Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 1262

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Нэхэмжлэгч Н Ө А У Г ын  нэхэмжлэлтэй

Хариуцагч: У Х ХХК-д холбогдох

Байрнаас албадан чөлөөлүүлэх, байр ашигласан төлбөрт 7,644,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнгөн, түүний өмгөөлөгч А.Нарантуяа, хариуцагчийн төлөөлөгч Б.Гантөгс, түүний өмгөөлөгч М.Алтан-Өлзий шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 169 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 335 дугаар захирамжийг үндэслэн 2011 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах Соёлын төв өргөөний Б корпусын хүзүүвчний хэсэгт хөрөнгө оруулалт хийх тухай Нийслэлийн өмчийн харилцааны газар Соёлын төв өргөө, У Х ХХК, Монголын архитекторуудын эвлэл төрийн бус байгууллагатай тохиролцож 4 талт гэрээг байгуулсан. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т шинээр баригдах барилгын 3 дугаар давхарыг бүтнээр нь Соёлын төв өргөөний балансад бүртгэж барилгын өртгийг нэмэгдүүлэх арга хэмжээ авна гэж заасан, 3.10-т хоёр дугаар давхараас бусад хэсэг нь Б талын өмч байна гэж заасан. Уг гэрээний дагуу Засаг даргын захирамж, шийдвэр гарсан байдаг.

Иймд Сити тоувер барилга, 3 давхар, 305 тоот байрны 29,78 мкв талбайтай ажлын байрнаас У Х ХХК-ийг албадан чөлөөлүүлж, Нийслэлийн өмчийн уг албан тасалгааг У Х ХХК нь 2017 оноос одоог хүртэл эзэмшиж ашиглаж ирсэн тул Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг шинэчлэн тогтоох тухай 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 40 дүгээр тогтоолын хавсралтад зааснаар 2017, 2018, 2019 оны байр ашигласны төлбөрт 7,644,000 төгрөгийг У Х ХХК-мас гаргуулж Н Ө А У Г т олгож шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2017 оны 2 дугаар сард У Х ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Нийслэлийн өмчийн барилгад хөрөнгө оруулалт хийх тухай гэрээ байгуулагдсан. Уг гэрээ хийгдэж байх явцад барилгын зураг төсөл хийгдээгүй байсан. 2012 онд барилгын зураг хийгдэж 2012 оны 5 дугаар сард барилгын ажил явагдсан. Барилгын ажил явагдаж байх хугацаанд 2014 онд барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцаж хяналт тавих журмаар Нийслэлийн өмчлөлийн харилцааны газраас Нийслэлийн өмчлөлд бүртгэж болох талбайн хэмжээг баталгаажуулж акт үйлдсэн.

Уг актаар 460 м.кв талбайг хүлээн авахыг зөвшөөрч харилцан ойлголцож акт үйлдсэн гэж ойлгож байгаа. Барилгын ажил 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дуусч Улсын комисс хүлээж авч байнгын ашиглалтад орсон. Нийслэлийн өмчийн харилцааны газар 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 460 м.кв талбайг хүлээн авсан.

Аливаа барилга дээр нийтийн эзэмшлийн талбай, техникийн өрөө, хонгил гэж байдаг. 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн актаар харилцан ойлголцож, хүлээлцсэн гэж ойлгож байгаа. Иймд 29,78 мкв талбайд ямар нэгэн маргаантай асуудал байхгүй гэж үзэж байна” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн нөхцөл байдалд тал бүрээс нь нотлох баримтад тулгуурлаж үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэлд дурьдагдсан Нийслэлийн өмчийн барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний төрлийг шүүх зөв тодорхойлох ёстой байх. Агуулгын хувьд хөрөнгө оруулалт хийх тухай гэрээ гэж нэрлэгдэж байгаа боловч тухайн гэрээний үр дүн нь барилга байгууламж барих юм.

Гэрээний төрлийн хувьд ажил гүйцэтгэх гэрээгээр зохицуулагдах шаардлагатай.

