Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1477

 

 

 

 

 

 

 

 

 

 

Я.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01604 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Я.Э-ын хариуцагч ХХЕГ-т холбогдуулан гаргасан сэтгэл санааны хохиролд 47 703 059 төгрөг, олох байсан орлого 313 702 581 төгрөг, нийт 361 405 640,5 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У-, өмгөөлөгч А.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У- шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Я.Э- нь Дорноговь аймгийн Улаан-Уул сумын Хилийн цэргийн 129 дүгээр ангид цэргийн алба хааж байхдаа 1983 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 17 цаг 10 минутад толгойн хэсэгтээ буудуулж хүнд гэмтэл авсан. Гурван тархины мэс засал хийлгэж, тархины үйл ажиллагаа хатингаршиж, зүүн тал саажиж, сонсголгүй, ээрч ярьдаг, мэдрэлгүй бие засдаг, биеийн доод хэсэг мэдээгүй болж 1990 оноос 2020 оныг хүртэл хэвтэрт асаргаанд байдаг. Үүнээс улбаалан бидний зүгээс асар их эд материалын болон сэтгэл санааны хохиролд орж аз жаргалтай байх цаг хугацаа, өөрсдийн материаллаг баазыг бүрдүүлэх бүхий л орлогыг эмчилгээнд зарцуулж миний зүгээс 90 хувь хөдөлмөрийн чадвар алдсан нөхрөө асарч хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөлд орсон. Бидний зүгээс Итгэлт эстимэйт ХХК-иас сэтгэл санааны хохирол, гэм хорын үнэлгээг 361 405 640 төгрөгөөр дүгнэлт гаргасан. Мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар 101/ШШ2019/02410 дугаар шийдвэрээр дээрх үйл баримт тотгоогдож эрүүл мэндийн оношилгооны зардалд 24 859 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд хариуцагчаас сэтгэл санааны хохиролд 47 703 059 төгрөг, Цэргийн алба хааж байх хугацаандаа тархиндаа гэмтэл аваагүй бол 1988 оноос ажил үүргээ гүйцэтгэж цалин орлоготой байх байсан гэж үзэж 1988 оноос 2031 оныг дуусталх хугацааны цалин 313 702 581 төгрөг, нийт 361 405 640,5 төгрөгийг Хил хамгаалах Ерөнхий газраас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оргилболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Янжингийн Э- нь Хилийн 0000- дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байсан ба тухайн үед хугацаат цэргийн алба хаагч байлдагч Ч.С- нь Я.Э-ын толгойн тус газар нь дохионы буугаар буудаж гэмтэл учруулсан. Энэ талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У- нь нэхэмжлэлдээ дурьдсан нь байлдагч Ч.С- гэмтэл учруулсныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байгаа. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан байдаг ба хугацаат цэргийн алба хаагч нь Төрийн албан хаагч биш бөгөөд Хил хамгаалах байгууллага уг хэргийн хариуцагч биш гэдгийг нотлож байгаа юм. Энэ нь дараах зүйлсээр нотлогдож байна. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ. Тухайн үед Ч.С- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын дагуу иргэний үүргээ биелүүлж, хугацаат цэргийн алба хааж байсан иргэн юм. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд төрийн албан тушаалыг 10.1.1. Төрийн улс төрийн, 10.1.2.Төрийн захиргааны, 10.1.3 Төрийн тусгай, 10.1.4 Төрийн үйлчилгээний гэж хуульчилсан. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүх шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн гэж заасны дагуу Хил хамгаалах байгууллага нь төрийн тусгай албыг хэрэгжүүлдэг. Дээрх хуулиар зохицуулсан төрийн алба хаагчийн албан тушаалын ангилал, төрлүүдэд хугацаат цэргийн алба хаагчийг хамааруулсан зүйл заалт байхгүй байгаа нь хугацаат цэргийн албан хаагч нь төрийн албан тушаал хашдаггүй нь илэрхий байна. Төрийн албан хаагч нь албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авдаг. Цалин хөлс нь Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлээр зохицуулагдаж байгаа бөгөөд төрийн албан хаагчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол зэрэг дэв, докторын, мэргэшилийн зэргийн болон хуульд заасан бусад нэмэгдэлээс тус тус бүрдэхээр хуульчлагдсан. Мөн төрийн албан хаагчдад Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан цалингийн сүлжээний дагуу цалин хөлс олгодог. Хугацаат цэргийн алба хаагч нь дээрх цалингийн сүлжээний дагуу цалин, хөлс авдаггүй бөгөөд Засгийн газрын 1999 оны 38 дугаар тогтоолын дагуу Гэрээт цэргийн алба хаагчийн сарын дундаж цалингийн 10 хувьтай тэнцэх хэмжээний цолны мөнгөн хангалт эдэлдэг. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд Төрийн албан хаагчийн үүргийг тусгаж өгсөн байдаг бол Монгол Улсын ерөнхийлөгчийн 2008 оны 379 дүгээр зарлигаар батлагдсан Дотоод албаны дүрмийн 104 дүгээр зүйлд байлдагч"-ийн үүргийг тусгайлан зааж өгсөн байдаг. Мөн төрийн алба хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг ханган гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулж, албан тушаалын эрх үүргээ хэрэгжүүлдэг бол хугацаат цэргийн алба хаагч нь ямар нэгэн гүйцэтгэлийн төлөвлөгөө болон хөдөлмөрийн гэрээ байгуулж ажил, албан тушаал хашдаггүй, Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүрэг, цэргийн албаны тухай хуулийн дагуу хугацаат цэргийн албанд зарлан дуудах, мэдэгдэх хуудсаар татагдаж үүрэг гүйцэтгэдэг онцлогтой. Төрийн байгууллага нь өөрсдийн үйл ажиллагааны онцлогт тохируулан орон тооны дээд хязгаарт багтаан төрийн албан хаагчийн ажлын байр /албан тушаал/- ны тодорхойлолтыг боловсруулж, мөрдөн ажилладаг. Хил хамгаалах байгууллага нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан бүтэц, орон тооны хязгаарт багтаан албаны үйл ажиллагааг явуулдаг бөгөөд уг бүтэц, орон тоонд хугацаат цэргийн албан хаагчдад хамаарах орон тоо байдаггүй нь хугацаат цэргийн албан хаагч нь төрийн албан тушаалтан биш. Мөн Я.