Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 118/2018/0004/З |
Дугаар | 397 |
Огноо | 2018-10-22 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 397
“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Дөрвөлжин, Ургамал сумдын
Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Х.Батсүрэн
Д.Мөнхтуяа
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: ““Н” ХХК-ийн Дааган дэл уул нэртэй талбайд гүйцэтгэх 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нарт даалгах, Тоглойн худаг нэртэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай байгаа тодорхойлолтыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэх тухай саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргаж өгөхгүй байгаа Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, холбогдох тодорхойлолтуудыг гаргаж өгөхийг Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нарт даалгах”
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2018/0377 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч: өмгөөлөгч Ө.О,
Хариуцагч: Завхан аймгийн Дөрвөлжин сумын Засаг дарга Ч.Б, Ургамал сумын Засаг даргын орлогч Г.Г нар,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н, өмгөөлөгч Ө.О нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн “Дааган дэл уул нэртэй талбайд гүйцэтгэх 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 25 дугаар зүйлийн 25.1.6, 25.1.7, 38 дугаар зүйлийн 38.1.5, 38.1.6, 48 дугаар зүйлийн 48.8, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн “Тоглойн худаг нэртэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай байгаа тодорхойлолтыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэх тухай саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргаж өгөхгүй байгаа Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, холбогдох тодорхойлолтуудыг гаргаж өгөхийг Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2018/0377 дугаар магадлалаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3-т заасныг баримтлан “Дааган дэл уул” нэртэй талбайд гүйцэтгэх 2018 оны байгаль орчны менежементийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, батлахыг Засаг дарга нарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Гол үндэслэл нь “Н” ХХК 2018 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хариуцагч нарт хүргүүлсэн нь тогтоогдохгүй байна гэж үзсэн. Орон нутагт шуудангаар явуулсан бичигт огт хариу өгдөггүй, тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдөл гаргах хугацаа нь дөхөж байгаа зэргийг харгалзан бид ажилтан Д.Д-аар Байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон бусад холбогдох баримтуудыг биечлэн өгүүлсэн. Ажилтан Д.Д холбогдох материалыг авч ирж уулзсан гэдгийг хариуцагч нарын хэн аль нь мэдэж байгаа, анхан шатны шүүх хуралдаанд оролцсон Ургамал сумын Засаг даргын орлогч шүүхэд мэдүүлэхдээ “Д.Д материалаа авч ирсэн, энэ материалтай танилцаад байгаль орчны мэргэжилтнээсээ мэдээллийг авсан” гэснээс үзвэл 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг авч очсон гэдэг нь тодорхой юм. Ургамал сумын Засаг дарга нь давж заалдах шатны шүүх хуралд оролцсон бөгөөд хүсэлт болон холбогдох бүх баримтыг авч очсон гэдгийг шүүх хурал дээр ч хэлсээр байхад шүүх зөвхөн нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй юм. Харин Засаг дарга нар албан бичиг дээр нь гарын үсэг зураад бусад бичиг баримтыг хүлээж авахгүй, аваад яв гэсэн учраас буцаагаад аваад явахаас өөр аргагүй болсон. Албан бичиг дээрээ ч нэг тусгай зөвшөөрөл дээрээ ашиглалтын тусгай зөвшөөрөл авах, нөгөө тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаар хүсэлт гаргаж, холбогдох баримтыг Д.Д болон Д.Э нар биечлэн танилцуулсан байгаа.
4. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд “Албан тушаалтан нь: 1/иргэдээс өргөдөл, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрэн хангах; 2/харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах тухай”, 9 дүгээр зүйлд “3.Амаар биечлэн гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч байгаа этгээд тэмдэглэн авч, өргөдөл, гомдол гаргагчийн гарын үсгийг зуруулна. Гарын үсгээ зурж чадахгүй бол энэ тухай тэмдэглэнэ”, 12 дугаар зүйлд “1.Төрийн бүх байгууллага өргөдөл, гомдол гаргагчийг хүлээн авч уулзах байр, өргөдөл, гомдол хүлээн авах цагийн хуваарийг тогтоож, нийтэд мэдэгдэнэ. Хол газраас ирсэн иргэнийг хүлээлгэлгүйгээр хүлээн авч уулзана, 2.Иргэдийг хүлээн авах байранд ирж амаар гаргасан өргөдөл, гомдлыг түүнийг хүлээн авах үүрэг бүхий ажилтан тэмдэглэн авч, тусгай бүртгэлд бүртгэнэ” гэж зааснаас үзвэл өргөдлийг бүртгэх үүрэг нь албан тушаалтны үүрэг байна. Гэтэл шүүх уг хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, өргөдөл гаргагч өөрөө бүртгүүлэх ёстой мэт дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.
