Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 1445

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2020/01336 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.С-гийн хариуцагч “Н-” ХХК-д холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 85 934 900 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.С-, түүний өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.С-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр Б.З- нь 2016 оноос “Н-” ХХК-тай түр гэрээ байгуулж, 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, харуулаар ажилд орсон. Б.З- нь хөдөлмөрийн чадварын алдалт 70 хувь буюу бүрэн, сунгалт 80 хувь хөдөлмөрийн  чадвар алдагдалтай, групптай байсныг мэдсээр байж илүү цагаар ажиллуулж, ажлын байрны аятай нөхцлөөр хангаагүй орчинд ажиллуулсан нь тогтоогдсон. 3 жилийн хугацаанд ажиллахад нь эрүүл мэндийн үзлэгт хамруулж байгаагүй бөгөөд ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийлгээгүй, ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгслийн шаардлага хангаагүйгээр ажиллуулж байсан нь тогтоогдсон. Үүнд мэргэжлийн хяналтын байцаагчийн актаар Н- ХХК-ийг буруутайг тогтоож, нөхөн төлбөр гаргуулж, торгох арга хэмжээ авсан. Миний нөхөр ажлын байран дээрээ хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа нас барсан байхад нас барснаас хойш Засгийн газраас тогтоосон журмын дагуу үйлдвэрлэлийн ослын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссын байгуулж ажиллуулаагүйгээс ар гэрт нь олгодог нөхөн төлбөрийг ч өгөөгүй. 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн үйл явдал, мэдүүлгүүд зөрүүтэй, камерийн бичлэг байхгүй, зогсоолын төлбөрийг хүлээлгэж өгсөн авсан үйл явдлууд тодорхойгүй байгаад хохиролтой байна. Иймд “Н-” ХХК нь групптэй байсан хүнийг илүү цагаар, ажлын байрны аятай нөхцөлөөр хангаагүй орчинд ажиллуулсан, эрүүл мэндийн үзлэгт хамруулж байгаагүй бөгөөд ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийлгээгүй, ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгслийн шаардлага хангаагүйгээр ажиллуулснаас үүдэн миний хань Б.З- нас барсанд би маш гомдолтой байна. Иймд оршуулгын зардал 28 934 900 төгрөг, ажлын байран дээрээ нас барсан ажилтанд олгох нөхөн олговор болох 36 сарын цалинтай тэнцэх олговор 15 120 000 төгрөг, 2017.3 сард “Голомт банк” ХХК-иас авсан цалингийн зээлийн үлдэгдэл төлбөр 6 500 000 төгрөг, хүү 2 000 000 төгрөг, миний тэтгэврийн зээлийн төлбөр 1 000 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 30 000 000 төгрөг, “Батсежү холдинг” ХХК-иас авсан зээлийн үлдэгдэл 2 380 000 төгрөг, нийт 85 934 900 төгрөгийн гэм хорын хохирлыг “Н-” ХХК-иас Иргэний хуулийн 497.1, 498.1-д  заасны дагуу гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч “Н-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид юуны өмнө нэхэмжлэгч Н.С-д эмгэнэл илэрхийлж байгаагаа хэлмээр байна. Талийгаач Б.З- нь 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр манай компанитай Хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус компанийн Эрх зүйн газрын Харуул хамгаалалтын албанд Авто зогсоолын ажилтан албан тушаалд томилогдон ажиллаж байсан бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ажлын байран дээрээ буюу Номин Драгон салбарын авто зогсоолын ажпын байранд өвчний улмаас харамсалтайгаар нас барсан тул компанийн Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажил олгогчоос нас барсан ажилтны ар гэрт нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж олгосон. Мөн хамт олноос нь талийгаачийн буяны ажилд зориулан тусламж үзүүлж, эмгэнэл илэрхийлсэн. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа “...одоог хүртэл ажилтан нь нас барсан байхад авсан тодорхой арга хэмжээгүй, ирээд уучлал ч гуйгаагүй, сэтгэл санаа болон эд материалаар маш их хохироож байна ” гэжээ. Харин хуульд “мэргэжлээс шалтгаалаагүй” өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт учирсан оршуулгын зардлыг нөхөх төлөх үүргийг ажил олгогч хүлээх тухай зохицуулалт огт байхгүй. Түүнчлэн, хариуцагч нь талийгаачийн нас барсан үйл явдалтай хамааралгүй тул нэхэмжлэгч нь оршуулгын зардал болох 28 934 900 төгрөгийг ажил олгогч буюу хариуцагчаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 704 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...цогцост гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаач нь томролтот хэлбэрийн зүрхний булчингийн эмгэгшил архаг өвчтэй байсан ба зүрхний булчингийн эмгэгшлтийн улмаас зүрх гэнэт зогсож нас барсан. Талийгаачийн цус, ходоодны шингэн, шээс, цөсөнд спирт илрээгүй” болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, талийгаач нь зүрхний архаг өвчний улмаас нас барсан байна. Гэтэл нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дахь хэсэгт заасан үндэслэлээр талийгаачийн 36 сарын цалинтэй тэнцэх олговор буюу 15 120 000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дахь хэсэгт “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжпээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно” гэж заасан байх ба талийгаачийн нас барсан шалтгаан нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого болон мэргэжлээс шалтгаалсан өвчинд хамаарахгүй тул нэхэмжлэгч нөхөн олговор шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Талийгаачийн цалингийн зээлийн үлдэгдэл төлбөр болох 6 500 000 төгрөг, зээлийн хүү болон алданги 2 000 000 төгрөг гаргуулах болон нэхэмжпэгчийн тэтгэврийн зээлийн төлсөн төлбөр болох 1 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: Талийгаач Б.З- нь 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Голомт банкнаас 7 300 000 төгрөгийн “Цалингийн зээл” авсан байх ба нэхэмжпэгч Н.С- нь тус гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон байна. Талууд энэхүү гэрээний зорилгыг нь зээлдүүлэгч болон зээлдэгч нарын хооронд үүсэх харилцааг зохицуулахаар тодорхойлсон байх ба гэрээний 3.1.1 дахь хэсэгт “Зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэгтэй...” гэж заасан байна. Нэхэмжлэгч Н.С- нь 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Хаан банкнаас 1 875 500 төгрөгийн “Тэтгэврийн зээл” авсан байх ба талийгаачийг нас барснаас хойш ойролцоогоор 4 сарын дараа энэхүү зээлийг авчээ. Энэхүү гэрээний 3.2.1 дахь хэсэгт “Зээлдэгч нь зээлийн төлбөрийг сар бүр...тоот харилцах дансандаа төвлөрүүлж, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй” гэж заасан байна. Үүнээс үзэхэд хариуцагч нь дээр дурдсан цалингийн болон тэтгэврийн зээлийн гэрээний оролцогч биш байх ба энэ гэрээгээр зээл төлөх зээлдэгчийн үүргийг хүлээгээгүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх гэрээнүүд нь хариуцагчид огт хамааралгүй байна. Гэтэл нэхэмжлэгч нь ямар үндэслэлээр өөрсдийн зээлсэн зээлийн үлдэгдэл болон төлсөн төлбөрийг хууль болон гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт хариуцагчаас гаргуулахаар шаардаж байгаа нь тодорхойгүй бөгөөд ойлгомжгүй байна. Сэтгэл санааны хохирол 30 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд гэвэл Аливаа иргэн, хуулийн этгээд нь өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах эрхтэй боловч шаардлага нь хууль зүйн хувьд үндэслэл бүхий, нотлох баримтад тулгуурласан байх ёстой тухай хуульд тодорхой заасан. Тодруулбал, нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дахь хэсэгт тус тус заажээ. Гэтэл нэхэмжлэгч нь ямар үндэслэлээр сэтгэл санааны хохиролд 30 000 000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тогтоогдохгүй байна. “Бат Сежү” ХХК-аас авсан зээлийн үлдэгдэл 2 380 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд Тус компанийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 11 дугаартай тодорхойлолтод “Манай компаниас Норовсүрэн овогтой С- нь .... 