Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/819

 

 

 

2022           8              18                                              2022/ДШМ/819

Ч.Х , Б.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч Ч.Х ын өмгөөлөгч Ц.А ,

шүүгдэгч Б.Э ,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/770 дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгч Ч.Х ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ч.Х , Б.Э нарт холбогдох эрүүгийн 2008030730279 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ......... овгийн Б- ийн Э , .........  оны ... дугаар сарын ... -ний өдөр ......... аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... , хамтран амьдрагч, хүүхдүүдийн хамт .........  аймгийн .........  сумын .... дүгээр баг, .........  дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ............ /,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 2 хоногийн баривчлах ял шийтгүүлсэн,

2. .........  овгийн Ч- ын Х , ......... оны ...  дугаар сарын ... -ний өдөр .........  аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ..., эхнэр, хүүхдүүдийн хамт .........   дүгээр хороо, .........  гудамжны ...  тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .............. /,

Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 10 хоногийн ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “............... ХХК-ийн агуулахад нийт 286 кг ховор Дэрэвгэр жиргэрүү ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор хадгалсан,

үргэлжилсэн үйлдлээр “............... ХХК-ийн агуулахад хадгалсан 286 кг ховор Дэрэвгэр жиргэрүү ургамлаас 202 кг 275 граммыг 2020 оны 9 дүгээр сарын 14-нд зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу Замын-Үүдийн хилээр гаргаж, худалдаалах, ашиг олох зорилгоор Улаанбаатар хотоос Дундговь аймгийн Сайханцагаан сумын 7 дугаар баг хүртэл замын унаа болох С.О жолоочтой ............. улсын дугаартай мөнгөлөг өнгийн Истима маркын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн,

үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч Ч.Х тай бүлэглэн Дундговь аймагт хураалгасан байсан 202 кг 275 грамм ховор Дэрэвгэр жиргэрүү ургамлыг хүлээн авч, зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу Замын-Үүдийн хилээр гаргаж, худалдаалах, ашиг олох зорилгоор 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ............. улсын дугаартай “Hyundai Starex” маркын тээврийн хэрэгслээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Оюутолгойн зам дээр тээвэрлэсэн,

үргэлжилсэн үйлдлээр Өмнөговь аймагт хураалгасан байсан 202 кг 275 грамм ховор Дэрэвгэр жиргэрүү ургамлыг хүлээн авч, Улаанбаатар хотод тээвэрлэн авч ирсэн, 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунднарангийн 9 дүгээр гудамж, 259 тоотод Ч.Х ын хашаанд ............. улсын дугаартай “Hyundai Starex” маркын тээврийн хэрэгсэлд зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор Ч.Х ынд хадгалж байсан 124,6 кг Дэрэвгэр жиргэрүү ургамалтай нийлүүлэн хадгалсан,

үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 2 дугаар сард Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст урьд “....... -ийн агуулахаас” хураалгасан байсан 84 кг ховор Дэрэвгэр жиргэрүү ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор бусдад зарж борлуулсан,