5. Засаг даргын орлогч нь материалаа авч ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрч, шүүхэд мэдүүлсээр байхад шүүх ирсэн бичгийн бүртгэлийг үндэслэн 2018 оны “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хүргүүлсэн нь тогтоогдохгүй байна, хүргүүлээгүй учраас батлах боломжгүй байсан” гэсэн дүгнэлт хийсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Амьд хүн биечлэн авч очихоос өөр арга байгаагүй бөгөөд амаар биечлэн гаргасан өргөдлийг ч бүртгэх үүрэгтэй байсан.
6. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Шүүхийн шийдвэрийн 11 дэх хуудсанд тэмдэглэснээс үзвэл шүүх хариуцагч Дөрвөлжин, Ургамал сумдын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 12 дугаар сарын ирсэн бичгийн бүртгэлд үзлэг хийсэн тухай дурджээ. Гэтэл нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчид энэ тухай огт мэдэгдээгүй. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан “шүүхийн өмнө эрх тэгш байх”, 6 дугаар зүйлийн 6.2-т заасан “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ”, 7 дугаар зүйлд заасан “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэсэн зарчмуудыг ноцтой зөрчсөн. Хэрвээ бид энэ тухай мэдсэн бол Ургамал сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтан Эрдэнэцэцэгийн цахим шууданд үзлэг хийлгэх байсан. Учир нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр манай компанийн ажилтан Д.Э-ийн цахим шуудангаас хаягаар бичиг баримтаа явуулсан. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Өргөдөл, гомдол гаргах хэлбэр: Өргөдөл, гомдлыг төрийн албан ёсны хэлээр бичгээр буюу амаар гаргана. Өргөдөл, гомдлыг цахим сүлжээгээр дамжуулан гаргаж болно” гэж хуульчилсан. Гэтэл өргөдлөө өгч бүртгүүлээгүй гэдэг нөхцөл байдал нь шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болсон байгаа.
7. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 25 дугаар зүйлийн 25.1.6, 25.1.7, 38 дугаар зүйлийн 38.1.5, 38.1.6, 48 дугаар зүйлийн 48.8, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дах заалтыг баримтлан “Н” ХХК-ийн “Тоглойн худаг” нэртэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай байгаа тодорхойлолтыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст, мөн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэх тухай тодорхойлолтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргаж өгөхгүй байгаа Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, холбогдох тодорхойлолтуудыг гаргаж өгөхийг Засаг дарга нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. “Тоглойн худаг” нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлийг 2007 онд анх олгосон бөгөөд компани 2009 оноос хойш хайгуулын ажил идэвхтэй явуулж ирсэн. Уг талбайд хайгуулын ажил хийхэд нийт 1,029,941,5 төгрөг зарцуулсан. Энэ бол зөвхөн хайгуулын ажилд зарцуулсан зардал. Үүнээс гадна орон нутгийн хандив, тусламж, ажилчдын цалин хөлс гэх мэт бусад олон төрлийн зардал гаргаж ирсэн. Манай компани гадны хөрөнгө оруулалтгүй, зөвхөн өөрсдийн хөрөнгө мөнгийг чадан ядан хайгуулдаа зарцуулж ирсэн.
8. Манай үйл ажиллагааны талаар урьд урьдын Засаг дарга нар мэдэж байгаа. Манай орон нутгийн удирдлагууд шинээр гарч ирсэн нь урьд нь ажиллаж байсан албан тушаалтныхаа үйл ажиллагааг буруутгадаг, тэдний үед мэдэгдэж байсан үйл баримтыг мэдэн будилдаг нь ердийн үзэгдэл болжээ. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар орон нутаг хяналтаа тавилгүй яах вэ, гэхдээ Монгол Улс төрийн байгуулалтын хувьд нэгдмэл улсын хувьд Ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулахаар хуульчилсан, хайгуулын тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу Засгийн газрын шийдвэрээр олгосон. Хариуцагч нарын тайлбараас харахад манай компанийг хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсвэл байгаль орчинд хохирол учруулсан, нөхөн сэргээгээгүй орхисон тухай ямар нэгэн баримт нотолгоо, тодорхой зөрчлийн талаар огт дурдаагүй /учир нь огт байхгүй/ байхад шүүхээс тайлан ирүүлээгүй учир “хайгуулын ажлын явцад байгаль орчны менежементийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан” гэсэн тодорхойлолтыг гаргах боломжгүй, хэрвээ тайлан гаргаж дүгнүүлсэн байсан бол хариуцагч нар Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-д заасан баримт, 25.1.7-д заасан саналыг гаргах үндэслэлтэй гэж үзсэн.
