Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2020/01336

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2020/01336

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Ж.Сэмжид нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.С-ийн нэхэмжлэлтэй

 

            Хариуцагч: Н ХХК-д холбогдох

 

            Гэм хорын хохирол 85 934 900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авав.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Н.С гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр Б.З  нь 2016 оноос Н ХХК-тай түр гэрээ байгуулж, 2017.3.1-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, харуулаар ажилд орсон. Б.З  нь хөдөлмөрийн чадварын алдалт 70 хувь буюу бүрэн, сунгалт 80 хувь хөдөлмөрийн  чадвар алдагдалтай, групптай байсныг мэдсээр байж илүү цагаар ажиллуулж, ажлын байрны аятай нөхцлөөр хангаагүй орчинд ажиллуулсан нь тогтоогдсон. 3 жилийн хугацаанд ажиллахад нь эрүүл мэндийн үзлэгт хамруулж байгаагүй бөгөөд ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийлгээгүй, ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгслийн шаардлага хангаагүйгээр ажиллуулж байсан нь тогтоогдсон. Үүнд мэргэжлийн хяналтын байцаагчийн актаар Н ХХК-ийг буруутайг тогтоож, нөхөн төлбөр гаргуулж, торгох арга хэмжээ авсан. Миний нөхөр ажлын байран дээрээ хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа нас барсан байхад нас барснаас хойш Засгийн газраас тогтоосон журмын дагуу үйлдвэрлэлийн ослын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссын байгуулж ажиллуулаагүйгээс ар гэрт нь олгодог нөхөн төлбөрийг ч өгөөгүй. 2019.3.10-ны өдрийн үйл явдал, мэдүүлгүүд зөрүүтэй, камерийн бичлэг байхгүй, зогсоолын төлбөрийг хүлээлгэж өгсөн авсан үйл явдлууд тодорхойгүй байгаад хохиролтой байна. Иймд Н ХХК нь групптэй байсан хүнийг илүү цагаар, ажлын байрны аятай нөхцлөөр хангаагүй орчинд ажиллуулсан, эрүүл мэндийн үзлэгт хамруулж байгаагүй бөгөөд ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийлгээгүй, ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгслийн шаардлага хангаагүйгээр ажиллуулснаас үүдэн миний хань Б.З  нас барсанд би маш гомдолтой байна. Иймд оршуулгын зардал 28 934 900 төгрөг, ажлын байран дээрээ нас барсан ажилтанд олгох нөхөн олговор болох 36 сарын цалинтай тэнцэх олговор 15 120 000 төгрөг, 2017.3 сард Голомт банк ХХК-иас авсан цалингийн зээлийн үлдэгдэл төлбөр 6 500 000 төгрөг, хүү 2 000 000 төгрөг, миний тэтгэврийн зээлийн төлбөр 1 000 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 30 000 000 төгрөг, Б ХХК-иас авсан зээлийн үлдэгдэл 2 380 000 төгрөг, нийт 85 934 900 төгрөгийн гэм хорын хохирлыг Н ХХК-иас Иргэний хуулийн 497.1, 498.1-д заасны дагуу гаргуулж өгнө үү гэв.  

 

Хариуцагч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Бид юуны өмнө нэхэмжлэгч Н.С д эмгэнэл илэрхийлж байгаагаа хэлмээр байна. Талийгаач Б.З  нь 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр манай компанитай Хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус компанийн Эрх зүйн газрын Харуул хамгаалалтын албанд Авто зогсоолын ажилтан албан тушаалд томилогдон ажиллаж байсан бөгөөд 2019 оны 03 сарын 10-ны өдөр ажлын байран дээрээ буюу Н Д салбарын авто зогсоолын ажпын байранд өвчний улмаас харамсалтайгаар нас барсан тул компанийн Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажил олгогчоос нас барсан ажилтны ар гэрт нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж олгосон. Мөн хамт олноос нь талийгаачийн буяны ажилд зориулан тусламж үзүүлж, эмгэнэл илэрхийлсэн. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа “...одоог хүртэл ажилтан нь нас барсан байхад авсан тодорхой арга хэмжээгүй, ирээд уучлал ч гуйгаагүй, сэтгэл санаа болон эд материалаар маш их хохироож байна” гэжээ. Харин хуульд “мэргэжлээс шалтгаалаагүй” өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт учирсан оршуулгын зардлыг нөхөх төлөх үүргийг ажил олгогч хүлээх тухай зохицуулалт огт байхгүй. Түүнчлэн хариуцагч нь талийгаачийн нас барсан үйл явдалтай хамааралгүй тул нэхэмжлэгч нь оршуулгын зардал болох 28 934 900 төгрөгийг ажил олгогч буюу хариуцагчаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 704 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...цогцост гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаач нь томролтот хэлбэрийн зүрхний булчингийн эмгэгшил архаг өвчтэй байсан ба зүрхний булчингийн эмгэгшлтийн улмаас зүрх гэнэт зогсож нас барсан. Талийгаачийн цус, ходоодны шингэн, шээс, цөсөнд спирт илрээгүй” болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл талийгаач нь зүрхний архаг өвчний улмаас нас барсан байна. Гэтэл нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дахь хэсэгт заасан үндэслэлээр талийгаачийн 36 сарын цалинтэй тэнцэх олговор буюу 15 120 000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дахь хэсэгт “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжпээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно” гэж заасан байх ба талийгаачийн нас барсан шалтгаан нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого болон мэргэжлээс шалтгаалсан өвчинд хамаарахгүй тул нэхэмжлэгч нөхөн олговор шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Талийгаачийн цалингийн зээлийн үлдэгдэл төлбөр болох 6 500 000 төгрөг, зээлийн хүү болон алданги 2 000 000 төгрөг гаргуулах болон нэхэмжпэгчийн тэтгэврийн зээлийн төлсөн төлбөр болох 1 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: Талийгаач Б.З  нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Голомт банкнаас 7 300 000 төгрөгийн “Цалингийн зээл” авсан байх ба нэхэмжпэгч Н.С  нь тус гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон байна. Талууд энэхүү гэрээний зорилгыг нь зээлдүүлэгч болон зээлдэгч нарын хооронд үүсэх харилцааг зохицуулахаар тодорхойлсон байх ба гэрээний 3.1.1 дахь хэсэгт “Зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэгтэй...” гэж заасан байна. Нэхэмжлэгч Н.С  нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хаан банкнаас 1 875 500 төгрөгийн “Тэтгэврийн зээл” авсан байх ба талийгаачийг нас барснаас хойш ойролцоогоор 4 сарын дараа энэхүү зээлийг авчээ. Энэхүү гэрээний 3.2.1 дахь хэсэгт “Зээлдэгч нь зээлийн төлбөрийг сар бүр...тоот харилцах дансандаа төвлөрүүлж, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй” гэж заасан байна. Үүнээс үзэхэд хариуцагч нь дээр дурдсан цалингийн болон тэтгэврийн зээлийн гэрээний оролцогч биш байх ба энэ гэрээгээр зээл төлөх зээлдэгчийн үүргийг хүлээгээгүй байна. Өөрөөр хэлбэл дээрх гэрээнүүд нь хариуцагчид огт хамааралгүй байна. Гэтэл нэхэмжлэгч нь ямар үндэслэлээр өөрсдийн зээлсэн зээлийн үлдэгдэл болон төлсөн төлбөрийг хууль болон гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт хариуцагчаас гаргуулахаар шаардаж байгаа нь тодорхойгүй бөгөөд ойлгомжгүй байна. Сэтгэл санааны хохирол 30 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: Аливаа иргэн, хуулийн этгээд нь өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах эрхтэй боловч шаардалга нь хууль зүйн хувьд үндэслэл бүхий, нотлох баримтад тулгуурласан байх ёстой тухай хуульд тодорхой заасан. Тодруулбал нэхэмжпэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дахь хэсэгт тус тус заажээ. Гэтэл нэхэмжлэгч нь ямар үндэслэлээр сэтгэл санааны хохиролд 30 000 000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тогтоогдохгүй байна. “Б ” ХХК-аас авсан зээлийн үлдэгдэл 2 380 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: Тус компанийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 11 дугаартай тодорхойлолтод “Манай компаниас Н овогтой С  нь .... 2019 оны 10 дугаар сарын 02-нд Голомт банкны зээл барагдуулахаар 2 380 000 төгрөгийг зээлсэн бөгөөд өнөөг хүртэл төлж барагдуулаагүй болно” гэжээ. Үүнээс үзэхэд хариуцагч нь энэхүү зээлийн гэрээний оролцогч биш байх ба энэ гэрээгээр зээл буцаан төлөх зээлдэгчийн үүргийг хүлээгээгүй байна. Өөрөөр хэлбэл дээрх гэрээ нь хариуцагчид огт хамааралгүй байна. Харин нэхэмжлэгч Н.С  болон “Б ” ХХК нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд засан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба энэхүү гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгө, төрлийн шинжээр тодорхойлогдох эд зүйлийг зээлдүүлэх, зээлдэгч нь зээлдүүлэгчид зээлийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг хүлээдэг. Хэрэв зээлдэгч нь тогтоосон хугацаанд зээлийн төлбөрийг зээлдүүлэгчид буцаан төлөөгүй тохиолдолд зээлдүүлэгч нь хууль болон гэрээнд заасны дагуу арбитр эсхүл шүүхэд хандаж, зээлдэгчээс зээлийн төлбөрийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч нь “Б ” ХХК-аас зээлсэн өөрийн зээлийн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар ийнхүү шаардаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжпэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дахь хэсэг гэж тодорхойлсон байх боловч энэ нь үндэслэлгүй байна. Хэдийгээр хуулийн дээрх зохицуулалт нь бусдад хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах харилцааг зохицуулсан боловч талийгаачийг нас барсан үйл явдалд хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй огт байгаагүй. Харин талийгаач нь зүрхний архаг, хууч өвчний улмаас нас барсан болох нь дээр дурдсан шинжээчийн дүгнэлтээр нэгэнт тогтоогдсон. Үүнээс үзэхэд хуулийн дээрх зохицуулалт нь хариуцагчид хамааралгүй байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 хэсгийн тухайд нэхэмжлэгч яагаад хуулийн дээрх хэсгийг өөрийн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээр тодорхойлсныг ойлгохгүй байна. Учир нь энэ хуулийн зохицуулалт нь ажилтан албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээх харилцааг зохицуулдаг. Энэ нь ажилтан нас барсаны улмаас түүний ар гэрт учирсан гэм хорын нөхөн төлбөртэй огт хамааралгүй зохицуулалт юм. Иймд хариуцагчаас гэм хорын хохиролд 85 943 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх гэрч Т.Д-ий мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.С  хариуцагч Н ХХК-д холбогдуулан гэм хорын хохирлын төлбөрт оршуулгын зардалд 28 934 900 төгрөг, ажлын байран дээрээ нас барсан ажилтанд олгох 36 сарын цалинтай тэнцэх нөхөх олговорт 15 120 000 төгрөг, 2017.3 сард Г.банк ХХК-иас авсан цалингийн зээлийн үлдэгдэл төлбөр 6 500 000 төгрөг, хүү 2 000 000 төгрөг, нийт 8 500 000 төгрөг, нэхэмжлэгчийн тэтгэврийн зээлийн төлбөр 1 000 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 30 000 000 төгрөг, Б ХХК-иас авсан зээлийн үлдэгдэл 2 380 000 төгрөг, нийт 85 934 900 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч М.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ хариуцагч Н ХХК нь хөдөлмөрийн 80 хувь чадвар алдагдалтай, групптай байсныг мэдсээр байж илүү цагаар ажиллуулж, ажлын байрны аятай нөхцлөөр хангаагүй орчинд ажиллуулсан нь тогтоогдсон. 3 жилийн хугацаанд ажиллахад нь эрүүл мэндийн үзлэгт хамруулж байгаагүй бөгөөд ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийлгээгүй, ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгслийн шаардлага хангаагүйгээр ажиллуулж байснаас талийгаач Б.З  нь ажлын байран дээрээ нас барсан. Энэ нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актаар тогтоогдсон, арга хэмжээ авагдсан” гэх тайлбарыг гаргаж, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт, хавсралт, зээлийн гэрээнүүд, гэнэтийн ослын даатгалын гэрээ, мөнгө олгосон зарлагын баримтууд, оршуулагатай холбоотой зардлын баримтуудыг гаргаж ирүүлсэн байна.