шүүгдэгч Ч.Х  нь Б.Б.Э тай бүлэглэн Дундговь аймагт хураалгасан байсан 202 кг 275 гр ховор Дэрэвгэр жиргэрүү ургамлыг хүлээн авч цааш зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу Замын-Үүдийн хилээр гаргаж, худалдаалах, ашиг олох зорилгоор 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ............. улсын дугаартай “Hyundai Starex” маркын тээврийн хэрэгслээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Оюутолгойн зам дээр хууль бусаар тээвэрлэсэн, үргэлжилсэн үйлдлээр Өмнөговь аймагт хураалгасан байсан 202 кг 275 гр ховор Дэрвэгэр жиргэрүү ургамлыг хүлээн авч Улаанбаатар хотод тээвэрлэн ирж, өөрийн нас барсан дүүгийн гэрт байсан 124,6 кг ховор Дэрэвгэр жиргэрүү ургамлыг нийлүүлэн зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Б.Э , Ч.Х  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б.Э г үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ч.Х ыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Э г 2 жил 5 сарын хорих ял, шүүгдэгч Ч.Х ыг 1 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Э д оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газраас явахыг хориглох буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх 2 жил, 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Ч.Х т оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газраас явахыг хориглох буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон 8 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, эдлэх ялаас хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Э , Ч.Х  нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөнхий газрын Хяналтын үйлчилгээний төвд хадгалагдаж байгаа 22 шуудай, нийт 326,9 кг байгалийн ховор ургамал Дэрэвгэр жиргэрүүг шийтгэх тогтоол хүчин Б.Т болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Э гаас 13.600.000 төгрөгийг, шүүгдэгч Ч.Х аас 3.230.000 төгрөгийг тус тус гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 3.800.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б.Э гаас гаргуулж улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч Ч.Х  цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Б.Э , Ч.Х  нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Х  давж заалдах гомдолдоо: “...Намайг Б.Б.Э тай бүлэглэн ховор ургамлыг тээвэрлэсэн гэж үзэж гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, би Б.Э гуйлтаар 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 202 кг 275 гр ховор ургамал “Дэрэвгэр жиргэрүү”-г ............. улсын дугаартай “Hyundai Starex” маркийн тээврийн хэрэгслээр Дундговь аймгаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр хүртэл, Өмнөговь аймгаас Улаанбаатар хот хүртэл тээвэрлэсэн нь үнэн. Гэвч миний бие тухайн тээвэрлэсэн эд зүйлийг хууль бус гэдгийг мэдээгүй. Б.Э хэлэхдээ тээврийн хэрэгсэл жолоодоод өг, тохирох хөлсийг нь өгнө гэж хэлсэн. Мөн тухай үед прокурорын бичиг гэх зүйлийг цагдаагийн ажилтан нарт үзүүлж тухайн ургамлыг авч явсан. Уг асуудлыг миний бие хууль бус гэдгийг мэдэхгүй, мэдэх ч боломжгүй болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Иймд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/770 дугаартай шийтгэх тогтоолыг хянан үзэж, надад холбогдох хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ч.Х ын өмгөөлөгч Ц.А  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг дэмжин оролцож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн хэлбэрийг “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь санаатай байдаг. Ч.Х ын тээвэрлэсэн үйлдэлд субьектив санаа тогтоогдсон уу, үгүй юу гэдэг дээр анхаарал хандуулах нь зүйтэй байсан. Обьектив байдал дээр Ч.Х  тээвэрлэсэн гэдэг нь үнэн, тогтоогдсон. Хавтаст хэрэгт Баянгол дүүргийн прокурорын газрын 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 2939 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол авагдсан. Төрийн эрх бүхий байгууллагаас хэргийг шалгаад гэмт хэргийн шинжгүй гэж үзээд Б.Э өмнөх үйлдлийг хэрэгсэхгүй болгосон тогтоол байдаг. Тухайн тогтоолоо бариад Дундговь аймгаас хураалгасан эд зүйлээ авч, Өмнөговь аймагт шалгуулаад, дахиад прокурорын тогтоолоо үзүүлж Улаанбаатар хот руу тээвэрлэн авч ирсэн. Цагдаа, прокурорын байгууллага гэмт хэрэг гэж үзээгүй байхад энгийн иргэн Ч.Х  хууль бус, өөр зорилготой гэдгийг мэдэх боломжгүй байсан бодит нөхцөл байдлыг анхаарч үзэхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүхээс өмгөөлөгчийн саналд няцаалт хийх эрхтэй байтал шүүх ямар нэгэн байдлаар дүгнэлт хийгээгүй учраас давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээсэй гэж хүсэж гомдлын үндэслэлийг гаргасан. Анхан шүүхээс Ч.Х ыг ховор ургамлыг хадгалсан гэм буруутайд тооцсон үйл баримтад өөрийн нас барсан дүүгийн гэрт байсан 124,6 кг ховор “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг нийлүүлэн зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор хадгалсан гэж тайлбарладаг. Нас барсан дүүгийнх нь гэрт байсан эд зүйлийг хадгалж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг хангах уу, үгүй юу гэдэг асуудал яригдаж байгаа. Улсын Дээд шүүхээс энэ төрлийн гэмт хэрэгт гэм буруугүйгээр, хохирол, хор уршиг учруулах Д.А-д холбогдох 2005008071564 дугаартай эрүүгийн хэрэг 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3-т “гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ” гэж тайлбарласан. 2019 оны 7 дугаар сард нас барсан дүүгийнхээ гэрээс хураагдсан эд зүйлийг гараашдаа хадгалж, улмаар Б.Э адилхан ургамал авч ирэхээр нь нэг шуудайнд хийж хадгалж байгаад Улаанбаатар хотод ирснийхээ дараа цагдаа нарт хар тамхины ургамал хадгалсан гэдэг үндэслэлээр шалгагдсан. Нас барсан дүүгийнхээ гэрт байсан ургамлыг хадгалснаар байгаль орчинд хохирол учруулсан уу гэдэгт шүүхээс нэмэлт дүгнэлт хийж өгнө үү гэв.

Прокурор Г.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Тус хэрэг дээр Ч.Х  болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлт нь шүүхийн шатанд шилжихээс өмнө ч ярьж байсан. Анхан шатны шүүх хуралдаан 2 удаа хэлэлцэхэд болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхэд дахин, дахин энэ асуудлыг ярьсан. Субьектив санааг тогтоосон уу гэдэг асуудал ярихдаа үйлдэл тус бүрийг нэг, нэгээр нь ярьдаг. Ч.Х  нас барсан дүүгийнхээ гэрт байсан Дэрвэгэр жиргэрүү ургамал нь тухайн үед “хаасан тогтоолд хамаарах 285 килограммд хамаарахгүй ургамал”. Цагдаагийн байгууллагад хаасан тогтоолыг үзүүлээд дахин, дахин хураалгаж байгааг мэдсээр байж Улаанбаатар хотод авчираад өөрт байсан Дэрвэгэр жиргэрүү ургамалтай нийлүүлж байгаа нь субьектив санаатай гэж үзсэн. Ч.Х  Дэрвэгэр жиргэрүү ургамлыг хориотой гэдгийг мэдээгүй гэдэг асуудал ярьдаг. Яагаад Цагдаагийн байгууллага 2, 3 удаа хурааж авч байгааг ойлгох боломжтой байсан. Энэ хэргийг анхан шатны шүүх 2 удаа шийдвэрлэсэн ба сүүлийн шийдвэр нь энэрэнгүй шийдвэрлэсэн. Прокурорын зүгээс Б.Э д Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 дахин нэмэгдүүлэх буюу 71.500.000 төгрөгийн нөхөн төлбөр, Ч.Х т 31.150.000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар санал тавьсан. Анхан шатны шүүхээс хадгалсан, тээвэрлэсэн үйлдэлд нэмэгдүүлснээр гаргуулах шаардлагагүй үзэн шүүгдэгч Б.Б.Э гаас 13.600.000 төгрөгийг, шүүгдэгч Ч.Х аас 3.230.000 төгрөгийг тус тус гаргуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар өршөөл үзүүлж шүүгдэгч Б.Б.Э д 2 жил, 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Ч.Х т 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсан нь хангалттай хөнгөн ялаар шийтгэсэн. Шүүгдэгч Ч.Х ын гаргасан гомдол үндэслэлгүй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Б.Э нь 2019 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “............... ХХК-ийн агуулахад нийт 286 кг ховор ургамал Дэрвэгэр жиргэрүүг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор хадгалсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр “............... ХХК-ийн агуулахад хадгалсан нийт 286 кг ховор ургамал Дэрвэгэр жиргэрүү ургамлаас 202 кг 275 гр-ыг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу Замын-Үүдийн хилээр гаргаж, худалдаалах, ашиг олох зорилгоор Улаанбаатар хотоос Дундговь аймгийн Сайханцагаан сумын 7 дугаар баг хүртэл замын унаа болох С.О жолоочтой ............. улсын дугаартай, мөнгөлөг өнгийн “Toyota Estima” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн,

шүүгдэгч Ч.Х тай бүлэглэн, Дундговь аймагт хураалгасан байсан 202 кг 275 гр ховор ургамал Дэрвэгэр жиргэрүү ургамлыг хүлээн авч, зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу Замын-Үүдийн хилээр гаргаж, худалдаалах, ашиг олох зорилгоор 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ............. улсын дугаартай, “Hyundai Starex” загварын тээврийн хэрэгслээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт Оюутолгойн зам дээр тээвэрлэсэн,

Өмнөговь аймагт хураалгасан байсан 202 кг 275 гр ховор ургамал Дэрвэгэр жиргэрүү ургамлыг хүлээн авч, Улаанбаатар хотод тээвэрлэн авч ирсэн, 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунднарангийн 9 дүгээр гудамжны 259 тоотод Ч.Х ын хашаанд ............. улсын дугаартай, “Hyundai Starex” загварын тээврийн хэрэгсэлд зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор 202кг 275 гр Дэрвэгэр жиргэрүү ургамлыг Ч.Х ын хадгалсан 124,6 кг Дэрвэгэр жиргэрүү ургамалтай нийлүүлэн хадгалсан,

2021 оны 2 дугаар сард Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст урьд “............... ХХК-ийн агуулахаас хураалгасан байсан 84 кг ховор ургамал Дэрвэгэр жиргэрүү ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу ашиг олох зорилгоор бусдад зарж борлуулсан.

- Ч.Х  нь Б.Б.Э тай бүлэглэн Дундговь аймагт хураалгасан байсан 202 кг 275 гр ховор ургамал Дэрвэгэр жиргэрүү ургамлыг хүлээн авч цааш зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу Замын-Үүдийн хилээр гаргаж, худалдаалах, ашиг олох зорилгоор 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ............. улсын дугаартай, “Hyundai Starex” загварын тээврийн хэрэгслээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр Оюутолгойн зам дээр хууль бусаар тээвэрлэсэн,

мөн үргэлжилсэн үйлдлээр Өмнөговь аймагт хураалгасан байсан Б.Э 202 кг 275 гр ховор ургамал Дэрвэгэр жиргэрүү ургамлыг хүлээн авч, Улаанбаатар хотод тээвэрлэн ирж, өөрийн нас барсан дүүгийн гэрт байсан 124,6 кг нэн ховор Дэрвэгэр жиргэрүү ургамлыг нийлүүлэн зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О “ ... Монгол Улсын Засгийн газрын 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад багтсан Дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын зөвшөөрлийг хувь хүн иргэнд олгодоггүй, зөвхөн байгалийн ургамлын мэргэжлийн байгууллагын эрх авсан аж ахуйн нэгжид олгодог. Иргэн Ч.Х , Б.Э нарт зөвшөөрөл олгогдоогүй ... хэрэгт хураагдсан 326,9 кг Дэрэвгэр жиргэрүү ургамлыг хууль бус зөвшөөрөлгүй гэж тооцно. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу ургамлын аймагт учруулсан хохирлыг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна. ... ” гэх мэдүүлэг /1хх-127-128/,

гэрч Д.Э “... Б.Э тай Дорнод аймгийн төв дээр мал аваад явж байхад нь ... танилцаж байсан ... 2020 оны 6 дугаар сард “Эгчээ би нэг ургамал авсан юм, баригдчихлаа, тус болоод өгөөч, би хоёр охинтой, эхнэр орхиод явчихсан, амьдралаа авч явдаг, сургууль ч дөхлөө надад туслаач” гээд байхаар нь ... 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө “Б.Э г манай компаниас энэ ургамлыг өрөндөө бодож авсан” гэж мэдүүлсэн. Манай компани зүгээр 2 тонн ургамлаа түүж бэлтгээд тэр хэвээрээ хадгалагдаж байгаа. Б.Э д дэрэвгэр жиргэрүү ургамал өгсөн зүйл байхгүй. Надад Б.Э гаас авсан мөнгө төгрөг болон өр төлбөр байхгүй ...” гэх мэдүүлэг /3 хх 21-22/,

гэрч Д.Ц “... Би Б.Э  гэдэг хүнийг сайн танихгүй, 2020 оны 9 дүгээр сард манайд анх ирж байсан. ................ улсын дугаартай Старекс тээврийн хэрэгсэл хэнийх болохыг мэдэхгүй ... 2020 оны 9 дүгээр сарын хорьдын үеэр манай нөхөр Ч.Х , Б.Э  хоёр ................ улсын дугаартай Старекс машинтай ирэхдээ шуудайтай зүйл ачиж ирсэн байсан. Манай гараашинд талийгаач дүүгийн гэрээс гарсан хэд хэдэн шуудайтай хатсан ургамлын зүйлийг хураасан байсныг гарааш цэвэрлэхдээ ................ улсын дугаартай Старекс машинд хамт ачсан байсан. Миний хувьд Монгол Улсын ховор ургамлын жагсаалтад багтсан дэрвэгэр жиргэрүү гэдэг ургамал байдаг гэдгийг мэдэхгүй, урьд өмнө тийм ургамал харж байгаагүй. Манай нөхөр гарааш цэвэрлээд шуудайг нь сольчихсон байсан ...” гэх мэдүүлэг /1 хх 79-80/,

гэрч М.Ү “... 2020 оны 9 дүгээр сард прокурорын шийдвэр гаргаад хураалгасан ургамлаа Дундговь аймгийн цагдаагийн газраас буцааж авах гэж байгаа гээд явахад нь би хамт явсан. Ургамлаа ачиж ирэхийн тулд хүргэн ах Э  ................ улсын дугаартай Старекс маркын машиныг Ч.Х гэдэг хүнээр бариулаад явсан. Хураалгасан ургамлаа аваад, Б.Э  хоёр Замын-Үүд явна гээд явсан. Тэгсэн чинь Ханбогдод цагдаад шалгагдаж байна гэж утсаар яриад хэд хоног болсон. Прокурорын тогтоолоо үзүүлээд болсон гээд хот руу ирсэн. Х.Х гараашид ургамлаа хураачхаад машиныг нь өгөхөөр болсон. Очиход Ч.Х гараашид бас ийм ургамал байсан юм байна гээд Ч.Х , Б.Э  хоёр ургамлынхаа шуудай уутыг солиод янзалж байсан.” гэх мэдүүлэг /1 хх 84-85/,

гэрч Д.Б : “Б.Э гэх хүнээс 2019 оны 6 дугаар сард адуу худалдаж аваад мөнгийг нь өгөөгүй байсан юм. Манай аймагт Дэрэвгэр жиргэрүү гэх ургамал түүж бэлтгэж зардаг Д.Э  гэх хүнээс өрөндөө авах ёстой байсан 10,000,000 төгрөгийн оронд 300 кг орчим Дэрвэгэр жиргэрүү гэх ургамал аваад зүс таних Б.Э д өгч худалдан борлуулаад зөрүү мөнгөө авахаар тохиролцсон. Б.Э 300 кг орчим Дэрвэгэр жиргэрүү гэх ургамлыг худалдан борлуулаад надад зөрүү мөнгө 3,000,000 орчим төгрөг өгөх ёстой байсан боловч ургамлаа цагдаа нарт хураалгаад худалдаж чадаагүй байгаа ...” гэх мэдүүлэг /2хх 200-201/,

гэрч Б.Л “2020 оны 9 дүгээр сарын сүүл 10 дугаар сарын эхээр байсан санаж байна. Мөрдөн байцаах тасгийн дэд хурандаа Баясгалан дарга надад “урьд өмнө манай цагдаагийн газарт Дэрэвгэр жиргэрүү нэртэй ховор эмийн ургамал автомашинд тээвэрлэж байгаад шалгагдаад хураалгасан гээд хүмүүс ирж уулзсан. Тухайн ургамал хураалгасан хэргийг хаасан прокурорын тогтоолын хуулбар аваад явж байна лээ. Чи тэр ургамлыг тэр хүмүүст хүлээлгэж өгөөрэй” гэж хэлсэн. Үүний дагуу би ургамал авах гээд ирсэн хүний аваад явж байсан прокурорын тогтоолыг үзэж хэргийн талаар асууж байгаад цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байсан сатуркан ууттай 25 кг савалгаатай 10 гаран шуудайтай “Дэрэвгэр жиргэрүү” нэртэй ургамлыг хүлээлгэж өгсөн. Хэрэг нь манайд байхгүй тул тэмдэглэл үйлдээгүй. Би тэр Дэрвэгэр жиргэрүү нэртэй ургамлыг буцааж авсан эрэгтэй хүнд прокурорын тогтоолд заагдсаны дагуу 202 кг 275 грамм, 10 гаран шуудайтай ургамлыг тоо ёсоор хүлээлгэж өгсөн. Тухайн үедээ тэр ургамал хүлээж авсан хүн бүх ургамлаа хүлээж аваад явсан. Ямар нэгэн гомдол санал гаргаж эргэж ирээгүй ...” гэх мэдүүлэг /3 хх 18-19/,