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Голомт банкны зээл барагдуулахаар 2 380 000 төгрөгийг зээлсэн бөгөөд өнөөг хүртэл төлж барагдуулаагүй болно” гэжээ. Үүнээс үзэхэд хариуцагч нь энэхүү зээлийн гэрээний оролцогч биш байх ба энэ гэрээгээр зээл буцаан төлөх зээлдэгчийн үүргийг хүлээгээгүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх гэрээ нь хариуцагчид огт хамааралгүй байна. Харин нэхэмжлэгч Н.С- болон “Бат Сежү” ХХК нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд засан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба энэхүү гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгө, төрлийн шинжээр тодорхойлогдох эд зүйлийг зээлдүүлэх, зээлдэгч нь зээлдүүлэгчид зээлийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг хүлээдэг. Хэрэв зээлдэгч нь тогтоосон хугацаанд зээлийн төлбөрийг зээлдүүлэгчид буцаан төлөөгүй тохиолдолд зээлдүүлэгч нь хууль болон гэрээнд заасны дагуу арбитр эсхүл шүүхэд хандаж, зээлдэгчээс зээлийн төлбөрийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч нь “Бат Сежү” ХХК-аас зээлсэн өөрийн зээлийн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар ийнхүү шаардаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжпэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дахь хэсэг гэж тодорхойлсон байх боловч энэ нь үндэслэлгүй байна. Хэдийгээр хуулийн дээрх зохицуулалт нь бусдад хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах харилцааг зохицуулсан боловч талийгаачийг нас барсан үйл явдалд хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй огт байгаагүй. Харин талийгаач нь зүрхний архаг, хууч өвчний улмаас нас барсан болох нь дээр дурдсан шинжээчийн дүгнэлтээр нэгэнт тогтоогдсон. Үүнээс үзэхэд хуулийн дээрх зохицуулалт нь хариуцагчид хамааралгүй байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 хэсгийн тухайд нэхэмжлэгч яагаад хуулийн дээрх хэсгийг өөрийн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээр тодорхойлсныг ойлгохгүй байна. Учир нь энэ хуулийн зохицуулалт нь ажилтан албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээх харилцааг зохицуулдаг. Энэ нь ажилтан нас барсаны улмаас түүний ар гэрт учирсан гэм хорын нөхөн төлбөртэй огт хамааралгүй зохицуулалт юм. Иймд хариуцагчаас гэм хорын хохиролд 85 943 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н-” ХХК-аас гэм хорын хохиролд 85 934 900 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Н.С-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 582 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Б.З- нь 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ажлын байран дээрээ нас барахад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29.1., 29.2. дах хэсэгт зааснаар “Н-” ХХК-нь ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байхдаа нас барсан харуул хамгаалалтын ажилтанг эс үйлдэхүйгээрээ буюу болгоомжгүйгээр үйлдвэрлэлийн осол, хурц хордлого судлан бүртгэх дүрэм буюу ОМ анхнаасаа тогтоогоогүй. Энэ талаар анхан шатны шүүхэд манай өмгөөлөгч хүсэлтэндээ үйлдвэрлэлийн осол тогтоолгох актыг “Н-” ХХК-аас гаргуулахыг шаардахад гаргахгүйгээр шүүх хурлыг хийсэн. Мөн “Н-” ХХК-ийн тухайн үед талийгаачийн хамт ажиллаж байсан н.Гансүхийг гэрчээр оролцуулах хүсэлт тавихад шүүх бас хангаж шийдвэрлээгүй зэрэг нотолбол зохих асуудлыг шалгахгүйгээр шүүх хурлыг хийсэн. Талийгаач нь “Н-” ХХК-ийн авто зогсоолын харуулын ажилтнаар ажилладаг бөгөөд тухайн үед ээлжинд гарч байсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.20.