны 29.78 мкв талбайтай ажлын байрнаас УБ Х- ХХК-ийг албадан чөлөөлүүлж, Нийслэлийн өмчийн уг албан тасалгааг УБ Х- ХХК нь 2017 оноос одоог хүртэл эзэмшиж ашиглаж ирсэн тул Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг шинэчлэн тогтоох тухай 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 40 дүгээр тогтоолын хавсралтад зааснаар 2017, 2018, 2019 оны байр ашигласны төлбөрт 7 644 000 төгрөгийг “УБ Х-” ХХК-аас гаргуулж НӨАУГ-т олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 2 дугаар сард “УБ Х-” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Нийслэлийн өмчийн барилгад хөрөнгө оруулалт хийх тухай гэрээ байгуулагдсан. Уг гэрээ хийгдэж байх явцад барилгын зураг төсөл хийгдээгүй байсан. 2012 онд барилгын зураг хийгдэж 2012 оны 5 дугаар сард барилгын ажил явагдсан. Барилгын ажил явагдаж байх хугацаанд 2014 онд барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцаж хяналт тавих журмаар Нийслэлийн өмчлөлийн харилцааны газраас Нийслэлийн өмчлөлд бүртгэж болох талбайн хэмжээг баталгаажуулж акт үйлдсэн. Уг актаар 460 м.кв талбайг хүлээн авахыг зөвшөөрч харилцан ойлголцож акт үйлдсэн гэж ойлгож байгаа. Барилгын ажил 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дуусч Улсын комисс хүлээж авч байнгын ашиглалтад орсон. Нийслэлийн өмчийн харилцааны газар 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 460 м.кв талбайг хүлээн авсан. Аливаа барилга дээр нийтийн эзэмшлийн талбай, техникийн өрөө, хонгил гэж байдаг. 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн актаар харилцан ойлголцож, хүлээлцсэн гэж ойлгож байгаа. Иймд 29.78 мкв талбайд ямар нэгэн маргаантай асуудал байхгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “УБ Х-” ХХК-д холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж, 8/1 дугаартай барилгын F 305 тоот хаягт байршилтай, 39.78 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, түрээсийн зардал 7 644 000 төгрөг гаргуулах тухай НӨАУГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 169 дүгээр тогтоолоор Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Соёлын төв өргөөний Б жигүүр болох хүзүүвчний хэсэгт хөрөнгө оруулалт хийхийг “УБ Х-” ХХК-д зөвшөөрсөн. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 335 дугаар захирамжаар нийслэлийн өмчийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах Соёлын төв өргөөний барилгын Б жигүүр болох хүзүүвчний хэсэгт оруулалт хийхийг “УБ Х-” ХХК, “Монголын архитекторуудын эвлэл” ТББ-д зөвшөөрсөн шийдвэр гаргасан. Энэ үндэслэлээр 2011 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Соёлын төв өргөө, “УБ Х-” ХХК, Монголын архитекторуудын эвлэл ТББ хамтарч нийслэлийн өмчийн барилгад хөрөнгө оруулалт хийлгэх тухай гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т шинээр баригдах барилгын 3 дугаар давхрыг бүтнээр нь нийслэлийн өмчид бүртгэж, мөн 3.10-т барилгын 3 дугаар давхраас бусад хэсэг нь Б талын өмч байна гэж тус тус тодорхой зааж тохиролцсон. Уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т шинээр баригдах барилгыг 3 дугаар давхрыг бүтнээр нь нийслэлийн өмчид бүртгэж, мөн 3.10-т барилгын 3 дугаар давхраас бусад хэсэг нь Б талын өмч байна гэж тус тус тодорхой зааж тохиролцсон. Гэтэл уг гэрээний Б тал нь манай нийслэлийн өмчит уг барилгын 3 дугаар давхраас 29.78 м.кв талбай бүхий 1 өрөө ажлын байрыг хүлээлгэж өгөхгүй 2017 оноос одоог хүртэл эзэмшиж, ашиглаж байна. НӨАУГ-с удаа дараа энэ асуудлаар Б талын төлөөлөгчидтэй уулзаж, албан бичгээр байр чөлөөлж өгөх тухай хүсэлт, мэдэгдлийг хүргүүлсэн боловч байр чөлөөлж өгөхгүй байсан тул НӨАУГ нь шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Шүүх хурал эхлэхээс өмнө шүүгчийн туслахаас шинээр нотлох баримт хариуцагч өгсөн тухай тодруулахад ямар ч баримтын тухай танилцуулаагүй тул шүүх хуралдаанд орсон. Гэтэл шүүх хуралдааны явцад хариуцагч талаас маргаж буй конторын байранд Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын гэрчилгээг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу Их эзэн Чингэс хааны нэрэмжит талбайн гудамж 8/1 дугаартай барилгын F305 тоот хаягт байршилтай 29.78 м.кв талбайтай контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 00053/395 тоот гэрчилгээ авсан баримтыг хариуцагч тайлбартаа дурдаж тайлбарласнаар нэхэмжлэгч тал энэ нотлох баримтын тухай анх мэдсэн болно. Иймд анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38, 105-д тус тус заасан тухайн нотлох баримттай танилцах, тайлбар өгөх, үгүйсгэх, хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх зэрэг нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийг эдлэх боломж олгоогүй, процессийн хууль зөрчиж асуудлыг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Дээр дурдсан үл хөдлөх эрхийн хөрөнгийн гэрчилгээг “УБ Х-” ХХК-д олгосон асуудлыг шүүх нотлох баримтаар хүлээн авч шийдвэрлэсэн нь хэргийн харъяалал зөрчиж, хууль зөрчсөн, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хуралдаанаар хэлэлцүүлэх нөхцөлд уг хэргийн харъяаллын асуудал өөрчлөгдөж хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх асуудлыг шүүх мэдэж шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн боловч уг асуудлыг хянан хэлэлцэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн харъяалал зөрчиж, хууль зөрчсөн, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хариуцагч “УБ Х-” ХХК нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны 8/1 дугаартай 27 давхар барилгыг бүхэлд нь өмчилж байгаа нөхцөлд маргаан бүхий 3 дугаар давхрын 29.78 м.кв талбай бүхий 1 өрөөг НӨАУГ-т хүлээлгэж өгөхийн өмнөхөн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авсан асуудал нь уг барилгын хууль зүйн үндэслэлд эргэлзээ төрүүлж байгааг шүүх анхаарч шийдвэрлэх байсан гэж үзэн дээрх бүх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч НӨАУГ- нь хариуцагч “УБ Х-” ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж, 8/1 дугаартай барилгын F 305 тоот хаягт байршилтай, 29.78 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, түрээсийн төлбөрт 7 644 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, уг талбай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь манай өмч гэж маргажээ.

