Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2020/01744

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2020         05          15                                      101/ШШ2020/01744

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.Е

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд оршин байрлах Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Майбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Еын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржрагал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Е нь 2015 оны 10 дугаар сарын 30-ний өдөр Г.Шийрэв-Очирт 160,000,000  төгрөгийг 4 сарын хугацаатай сарын 3,75 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлийн гэрээ байгуулсан боловч зээлдэгч нь гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл болон зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлээгүй юм.

Тиймээс иргэн А.Е шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/0179 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч Г.Шийрэв-Очир А.Еад 185,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан эвлэрсэн байдаг.

Захирамжийн дагуу хариуцагч нь нэхэмжлэгч А.Еад нэг ч төгрөг төлөөгүй тул түүний зээлийн гэрээ байгуулахдаа Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн барьцааны гэрээгээр Б.Лхагва, Д.Гэндэнпэлжээ нарын өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Нарны замын 102 дугаар байрны 56 тоотод байрлах 94,5 м.кв талбайтай 3 өрөө, Зоорийн давхрын 96 тоот 18 м.кв авто зогсоолыг барьцаалсан тул уг хөрөнгөөр төлбөрийг гаргуулах гэтэл Шийдвэр гүйцэтгэгч нь “шүүхийн шийдвэрт төлбөрийг барьцаагаар хангуулах зохицуулалт байхгүй тул барьцаа үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй гэсэн үндэслэлээр ажиллагаа хийгээгүй'’ юм. Ингээд А.Е дахин шүүхэд хандаж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Уг нэхэмжлэлийн дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/07031 дүгээр шүүгчийн захирамжаар Б.Лхагва, Д.Гэндэнпэлжээ нарын Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг 12-р хороо Нарны замын 102 дугаар байрны 56 тоотод байрлах 94.5 м.кв талбайтай 3 өрөө орон сууц. зоорийн давхарт байрлах 96 тоот 18 м.кв авто зогсоолыг барьцаалагдсан болохыг дурьдаж, шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаа явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн.

Ингээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Ц.Болормаа нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналыг төлбөр төлөгч Д.Гэндэнпэлжээ, Б.Лхагва, Г.Шийрэв-Очир болон төлбөр авагч А.Еаас авсан. Анх төлбөр төлөгч тал уг хөрөнгийн үнэлгээг 350 сая гэж тогтооход нэхэмжлэгч А.Е нь уг үнийг зах зээлийн үнээс “маш өндөр” үнэ байна гэхэд шийдвэр гүйцэтгэгч Ц.Болормаа нь түүнд “...Уг үнийг хүлээн зөвшөөрчихөө. Хэрэв зөвшөөрөхгүй бол хөндлөнгийн үнэлгээчнээр үнэ тогтоолгоно. Түүнийг нь төлбөр төлөгч тал хүлээн зөвшөөрөхгүй шууд шүүхэд хандана. Тэр нь 3 шатны шүүхээр явсаар байтал хамгийн багадаа нэг жилийн хугацаа алдана. Тэгж байхаар хэт өндөр үнэтэй ч байсан хамаагүй зөвшөөрөөд дуудлага худалдаанд оруулж байсан нь дээр" гэж зөвлөж хэлсэн байдаг.

Анхны болон хоёр дахь дуудлага худалдаанд оролцогч ороогүй нь уг үнэлгээ хэт өндөр бодит бус тогтоогдсоныг батална. Тухайн үед уг үнийг шийдвэр гүйцэтгэгчийн тулгасанар буюу зах зээлийн үнээр тогтоогоогүйгээс нэхэмжлэгч А.Еын эрх ашиг хохироод байна.

Тухайн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73-р зүйлийн 3-д “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцож олгоно.” гэж заасан байсан бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь уг хөрөнгийн дуудлага худалдаа болсноос хойш хуулийн дагуу А.Еад санал болгох ёстой байсан ажиллагааг явуулалгүй бүтэн 2 жил санаатай буюу санамсаргүй байдлаар хойшлуулж ирсэн байдаг.

Энэ хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт орсон. Хууль өөрчлөгдөхөөс өмнө ч тухайн үеийн шийдвэр гүйцэтгэгч болон ахлах шийдвэр гүйцэтгэгч нар нь чи зөрүү төлөх болчихоод байна гэж хуулийг буруу тайлбарлаж, ойлгуулж байсан байдаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар дүгнэлтээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэг нь Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн дүгнэснийг Улсын Их Хурлаас 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 77 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрснөөр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73.3-т “Дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон үнээр төлбөр авагчид санал болгоно. Худалдан борлогдоогүй хөрөнгийн үнэ гүйцэтгэх баримт бичиг заасан төлбөрийн шаардлагаас илүү дүнтэй бол төлбөр авагч үнийн дүнгийн зөрүүг төлснөөр худалдан борлогдоогүй хөрөнгийг хүлээн авах эрх нээгдэнэ.” гэж өөрчлөгдсөн.

Хуулийн шинэ зохицуулалтаар төлбөрт тооцуулан авах орон сууц, гаражийн дуудлага худалдаанд оруулах санал 350,000,000 төгрөг бөгөөд төлбөр төлөгч Г.Шийрэв- Очирын 185,000,000 төгрөгийн төлбөр барагдуулахын тулд зөрүүнд нь 165,000,000 төгрөг төлөх буюу төлбөр авагч нь төлбөр төлөх нөхцөл байдал бий болсон бөгөөд шүүхийн шийдвэр хэрэгжих, цаашид гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсч байна.

Шүүхийн шийдвэр гарснаас хойш даруй 4 жилийн хугацаа өнгөрч байгаа бөгөөд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх зөрчигдсөөр өнөөдрийг хүрсэн. Хуульд өөрчлөлт орсон, улмаар иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа орчин зохицуулалт, харилцаа өөрчлөгдсөн нь нэхэмжлэгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар тус шүүхэд гомдол нэхэмжлэл гаргах үндэслэл болсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73.5-д “Барьцаалагч-төлбөр авагчийн барьцаанд байгаа, эсхүл дундын өмчлөлийн худалдан борлогдоогүй төлбөр төлөгчид ногдох хөрөнгийг энэ хуулийн 55.3-т заасны дагуу тогтоосон үнэлгээгээр тооцож төлбөр авагчид шилжүүлнэ.” гэж заасны дагуу шинжээчийн үнэлгээнд үндэслэн дуудлага худалдааны санал болгох үнийг тогтоолгох хүсэлтэй байна. Дуудлага худалдааны үнийг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгох нь бодитой, зах зээлийн үнэлгээ тогтоогдоно гэж үзэж байна.

Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар тогтоосон дуудлага худалдаагаар худалдах үеийн үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох 350,000,000 төгрөгийн үнэ буюу үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Майбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/05179 дүгээр захирамжаар Г.Шийрэв-Очироос 185,547.300 төгрөгийг гаргуулж А.Еад олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 16261607 дугаар тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч Г.Шийрэв-Очирт шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд төлбөр төлөгдөөгүй тул түүний түүний барьцааны хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026417 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо /13311/ Нарны зам 402 байр 56 тоотод байрлах 94.4 м.кв талбайтай орон сууц, 18 м.кв талбайтай авто зогсоолыг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 5179//01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 04/09 дүгээр тогтоолоор хураасан.

Төлбөрт хураагдсан хөрөнгөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч Г.Шийрэв-Очир 350,000,000 төгрөгөөр, өмчлөгч Б.Лхагва 350,000,000 төгрөгөөр, мөн өмчлөгч Д.Гэндэнпэлжээ 350,000,000 төгрөгөөр тус тус үнийн санал ирүүлж, төлбөр авагч А.Е хүлээн зөвшөөрсөн.

Талуудад Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар харилцан тогтоосон 350.000.000 төгрөгийн үнийн 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдаанд 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт оруулах тухай мэдэгдлийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 3/14287 дугаар албан бичгээр баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Анхны дуудлага худалдаагаар үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д зааснаар харилцан тохиролцон үнийн дүнгийн 50 хувиар тооцон хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагт оруулах тухай мэдэгдлийг 2017 оны 06 дугаар сарын 9- ний өдрийн 3/16798 дугаар албан бичгээр баталгаат шуудангаар талуудад хүргүүлсэн.

Хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдсан боловч үл хөдлөх хөрөнгө худалдан борлогдоогүй тул төлбөр авагч А.Елболатад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу төлбөрт тооцон авахыг санал болгож, төлбөр авагч төлбөрт тооцон авах саналаа 2017 оны 9 дүгээр сарын 18-нд бичгээр гаргажээ.

Иймд 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг 3/24444 албан бичгээр санал болгох ажиллагаанд 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10 цагт хүрэлцэн ирэхийг талууд болон өмчлөгч нарт мэдэгдсэн байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/Ш32017/20387 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулахгүй байхыг даатгаж захирамжилсан.

Нэхэмжлэгч Д.Гэндэнпэлжээ, Б.Лхагва нарын “Үнэлгээг хүчингүй болгох, анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааны тогтоолыг тус тус хүчингүй болгох” нэхэмжлэл гаргасныг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 01 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/00395 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 767 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2018/01219 тогтоолоор тус тус нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

                                                                                           

Нэхэмжлэгч А.Е нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, Ү-2204026417 дугаарт бүртгэлтэй, 94 м.кв талбайтай орон сууц, 18 м.кв талбайтай авто зогсоолыг дуудлага худалдаагаар худалдахад санал болгох доод үнийг төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар тохиролцон тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар, талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болох бөгөөд хуулийн 55.3-т зааснаар, шийдвэр гүйцэтгэгч нь хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон байхыг шаардна.

Гэвч маргаан бүхий үнэлгээг шинжээч тогтоогоогүй буюу төлбөр төлөгч, төлбөр авагч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нар Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар харилцан тохиролцсон байв.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/05179 дүгээр захирамжаар, А.Еын нэхэмжлэлтэй, Г.Шийрэв-Очирт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 158,000,000 төгрөг, алданги 40,152,000 төгрөг, нийт 198,152,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 185,000,000 төгрөг болгосныг хариуцагч хүлээн зөвшөөрч, төлбөрийн хуваарь гарган эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.

Тус шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 16261607 дугаар тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч Г.Шийрэв-Очирт шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд төлбөр төлөгдөөгүйгээс төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026417 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо /13311/ Нарны зам 402 байр 56 тоотод байрлах 94.4 м.кв талбайтай орон сууц, 18 м.кв талбайтай авто зогсоолыг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 5179/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 04/09 дүгээр тогтоолоор хураасан байна.

Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь /хуучин нэрээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба/ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах санал болгох доод үнийг харилцан тохиролцох буюу үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэнээр төлбөр төлөгч Г.Шийрэв-Очир болон тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.Лхагва, Д.Гэндэнпэлбээ нар 350,000,000 төгрөгөөр тус тус үнэлж саналаа ирүүлснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр А.Еын бичсэн хүсэлт, тайлбараар тогтоогдов.

Нэхэмжлэгч А.Еын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Ц.Болормаад гаргасан хүсэлтэд “...350 сая төгрөг гэж үнэлснийг их өндөр үнэ гэж үзэж байна. Энэ үнээр эхний дуудлага худалдаагаар уг байр огт зарагдахгүй. Харин хоёр дахь дуудлага худалдаанд энэ үнийн 50 хувь буюу 175,000,000 төгрөгөөр зарагдахаар зарлагдах нь зах зээлийн одоогийн үнэнд дөхөж очих тул дээрх 350 сая гэсэн үнийг хүлээн зөвшөөрч байна. Иймд уг байрыг яаралтай дуудлага худалдаанд оруулж өгнө үү.” гэснээс үзэхэд, дуудлага худалдаанд оруулах эд хөрөнгийн санал болгох доод үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, төлбөр авагч нь дээрх хүсэлтдээ 350,000,000 төгрөгийг хэт өндөр үнэлгээ гэж дурьдсан нь 350,000,000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрч, байрыг яаралтай дуудлага худалдаанд оруулж өгнө үү гэсэн хүсэлтийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Дээр дурьдсанаар, дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцсон үйл баримт нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасантай нийцэж байх тул уг үнэлгээг шүүх хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Ү-2204026417 дугаарт бүртгэлтэй, 94 м.кв талбайтай орон сууц, 18 м.кв талбайтай авто зогсоолыг дуудлага худалдаагаар худалдахад санал болгох доод үнийг төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай А.Еын нэхэмжлэлийг нэхэмжлэлийг бүхэлд  нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч А.Еын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.УНДРАА