“үйлдвэрлэлийн осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд ортохийг гэж заасан байх богоод ажил үүргээ гүйцэтгэж байсан тул үүнтэй адилтгах нохцол байдал үүссэн байх богөөд засгийн газрын 269-р тогтоолоор үйлдвэрлэлийн осол, хурц хордлого судлан бүртгэх дүрмийн судлан бүртгээгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.1, 97.1.2-т заасныг авч үзэхгүй шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. 2016 оноос Б.З-той “Н-” ХХК нь түр гэрээ байгуулан ажиллуулж, 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ингэхдээ З-г хөдөлмөр чадвар алдагдалтай гэдгийг анхнаасаа мэдсээр байж ажиллуулсан. Хөдөлмөр чадвар алдалт 70 хувь буюу бүрэн, сунгалт 80 хувь хөдөлмөр чадвар алдагдалтай групптэй байсан. Гэсэн хэдий ч хариуцсан ахлах ажилчид нь мэдсээр байж илүү цагаар ажиллуулж, ажлын байрны аятай нөхцлөөр хангаагүй орчинд ажиллуулсан нь тогтоогдсон. Мөн Б.З- нь харааны өөрчлөлтөөр хөдөлмөр чадвар алдалттай болно. Зүрх огт өвдөж байгаагүй. Энэ талаар эмчийн хяналтын картууд, зүрх өвдөж байгаагүй талаарх нотлох баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгөхөд үнэлж үзээгүй. Харин “Н-” ХХК- ны өмгөөлөгч нь харин Н.С- надруу нөхрөө хөдөлмөр чадвар алдалттай байхад яах гэж ажиллуулсан юм вэ гэж сэтгэл эмзэглүүлсэн зүйлийг шүүх хурал дээр ярьсан. Ажил олгогч “Н-” ХХК-нь хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллахдаа ажилтныхаа хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах үүрэгтэй гэдгийг захын жижиг компани мэддэг билээ. Энэ асуултаас үзэхэд анхан шатны шүүх энэхүү асуудалдаа хайхрамжгүй хандаж бичмэл нотлох баримт буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүйд гомдолтой байна. НМХ-н газрын байцаагч н.Урангуа нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр дугаар 06-Б1910081047/1671 тоот хариу мэдэгдэх хуудсаар “Н-” ХХК-д холбогдох зөрчлийн 1902000647 дугаартай хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн10.15 дугаар зүйлийн 1.2 т/Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн, дүрэм, журам хангаж ажиллаагүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, 3 000 000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. Зөрчлийн хуулиар “Н-” ХХК буруутай гэж тогтоосон байхад анхан шатны шүүх уг нотлох баримтыг үндэслэхгүйгээр, судлаагүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийг хэрэглэх байсан. Дээрх асуудлаас үүдэн миний хань Б.З-гийн амь насны хохирол, гэм хорын нөхөн төлбөрт оршуулгын зардал 28 934 900 төгрөг, Ажлын байран дээрээ нас барсан ажилтанд олгох нөхөн олговор хөдөлмөрийн хуулийн 97 зүйлд заасан 36 сарын цалин буюу 15 120 000 төгрөг, 2017 оны 03 сарын өдөр Голомт банкнаас авсан миний хань Б.З-гийн цалингийн зээлийн үлдэгдэл төлбөр болох 6 500 000 төгрөг, хүү алданги 2 000 000 төгрөг нийт 52 554 900 төгрөгийг “Н-” ХХК-аас Иргэний хуулийн 497 дугаар зүйл 497.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасны дагуу “Н-” ХХК-аас гэм хорын хохирлыг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж зөрчлийн хэрэгт үндэслээгүй, Үйлдвэрлэлийн осол тогтоох актыг гаргуулах хүсэлт болон гэрч н.Гансүхийг оролцуулах зэрэг хүсэлтийг шийдээгүй зэрэг дээрх үндэслэлийн дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны эрхэм шүүгчид та бүхэн Монгол улсын иргэн Н.С- миний гомдлыг хүлээн авч хууль тогтоомж, холбогдох нотлох баримтад үндэслэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Н.С- нь хариуцагч “Н-” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд нийт 85 934 900 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, талийгаач Б.З- ажлын байран дээрээ нас барсанд “Н-” ХХК-ийн буруутай үйл ажиллагаа, түүнчлэн санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй байхгүй гэж маргажээ.