гэрч Л.Ө : “... 2020 оны 6 дугаар сарын эхээр намайг талийгаач ах Түвшинжаргалын гэрт очиход хар цай шиг өнгөтэй дотроо модлог ургамал буцалгаж уугаад сууж байсан. Надад “энэ ургамал биед их сайн байдаг юм” гэж ярьж байсан ...” гэх мэдүүлэг /3 хх 59-60/,

гэрч Ж.Э “... ................ улсын дугаартай Старекс маркын шаргал өнгийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх. 2020 оны 9 дүгээр сард Б.Э яриад “машинаа өгчихөөч, хэд хоног унаж байя” гэхээр нь зөвшөөрч өгөөд явуулсан. Миний машинд хадгалж байсан зүйл хэнийх болох, ямар ургамал байсан талаар огт мэдэхгүй. Ямар учиртай зүйл хаанаас ачиж яваад баригдсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Миний машинаар Дундговь, Өмнөговь руу явах гэж байгаагаа, явсан талаар надад Б.Э  хэлээгүй, харин Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт торгуулсан байсныг би цахим системээс мэдсэн ...” гэх мэдүүлэг /1 хх 81/,

гэрч С.О “2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум явахаар ... Драгон дээр очиход ............. улсын дугаартай машин дээр хоёр эрэгтэй хүн сууж байсан. Тэгээд намайг аваад 21 цаг өнгөрч байхад хөдөлсөн. Дундговь аймгийн төв өнгөрөөд Луус сумын төв ороход замд цагдаа зогсоогоод аймгийн төв дээр дагуулж ирсэн. Намайг Драгон дээр ирж машины арын хаалгыг нээгээд суухад цаасан хайрцагтай зүйлүүд байсан. Дундговь аймгийн төв дээр ирээд машинд байсан юмнуудыг буулгаж шалгахад ногоон өнгийн 20 ширхэг, цагаан өнгийн 5 ширхэг шуудайтай ургамлын үндэс шиг зүйл байсан. Хаанаас ачсан талаар мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /1 хх 94-95/,

гэрч Б.Т “... 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод байхад миний утас руу 11 цагийн үед эмэгтэй хүн залгаад “Цагаан хад руу ачаа ачих уу” гэхээр нь “ямар ачаа байгаа юм бэ” гэж асуухад “хэдэн шуудайтай юм байгаа” гэж хэлсэн. Таван шарын призэр даваад урагшаа явж байхад машинтай хүн тосоод засмалаар явж байгаад шороон замаар салаад нэлээн явж байгаад торон хаалгатай хашаанд орж очсон. Тэр хашаанд агуулах гэмээр сендвичэн барилга дотроос цагаан, ногоон өнгийн шуудайтай зүйл 3-4 залуу ачсан. Тэр шуудайтай зүйлийг харахад ургамлын үндэс шиг зүйл байсан, ямар ургамал болохыг мэдээгүй. Тэр ургамлын үндэс шиг зүйл нь ногоон өнгийн шуудайтай 20 ширхэг, цагаан өнгийн шуудайтай 5 ширхэг байсан ...” гэх мэдүүлэг /2 хх 102-103/,