Э-ад шүүхийн шийдвэрийн дагуу 24.859.000 төгрөг, 2 өрөө байр, 1994 онд 10 000 төгрөгийг олгосон нь Иргэний хуулийн 498.2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн гэм хорыг арилгах үүрэг үүссэн гэх нөхцөл байдлыг тогтоосон гэж үзэхгүй. Сэтгэл санааны хохирол 47 703 059 төгрөг, гэм хорын хохирол 313 702 581 төгрөг, нийт 361 405 640,5 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд “Итгэлт Эстимэйт” ХХК-аар сэтгэл санааны хохирол, гэм хорын үнэлгээ хийлгэсэн дүгнэлтийг Хил хамгаалах байгууллага хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх үндэслэлээр манай байгууллага хэргийн хариуцагч биш, гэм хорын нэхэмжлээд байгаа хохиролтой шалтгаант холбоо байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хил хамгаалах ерөнхий газраас сэтгэл санааны хохиролд 47 703 059 төгрөг, гэм хорын хохиролд 313 702 581 төгрөг, нийт 361 405 640 төгрөг гаргуулах Я.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Нотлох баримтыг бүрэн үнэлээгүй байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нь ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хүулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргах өгөх үүргээ хэрэгжүүдээгүй... хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна. 1983 онд болсон уг хэргийн талаарх нотлох баримтууд “Тагнуулын Ерөнхий газар”-аас ирсэн баримтууд болон гэрчийн мэдүүлэг, Дотоод хэргийн яамны тушаал зэргээс бүрэн нотлогддог. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт ...Шүүхнйн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй... хэмээн заасан уг асуудлаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн дутаар 101 \ШШ2019\02410 тоот шүүхийн шийдвэрээр Хил хамгаалах ерөнхий газрын харьяа 129 дүгээр цэргийн ангид Ч.С-ын буруутай үйлдлээс болж хохирсон, мөн үүнийг ХХЕГ- хариуцахыг тогтоож нэхэмжлэгч Я.Э-ын гадаад улсад нарийн шинжилгээ, оношилгоо хийлгэхтэй холбоотой зардал 22 400 000 төгрөг, тийзийн зардал 2 459 000 төгрөгийг хариуцагч Хил хамгаалах еренхий газраас гаргуулан шийдэж нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин дүгнэж өмнөх шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Хариуцагч нь дээрх үйлдэл нь ХХЕГ-т хамааралгүй Ч.С-ын буруутай үйлдлээс улбаатай тул бид хариуцахгүй хэмээн маргадаг гэвч буунаас сум алдсан этгээд Ч.С- боловч 0000- дүгээр цэргийн ангийн дарга, удирдлагуудын хараа хяналтгүй өөрийн үүрэгг ажиллаа хариуцлагшүй гүйцэн эсэн. офицер нарын галт зэвсэг, сумыг зориулалтын дагуу хадгалж, гарын аюулгүй байдлын дүрэм журмыг хэрэгжүүлээгуйгээс үүдалтэй 0000- дүгэзр цэргийн ангийн нийт алба хаагчдийн буруутай үйлдэл боловч үүнд зөв дүгнэлт хийгээгүй байна. Тухайн осол гарсан хилийн 0000- дүгээр анги нь 1933 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр БНМАУ-н Сайд нарын зөвлөлийн 3 дугаар тогтоолыг үндэслэн Дотоодыг хамгаалах газрын ерөнхий даргийн 1933 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 28 тоот тушаалаар Дорноговь аймгийн Сайшанд суманд байгуулагдсан байх ба ХХЕГ-т харьяанд харьяалагддаг болно. Мөн хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйяийн 13.6 дахь хэсэгт зааснаар Ч.С- болон тус ангийн алба хаагч нар төрийн тусгай алба хаагчид хамаарах байх бөгөөд Иргэний хуулийн 498.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн гэмт буруутай этгээдийн өмнөөс хохирлыг Төр хариуцах ёстой буюу ХХЕГ- хариуцах хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. 4. Олох ёстой байсан орлогыг нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй үндэслэл нь Итгэлт-Эстимэйт ХХК-н хохирлын үнэлгээг хийх эрхгүй хэмээн үзсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс Итгэлт-Эстимэйт ХХК-н үнэлгээг гагцхүү тооцооллын журмаар үнэлэн хэрэглэж байгааг буруу дүгнэсэн. Мөн сзтгэл санааны гэм хорын нэхэмжлзлийн шаардлага 47.703.059 төгрөгийг хангаагүй орхисон талаар шүүхийн шийдюрт огт дүгнээгүй зэрэг нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхнй байх зарчмыг хангахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Я.Э- нь хариуцагч ХХЕГ-т холбогдуулан хилийн 0000- дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байхдаа 1983 оны 02 дугаар сарын 07-ны өдөр толгойн хэсэгт буудуулж, хүнд гэмтэл авсаны улмаас учирсан сэтгэл санааны хохирол 47 703 059 төгрөг, 1988 оноос 2031 оныг дуустал хугацааны олох байсан цалин орлого 313 702 581 төгрөг, нийт 361 405 640 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, гэм хорыг хариуцах этгээд биш гэж маргажээ.

