Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2016/00324

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д.Э

Хариуцагч: Ч.Б

963.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Э миний бие Ч.Б-тай тусалж дэмждэг гэр бүлийн найзууд юм. Бид Өмнөговь аймаг Гурван тэс сумын нутаг Шивээ хүрэнгийн боомтод 2014 оноос хамтран хувиараа хөдөлмөр эрхэлж байсан танилын холбоотой хүмүүс юм. Ажил эрхлэх хугацаанд миний бие тухайн газар хоолны газар ажиллуулж, хүнсний худалдаа хийж боломжийн үйл ажиллагаа явуулж Ч.Б- хүнсний бүтээгдэхүүн, хоол зэргийг зээлээр авч цалин буух хугацаандаа бөөнөөр төлж барагдуулдаг байсан юм. Гэтэл 2014 оны 10 дугаар сараас эхлэн зээлж авсан хоол хүнс, бараа материал бичүүлж авсаар 3000 юань буюу тухайн үеийн ханшаар бодоход 963000 төгрөгийн үнийн дүнтэй болж цалин буух үед нь тооцоогоо хийж дуусга гэхэд өгнө, төлнө гэж явсаар 2015 оны 1 сард эцсийн төлөх хугацаа өнгөрөхөд тооцоогоо хийж дуусгалгүй сүүлдээ тэр газраас яваад өнөөдрийг хүртэл мөнгөө төлөхгүй байна. Иймд Ч.Б-гаас зээлж авсан бараа, хүнс, хоолны үнэ болох 963000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Д.Э нь 963.000 төгрөгийг хариуцагч Ч.Б-гаас гаргуулж өгнө үү гэж нэхэмжилж байх ба шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Учир нь:

Хариуцагч Ч.Б- нь нэхэмжлэгч Д.Эын тус шүүхэд 2016 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн хувийг 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гардан авч, 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хариу тайлбар ирүүлэхээр хугацаа тогтоож өгсөн байх ба хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул тус хуулийн 72.3-т зааснаар хариуцагч Ч.Б-г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож 963000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Мөн хариуцагч Ч.Б-д 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 14 цаг 30 минутанд товлосон шүүх хуралдааны товыг *************** дугаарын утас болон нэхэмжлэлд дурдсан хаягаар мэдэгдэх гэсэн боловч хариуцагч нь оршин суух хаягандаа байгаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д зааснаар түүний эгч Э, оршин суугаа багийн Засаг дарга Т.Б нарт мэдэгдэх хуудсыг хүлээлгэн өгч тов мэдэгдсэн ба мөн нэхэмжлэгч нь хэргийг өөрийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж байх тул тус хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар зохигчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Д.Эын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 27.662 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ч.Б-гаас 27.662 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72,3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 зааснаар хариуцагч Ч.Б-гаас 963.000 /есөн зуун жаран гурван мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Эд олгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Эын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 27.662 /хорин долоон мянга зургаан зуун жаран хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б-гаас 27.662 /хорин долоон мянга зургаан зуун жаран хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыгИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БЯМБАСҮРЭН