гэрч Б.Э “... Одоогоос 1 сарын өмнө танил дүү Б.Э  яриад “Таны очоод байдаг үйлдвэрт хэдэн уут морины тэжээл тавья” гэж гуйхаар нь “тэг тэг” гэж хэлээд .............  ХХК-ийн үйлдвэрийн байранд 33 шуудайтай зүйл тавьсан. Би юу байгааг анзаараагүй. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 2 танихгүй хүнтэй ирээд “Истана” маркын машинд ачуулаад эзэнд өгч байгаа юм гэж надад хэлсэн. Тэр машинд 25 шуудайг ачуулсан. Үлдсэн 8 шуудайг нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны орой Баянгол дүүргийн цагдаа нар ирээд хурааж аваад явсан байсан ... ” гэх мэдүүлэг /2 хх 105-106/, 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 7-9, 10-23/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 34-35, 36-42/, 

Дэрэвгэр жиргэрүү ургамалд дахин үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 245- 247/,

Шинжлэх ухаааны академи ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дүгнэлт /1 хх 66-68/,

“Хос итгэл төгс” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 01/10 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 67-70/,

прокурорын “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” 185 дугаар тогтоол /1 хх 49/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /1 хх 105-106, 2 хх 235-237/,

“Цагаан биндэръяа” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, мэргэжлийн байгууллагын гэрчилгээ /2 хх 163-164, 3 хх 25/,

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зөвшөөрөл /2 хх 167-168/,

Байгалийн ургамал ашиглах гэрээ /2 хх 169-171/, төлбөрийн баримтууд /2 хх 172-175/ мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.Б.Э г үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан, шүүгдэгч Ч.Х ыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б.Э , Ч.Х  нарт зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг тогтоохдоо Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож хэт өргөн хүрээгээр тогтоосон нь учир дутагдалтай байх боловч давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэхээр хуульчилсан тул шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын эдлэх хүрээ хязгаарыг багасгах нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж буй нэг хэлбэр гэж үзэж, анхан шатны шүүх зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа шүүгдэгчийн оршин суугаа нутаг дэвсгэрийн харъяалалаар тогтоохгүйгээр хэт өргөн хүрээгээр тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байгааг цаашид анхаарвал зохино. 

Шүүгдэгч Ч.Х ын “... миний бие тухайн тээвэрлэсэн эд зүйлийг хууль бус гэдгийг мэдээгүй. Б.Э хэлэхдээ тээврийн хэрэгсэл жолоодоод өг, тохирох хөлсийг нь өгнө гэж хэлсэн. Иймд надад холбогдох хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч Ч.Х ыг Б.Б.Э тай бүлэглэн Дундговь аймагт хураалгасан байсан 202 кг 275 гр ховор ургамал Дэрвэгэр жиргэрүү ургамлыг хүлээн авч цааш зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу Замын-Үүдийн хилээр гаргаж, худалдаалах, ашиг олох зорилгоор 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ............. улсын дугаартай, “Hyundai Starex” загварын тээврийн хэрэгслээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр Оюутолгойн зам хүртэл хууль бусаар тээвэрлэсэн,