 

Хариуцагч тал “ Талийгаач Б.З  ажлын байран дээрээ нас барсан нь Н ХХК-ийн буруутай үйл ажиллагаа, түүнчлэн санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй байхгүй тул  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, түүнчлэн зээлийн гэрээний дагуу авсан мөнгийг манай байгууллага төлнө гэсэн нь ойлгомжгүй, нэхэмжлэл хуульд заасан үндэслэлгүй” гэх тайлбарыг гаргаж маргажээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талийгаач Б.З  нь хариуцагч Н ХХК-д 2016 оны 04 сарын 21-ний өдрөөс Эрх зүйн газрын авто зогсоолын ажилтанаар ажиллаж байгаад 2019 оны 03 сарын 10-ны өдөр ажлын байран дээрээ “зүрхний булчингийн эмгэгшлийн улмаас зүрх гэнэт зогсож нас барсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 сарын 27-ны өдрийн 704 дугаар Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна./хх-ийн 62-68/

Дээрх хэрэгт Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэс хэрэг бүртгэлтийн 190801487 дугаартай хэрэг нээж, хэрэг бүртгэх ажиллагаа явуулсан хэргийг хааж шийдвэрлэснийг, нэхэмжлэгч Н.С гийн гомдлоор Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2019.07.30-ны өдрийн 1/1682 тоот албан бичгээр хянаж, хариуг хүргүүлсэн байх ба уг бичигт “Хэргийг хянаад, ...Драгон авто зогсоолын цэгт харуулаар ажиллаж байсан Б.З  2019 оны 3 сарын 10-ны өдөр ажлын байран дээрээ зүрхний булчингийн эмгэгшлийн улмаас зүрх гэнэт зогсож нас барсан нь нотлох баримтаар тогтоогдсон, энэ талаар гаргасан прокурорын шийдвэр үндэслэлтэй байх тул, ...таны гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг мэдэгдье гэжээ./хх-ийн 71/

