Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1528

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Е-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/01744 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Е-ын хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.Е-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Е- нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Г.Ш-т 160 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай сарын 3,75 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлийн гэрээ байгуулсан боловч зээлдэгч нь гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл болон зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлээгүй юм. Тиймээс иргэн А.Е- шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/0179 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч Г.Ш-А.Е-ад 185 000 000 төгрөгийг төлөхөөр харилцан эвлэрсэн байдаг. Захирамжийн дагуу хариуцагч нь нэхэмжлэгч А.Е-ад нэг ч төгрөг төлөөгүй тул түүний зээлийн гэрээ байгуулахдаа Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн барьцааны гэрээгээр Б.Л-, Д.Г- нарын өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Нарны замын 102 дугаар байрны 56 тоотод байрлах 94,5 м.кв талбайтай 3 өрөө, Зоорийн давхрын 96 тоот 18 м.кв авто зогсоолыг барьцаалсан тул уг хөрөнгөөр төлбөрийг гаргуулах гэтэл Шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрт төлбөрийг барьцаагаар хангуулах зохицуулалт байхгүй тул барьцаа үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй гэсэн үндэслэлээр ажиллагаа хийгээгүй' юм. Ингээд А.Е- дахин шүүхэд хандаж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/07031 дүгээр шүүгчийн захирамжаар Б.Л-, Д.Г- нарын Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг 12-р хороо Нарны замын 102 дугаар байрны 56 тоотод байрлах 94.5 м.кв талбайтай 3 өрөө орон сууц. зоорийн давхарт байрлах 96 тоот 18 м.кв авто зогсоолыг барьцаалагдсан болохыг дурьдаж, шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаа явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн. Ингээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Ц.Б- нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналыг төлбөр төлөгч Д.Г-, Б.Л-, Г.Ш-болон төлбөр авагч А.Е-аас авсан. Анх төлбөр төлөгч тал уг хөрөнгийн үнэлгээг 350 сая гэж тогтооход нэхэмжлэгч А.Е- нь уг үнийг зах зээлийн үнээс маш өндөр үнэ байна гэхэд шийдвэр гүйцэтгэгч Ц.Б- нь түүнд ...Уг үнийг хүлээн зөвшөөрчихөө. Хэрэв зөвшөөрөхгүй бол хөндлөнгийн үнэлгээчнээр үнэ тогтоолгоно. Түүнийг нь төлбөр төлөгч тал хүлээн зөвшөөрөхгүй шууд шүүхэд хандана. Тэр нь 3 шатны шүүхээр явсаар байтал хамгийн багадаа нэг жилийн хугацаа алдана. Тэгж байхаар хэт өндөр үнэтэй ч байсан хамаагүй зөвшөөрөөд дуудлага худалдаанд оруулж байсан нь дээр" гэж зөвлөж хэлсэн байдаг. Анхны болон хоёр дахь дуудлага худалдаанд оролцогч ороогүй нь уг үнэлгээ хэт өндөр бодит бус тогтоогдсоныг батална. Тухайн үед уг үнийг шийдвэр гүйцэтгэгчийн тулгасанар буюу зах зээлийн үнээр тогтоогоогүйгээс нэхэмжлэгч А.Е-ын эрх ашиг хохироод байна. Тухайн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73-р зүйлийн 3-д Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцож олгоно. гэж заасан байсан бөгөөд НШШГГ- нь уг хөрөнгийн дуудлага худалдаа болсноос хойш хуулийн дагуу А.Е-ад санал болгох ёстой байсан ажиллагааг явуулалгүй бүтэн 2 жил санаатай буюу санамсаргүй байдлаар хойшлуулж ирсэн байдаг. Энэ хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт орсон. Хууль өөрчлөгдөхөөс өмнө ч тухайн үеийн шийдвэр гүйцэтгэгч болон ахлах шийдвэр гүйцэтгэгч нар нь чи зөрүү төлөх болчихоод байна гэж хуулийг буруу тайлбарлаж, ойлгуулж байсан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар дүгнэлтээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэг нь Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн дүгнэснийг Улсын Их Хурлаас 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 77 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрснөөр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73.3-т Дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон үнээр төлбөр авагчид санал болгоно. Худалдан борлогдоогүй хөрөнгийн үнэ гүйцэтгэх баримт бичиг заасан төлбөрийн шаардлагаас илүү дүнтэй бол төлбөр авагч үнийн дүнгийн зөрүүг төлснөөр худалдан борлогдоогүй хөрөнгийг хүлээн авах эрх нээгдэнэ. гэж өөрчлөгдсөн. Хуулийн шинэ зохицуулалтаар төлбөрт тооцуулан авах орон сууц, гаражийн дуудлага худалдаанд оруулах санал 350 000 000 төгрөг бөгөөд төлбөр төлөгч Г.