Тухайн үед шатсан барилгын суурин дээр барилга барих санал явагдаж байсан. Үүнтэй холбоотой санал солилцох хэмжээнд яригдаж байсныг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаас зөвшөөрснийг үндэслэл болгоод гэрээ байгуулсан. Гэхдээ гэрээ байгуулах явцад тухайн барилгын зураг төсөл батлагдаагүй байсан. Өөрөөр хэлбэл гэрээний зүйлийг тодорхойлох боломжгүй байсан. Гэрээний 3.9-д заасанчлан эсгийт зураг батлагдсаны дараа талууд ажлын зураг дээр зөвшилцөж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно гэж зааж өгсөн. Энэ заалт нь ажил гүйцэтгэх гэрээг тодотгож байгаа нэг хэсэг хэдий боловч гэрээний зүйлийг тодорхойлох зайлшгүй шаардлага байгааг ирээдүйд харж ийм зохицуулалтыг оруулж өгсөн юм шиг байна.

Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн Засаг даргын зүгээс тухайн барилга дээр хяналт шалгалтыг хууль тогтоомжийн хүрээнд тавьж байсан. Хяналт шалгалт тавьж байсантай холбогдуулаад барилгын ажлын гүйцэтгэлийг хянах түүнтэй холбоотой гэрээ хэлцэл байгаа учраас түүнд тодотгох зохицуулалт дээр үндэслээд 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Барилгын ажлын гүйцэтгэлийг хянах, талбай баталгаажуулах тухай акт хийгдсэн гэж үзэж байна.

Улаанбаатар ХХК, Нийслэлийн өмчийн харилцааны газрын хооронд байгуулагдсан гэрээг үндэслэл болгоод Нийслэлийн өмчид шилжүүлж болох шинээр баригдаж байгаа барилгын 3 дугаар давхрын 460 м.кв талбайг тусгайлан хэмжилт хийж тодорхойлсон байна. Гэрээний зүйл болон м.кв-г тодорхойлж өгсөн байна. Энэ нь хөрөнгө оруулалтын гэрээний зүйл заалтад харшлаагүй. Талуудын сайн дурын үндсэн дээр хийгдсэн байгаа учир үүнийг нэмэлт тодруулга гэж ойлгохоос өөр аргагүй байна. Үүнийг зохих хэмжээнд үнэлэхгүй байгааг нь нэхэмжлэгчийг бодит нөхцөл байдалд дүгнэлт өгөх боломжийг өөрсдөө бий болгохгүй байна гэж үзэж байна.

Барилгын ажил гүйцэтгэсэн учраас тухайн талбайг хүлээлгэж өгөх зайлшгүй шаардлагатай. 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 6 дугаар давхрын 460,65 м.кв талбайг захиалагч тал буюу Нийслэлийн өмчийн харилцааны газар хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгөхөд тухайн үеийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан н.Жаргалсайхан гэх хүн Нийслэлийн өмчийн харилцааны газрыг төлөөлж хүлээж авах актад гарын үсэг зурсан байгааг нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй. Хэргийн бодит нөхцөл байдалд тал бүрээс үнэлэлт дүгнэлт өгөх ёстой.

Хүлээж авсан гэрээний үр дүнгийн доголдлын асуудал яригдаж байна. Тухайн үед хүлээж авахдаа доголдлыг илрүүлээгүй бол тодорхой цаг хугацаанд нэхэмжлэх эрх зүйн боломжтой. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4 дэх хэсэг зааснаар өмчлөлд шилжүүлсэн буюу худалдан авсан тохиолдолд худалдах худалдан авах гэрээний зохицуулалтыг зохицуулах журам үйлчлэнэ. Нэгэнт баталгаат хугацаа тогтоогоогүй бол хуулийн этгээдийн хувьд хүлээж авмагц доголдлыг илрүүлбэл 6 сарын дотор гомдол гаргах эрхтэй.

Доголдлыг харсаар байж актад дүгнэлт өгөхгүй асуудлыг хэлэлцүүлээд байгаа нь үндэслэлгүй байна. 460,65 м.кв талбайг Нийслэлийн өмчид бүртгэх тухай Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол, Засаг даргын захирамж гарсан. Энэ эрх зүйн актыг зохих үндэслэл дээр үгүйсгэх боломжтой. Нийслэлийн өмчийн харилцааны газар дотоод асуудлыг шийдвэрлэх ёстой байсан.

Эрх зүйн акт хүчинтэй байхад өөр бусад өнцгөөс асуудлыг хэлэлцүүлж байгаа нь үндэслэлгүй байна.

