Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 1447

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ж-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2020/01740 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Ж-” ХХК-ийн хариуцагч Б.Н-д холбогдуулан гаргасан 1 922 990 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, хариуцагч Б.Н-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Ж-” ХХК болон хариуцагч Б.Н- нар нь худалдах, худалдан авах гэрээний харилцаатай байж, хариуцагч нь үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авч Тэмка2 нэртэй дэлгүүрт нэхэмжлэгч байгууллагын бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулж ашиг олдог байсан. Нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөр болох 1 379 020 төгрөгийг төлж барагдуулах зорилгоор талууд харилцан тохиролцож, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Тооцооны үлдэгдлийн баталгаа баримт үйлдэж, төлбөрийг 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулах хэлцэл хийсэн боловч төлж барагдуулаагүй. Мөн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 257 540 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 321 060 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 306 020 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 262 200 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 289 320 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 188 800 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 207 400 төгрөгийн барааны үнийг төлөлгүй үлдээсэн. Эдгээр барааны үлдэгдэл төлбөр 1 922 990 төгрөгийг төлөөгүй тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайх “Ж-” ХХК-аас бараа бүтээгдэхүүн авч жижиглэнгээр худалдан борлуулж байгаад 2019 оны 11 дүгээр сараас дэлгүүрээ хаасан. 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Тооцооны үлдэгдлийн баталгаа хийхдээ 1 379 020 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, 1 000 000 төгрөгийг зөвшөөрнө гэсэн. Тэгээд 1 054 000 төгрөгийг 3 удаагийн төлөлтөөр хийсэн. Тооцоо нийлснээс хойш төлөөгүй гэх 7 баримттай холбоотой төлбөрийг бэлнээр нь борлуулагч, түгээгч нарт өгч байсан. Би өөрийнхөө дэвтэрт тухайн өдрийн орлого, зарлагыг тэмдэглэдэг байсан. Дэвтрээс ураад өгсөн хэсэгт тэмдэглэсэн байгаа. Тооцоог бэлэн бусаар хийхдээ би өөрийн болон нөхөр, охины дансаар хийдэг байсан. Дансаар хийсэн тооцоо нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний хуулгатай таарч байна. Би дэлгүүрээ хаах үедээ түгээгчээс тооцоотой эсэхийг асуухад ямар ч тооцоогүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би бүх зарлагын падаануудыг устгасан. Ингэж устгасан нь надад ямар ч баримтгүй болоход хүрээд байна. Бусад байгууллагууд тооцоогоо дор бүрнээ хийгээд байдаг байсан. “Ж-” ХХК бүтэн жил өнгөрсний дараа ингэж нэхэж байгаа нь надад хохиролтой байна. Иймд би их гомдолтой байна, хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Н-ээс 1 922 990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ж-” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 717 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 45 717 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх бичигт гарын үсэг зурсан нь үнэн боловч 2019 оны 9 дүгээр сарын 14, 21-ний өдрүүдэд тус тус 100 000 төгрөг, 8 дугаар сарын 15-ны өдөр 58 050 төгрөгийн бараа ирээгүй ба 250 000 төгрөгийг Н- гэдэг хүний дансанд шилжүүлэн төлсөн, 9 дүгээр сарын 05-ны өдөр Отгондашийн дансанд 467 740 төгрөгийг шилжүүлж нийт 975 760 төгрөгийг нэхэмжлэгчээс худалдан авсан барааны төлбөрт төлсөн. Түүнчлэн, хэрэгт авагдсан дансны хуулгаар нь худалдан авсан барааны бүрэн төлсөн гэдэг нотлогдсон төдийгүй нэхэмжлэгч өөрийн шаардлага баримтаар нотолж чадаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч “Ж-” ХХК нь хариуцагч Б.Н-д холбогдуулан 1 922 990 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, төлбөрийг бэлнээр төлсөн гэж маргажээ.

 

            Хэрэгт авагдсан “Ж-” ХХК-ийн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ гэх баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчид 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 8 814 910 төгрөгийн бараа нийлүүлж, хариуцагчаас 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд нийлүүлсэн барааны үлдэгдэл төлбөр 1 922 990 төгрөгийг шаарджээ. Харин 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойш хугацаанд нийлүүлсэн барааны үнийг төлсөн болон хүлээлцсэн барааны хэмжээний талаар зохигч маргаагүй байна.

 

            Хэрэгт авагдсан 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, зарлагын падаан, хариуцагч, түүний нөхөр, охин нарын банк дахь харилцах дансны хуулга, зохигчдын тайлбар зэргээр тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдож байна. Иймд худалдагч буюу нэхэмжлэгч нь худалдан авагч буюу хариуцагчаас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар барааны үнийг шаардах эрхтэй.

 

            Хэдийгээр хариуцагч төлөлт хийсэн гэж марган нэхэмжлэгч байгууллагын ажилтан н.Н-, н.Отгондаш нарын дансанд шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч эдгээр хүмүүс нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхтэй этгээд болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

            Тодруулбал, талууд 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт үйлдэж, уг баримтад “2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд харилцан нийлүүлсэн бүтээгдэхүүний өглөг, авлагын эцсийн үлдэгдлийн тооцоогоор “Ж-” ХХК нь 1 379 020 төгрөгийн авлагатай болохыг харилцан батлав гээд тайлбар хэсэгт ...1 сая төгрөгийг 6 сарын 5-нд багтааж төлнө” гэж хариуцагч бичиж гарын үсэг зуржээ. Мөн 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдрийг хүртэлх хугацаанд авсан барааны үнийг төлсөн болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

            Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Б.Н-ээс 1 922 990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ж-” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

            Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2020/01740 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 718 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                      ШҮҮГЧИД                             Ч.ЦЭНД

 

                                              С.ЭНХТӨР