 

            Нэхэмжлэгч Я.Э-ыг хилийн 0000- дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байхдаа 1983 оны 02 дугаар сарын 07-ны өдөр толгойн хэсэгт буудуулж, хүнд гэмтэл авсан болон түүнд уг гэмтлийг учруулсан этгээд нь мөн байгууллагад цэргийн алба хааж байсан үйл баримтын талаар хариуцагч маргаагүй байна.

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дах хэсэгт заасан төрийн албан хаагчийн учруулсан хохиролд хамаарахгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Өмнө талуудын хоорондын гэм хорын улмаас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дах хэсэгт заасныг үндэслэн эрүүл мэндэд учруулсан хохиролд 24 859 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар 101/ШШ2019/02410 дугаар шийдвэр хэрэгт авагдсан байна. /хэргийн 19-23 дугаар тал/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй. Нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хариуцагч байгууллага хариуцах ёстой эсэх талаар шүүх дүгнэлт хийхэд уг шийдвэр ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, дээрх шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.1, 120.1.2, 120.1.3-д зааснаар хүчин төгөлдөр болсон эсэхийг тодруулах шаардлагатай.

 

            Түүнчлэн, зөвхөн “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн гаргасан тооцоололд үндэслэн нэхэмжлэгч Я.Э-ын хөдөлмөрийн чадвараа алдсантай холбоотойгоор орлогын зөрүү болох хохирлын хэмжээг эргэлзээгүй тогтоох боломжгүй байна. Тодруулбал, шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасны дагуу албан ёсоор шинжээчээр томилогдсон этгээд биш байна. Хөдөлмөрийн хөлсний хэмжээний талаар эрх бүхий байгууллагаас тогтоосон хэмжээ, нэхэмжлэгчийн авч байгаа тэтгэвэр тэтгэмжийн хэмжээтэй харьцуулж гаргасан дүгнэлт биш байна. Мөн нэхэмжлэгч Я.Э-ын хувьд ямар хэмжээний орлогууд улсын төсвөөс авч буюу авах ёстой байсан болон хөдөлмөр эрхэлсэн бол олох байсан орлогын хэмжээ зэргийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд тодорхойлох боломжгүй байна. Эдгээр нөхцөл байдлуудыг шүүх тодруулснаар маргааны зүйлд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх нөхцөл бүрдэх юм.

           

            Давж заалдах шатны шүүхээс дээрх байдлыг тодруулах ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримт, хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01604 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                ШҮҮГЧИД                                  Д.НЯМБАЗАР

 

                                          С.ЭНХТӨР