 

            Талийгч Б.З- нь хариуцагч “Н-” ХХК-д 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс Эрх зүйн газрын авто зогсоолын ажилтанаар ажиллаж байгаад 2019 оны 3 сарын 10-ны өдөр ажлын байран дээрээ нас барсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна. Харин талийгаачийг нас барсанд хариуцагч байгууллага буруутэй эсэх, түүний гэр бүлд гэм хорын төлбөр төлөх үүрэгтэй эсэх талаар маргажээ.

 

            Хэрэгт авагдсан баримтаар тагийгч Б.З- нь хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэж байхдаа үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

            Тодруулбал, эрүүгийн хэргийн явцад гаргасан 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 704 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...цогцост гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаач нь томролтот хэлбэрийн зүрхний булчингийн эмгэгшил архаг өвчтэй байсан ба зүрхний булчингийн эмгэгшлтийн улмаас зүрх гэнэт зогсож нас барсан. Талийгаачийн цус, ходоодны шингэн, шээс, цөсөнд спирт илрээгүй” болох нь тогтоогджээ. /хэргийн 65-68 дугаар тал/ Ийм учраас ажил олгогч буюу хариуцагч байгууллагыг ажилтныг нас барсанд гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн гэм хорын хохирлын төлбөр оршуулгын зардалд 28 934 900 төгрөгийг хариуцагчаас шаардаж байгааг хангах үндэслэлгүй.

 

            Түүнчлэн, талийгч нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан болох нь тогтоогдоогүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 36 сарын цалинтай тэнцэх нөхөх олговорт 15 120 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

            Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хариуцана.” гэж тус тус заажээ.

 

            Гэтэл нэхэмжлэгч нь 2017 оны 3 дугаар сард “Голомт банк” ХХК-аас авсан цалингийн зээлийн үлдэгдэл төлбөр 6 500 000 төгрөг, хүү 2 000 000 төгрөг, нийт 8 500 000 төгрөг, тэтгэврийн зээлийн төлбөр 1 000 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 30 000 000 төгрөг, “Батсежү холдинг” ХХК-аас авсан зээлийн үлдэгдэл 2 380 000 төгрөг, нийт 41 880 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн нь дээрх хуулийн зохицуултад хамааралгүй байна. Нөгөө талаар хариуцагч нь энэхүү зээлийн гэрээний оролцогч биш байх ба энэ гэрээгээр зээл буцаан төлөх зээлдэгчийн үүргийг хүлээгээгүй байна. Тодруулбал, дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу төлбөр төлөх үүрэг хариуцагчид үүсэхгүй.

 

            Түүнчлэн нэхэмжлэгч талын гомдлоор Н- ХХК-ийн Драгон авто зогсоолын харуулын цэгийн үйл ажиллагаанд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч төлөвлөгөөт бус шалгалт явуулж, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №02-06-073/203 Ажилласан хугацааны илүү цагийн хөлс нөхөн төлүүлэх тухай актаар талийгаач Б.З-д 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарыг дуустал хугацааны нийт 978 цагийн 3 550 607 төгрөгийг нөхөн олгохоор тогтоосон байгаа нь ажилтан нас барсанд ажилтан буюу хариуцагч буруутай болохыг нотлох хэмжээний баримт болохгүй. /хэргийн 25 дугаар тал/

           

            Уг актаар ажил олгогч “Н-” ХХК нь хөдөлмөрийн гэрээгээр ажилтныг ажиллуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн цалин, хөлстэй холбоотой заалтуудыг зөрчсний улмаас ажилтанд дутуу олгосон цалин, хөлсийг нөхөн олгуулахаар тогтоож, уг актын дагуу дутуу талийгаачид олгосон цалин, хөлсийг нэхэмжлэгч Н.С-д олгосон үйл баримт тогтоогдож байх ба уг актанд ажилтны нас барсан шалтгаанд хариуцагч компанийг буруутай гэж дүгнээгүй байна. /хэргийн 25, 80 дугаар тал/

 

            Иймд талийгчийг нас барсан үйл явдалд хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй.

 

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2020/01336 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420 725 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                      ШҮҮГЧИД                             Ч.ЦЭНД

 

                                             С.ЭНХТӨР