 

            Анх нэхэмжлэгч нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 169 дүгээр тогтоолоор Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Соёлын төв өргөөний барилгын Б жигүүр болох хүзүүвчний хэсэгт хөрөнгө оруулалт хийхийг “УБ Х-” ХХК-д зөвшөөрч, улмаар Нийслэлийн өмчийн харилцааны газар, Соёлын төв өргөө, “УБ Х-” ХХК, Монголын Архитекторуудын эвлэлийн хооронд 2011 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Нийслэлийн өмчийн барилгад хөрөнгө оруулалт хийлгэх” гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу барилгын 3 давхарыг бүтнээр нь нийслэлийн өмчид бүртгэж, бусад хэсэг нь “УБ Х-” ХХК-ийн өмч байхаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 9-11, 16 дугаар тал/

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй боловч хариуцагч “УБ Х-” ХХК-ийн 29.78 м.кв талбайн эзэмшил хууль бус болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Тодруулбал, хариуцагч “УБ Х-” ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр улсын бүртгэдийн Ү-2203034637 дугаарт бүртгүүлж, 000531395 дугаартай гэрчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 51 дүгээр тал/ Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүссэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээтэй шүүх хуралдааны явцад танилцсан байх боловч үүнтэй холбоотой ямар нэгэн хүсэлт, баримт гаргаагүй байх бөгөөд хэргийн харьяаллын талаар маргаагүй байна.

 

            Хэрэгт авагдсан тус барилгын 3 дугаар давхрын талбай хүлээлцсэн акт болон зохион байгуулалтын схем зургийг харьцуулан үзэхэд маргаан бүхий 29.78 м.кв талбай нь нэхэмжлэгчийн эзэмшлийн талбайд ороогүй байна. Үүгээр хариуцагчийн эзэмшил хууль ёсны болох нь давхар тогтоогдож байна./хэргийн 39-40 дүгээр тал/

 

            Анхан шатны шүүх дээрх үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасанд нийцсэн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Нөгөөтэйгүүр, хариуцагч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд үйл ажиллагаа явуулж байх бөгөөд талуудын хооронд хууль болон гэрээний үндсэн дээр үүрэг үүсээгүй учир нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн төлбөрт 7 644 000 төгрөг шаардах эрхгүй гэж анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

 

            Талууд улсын бүртгэлийн асуудлаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурьдаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/01262 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              А.МӨНХЗУЛ

 

                                         ШҮҮГЧИД                              Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                     С.ЭНХТӨР