Ш-ийн 185 000 000 төгрөгийн төлбөр барагдуулахын тулд зөрүүнд нь 165 000 000 төгрөг төлөх буюу төлбөр авагч нь төлбөр төлөх нөхцөл байдал бий болсон бөгөөд шүүхийн шийдвэр хэрэгжих, цаашид гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсч байна. Шүүхийн шийдвэр гарснаас хойш даруй 4 жилийн хугацаа өнгөрч байгаа бөгөөд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх зөрчигдсөөр өнөөдрийг хүрсэн. Хуульд өөрчлөлт орсон, улмаар иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа орчин зохицуулалт, харилцаа өөрчлөгдсөн нь нэхэмжлэгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар тус шүүхэд гомдол нэхэмжлэл гаргах үндэслэл болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73.5-д Барьцаалагч-төлбөр авагчийн барьцаанд байгаа, эсхүл дундын өмчлөлийн худалдан борлогдоогүй төлбөр төлөгчид ногдох хөрөнгийг энэ хуулийн 55.3-т заасны дагуу тогтоосон үнэлгээгээр тооцож төлбөр авагчид шилжүүлнэ. гэж заасны дагуу шинжээчийн үнэлгээнд үндэслэн дуудлага худалдааны санал болгох үнийг тогтоолгох хүсэлтэй байна. Дуудлага худалдааны үнийг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгох нь бодитой, зах зээлийн үнэлгээ тогтоогдоно гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар тогтоосон дуудлага худалдаагаар худалдах үеийн үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох 350 000 000 төгрөгийн үнэ буюу үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/05179 дүгээр захирамжаар Г.Ш-оос 185 547 300 төгрөгийг гаргуулж А.Е-ад олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 16261607 дугаар тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч Г.Ш-т шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд төлбөр төлөгдөөгүй тул түүний түүний барьцааны хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026417 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо /13311/ Нарны зам 402 байр 56 тоотод байрлах 94.4 м.кв талбайтай орон сууц, 18 м.кв талбайтай авто зогсоолыг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 5179//01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 04/09 дүгээр тогтоолоор хураасан. Төлбөрт хураагдсан хөрөнгөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч Г.Ш-350 000 000 төгрөгөөр, өмчлөгч Б.Л- 350 000 000 төгрөгөөр, мөн өмчлөгч Д.Г- 350 000 000 төгрөгөөр тус тус үнийн санал ирүүлж, төлбөр авагч А.Е- хүлээн зөвшөөрсөн. Талуудад Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар харилцан тогтоосон 350 000 000 төгрөгийн үнийн 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдаанд 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт оруулах тухай мэдэгдлийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 3/14287 дугаар албан бичгээр баталгаат шуудангаар хүргүүлсэн. Анхны дуудлага худалдаагаар үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д зааснаар харилцан тохиролцон үнийн дүнгийн 50 хувиар тооцон хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагт оруулах тухай мэдэгдлийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 3/16798 дугаар албан бичгээр баталгаат шуудангаар талуудад хүргүүлсэн. Хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдсан боловч үл хөдлөх хөрөнгө худалдан борлогдоогүй тул төлбөр авагч А.Е-ад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу төлбөрт тооцон авахыг санал болгож, төлбөр авагч төлбөрт тооцон авах саналаа 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр бичгээр гаргажээ. Иймд 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг 3/24444 албан бичгээр санал болгох ажиллагаанд 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10 цагт хүрэлцэн ирэхийг талууд болон өмчлөгч нарт мэдэгдсэн байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/Ш32017/20387 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулахгүй байхыг даатгаж захирамжилсан. Нэхэмжлэгч Д.Г-, Б.Л- нарын Үнэлгээг хүчингүй болгох, анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааны тогтоолыг тус тус хүчингүй болгох нэхэмжлэл гаргасныг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/00395 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 767 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2018/01219 тогтоолоор тус тус нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч НШШГГ-т холбогдох, Ү-2204026417 дугаарт бүртгэлтэй, 94 м.кв талбайтай орон сууц, 18 м.кв талбайтай авто зогсоолыг дуудлага худалдаагаар худалдахад санал болгох доод үнийг төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай А.Е-ын нэхэмжлэлийг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч А.Е-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Монгол улсын хуульд үндэслэсэн шүүхийн “хүчин төгөлдөр шийдвэр” Үндсэн хуулийн зарчимаар заавал биелэх ёстой бөгөөд түүнийг шийдвэр гүйцэтгэх төрийн албадлагын байгууллага биелүүлэх хэрэгжүүлэх тогтолцоотой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага өөрийн хуулийн зохицуулалтын орчинд шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхдээ гагцхүү шүүхийн шийдвэр заавал биелэгдсэн байх зарчмыг хэрэгжүүлэнэ. Энд лэгитимнист зарчим буюу хууль шиг нийтээр хүлээн зөвшөөрч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг шууд утга агуулгыг заавал дагаж мөрдөх зарчим үйлчилнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль нь шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага түүний алба хаагчид хуулийг буруу хэрэглэсэн. зөрчсөн, эс үйлдэхүйн улмаас харилцаанд оролцогчийн эрх зөрчигдөсөн тохиолдолд түүнд гомдох, иргэний нэхэх үндсэн эрхийг хязгаарласан цаашлаад шийдвэр, магадлал, тогтоол биелэх боломжгүй нөхцөл үүссэн байна. Нэхэмжлэгчийн шаардлага нь шүүхийн шийдвэр шинээр бий болсон хуулийн орчин өөрчлөгдсний улмаас шүүхийн шийдвэр биелэх хэрэгжих боломжгүй болсны улмаас харилцан зөвшилцсөн үнэлгээ буюу хэлцэл тохиролцооноосоо татгалзаж Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу өөртөө туслах улмаар биелэх боломжгүй болсон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж төлбөр авагчийн эрх хангагдах шаардлага бүхий гомдол байсан юм. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар дүгнэлтээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар 73.3 дах хэсэгт заасан нь хуулийг зөрчсөн хэмээн дүгнэснийг Улсын Их Хурал 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 77 дугаар тогтоолоор хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73.3 дахь заалтыг “Дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон үнээр төлбөр авагчид санал болгоно. Худалдан борлогдоогүй хөрөнгийн үнэ гүйцэтгэх баримт бичиг заасан төлбөрийн шаардлагаас илүү дүнтэй бол төлбөр авагч үнийн дүнгийн зөрүүг төлснөөр худалдан борлогдоогүй хөрөнгийг хүлээн авах эрх нээгдэнэ гэж 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр УИХ өөрчлөн нанруулсан. Ингэж хуульд өөрчлөлт орсон нь “харилцан тохиролцсон үнэлгээ’’ нь эрх зүйн ач холбогдолгүй болсон бөгөөд төлбөр авагч болон төлбөр төлөгч нар ямар ч тохиолдолд ШШГГ хуулийн 55 дугаар зүйлд заасан шинжээч. үнэлгээчний тогоосон үнийг харилцан зөвшөөрөх эс бол тухайн хуулийн 55.7-д заасны дагуу шүүхээр үнэлгээг хүчинтэйд хүчингүй тооцуулахаар зайлшгүй 3 шатны шүүхээр маргах нь шийдвэр гүйцэтгэлийн алдаа зөрчилтэй ажиллагаанд оролцогчид гомдож мэтгэлцэхээс илүү үнэлгээ гэдэг зайлшгүй шүүхийн бүх шатаар тогтоогддог ажилгааттай болсон. Төлбөр авагч А.Е- шийдвэр гүйцэтгэгчийн зөвлөсний дагуу анхны дуудлага хчдалдааг алив нэгэн үнэлгээний маргаангүй явуулах цаашлаад иргэний хуулийн 177.4 -д заасны дагуу 350 сая төгрөгийн 50 хувиар буюу 175 сая төгрөгөөр хоёр дахь дуудлага худалдаанд оруулах. улмаар зарагдаж борлогдоогүй тохиолдолд 185 сая төгрөгийн гөлбөрт тооцуулан өөрчлөлт орохоос өмнөх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төлбөр гүйцэтгэх санал тавьж байсан байдаг. Ийм хууль,эрх зүйн зохицуулалтаар төлбөр барагдуулж дуусдаг байсан талаар хуулийн өөрчлөлтөөс болоод цаашид хэрэгжээгүй талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг шүүх үнэлээгүй дүгнэлт өгөөгүй. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ А.Е-ын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчид гаргасан 350 000 000 төгрөг хэт их өндөр үнэ гэж үзэж байгаа талаар энэ үнээр анхны дуудлага худалдаанд зарагдаж бөрлогдохгүй гэвч 50 хувь буурч хоёр дахь дуудлага худалдаагаар 175 сая төгрөгөөр борлогдох магадлалтай учир 350 сая төгрөгөөр анхны дуудлага худалдаанд оруулж өгнө үү гэх хүсэл зориг байсан нь шүүхийн шнйдвэрийн үндэслэл болгосон байна. Гэтэл хоёрдах дуудлага худалдаа болсны дараа хуучин хууль. эрх зүйн хүрээнд төлбөрт барьцааны хөрөнгөийг санал болгох ажиллагааг эс үйдлэхүй хэлбэрээр явуулаагүй бараг 2 жил болсон байдаг. Нэгэнт энэ гомдлыг 1-д дурьдсан хууль эрх зүйн орчин бий болсны дараа иргэн өөрийн хэлцэлээсээ хэдийд ч татгалзах цаашлаад аль үед өөрийн зөвшөөрөлөө цуцлах түүгээр олгогдсон эрхийнхээ дагуу үүссэн үр дагаварыг хариуцагчаас нэхэж шүүхэд бие даасан шаардлага гаргаж байхад, нэхэмжлэгч нэгэнт илэрхийлсэн санааг буцаахгүй гэж Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн үнэлгээ хүчингүй болгох шаардагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч А.Е- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан, талуудын тохиролцсон үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/05179 дүгээр захирамжаар, А.Е-ын нэхэмжлэлтэй, Г.Ш-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 158 000 000 төгрөг, алданги 40 152 000 төгрөг, нийт 198 152 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 185 000 000 төгрөг болгосныг хариуцагч хүлээн зөвшөөрч, төлбөрийн хуваарь гарган эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. Улмаар нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/07031 дүгээр шүүгчийн захирамжаар Б.Л-, Д.Г- нарын Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 12-р хороо Нарны замын 102 дугаар байрны 56 тоотод байрлах 94.5 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, зоорийн давхарт байрлах 96 тоот 18 м.кв авто зогсоолыг барьцаалагдсан болохыг дурьдаж, шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаа явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ. Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