9. Ашигт малтмалын тухай хуулийн Мэдээ тайлан гаргах тухай 48 дугаар зүйлийн 48.5-д зааснаар Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчээс дутуу ирүүлсэн мэдээ тайланг шаардах эрхтэй, мөн хэрэгт авагдсан баримтаар байгаль орчныг хамгаалах талаар сумдын удирдлагаас гаргаж байсан санал гомдол байхгүй байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 38.3-т зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг бүрэн биелүүлээгүй бол сум дүүргийн Засаг дарга нар энэ хуулийн 38.1.8-д тусгасан барьцаа хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулдаг. Манай компанид уг байршуулсан хөрөнгө нь нөхөн сэргээлтэд хүрэхгүй байна ч гэдэг юм уу, ямар нэгэн шаардлага мэдэгдэл ирүүлж байгаагүй юм. Ургамал сумын Засаг дарга байхгүй тул санал, тодорхойлолт хийж өгөх боломжгүй, Дөрвөлжин сумын Засаг дарга нь Ургамал сумаараа эхлээд асуудлаа шийдүүл, тэднийг хэрхэн шийдвэрлэснээс шалтгаалан дараа нь бид шийднэ гэсэн хариултыг бидэнд өгч байсан /хурлын тэмдэглэл/ гэдгийг нэмж тэмдэглэмээр байна. Шүүх дээр үүргээ биелүүлээгүй гэдэг тайлбар гаргаж байгаа боловч анх бидэнтэй уулзаад хэлж байсан шалтгаан нь огт өөр байсан.
10. Шүүхийн шаардсан баримт болгоныг явуулж байсан. Харин төлбөрийн баримтыг гаргуулахаар Төрийн санд хандсан талаар шүүгчид утсаар ярихад нь хэлж мэдэгдэж байсан. Төрийн сан болон банкаар хөөцөлдөж байж төлбөр төлсөн баримтуудаа ч гаргаж авсан. Хэргийн 206 дугаар хуудсанд авагдсан тайлангийн маягт 7-д “2016 онд Байгаль орчны нөхөн сэргээлтийн мөнгийг Завхан, Ургамал сумын Байгаль орчны дансанд 50 хувь байршуулсан . Мэдээг хүлээн зөвшөөрсөн Завхан, Ургамал сумын байцаагч” гэсэн тамга тэмдэг байхад шүүх уг нотлох баримтыг огт үнэлэхгүйгээр төлбөр төлсөн баримт гаргаж өгөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
11. 2007 онд анх авснаасаа хойш хуулийн дагуу ажиллаж байсан, 1 тэрбум гаруй төгрөг зарцуулан хайгуулын ажил хийсэн, байгаль орны хууль тогтоомжийг зөрчсөн талаар ямар нэгэн гомдол хэзээ ч гарч байгаагүй зэргийг харгалзан шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
12. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзээгүй, шаардлагатай нотлох баримтыг цуглуулаагүйгээс хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд буюу хариуцагч нарын эс үйлдэхүйн хууль зүйн үндэслэлд бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Тодруулбал:
13. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Н” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн эхний шаардлага буюу тус компанийн “Дааган дэл уул” нэртэй талбайд гүйцэтгэх 2018 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Засаг дарга нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж ... сумын Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэх нөхцөл байдлыг тодруулахаар нэхэмжлэгчээс удаа дараа энэ талаарх баримтыг шаардаж, мөн хариуцагч ... сумдын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 12 дугаар сарын ирсэн бичгийн бүртгэлд үзлэгийн ажиллагаа хийсэн боловч “Н” ХХК-иас XV-017981 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хариуцагч нарт хүргүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд... хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлтийг хийжээ.
14. Гэтэл шүүх шийдвэрийн Үндэслэх хэсэгтээ: “нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болж байсан тул XV-017981 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Дөрвөлжин сумын Засаг даргад 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 17/07 дугаар, Ургамал сумын Засаг даргад 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 17/08 дугаартай хүсэлтээр биечлэн хандаж, тэдгээр хүсэлттэй Дөрвөлжин сумын байгаль хамгаалагч М.А, Ургамал сумын Засаг даргын орлогч Г.Г нар танилцан гарын үсэг зурсан болох нь тогтоогдож байна. Гэвч нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн уг хүсэлтүүд нь шүүхийн үзлэгийн явцад Дөрвөлжин, Ургамал сумдын 2017 оны 12 дугаар сарын ирсэн бичгийн бүртгэлд байхгүй байх ба нэхэмжлэгч компанийн төлөөлөгч нар уг хүсэлтээ танилцуулж гарын үсэг зуруулаад буцаан авч явсан гэж хариуцагч Ургамал сумын Засаг даргын орлогч Г.Г тайлбарлаж байна” гэсэн эсрэг агуулга бүхий дүгнэлт өгсөн байна. Ийнхүү хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, төлөвлөгөөг огт аваагүй гэж маргаагүй, харин танилцсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгчийн зүгээс холбогдох төлөвлөгөө болон хүсэлтүүдийг хэрэгт нотлох баримтаар өгсөн, мөн хяналтын шатны шүүх хуралдаан дээр хариуцагч нараас “нэхэмжлэгч компанийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг иргэдийн Хурлаараа хэлэлцүүлсэн, гэвч Хурал зөвшөөрөөгүй тул татгалзсан” гэсэн тайлбарыг өгсөн, зэргээс үзвэл “нэхэмжлэгчээс байгаль орчны менежментийн шинэчилсэн төлөвлөгөөг өгөөгүй” гэх шүүхийн дүгнэлт үгүйсгэгдэхээр байна.
