Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 243

 

Н.Ш-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, Л.Отгондорж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-н өмгөөлөгч А.Бүдханд, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1551 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 155 дугаар магадлалтай, Н.Ш-т холбогдох 1806028140543 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1,

Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ял шийтгүүлж 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сум дундын 28 дугаар шүүхийн шүүгчийн 79 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 11 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан, У овгийн Н-н Ш-.

Н.Ш- нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 12-319 тоотод төрсөн дүү Г.Ц-тай маргалдан түүнийг зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Ш-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш-т 10 жил хорих ял шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Ш-, түүний өмгөөлөгч Л.Отгондорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон, ...дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1. Давж заалдах шатны шүүх Н.Ш-т холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна гэжээ.

“Хэргийн үйл баримт тогтоогдсон байна” гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдал, түүнийг хэлэлцсэн анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.14, 35.15 дугаар зүйлүүдэд заасан ажиллагааг хийгээгүй, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлээгүй гэрч Д.Г /1хх-28-29/, Ө.Т /1хх-32-39/, Б.Т /1хх-40-43/, Х.Б /1хх-46-47/, Ц.Н /1хх-48/, Г.Т /1хх-49-51/, Б.М /1хх-52-53/, шинжээч эмч С.О /1хх-66-67/ нарын мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрүүдийн үндэслэл болгосон байна.

2. Магадлалд “Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлгүүдэд зарим нэг асуудлын талаар зөрүүтэй мэдүүлсэн байх боловч үүнийг мэдүүлэг зөрүүтэй гэхээс илүүтэй мөрдөгч нар анхны мэдүүлгүүдээр хэргийн үйл баримтын талаар тодорхой биш, дутуу асуусан байна” гэж хийсэн дүгнэлт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйл “Хууль ёсны зарчим”, 1.3 дугаар зүйл “Шударга ёсны зарчим”, 6.5 дугаар зүйл “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйл “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх”, 1.7 дугаар зүйл “Хэргийн бодит байдлыг тогтоох” гэснийг зөрчсөн дүгнэлт гэж үзэж байна. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-, гэрч Б.Т, Ө.Т нарын мэдүүлэгүүд эрс зөрүүтэй байгаа шалтгааныг тогтоогоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар гэрч, хохирогч нарын зөрүүтэй мэдүүлгийн шалтгааныг хуульд заасан арга хэрэгслээр шалган тогтоох, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт гэм буруутай болохыг ямар ч эргэлзээгүй нотлох үүргийг хангаагүй байхад шүүхүүд дээрх мэдүүлгүүдийг ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдал гэж анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-, гэрч Б.Т, Ө.Т нарын мэдүүлэг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад ч зөрүүтэй шалтгааныг тогтоогоогүй, эргэлзээтэй зарим баримтыг нотлох баримтаар тооцох, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан саналд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, тэдгээрийг үгүйсгэсэн үндэслэл, нотолгоог заалгүйгээр шүүхээс хийсэн “дүгнэлт”-ийн үндэслэл болгон шүүгдэгчийн гэм буруу хангалттай нотлогдсон гэж ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь хууль зөрчиж байна.

Магадлалд гэрч Д.Г-н /1хх-28-29/, гэрч Г.Т-н /1хх-50/ мэдүүлгүүдэд “ална” гэж мэдүүлж байгаа боловч “ална” гэж хэн хэлсэн, хэний дуу хоолой болох талаар Н.Ш-, Б.Т-, Ө.Т-, Б.О- нар мэдүүлээгүй бөгөөд гэрч Д.Г-г гэрчийн мэдүүлэг өгөхөд охин нь болох Г.Туул байлцсан нөхцөл байдлыг анхаараагүй байна.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “өмгөөлөгч Л.Отгондорж, М.Баянзул, Ж.Батхүү нарын саналын үндэслэл болгосон баримт болох шинжээчийн 818 дугаар дүгнэлт, шинжээч С.О-н “талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл нь тодорхой хугацаанд буюу хэдэн цагаас хэдэн минут явж үйл хөдөлгөөн хийх боломжгүй. Тэр даруй буюу газар дээрээ нас барна. Үйлдэл хийх боломжгүй...” /1хх-67/ гэсэн мэдүүлэг зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т зааснаар “няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг заагаагүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Отгондорж хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх нь хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүй бөгөөд хэрэг болсон газрыг тодорхой зааж өгөөгүй. Хэрэг болсон газар нь гэрт юмуу гадаа юмуу гэдгээс хамаараад гэрч нарын мэдүүлэг өөр болдог. Энэ хэргийг бүрэн гүйцэт шалгаагүй, гэрч нарын мэдүүлгийг үндэслэж ял шийтгэл оногдуулсан хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын гаргасан гомдлыг дэмжиж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Бүдханд хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад нийцсэн хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Хэрэг болсон газар нь гадаа машины дэргэд болсон гэдэг юм. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогддог. Хэргийн газарт нийт 5 хүн байсан бөгөөд нэг нь амь хохирогч, нэг нь шүүгдэгч нөгөө 3 нь гэрч нар байсан. Эдгээр 3 гэрч нь эргэлзээгүй, тогтвортой мэдүүлэг өгдөг. Анхан шатны шүүх нь хэргийн үйл баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан. Хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын гаргасан гомдлыг үндэслэн Н.Ш-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Н.Ш-ыг 2018 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө *** төрсөн дүү Г.Ц-тай маргалдан түүнийг зодож алсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно гэж заасан байхад анхан шатны шүүх Н.Ш-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх заалтыг зөрчиж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэх нотлох баримтанд багтаагүй, түүнчлэн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй баримтууд болох гэрч Х.Б /1хх-46-47/, Б.М /1хх-52-53/, Г.Т /1хх-49-51/, насанд хүрээгүй гэрч Ц.Н /1хх-48/ нарын мэдүүлгүүдэд үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шийтгэх тогтоолын үндэслэл болгосон байна.  

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг зөвтгөн залруулаагүй төдийгүй анхан шатны шүүхээр хэлэлцээгүй эдгээр нотлох баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгож, шүүгдэгч Н.Ш-ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх шаардлагыг зөрчсөн дээрх байдал нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлан, улмаар нотлох баримтыг тал бүрээс нь хянан үзсэний үндсэн дээр хэргийн талаар тогтоовол зохих нөхцөл байдлыг бүрэн, бодитой тогтооход сөргөөр нөлөөлсөн үндэслэлд хамаарна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.      

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан зөрүүтэй нотлох баримтыг тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн төвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлдэг болно.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын “...анхан шатны шүүх хуралдаанаар хэргийн бодит байдал тогтоогдоогүй, ...шүүх хуралдаанаар шинжлэн судлаагүй нотлох баримтыг шүүхүүд шийдвэрийнхээ үндэслэл болгосон, ...гэрч нарын мэдүүлгүүд эрс зөрүүтэй, ...шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...өмгөөлөгч нарын саналын үндэслэл болгосон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлын зарим хэсэг буюу “шүүх хуралдаанаар хэлэлцээгүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон” гэснийг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1551 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 155 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Баянзүрх  дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлтэл шүүгдэгч Н.Ш-т урьд нь авсан цагдан хорих таслан  сэргийлэх  арга  хэмжээг  хэвээр  үлдээж,  шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэсэгчлэн хангасугай.  

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН