Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 99

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бүрэнтогтох,

Улсын яллагч Б.Батнасан,

Насанд хүрээгүй хохирогч М.Б , Б.Б , тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч С.Н ,

Шүүгдэгч О.Б , түүний өмгөөлөгч Ж.Д  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Б-т холбогдох 17160006200021 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, Говь-Алтай аймгийн ....... сумын ...... багийн 11-11 тоотод оршин суудаг, 1996 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Д.......... регистрийн дугаартай, бие эрүүл, ухаан бүрэн, Тайж овогт О-гийн Б  гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.Б  нь 2017 оны  09 сарын 15-ны өдрийн 17 цагийн үед Говь-Алтай аймгийн ............... сумын Оргил багийн 11-12 тоот хашаанд насанд хүрээгүй хүмүүс болох М.Б , У.С , М.Б , Э.Ц, Х.Б, Б.Б, нарын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, насанд хүрээгүй хүн Э.Ц-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч О.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Тэр өдөр 13 цагийн үед би гэртээ байсан. Гэрийнхээ цонхоор харахад хашааны үүд нь дээр хүүхдүүд бөөгнөрөөд зогсож байсан. Би доод талын хашаагаар тойрч гараад найзруугаа явж байсан. Манай найзын төрсөн өдөр гээд тааралдаад нэг пиво уугаад буцаад ирсэн. 17 цагийн үед хүүхдүүд хашаа руу шээгээд зогсож байсан. Тэгэхлээр нь би жаахан уурлаад цохисон. Цохисондоо гэмшиж байна. Би гар дээрээ эд нараас мөнгө аваагүй. Өөрсдөө уучлалт гуйгаад, шээгээд, шүлсээ хаяж байсан нь бидний буруу гээд өөрсдөө яваад пиво авчирч өгсөн. Пиво аль дэлгүүрээс авчирч өгснийг би тухайн үедээ мэдээгүй. Номин гэх нэртэй дэлгүүрээс пиво аваад дараа нь тэр дэлгүүрийг торгосон байсан. Хавтаст хэрэгтээ танилцаад мэдсэн...Ямар ч байсан хийсэн үйлдэлээ санаж байгаа...Намайг өдөр гэрээс гарахад хашааны үүдэн дээр тамхи татаад шүлсээ хаяад зогсож байсан. Би таньдаг Бамбууд хэлээд та нар явцгаагаарай гэж хэлээд буцаад ирэхэд бас бөөгнөрчихсөн зогсож байсан. Би өмнө нь бас хэлж байсан. Манай доод талын хашааны айлд хүн байхгүй, дүү нь гэрлэх гээд бүгд талд байсан. Доод талын хашааг харж байгаарай гэж хажуу талын хөрш айл захисан...Шээгээд байж байсанд уучлаарай гэсэн. Би Х.Б-ийг танина...Цохиж зодсон нь миний буруу. Би гар дээрээ мөнгө аваагүй. Өөрсдөө надад пиво авчирч өгсөн...Эхний удаа мэдүүлэг өгөхдөө айгаад балмагдаад сүүлд нь хэлсэн... Би нэг аягыг уусан байх. Доод  айлын хүмүүс нь ирээд салгаад явуулсан. Би пиво авч яваагүй... Найзынхаа цүнхэнд хийсэн байж магадгүй. Миний зүрх савлахаар би жаахан багтраад байдаг... Ахын дүү нар пиво аваад өгчих гэхэд одоо энэ М.Б-д байсан юм байна. Босоод найз нараасаа мөнгө аваад нэг бандитай гараад явсан... Өдөр хашаа руу шээгээд тамхи татаад шүлсээ хаяад байсан. Би яв гар гээд тэгээд цохисон... Би Бамбууд хэлсэн ахын дүү нар яв гэж шаардлага тавьсан гэдгээ хэлсэн. Бид нар хөзөр тоглож байна гэсэн. Би орой боллоо эртхэн явцгаа гэж Бамбуутай гадаа уулзсан. Би надад нэгж байдаггүй, чи утсаар яриулаач гэсэн. Өмнө нь энэ хэд зөндөө ордог байсан. Энэ хэд цоожийг нь эвдэж орсон ч юм билүү би сайн мэдэхгүй байна... Нийт 1.190.000 төгрөг өгсөн. Эхлээд 190.000 төгрөг, дараа нь 500.000 төгрөг, дахиад 500.000 төгрөг өгсөн... Энэ хэргийг үнэн бодитоор зөв шийдэж өгнө үү? Э.Цэнд-Аюушийг зодож биед нь гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Дээрмийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... Хэрэг шийдэгдэх юм бол Улаанбаатар хотод очиж ажил хийх боломжтой байгаа. Мөнгөн торгууль оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг,  

