Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2020/01740

 

         

 

 

 

 

 

 

  

 

 

  2020           05            25                                                   184/ШШ2020/01740

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:, “Же” ХХК /рд:27/-ийн нэхэмжлэлтэй, 

            Хариуцагч: Б.Н /рд:2222222/-т холбогдох

1,922,990 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхланбаяр, хариуцагч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Же” ХХК болон хариуцагч Б.Н нар нь худалдах, худалдан авах гэрээний харилцаатай байж, хариуцагч нь үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авч “Тэмка2” нэртэй дэлгүүрт нэхэмжлэгч байгууллагын бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулж ашиг олдог байсан. Нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөр болох 1,379,020 төгрөгийг төлж барагдуулах зорилгоор талууд харилцан тохиролцож, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Тооцооны үлдэгдлийн баталгаа” баримт үйлдэж, төлбөрийг 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулах хэлцэл хийсэн боловч төлж барагдуулаагүй. Мөн 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 257,540 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 321,060 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 306,020 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 262,200 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 289,320 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 188,800 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 207,400 төгрөгийн барааны үнийг төлөлгүй үлдээсэн. Эдгээр бүгд нийлээд 1,922,990 төгрөгийн бараа бүтээгдэхүүний үнийг төлөөгүй тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайх “Же” ХХК-аас бараа бүтээгдэхүүн авч жижиглэнгээр худалдан борлуулж байгаад 2019 оны 11 дүгээр сараас дэлгүүрээ хаасан. 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Тооцооны үлдэгдлийн баталгаа” хийхдээ 1,379,020 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, 1,000,000 төгрөгийг зөвшөөрнө гэсэн. Тэгээд 1,054,000 төгрөгийг 3 удаагийн төлөлтөөр хийсэн. Тооцоо нийлснээс хойш төлөөгүй гэх 7 баримттай холбоотой төлбөрийг бэлнээр нь борлуулагч, түгээгч нарт өгч байсан. Би өөрийнхөө дэвтэрт тухайн өдрийн орлого, зарлагыг тэмдэглэдэг байсан. Дэвтрээс ураад өгсөн хэсэгт тэмдэглэсэн байгаа. Тооцоог бэлэн бусаар хийхдээ би өөрийн болон нөхөр, охины дансаар хийдэг байсан. Дансаар хийсэн тооцоо нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний хуулгатай таарч байна. Би дэлгүүрээ хаах үедээ түгээгчээс тооцоотой эсэхийг асуухад ямар ч тооцоогүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би бүх зарлагын падаануудыг устгасан. Ингэж устгасан нь надад ямар ч баримтгүй болоход хүрээд байна. Бусад байгууллагууд тооцоогоо дор бүрнээ хийгээд байдаг байсан. “Же” ХХК бүтэн жил өнгөрсний дараа ингэж нэхэж байгаа нь надад хохиролтой байна. Иймд би их гомдолтой байна, хүлээн зөвшөөрөхгүй гэв. 

Шүүх зохигчдын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Же” ХХК нь хариуцагч Б.Нд холбогдуулан 1,922,990 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрийн бараа бүтээгдэхүүнийг  хөнгөлөлтэй үнээр худалдаж, хариуцагч үнийг төлөх тухай худалдах, худалдан авах гэрээний харилцаатай бөгөөд хариуцагчаас 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд худалдсан бараа бүтээгдэхүүний үнийг шаарджээ.

Хариуцагч 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тооцоо нийлэхдээ 1,379,020 төгрөгийн 1,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн, түүнээс хойш төлөөгүй гэх 7 удаагийн худалдан авалтын үнийг бэлнээр нэхэмжлэгч талын худалдааны төлөөлөгч, түгээгч нарт төлсөн тул нэмж төлөх төлбөрийн үлдэгдэлгүй гэж мэтгэлцжээ.

 Талууд худалдах, худалдан авах гэрээний харилцаатай байсан, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх бичигт гарын үсэг зурсан, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, үнэ, огноо зэрэг үйл баримтад маргаагүй бөгөөд хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, зарлагын падаан, хариуцагч, түүний нөхөр, охин нарын банк дахь харилцах дансны хуулга, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

Талуудын гэрээгээр хийсэн тохиролцоо, агуулга, төлбөрийн нөхцөлөөс үзэхэд тэдгээрийн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Талууд гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй, үүргийн биелэлтийг үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, худалдагч худалдан авагчаас бараа бүтээгдэхүүний үнэ төлөхийг шаардах эрхтэй.

 Хариуцагч тооцооны үлдэгдлийн баталгаагаар 1,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгээс татгалзсан, 7 удаагийн худалдан авалтын үнийг төлсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

 Талууд 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаар “... 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд харилцан нийлүүлсэн бүтээгдэхүүний өглөг, авлагын эцсийн үлдэгдлийн тооцоогоор “Же” ХХК нь 1,379,020 төгрөгийн авлагатай болохыг харилцан батлав” гээд тайлбар хэсэгт “...1 сая төгрөгийг 6 сарын 5-нд багтааж төлнө” гэж хариуцагч  бичин гарын үсэг зуржээ.

Хариуцагч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гараар бичсэн хэсгийг “1,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн” агуулгатай хэмээн тайлбарлаж байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар гэрээг үгийн шууд утгыг анхааран тайлбарлах бөгөөд хариуцагчийн гараар бичсэн хэсэг нь 1,000,000 төгрөгийг өгөх хугацааг тодорхойлсон утгатай болохоос 1,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгээс татгалзсан агуулгагүй байна. /хх-5/

Түүнчлэн хариуцагч 2019 оны 6 дугаар сарын 06, 10, 8 дугаар сарын 15, 9 дүгээр сарын 12, 16, 26, 10 дугаар сарын 03-ны өдрийн худалдан авалтын төлбөрийг төлсөн гэх боловч холбогдох баримтаар нотлоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигчид шүүхэд гаргасан үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй ба хариуцагч тайлбараа батлах баримтыг гаргаж өгөөгүй тул нийт 7 удаагийн худалдан авалтын үнийг бэлэн мөнгөөр төлсөн гэх түүний тайлбарыг үнэн гэж үзэх үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, хариуцагч Б.Нээс 1,922,990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Же” ХХК-д олгох нь зүйтэй.     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Нээс 1,922,990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Же” ХХК-д олгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,717 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 45,717 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, тус хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдаж, хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.НЯМСҮРЭН