 

            Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч сайн дураар биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр үүсгэж, төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026417 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо /13311/ Нарны зам 402 байр 56 тоотод байрлах 94.4 м.кв талбайтай орон сууц, 18 м.кв талбайтай авто зогсоолыг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 5179/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 04/09 дүгээр тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

            Талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн талаарх үнийн саналыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас авахад Г.Ш-болон тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.Л-, Д.Г- нар 350 000 000 төгрөгөөр тус тус үнэлж саналаа ирүүлснийг төлбөр авагч А.Е- 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Ц.Б-д гаргасан хүсэлтдээ хүлээн зөвшөөрсөн байна. /хэргийн 82 дугаар тал / Нөгөө талын санал болгож байгаа үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд түүнийгээ тодорхой илэрхийлсэн байх ёстой. Үүний үндсэн дээр шинжээчээр үнэлгээ тогтоолгох ажиллагаа явагдана. Гэтэл талууд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцсон байх тул хариуцагч байгууллагаас шинжээч томилж үнэлгээ тогтоолгох ажиллагааг хийгээгүй нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй.

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3 дах хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж, мөн хуулийн 55.3 дах хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж тус тус заасан. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзэхэд төлбөр төлөгч болон авагч нар хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцсон байх тул үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, талууд өөрсдөө тохиролцож тогтоосон үнэлгээнд гомдол гаргах эрхийг хуулиар олгоогүй байна. Учир нь дээрх эд хөрөнгийн үнлэгээг хариуцагчаас шинжээч томилж тогтоолгох ажиллагаа хийгдээгүй байна.

 

            Иймд НШШГГ- нь Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу ажиллагааг явуулсан байх тул анхан шатны шүүх А.Е-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/01744 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                  ШҮҮГЧИД                              Д.НЯМБАЗАР

 

                                     С.ЭНХТӨР