Насанд хүрээгүй хохирогч М.Б-дийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Тэр өдөр бид нар айлын хашаанд тоглоод байж байсан. Гэтэл О.Б  Х.Б-тэй уулзъя гээд уулзсан. Х.Б-ээс нэгжтэй утас байна уу? гэсэн байхгүй гэхэд гаднаас орж ирээд манай найзуудыг хэд хэдэн удаа цохиж авсан. Надад 5000 төгрөг байсан би тэр мөнгөөрөө пиво авчирч өгсөн... Ганц пиво аваад өгчих гэсэн... Пиво аваад өг гээд Х.Б  бид хоёр пиво авч өгсөн. 3000 төгрөгийг манай найзууд гаргасан байх... Манай найзуудыг цохиж зодоод байхлаар нь би пиво авч өгсөн... Би өөрөө пиво авчирч өгсөн... Манай найзуудыг цохиж зодоод байсан болохоор хэлсэнээр нь пиво авчирч өгсөн... санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...Дэлгүүр явахдаа Б.Б-ий цүнхийг авч явсан... Би бол дээрэмдүүлсэн гэж бодохгүй байна...Намайг нээх их цохиж зодсон зүйл байхгүй...Зорилгогүй, архиныхаа халуунд цохисон байх...Зодсоныхоо дараа пиво аваад өг гэсэн..С нь  мэдүүлэг өгөөдөх зохих хэмжээний мөнгө өгнө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Тэр өдөр Х.Б  бид нараас нэгжтэй утас байна уу? гэж асууж байхад араас нь О.Б  орж ирсэн. Утас байна нэгж алга гэж хэлсэн. Тэгээд байж байхад цохиж аваад ганц пиво аваад өгчих гэсэн. Би 2000 төгрөг гаргаад, У.С-с 1000 төгрөг, М.Б-д 5000 төгрөг гаргаж ирээд Х.Б , М.Б-д нар пивонд явсан. Тэр хойгуур нэг нэг цохиж аваад удалгүй Х.Б , М.Б-д хоёр пиво аваад ирсэн. Удалгүй айлынх хүмүүс ирээд бид нар гараад явсан. О.Б  яасныг бүү мэд. Бид нар хашаа руу шээж, тамхи татаагүй, өөр хүмүүс байж магадгүй... Бид нарыг цохиж зодоод байсан болохоор хурдхан гарчих юмсан гэж бодоод өгсөн... 2-3 удаа алгадсан... Э.Ц-ийг өшиглөсөн... Бид нарын мөнгөөр пиво авхуулсан... Хурдан гаръя гэж бодоод пиво авч өгсөн... О.Б-ын найз нь орж ирээд сууцгаа гээд удалгүй М.Б-д, нөгөө айлынх нь хүмүүс ирсэн...Пиво аваад өг гэсэн...” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч Э.Ц-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 09-р сарын 15-нд 17 цагаас 18 цагийн хооронд “Хантайшир-Эрдэм” сургуулийн урд талд байдаг намхан нэг давхар цагаан байранд манай найз Батчингис байдаг юм, тэдний хашаанд байх амбаарт С, Б, Б, Б , Б  бид нар хөзөр тоглоод сууж байхад хашааны гаднаас нэг танихгүй залуу Б-ийг дуудсан юм. Б  тэр залуутай уулзчихаад “нэгжтэй утас байна уу” гээд асууж орж ирсэн. Тэгээд байж байтал танихгүй залуу араас нь ороод ирсэн. Сүүлд нь нэрийг нь мэдэхэд Бүтэнээ гэж байсан. Бү  нь орж ирэхдээ архи уучихсан согтуу байсан. Бид нарыг хөзөр тоглоод хожсон мөнгөнүүдээ гаргаж өг гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нарт мөнгө байхгүй, мөнгөөр тоглоогүй гэж хэлсэн чинь бид нарыг босгож зогсоогоод мөнгөө гаргаж ир гээд бүгдийг нь алгадаж аваад бид нараас 8000 төгрөг авсан юм. Тэгээд намайг сууж байхад Бү  гэгч нь миний нүүр лүү хөлөөрөө өшиглөчихсөн юм. Тэгээд зүүн нүд болон хамар луу гараараа цохиж зодсон юм. Хамт байсан хүүхдүүдийг цохиж зодсон...Одоо ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх 147-149-рт/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Бү   гэгч  нь  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан, тэгээд амбаарт байсан бид нарыг цохиж аваад байсан, Б-ээс 5000 төгрөг авсан, Б-аас 2000 төгрөг авсан, С-ээс 1000 төгрөг авсан, нийт 8000 төгрөг болсон... Бүтэнээ нь дух руу нэг удаа цохисон, миний хамрын үзүүрийг алгадахдаа шалбалсан...” гэх мэдүүлэг/хх 136-138-рт/,

Насанд хүрээгүй хохирогч Х.Б-сийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Бү  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан юм. Тэгээд намайг дагаад манай хашаанд амбаарт орсон, тэнд байсан манай найзуудыг цохиж аваад байсан,...Б-дээс 5000 төгрөг авсан, Б-аас 2000 төгрөг, С-сээс 1000 төгрөг авсан, нийт 8000 төгрөг болсон. Б бид хоёр анагаахын оюутны байрны урд талд байх шар халуун усны урд талын Номин гэх дэлгүүрээс Боргио нэртэй пиво 2 литрийнхийг  6500 төгрөгөөр аваад Бү-т авчирч өгсөн...Бид нарыг гараараа цохисон, Э.Ц-ийг хөлөөрөө өшиглөсөн юм, мөн гараараа нүүр лүү нь цохисон... Намайг 1-2 удаа гараараа хацар луу алгадсан...” гэх мэдүүлэг/хх 139-141-рт/,

Насанд хүрээгүй хохирогч У.С-сийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Бид нарыг цохиж аваад байсан,...Б-ээс 5000 төгрөг, Б-аас 2000 төгрөг, надаас 1000 төгрөг, нийт 8000 төгрөг болсон... Намайг хацар луу гараараа 4 удаа алгадсан...” гэх мэдүүлэг/хх 142-144-р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч М.Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Бид нарыг цохиж аваад байсан, ... надаас 5000 төгрөг авсан, тухайн үед мөнгөө гаргаад тавьцгаа гэж хэлэхээр нь бид нар хөзөр тоглож байсан ширээн дээрээ мөнгөө гаргаж тавьсан юм.  Би 5000 төгрөг гаргаж тавихад бас 3000 төгрөг ширээн дээр гаргаад тавьсан байсан. Хэн гаргаж тавьсныг хараагүй юм, нийт 8000 төгрөг болсон. Б  бид хоёр анагаахын оюутны байрны урд талд байх шар халуун усны урд талын нэг дэлгүүрээс бор савтай пиво 2 литрийнхийг 6500 төгрөгөөр аваад Бү-т авчирч өгсөн...пивоо аваад яваад өгсөн...Бид нарыг гараараа нүүр лүү цохисон. Намайг цохиход нь би бултаад цохиулаагүй. Э.Ц-ийг хөлөөрөө өшиглөсөн юм. Мөн гараараа нүүрлүү нь цохисон. Э.Ц-ийн хамар нь муруйчихсан байсан…Надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...5000 төгрөгөө авахгүй..” гэх мэдүүлэг/хх 150-152-рт/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Тухайн үед Бү  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн согтуу байсан юм. Тэгээд бид нарыг цохиж аваад байсан, мөнгө нэхсэн... нийт 8000 төгрөг болсон... Намайг хацар луу гараараа 4 удаа  алгадсан...  Би  шинжээч  эмчид үзүүлж дүгнэлт гаргуулахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 153-155-р хуудас/,

Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017.09.15-ны өдөр би өөрийнхөө аавын гэрт А-ын хамт яваад очиход амбаарт нь Бү  Б-ийг найзуудтай нь амбаарт суулгачихсан юм яриад байж байсан. Тэгээд яасан юм гэж асуусан чинь тэдгээр хүүхдүүд яагаачгүй зүгээр зүгээр гэж хэлж байсан. Тэгээд Бү-ыг А  бид 2 амбаар дотор юу хийцгээгээд байгаа юм гарцгаа гэж хэлсэн чинь Бү  гараад явсан. Тэгсэн нэг хүүхэд нь Бү-ын араас цүнхээ авья гэж хэлсэн чинь Бү  эргэж цүнхийг нь  өгөөд дотороос нь нэг пиво аваад хашаанаас гараад явсан...тэр хүүхдүүдээр пиво авхуулсан гэж Б  хэлж байсан...” гэх мэдүүлэг/хх 60-61-рт/,

Гэрч Б.А-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017.09.15-ны өдөр би өөрийнхөө аавын байшингаас юм авахаар Мө-ын хамт яваад очиход амбаарт хүмүүс дугараад байсан. Тэгэхээр нь би түрүүлээд яваад орсон чинь Бү , Б  2 амбаарны үүдний хэсэгт зогсож байсан. Цаана нь 4, 5 хүүхэд газарт сууж байгаа харагдсан. Тэгээд М  араас орж ирсэн тэгээд юу хийцгээж байгаа юм гэж асуусан чинь хийсэн зүйлгүй зүгээр сууж байна гэж тэдгээр хүүхдүүд хэлсэн. Намайг ороод харахад Бү  тэдгээр хүүхдүүдийг цохиж зодсон байдалтай харагдсан. Сүүлд Б-ээс асуухад зодсон гэж хэлсэн. Тэгээд тухайн үед тэдгээр хүүхдүүд зөрөөд гараад явцгаасан. Тэр үед Бү  нэг хүүхдийнх нь цүнхнээс пиво гаргаад аваад явсан...” гэх мэдүүлэг/хх 62-63-рт/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.А-ын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №278 дугаартай “...1.Э.Ц-ийн биед хамар ясны далд хугарал, зүүн дээд доод зовхинд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...”  гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68-69-р хуудас/,

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн Засаг даргын тодорхойлолт/хх 100-рт/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх 104-рт/

Хаан банкны орлогын мэдүүлэг/хх 20-рт/ болон улсын яллагчийн хүсэлтээр: Иргэн З.С-гийн гомдол/хх-3-рт/, насанд хүрээгүй хохирогч нарыг гэрч, хохирогчоор мэдүүлэг авсан байгаа. Хаан банкны орлогын мэдүүлэг/хх-20-рт/, шүүгдэгч О.Бү-ын гэрчээр өгсөн мэдүүлэг/хх-58-59-рт/, гэрч М-ын мэдүүлэг/хх-60-61-рт/, гэрч А-ын мэдүүлэг/хх-62-63-рт/ зэрэг нотлох баримтуудыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: Хаан банкны орлогын мэдүүлэг/хх-20-рт/, 190.000 төгрөг бэлнээр өгсөн. Сүүлд 500.000 төгрөг, нийт 1.200.000 төгрөг өгсөн байгаа. З.С  нь шүүгдэгчээс удаа дараа мөнгө нэхэж байсан. Хэрэгт  хохирлын нотлох баримт байдаггүй. Өмгөөлөгчийн тухайд З.С-тай уулзаж байсан мөнгө өгвөл мэдүүлгийг яаж ч өөрчилж болно гэх зүйлийг ярьдаг. З.С  нь энэ хүүхдүүдтэй нэг нутаг усныхан бүгдийг нь таньдаг. Мэдүүлгийг ингэж өг, тэгж өг гэдэг. Энэ талаар нэг хүүхдээс сонсож байсан. Хохиролоос тодорхой хэмжээний мөнгө өгье гэдэг боловч одоо болтол мөнгө өгөөгүй гэж тэр хүүхэд хэлж байсан. Нэрийг нь дурдаад яахав. Тодорхойлолт/хх-100-рт/, ял шалгах хуудас/хх-104-рт/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

 

Говь-Алтай аймгийн прокурорын газраас  шүүгдэгч О.Бүтэнбаярыг  насанд хүрээгүй хүмүүс болох М.Б , У.С , М.Б , Э.Ц, Х.Б , Б.Б нарын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, насанд хүрээгүй хүн Э.Ц-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэлд

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдалд  дүгнэлт хийхэд шүүгдэгч О.Бү  нь насанд хүрээгүй хүмүүс болох М.Б , У.С , М.Б , Э.Ц, Х.Б , Б.Б нарын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэх үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч  М.Б-ийн: “...Би өөрөө пиво авчирч өгсөн... Манай найзуудыг цохиж зодоод байсан болохоор хэлснээр нь пиво авчирч өгсөн... Би бол дээрэмдүүлсэн гэж бодохгүй байна...Намайг нээх их цохиж зодсон зүйл байхгүй...Зорилгогүй, архиныхаа халуунд цохисон байх...Зодсоныхоо дараа пиво аваад өг гэсэн... С  нь мэдүүлэг өгөөдөх зохих хэмжээний мөнгө өгнө гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Тэр өдөр Х.Б  бид нараас нэгжтэй утас байна уу? гэж асууж байхад араас нь О.Бү  орж ирсэн. Утас байна нэгж алга гэж хэлсэн. Тэгээд байж байхад цохиж аваад ганц пиво аваад өгчих гэсэн. Би 2000 төгрөг гаргаад, У.С  1000 төгрөг, М.Б 5000 төгрөг гаргаж ирээд Х.Б , М.Б  нар пивонд явсан. Тэр хойгуур нэг нэг цохиж аваад удалгүй Х.Б , М.Б  хоёр пиво аваад ирсэн. Бид нар хашаа руу шээж, тамхи татаагүй, өөр хүмүүс байж магадгүй... Бид нарыг цохиж зодоод байсан болохоор хурдхан гарчих юмсан гэж бодоод өгсөн... 2-3 удаа алгадсан... Э.Ц-ийг өшиглөсөн... Хурдан гаръя гэж бодоод пиво авч өгсөн... Пиво аваад өг гэсэн...” гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч М.Б , Б.Б  нарын дээрхи мэдүүлэг нь шүүгдэгч О.Бү-ын мэдүүлсэн ... Намайг өдөр гэрээс гарахад хашааны үүдэн дээр тамхи татаад шүлсээ хаяад зогсож байсан. Би таньдаг Бамбууд хэлээд та нар явцгаагаарай гэж хэлээд буцаад ирэхэд бас бөөгнөрчихсөн зогсож байсан. Би өмнө нь бас хэлж байсан. Манай доод талын хашааны айлд хүн байхгүй, дүү нь гэрлэх гээд бүгд талд байсан. Доод талын хашааг харж байгаарай гэж хажуу талын хөрш айл захисан...Тэгэхлээр нь би жаахан уурлаад цохисон. Цохисондоо гэмшиж байна. Би гар дээрээ эд нараас мөнгө аваагүй....Цохиж зодсон нь миний буруу... Ахын дүү нар пиво аваад өгчих гэхэд одоо энэ М.Б  байсан юм байна. Босоод найз нараасаа мөнгө аваад нэг бандитай гараад явсан... Би Бамбууд хэлсэн ахын дүү нар яв гэж шаардлага тавьсан гэдгээ хэлсэн. Бид нар хөзөр тоглож байна гэсэн. Би орой боллоо эртхэн явцгаа гэж Бамбуутай гадаа уулзсан. Би надад нэгж байдаггүй, чи утсаар яриулаач гэсэн. Өмнө нь энэ хэд зөндөө ордог байсан. Энэ хэд цоожийг нь эвдэж орсон ч юм билүү би сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлгээр давхар нотлогдож байна гэж дүгнэв.

 