15. Иймд, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас “биечлэн очиж гаргасан өргөдлийг бүртгэх нь албан тушаалтны үүрэг байтал нэхэмжлэгч өөрөө бүртгүүлэх ёстой мэт дүгнэлт хийсэн, Засаг даргын орлогч нь материалаа авч ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрч, шүүхэд мэдүүлсээр байхад шүүх ирсэн бичгийн бүртгэлийг үндэслэн дүгнэлт хийсэн, шүүхийн үзлэгийн талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй, мэдсэн бол Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтны цахим хаягт үзлэг хийлгэх байсан...” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй, энэхүү нөхцөл байдлыг шүүх бүрэн тогтоох шаардлагатай.
16. Мөн, шүүх нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох “Тоглойн худаг нэртэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай байгаа тодорхойлолтыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэх тухай саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргаж өгөхгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, холбогдох тодорхойлолтуудыг гаргаж өгөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “11200 Х Хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшигч нэхэмжлэгч компани нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан тухайгаа хариуцагч нарт тайлагнаж хүргүүлсэн, төлөвлөгөөний нэмэлт, өөрчлөлтийг хариуцагч нараар батлуулсан буюу төлөвлөгөөг дүгнүүлсэн гэх нөхцөл байдал шүүхийн үзлэгийн явцад тогтоогдоогүй...” гэж дүгнэжээ. Гэтэл хэрэгт нэхэмжлэгчийн 11200 Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2016 онд буюу 11 дэх жилд хийсэн ажлын тайлан авагдсан байх бөгөөд түүний хавсралт Маягт 7-д “Тоглойн худаг” нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2016 онд хийсэн Байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлын мэдээг хүлээн зөвшөөрсөн баримтыг /Ургамал сумын байгаль орчны байцаагч гарын үсэг зурж, Засаг дарга тамга дарсан/ шүүх хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, нэгэнт 07 Маягтад заасан суваг, шурф, цооногийн ажил хийгдээгүй тохиолдолд түүнийг хийгдээгүй гэдгээр нь буюу хоосон байгаагаар нь баталдаг гэх нэхэмжлэгчийн тайлбарт дүгнэлт өгөөгүй, мөн хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчийг хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагүй /тухайлбал Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3/, түүнчлэн нэхэмжлэгч компанийн хайгуулын үйл ажиллагааны улмаас байгаль орчинд хохирол учирсан, уг хохирлыг нөхөн сэргээгээгүй гэх үйл баримт тогтоогдоогүй, мөн хариуцагч Дөрвөлжин сумын Засаг даргаас “манай сумын нутаг дэвсгэр дээр хайгуулын ажил бараг хийгдээгүй тул Ургамал сумын байр суурийг эхэлж харсан” гэсэн тайлбарыг шүүх хуралдаан дээр өгсөн бөгөөд хэрэв хайгуулын ажил хийгдэж, байгаль орчинд хохирол учраагүй юм бол яагаад татгалзаж байгаа нь тодорхойгүй зэргээс үзвэл “нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлээгүй” гэх үйл баримт бүрэн тогтоогдохгүй байна.
17. Түүнээс гадна шүүхүүд хариуцагчийн эс үйлдэхүй буюу татгалзлын хууль зүйн үндэслэлийн тухайд, тухайлбал ирээдүйд хэрэгжих байгаль орчны менежментийн шинэчилсэн төлөвлөгөөг батлах, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх тухай санал өгөхийн зорилго юунд оршиж байгаа, Засаг дарга нар нь ямар үндэслэлээр төлөвлөгөөг батлах болон санал өгөхөөс татгалзаж болох талаар хангалттай дүгнэлт хийгээгүйг дурдах нь зүйтэй.
18. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах, мөн үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх боломжгүй байх тул шүүх бүрэлдэхүүнээс шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2018/0377 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