Тухайн үл хөдлөх хөрөнгө У Х ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн байгаа нөхцөл байдал нь өөр үндэслэлээр хүчингүй болно. Тэгэхээс энэ нэхэмжлэлийн хүрээнд хүчингүй болох ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдохгүй байгаа учир хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н Ө А У Г  нь хариуцагч У Х ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж, 8/1 дугаартай барилгын F 305 тоот хаягт байршилтай, 39,78 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, түрээсийн зардал 7,644,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж, 8/1 дугаартай барилгын F 305 тоот хаягт байршилтай, 39,78 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь манай өмч тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 169 дүгээр тогтоолоор Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Соёлын төв өргөөний барилгын Б жигүүр болох хүзүүвчний хэсэгт хөрөнгө оруулалт хийхийг У Х ХХК-д зөвшөөрсөн. 2011 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газар, Соёлын төв өргөө, У Х ХХК, Монголын Архитекторуудын эвлэл нарын хооронд Нийслэлийн өмчийн барилгад хөрөнгө оруулалт хийлгэх” гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу барилгын 3 давхарыг бүтнээр нь нийслэлийн өмчид бүртгэж, бусад хэсэг нь У Х ХХК-ийн өмч байхаар тохиролцсон. У Х ХХК нь барилгын 3 давхарын 29,78 м.кв талбай бүхий нэг өрөө ажлын байрыг одоо болтол хүлээлгэж өгөөгүй байх тул хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү. Мөн манай 3 давхарын хэсгийг 2017, 2018, 2019 онд ашигласан тул Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн “Түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолд зааснаар 7,644,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, хариуцагч нь “...2011 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газар, Соёлын төв өргөө, У Х ХХК, Монголын Архитекторуудын эвлэл нарын хооронд Нийслэлийн өмчийн барилгад хөрөнгө оруулалт хийлгэх” гэрээ нь зураг төсөл батлагдахаас өмнө байгуулсан бөгөөд талууд хэмжилт хийж 460 м.кв талбайг албан ёсоор тогтоож баталгаажуулсан. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж, 8/1 дугаартай барилгын F 305 тоот хаягт байршилтай, 39,78 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ү-2203034637 дугаарт бүртгэж, гэрчилгээ авсан. Манай компаний өмч юм.” гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийг тус тус тайлбарласан.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” гэж заажээ.

 

У Х ХХК нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж, 8/1 дугаартай барилгын F 305 тоот хаягт байршилтай, 39,78 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ү-2203034637 дугаарт бүртгэж, 000531395 дугаартай гэрчилгээ авсан болох нь баримтаар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ.”, 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно.” гэж тус тус заажээ.

 

У Х ХХК нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж, 8/1 дугаартай барилгын F 305 тоот хаягт байршилтай, 39,78 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул шүүх бүртгэл үнэн зөв гэж үзнэ.

 

Хууль бус эзэмшил нь хууль болон гэрээний үндсэн дээр өмчлөх эрх үүсээгүй, өмчлөгч өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа нөхцөл байдлыг ойлгох бөгөөд У Х ХХК-ийн өмчлөл хууль ёсны байх тул чөлөөлөх үндэслэлгүй байна.

            Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж, 8/1 дугаартай барилгын F 305 тоот хаягт байршилтай, 39,78 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн балансад бүртгэсэн, хариуцагч нь улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан давхардал байх тул талууд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

            У Х ХХК нь түрээсийн төлбөрийн доод жишгээр үл хөдлөх эд хөрөнгө ашигласан тул түрээсийн төлбөрт нэг сарын 294,000 төгрөгөөр тооцож, 2017, 2018, 2019 оны түрээсийн төлбөрт 7,644,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь өөрийн өмчлөлийн байранд үйл ажиллагаа явуулж байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч У Х ХХК нь бусдад түрээсийн төлбөр төлөх үүрэг үүсэхгүй юм.

 

            Иймд, хариуцагч У Х ХХК-д холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж, 8/1 дугаартай барилгын F 305 тоот хаягт байршилтай, 39,78 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, түрээсийн зардал 7,644,000 төгрөг гаргуулах тухай Н Ө А У Г ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.3 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч У Х ХХК-д холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж, 8/1 дугаартай барилгын F 305 тоот хаягт байршилтай, 39,78 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, түрээсийн зардал 7,644,000 төгрөг гаргуулах тухай Н Ө А У Г ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ЭНХБАЯР