Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2020/01604

 

                        

 

 

 

            

 

 

  2020         05          08                                          101/ШШ2020/01604

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж, шүүгч Д.Ганболд, Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 07 дугаар хороо, -р байрны  тоот, РД:, Я.Э-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хил хамгаалах Ерөнхий газарт холбогдох сэтгэл санааны хохиролд 47.703.059 төгрөг, олох байсан орлого 313.702.581 төгрөг, нийт 361.405.640,5 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, А.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, Б.Ц, гэрч Э.Г, С.Э, иргэдийн төлөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Я.Э нь .... аймгийн .. сумын Хилийн цэргийн 129 дүгээр ангид цэргийн алба хааж байхдаа 1983-02-07-ны өдрийн 17 цаг 10 минутад толгойн хэсэгтээ буудуулж хүнд гэмтэл авсан. Гурван тархины мэс засал хийлгэж, тархины үйл ажиллагаа хатингаршиж, зүүн тал саажиж, сонсголгүй, ээрч ярьдаг, мэдрэлгүй бие засдаг, биеийн доод хэсэг мэдээгүй болж 1990 оноос 2020 оныг хүртэл хэвтэрт асаргаанд байдаг. Үүнээс улбаалан бидний зүгээс асар их эд материалын болон сэтгэл санааны хохиролд орж аз жаргалтай байх цаг хугацаа, өөрсдийн материаллаг баазыг бүрдүүлэх бүхий л орлогыг эмчилгээнд зарцуулж миний зүгээс 90 хувь хөдөлмөрийн чадвар алдсан нөхрөө асарч хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөлд орсон. Бидний зүгээс Итгэлт эстимэйт ХХК-иас сэтгэл санааны хохирол, гэм хорын үнэлгээг 361.405.640 төгрөгөөр дүгнэлт гаргасан. Мөн БЗДИХАШШ-ийн 2019-09-12-ны өдрийн дугаар 101/ШШ2019/02410 тоот шүүхийн шийдвэрээр дээрх үйл баримт тотгоогдож эрүүл мэндийн оношилгооны зардалд 24.859.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд хариуцагчаас сэтгэл санааны хохиролд 47.703.059 төгрөг, Цэргийн алба хааж байх хугацаандаа тархиндаа гэмтэл аваагүй бол 1988 оноос ажил үүргээ гүйцэтгэж цалин орлоготой байх байсан гэж үзэж 1988 оноос 2031 оныг дуусталхи хугацааны цалин 313.702.581 төгрөг, нийт 361.405.640,5 төгрөгийг Хил хамгаалах Ерөнхий газраас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я Э нь Хилийн 0129 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байсан ба тухайн үед хугацаат цэргийн алба хаагч байлдагч Ч.С нь Я.Э-н толгойн тус газар нь дохионы буугаар буудаж гэмтэл учруулсан. Энэ талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У нь нэхэмжлэлдээ дурьдсан нь байлдагч Ч.С гэмтэл учруулсныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байгаа. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заасан байдаг ба хугацаат цэргийн алба хаагч нь Төрийн албан хаагч биш бөгөөд Хил хамгаалах байгууллага уг хэргийн хариуцагч биш гэдгийг нотлож байгаа юм. Энэ нь дараах зүйлсээр нотлогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан “Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ.” Тухайн үед Ч.С нь Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын дагуу иргэний үүргээ биелүүлж, хугацаат цэргийн алба хааж байсан иргэн юм. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд төрийн албан тушаалыг 10.1.1.    Төрийн улс төрийн, 10.1.2.Төрийн захиргааны,  10.1.3 Төрийн тусгай, 10.1.4 Төрийн үйлчилгээний гэж хуульчилсан. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д “зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүх шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн” гэж заасны дагуу Хил хамгаалах байгууллага нь төрийн тусгай албыг хэрэгжүүлдэг. Дээрх хуулиар зохицуулсан төрийн алба хаагчийн албан тушаалын ангилал, төрлүүдэд хугацаат цэргийн алба хаагчийг хамааруулсан зүйл заалт байхгүй байгаа нь хугацаат цэргийн албан хаагч нь төрийн албан тушаал хашдаггүй нь илэрхий байна.

Төрийн албан хаагч нь албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авдаг. Цалин хөлс нь Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлээр зохицуулагдаж байгаа бөгөөд төрийн албан хаагчийн цалин хөлс нь “албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол зэрэг дэв, докторын, мэргэшилийн зэргийн болон хуульд заасан бусад нэмэгдэлээс” тус тус бүрдэхээр хуульчлагдсан.

Мөн төрийн албан хаагчдад Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан цалингийн сүлжээний дагуу цалин хөлс олгодог. Хугацаат цэргийн алба хаагч нь дээрх цалингийн сүлжээний дагуу цалин, хөлс авдаггүй бөгөөд Засгийн газрын 1999 оны 38 дугаар тогтоолын дагуу Гэрээт цэргийн алба хаагчийн сарын дундаж цалингийн 10 хувьтай тэнцэх хэмжээний цолны мөнгөн хангалт эдэлдэг.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд Төрийн албан хаагчийн үүргийг тусгаж өгсөн байдаг бол Монгол Улсын ерөнхийлөгчийн 2008 оны 379 дүгээр зарлигаар батлагдсан Дотоод албаны дүрмийн 104 дүгээр зүйлд “байлдагч"-ийн үүргийг тусгайлан зааж өгсөн байдаг.