Өөрөөр хэлбэл О.Бү  нь насанд хүрээгүй хохирогч Э.Ц, Х.Б , М.Б , Б.Б, У.С , Б.Б  нарыг зодож хохирогч Э.Ц-ийн биед хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь нотлогдож байх боловч тэдний эд хөрөнгийг авах гэсэн сэдэлт зорилгоор  довтолсон эсэх нь хангалттай тогтоогдохгүй эргэлзээ бүхий нөхцөл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон талуудын мэтгэлцээний үр дүнд тогтоогдож байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин шүүгдэгч О.Бү  нь хохирогч М.Б  Х.Б  нарын авчирсан шар айргийг авсан болох нь гэрч, хохирогч М.Б-ийн.... Ганц пиво аваад өгчих гэсэн... Пиво аваад өг гээд Х.Б  бид хоёр пиво авч өгсөн. 3000 төгрөгийг манай найзууд гаргасан байх... Би өөрөө пиво авчирч өгсөн... Манай найзуудыг цохиж зодоод байсан болохоор хэлсэнээр нь пиво авчирч өгсөн...Зодсоныхоо дараа пиво аваад өг гэсэн... гэх мэдүүлэг, хохирогч Б.Б-ын...Би 2000 төгрөг гаргаад, У.С  1000 төгрөг, М.Б  5000 төгрөг гаргаж ирээд Х.Б , М.Б нар пивонд явсан. Тэр хойгуур нэг нэг цохиж аваад удалгүй Х.Б , М.Б  хоёр пиво аваад ирсэн. Удалгүй айлынх хүмүүс ирээд бид нар гараад явсан... Хурдан гаръя гэж бодоод пиво авч өгсөн...гэх мэдүүлэг,  гэрч Б.М-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн:...нэг хүүхэд нь Бү-ын араас цүнхээ авья гэж хэлсэн чинь Бү  эргэж цүнхийг нь  өгөөд дотроос нь нэг пиво аваад хашаанаас гараад явсан...тэр хүүхдүүдээр пиво авхуулсан гэж Б  хэлж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.А-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Тэгээд М  араас орж ирсэн тэгээд юу хийцгээж байгаа юм гэж асуусан чинь хийсэн зүйлгүй зүгээр сууж байна гэж тэдгээр хүүхдүүд хэлсэн. Намайг ороод харахад Бү  тэдгээр хүүхдүүдийг цохиж зодсон байдалтай харагдсан. Сүүлд Б-ээс асуухад зодсон гэж хэлсэн. Тэгээд тухай үед тэдгээр хүүхдүүд зөрөөд гараад явцгаасан. Тэр үед Бү нэг хүүхдийнх нь цүнхнээс пиво гаргаад аваад явсан...” гэх  мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр  авсан гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд Говь-Алтай аймгийн прокурорын газраас О.Б-ыг насанд хүрээгүй хүмүүс болох М.Б , У.С , М.Б , Э.Ц, Х.Б , Б.Б нарын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, насанд хүрээгүй хүн Э.Ц-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч О.Бү-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Б-ын хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг байдлууд нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч О.Бү нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шалгах хуудас/хх-104-рт/-аар тогтоогдож байна. Мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан хохирлоо төлсөн болох нь “...Цохиж зодсон нь миний буруу. Би гар дээрээ мөнгө аваагүй. Өөрсдөө надад пиво авчирч өгсөн...Э.Ц-ийг зодож биед нь гэмтэл учруулсандаа гэмшиж байна... Нийт 1.190.000 төгрөг өгсөн. Эхлээд 190.000 төгрөг, дараа нь 500.000 төгрөг, дахиад 500.000 төгрөг өгсөн...” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх бөгөөд насанд хүрээгүй хохирогч Э.Ц нь мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэгтээ болон шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Одоо ямар нэгэн санал гомдол байхгүй...”/хх 147-149-рт/, насанд хүрээгүй хохирогч М.Б нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй... Надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...5000 төгрөгөө авахгүй...”, насанд хүрээгүй хохирогч Б.Б  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Надад ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...2000 төгрөгөө авахгүй...”/хх 154-рт/, насанд хүрээгүй хохирогч У.С  нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Надад ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...1000 төгрөгөө авахгүй...”/хх 144-рт/, насанд хүрээгүй хохирогч Х.Б  нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн/хх 140-рт/, насанд хүрээгүй хохирогч Б.Б нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...ямар нэгэн санал хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх 138-рт/ гэсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй, шүүгдэгч  О.Бү  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлоо төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэл оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Тайж овогт О-гийн Бү-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийн илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ам бүл 2, ээжтэйгээ хамт амьдардаг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох арга хэмжээг тус тус авах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч О.Бү  нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж заасан боловч шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэсэн нь хуульд харшлахгүй гэж  үзсэн болно. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар хувийн байдлыг харгалзаж хэрэглэхэд хориглосон заалт байхгүй түүнчлэн 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт мөн хуулийн 3.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэлээр зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүний ялыг хөнгөрүүлэх, чөлөөлөхөд баримтлахаар заасан байх тул шүүгдэгч О.Бү-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан уг зүйлийг хэрэглэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирсэн зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.           

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Бү-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Тайж овогт О-гийн Бү-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийн илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

3. Шүүгдэгч О.Бү-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох арга хэмжээг тус тус авсугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бү  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солих, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн хязгааарлалт тогтоосон, үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг тус тус сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирсэн зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бү-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч О.Бү-ын иргэний цахим үнэмлэхийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Бү-т авсан хуийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

              

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.МӨНХТУЯА