мөн үргэлжилсэн үйлдлээр Өмнөговь аймагт хураалгасан байсан Б.Э 202 кг 275 гр ховор ургамал Дэрвэгэр жиргэрүү ургамлыг хүлээн авч, Улаанбаатар хот хүртэл тээвэрлэн ирж, өөрийн нас барсан дүүгийн гэрт байсан гэх 124,6 кг нэн ховор Дэрвэгэр жиргэрүү ургамлыг нийлүүлэн зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 гэрч Д.Ц “...2020 оны 9 дүгээр сарын 20-ны үеэр манай нөхөр Ч.Х , Б.Э  хоёр ................ улсын дугаартай Старекс машинтай ирэхдээ шуудайтай зүйл ачиж ирсэн байсан. Манай гараашинд талийгаач дүүгийн гэрээс гарсан хэд хэдэн шуудайтай хатсан ургамлын зүйлийг хураасан байсныг гарааш цэвэрлэхдээ ................ улсын дугаартай Старекс машинд хамт ачсан байсан. Манай нөхөр гарааш цэвэрлээд шуудайг нь сольчихсон байсан. ...” /1хх 79-80/, гэрч С.О “...Намайг Драгон дээр ирж машины арын хаалгыг нээгээд суухад цаасан хайрцагтай зүйлүүд байсан. Дундговь аймгийн төв дээр ирээд машинд байсан юмнуудыг буулгаж шалгахад ногоон өнгийн 20 ширхэг, цагаан өнгийн 5 ширхэг шуудайтай ургамлын үндэс шиг зүйл байсан. ...” /1хх 94-95/, гэрч М.Ү “... 2020 оны 9 дүгээр сард прокурорын шийдвэр гаргаад хураалгасан ургамлаа Дундговь аймгийн цагдаагийн газраас буцааж авах гэж байгаа гээд явахад нь би хамт явсан. Ургамлаа ачиж ирэхийн тулд хүргэн ах Энхбаатарын ................ улсын дугаартай Старекс маркын машиныг Ч.Х гэдэг хүнээр бариулаад явсан. Хураалгасан ургамлаа аваад Ч.Х , Б.Э  хоёр Замын-Үүд явна гээд явсан. Очиход Ч.Х  гараашид бас ийм ургамал байсан юм байна гээд Ч.Х , Б.Э  хоёр ургамлынхаа шуудай уутыг солиод янзалж байсан.” /1 хх 84-85/ гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Тодруулбал, зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг хадгалсан гэж “нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн болон бусдын орон байр, агуулахад эзэмшил ашиглалтанд байлгахыг”, тээвэрлэсэн гэдгийг “нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нэг газраас нөгөө газарт шилжүүлснийг ойлгоно. Шилжүүлэхдээ агаарын тээвэр, автотээвэрийн хэрэгсэл, галт тэрэг ашиглаж болно” гэж ойлгохоор тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч Ч.Х ыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй болно.

Харин анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас ургамлын санд учирсан нөхөн төлбөрийн хэмжээг Төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон ургамал экологи-эдийн засгийн үнэлгээнд үндэслэн тогтоож, шүүгдэгч Б.Б.Э гаас 13.600.000 төгрөг, Ч.Х аас 3.230.000 төгрөг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь хэсгүүдэд заасантай нийцээгүй байна.

Байгалийн баялгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн олборлосон, байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг байгаль орчинд хохирол учруулсанд тооцно.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалтад дээр дурдсан хориглосон үйл ажиллагааг явуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтныг “байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлөгч” байхаар тогтоосон бөгөөд мөн хуулийн 57 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Э , Ч.Х  нар нь байгалийн баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлд зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэнд тооцохоор хуульчилсан бөгөөд нэгэнт дээрх аргуудыг хэрэглэн хүрээлэн  байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол биечлэн түүсэн эсхүл тээвэрлэсэн эсэхээс үл хамааран экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлнө”, 49.4 дэх хэсгийн 3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;” гэж заасан хэмжээгээр буюу шүүгдэгч Б.Б.Э гаас байгаль орчин, байгаль хамгаалах журам, ургамал хамгаалах, зохистой ашиглах журам зөрчсөн шууд хохирлыг /286кг х 50000=14.300.000*5=/ 71.500.000 төгрөгөөр тогтоож, үүнээс шүүхийн хэлэлцүүлэгт хохиролд төлж барагдуулсан 700.000 төгрөгийг хасч 70.800.000 төгрөгөөр, шүүгдэгч Ч.Х аас байгаль орчин, байгаль хамгаалах журам, ургамал хамгаалах, зохистой ашиглах журам зөрчсөн шууд хохирлыг /124.6 х 50000=6.230.000*5 =/ 31.150.000 төгрөгөөр тогтоож, үүнээс шүүхийн хэлэлцүүлэгт төлж барагдуулсан 3.000.000 төгрөгийг хасч 28.150.000 төгрөгөөр тооцож төлүүлэхээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Ч.Х ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 770 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

          7 дахь заалтын “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Э гаас 13.600.000 төгрөгийг, шүүгдэгч Ч.Х аас 3.230.000 төгрөгийг тус тус гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.” гэснийг “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.4 дэх хэсгийн 3-т заасныг тус тус баримтлан Б.Б.Э гаас 70.800.000 төгрөг, Ч.Х аас 28.150.000 төгрөг тус тус гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай. гэж өөрчилсүгэй.

          2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Х ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

          3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.ПҮРЭВСҮРЭН                 

          ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР

 

           ШҮҮГЧ                                                          Н.БАТСАЙХАН