Мөн төрийн алба хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг ханган гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулж, албан тушаалын эрх үүргээ хэрэгжүүлдэг бол хугацаат цэргийн алба хаагч нь ямар нэгэн гүйцэтгэлийн төлөвлөгөө болон хөдөлмөрийн гэрээ байгуулж ажил, албан тушаал хашдаггүй, Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүрэг, цэргийн албаны тухай хуулийн дагуу хугацаат цэргийн албанд зарлан дуудах, мэдэгдэх хуудсаар татагдаж үүрэг гүйцэтгэдэг онцлогтой.

Төрийн байгууллага нь өөрсдийн үйл ажиллагааны онцлогт тохируулан орон тооны дээд хязгаарт багтаан төрийн албан хаагчийн ажлын байр /албан тушаал/- ны тодорхойлолтыг боловсруулж, мөрдөн ажилладаг. Хил хамгаалах байгууллага нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан бүтэц, орон тооны хязгаарт багтаан албаны үйл ажиллагааг явуулдаг бөгөөд уг бүтэц, орон тоонд хугацаат цэргийн албан хаагчдад хамаарах орон тоо байдаггүй нь хугацаат цэргийн албан хаагч нь төрийн албан тушаалтан биш.

Мөн Я.Э-д шүүхийн шийдвэрийн дагуу 24.859.000 төгрөг, 2 өрөө байр, 1994 онд 10.000 төгрөгийг олгосон нь Иргэний хуулийн 498.2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн гэм хорыг арилгах үүрэг үүссэн гэх нөхцөл байдлыг тогтоосон гэж үзэхгүй.

Сэтгэл санааны хохирол 47.703.059 төгрөг, гэм хорын хохирол 313.702.581 төгрөг, нийт 361.405.640,5 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд “Итгэлт Эстимэйт” ХХК-иар сэтгэл санааны хохирол, гэм хорын үнэлгээ хийлгэсэн дүгнэлтийг Хил хамгаалах байгууллага хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх үндэслэлээр манай байгууллага хэргийн хариуцагч биш, гэм хорын нэхэмжлээд байгаа хохиролтой шалтгаант холбоо байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Я.Э-с хариуцагч Хил хамгаалах ерөнхий газарт холбогдуулан хилийн 0129 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байхдаа 1983-02-07-ны өдөр толгойн хэсэгт буудуулж, хүнд гэмтэл авсаны улмаас учирсан сэтгэл санааны хохирол 47.703.059 төгрөг, 1988 оноос 2031 оныг дуусталхи хугацааны олох байсан цалин орлого 313.702.581 төгрөг, нийт 361.405.640 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Хил хамгаалах ерөнхий газар нь манай байгууллага хариуцагч биш, мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлага нотолж чадаагүй, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.   

Нэхэмжлэгч Я.Э-н хариуцагч Хил хамгаалах ерөнхий газраас сэтгэл санааны хохирол 47.703.059 төгрөг, 1988 оноос 2031 оныг дуусталхи хугацааны олох байсан цалин орлого 313.702.581 төгрөг нийт 361.405.640 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг Итгэлт-Эстимэйт ХХК-иас 2020-01-02-ны өдөр гаргасан “Хүний амь нас хохирлын үнэлгээний тайлан”-д үндэслэж байна гэх тайлбарыг гаргасан.

Итгэлт-Эстимэйт ХХКомпани нь хүний амь нас хохирлын үнэлгээг гаргах эрхтэй болох нь бичгийн нотлох баримтаар нотлогдоогүй, мөн шинжээч Э.Г-н шүүх хуралдаанд гаргасан тайлбараар үнэлэх эрхгүй болох нь тус тус нотлогдож байна.

  Мөн олох байсан цалин орлогын дүгнэлт нь 1980, 1990 оны цалинг “2019 оны 3 дугаар улирлын байдлаар эрэгтэй бүлгийн дундаж цалин 1.287.600 төгрөгөөр тооцож” бодсон нь эргэлзээтэй, хэрхэн тооцсон тодорхойгүй байх тул шийдвэрийн үндэслэл болохгүй. Түүнчлэн 2010 оноос өмнөх хугацааны олох байсан орлоготой холбогдох шаардлага нь Иргэний хуульд зааснаар шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

            Тус шүүхийн 2019-09-12-ны өдрийн дугаар 101/ШШ2019/02410 тоот шүүхийн шийдвэрээр цэргийн алба хааж байх үед нь эрүүл мэндэд хохирол учирсан талаархи үйл баримтын талаар дүгнэсэн. Тодруулбал гэм хор учруулсан этгээд гэдгийг нотлоогүй. Харин дээрх шийдвэрээр хариуцагч Хил хамгаалах ерөнхий газрыг нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохиролд гэм буруутай буюу түүний хариуцан арилгах үүрэгтэй талаар дүгнэлт өгөөгүй байна.

            Мөн нэхэмжлэгч нь гэм хор учруулсан этгээд Ч.С нь хариуцагч БНМАУлсын Нийгмийн аюулаас хамгаалах яамны харьяа хилийн цэрэгт цэргийн албан хаагч тул хариуцагч нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж маргасан. Гэвч С нь хугацаат цэргийн албан хаагч байсан болох нь гэрч С.Э мэдүүлэг..., 1983-03-03-ны өдрийн 29 тоот тушаалаар тогтоогдсон. Иймд нэхэмжлэлийн хариуцагчид холбогдох үндэслэл нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д хамаарахгүй юм.

            Дээрх үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118-р зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                              

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хил хамгаалах ерөнхий газраас сэтгэл санааны хохиролд 47.703.059 төгрөг, гэм хорын хохиролд 313.702.581 төгрөг, нийт 361.405.640 төгрөг гаргуулах Я.Э-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Т.БОЛОРМАА

        ШҮҮГЧИД                                Д.ГАНБОЛД

                                                             Т.ГАНЧИМЭГ