 

Түүнчлэн нэхэмжлэгч талын гомдлоор Н ХХК-ийн Драгон авто зогсоолын харуулын цэгийн үйл ажиллагаанд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч төлөвлөгөөт бус шалгалт явуулж, 2019.12.23-ны өдрийн №02-06-073/203 Ажилласан хугацааны илүү цагийн хөлс нөхөн төлүүлэх тухай актаар талийгаач Б.З д 2017 оны 3 сарын 1-ний өдрөөс 2019 оны 2 сарыг дуустал хугацааны нийт 978 цагийн 3 550 607 төгрөгийг нөхөн олгохоор тогтоосон байна. /хх-ийн 25/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг  түүний ажиллуулж байгаа ажил олгогч хариуцана.” гэж тус тус заажээ.

Зөрчлийн улмаас үүсэх үүрэг нь урьдчилан хэлэлцэн тохиролцсон ямар нэг гэрээ, хэлцлийг зөрчсөнтэй холбоогүйгээр бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд өөрийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахтай холбоотойгоор үүсдэг.

Үүнээс дүгнэвэл гэм хор учруулагч этгээд болон учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо үүссэн байхыг шаардаж байна. Гэм хор учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд түүний санаатай, болгоомжгүй хууль бус үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх, уг үйлдэл /эс үйлдэл/-ийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан эсэхийг тогтоох нь хуульд нийцнэ.

 

Эдгээр байдлуудаас дүгнэхэд талийгаач Б.З  нь ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ нас барсан болох нь тогтоогдож байгаа хэдий ч талийгаачийг нас барсанд хариуцагч Н ХХК-ийг буруутай гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжпээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно” гэсэнд хамаарахгүй байна.

 

Тодруулбал, талийгаач Б.З  нь ажлын байран дээрээ үйлдвэрлэлийн осолд орсны улмаас, эсхүл мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчилсний улмаас,  түүнчлэн хариуцагч Н ХХК-ийн хууль бус, буруутай үйл ажиллагааны улмаас нас  барсан гэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актаар тогтоогдоогүй байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагчийн актаар ажил олгогч Н ХХК нь хөдөлмөрийн гэрээгээр ажилтныг ажиллуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн цалин, хөлстэй холбоотой заалтуудыг зөрчсний улмаас ажилтанд дутуу олгосон цалин, хөлсийг нөхөн олгуулахаар тогтоож, уг актын дагуу дутуу талийгаачид олгосон цалин, хөлсийг нэхэмжлэгч Н.С д олгосон үйл баримт тогтоогдож байх ба уг актанд ажилтны нас барсан шалтгаанд хариуцагч компанийг буруутай гэж дүгнэсэн зүйл байхгүй байна. /хх-ийн 25, 80/

 

Түүнчлэн нэхэмжлэгч талийгаачийн авсан цалингийн зээл болон өөрийн тэтгэврийн зээлийг хариуцагчаас гаргуулна гэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд хамаарахгүй болно.

Нэхэмжлэгч Н.С  нь гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар шаардлага гаргаагүй хэдий ч, гэнэтийн ослын даатгалын гэрээг хариуцагч байгууллагаас гаргуулах хүсэлт гаргаж, хавтаст хэрэгт уг гэрээ авагдсан ба хариуцагч Н ХХК нь “Гэнэтийн ослын даатгалын гэрээ”-г Номин даатгал ХХК-тай 2019.01.28-ны өдөр байгуулж, хавсралтаар даатгуулсан ажилтнуудын нэрсийг баталсан бөгөөд талийгаач Б.З  2223 дугаарт байгаа, харин талийгаач Б.З гийн өвчний улмаас нас барсан шалтгаан нь даатгалын гэрээний 4-р зүйлд заасан “даатгалын нөхцөл”-д хамаарахгүй байсан тул уг гэрээний дагуу даатгалын тохиолдолд орох боломжгүй  гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй юм./хх-ийн

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 85 934 900 төгрөгийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуваарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тус шүүх хуралдаанд ирээгүй байх ба зохигчийн зөвшөөрснөөр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх

хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н ХХК-иас гэм хорын хохиролд 85 934 900 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Н.С гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 582 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                      Б.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД                                Н.ГЭРЭЛТУЯА

 

                                                                                        Ж.СЭМЖИД