Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 04

 

                               Б-д холбогдох хэргийн талаар

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, шүүгч Ч.Энхтөр  нарын бүрэлдэхүүнтэй, 

Прокурор Б.Батнасан, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,

          Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Т,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Батнасангийн гаргасан эсэргүүцлээр Б-д холбогдох 17160006200021 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр  сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Г, 1996 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг Тайж овогт О-ын Б нь 2017 оны  09 сарын 15-ны өдрийн 17 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 11-12 тоот хашаанд насанд хүрээгүй хүмүүс болох Б, С, Б, Ц, Б, Б нарын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, насанд хүрээгүй хүн Ц-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдожээ. 

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийн илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох арга хэмжээг тус тус авч шийдвэрлэжээ. 

 

Прокурор Б.Батнасан давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл, дүгнэлтэндээ: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 99 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Арван найман насанд хүрээгүй хохирогч Б, Б нарын хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон  Говь-Алтай аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Т тогтоогдсон байхад шүүх тэдний анги удирдсан багш Н-ийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон шүүх хуралдаанд оролцуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт Мөрдөгч, прокурор 18 насанд хүрээгүй хүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдвол зохих хүн байхгүй бол хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын ажилтныг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож болно” гэж заасныг зөрчсөн. 

Б нь арван найман насанд хүрээгүй хохирогч нарын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлийг шийгэх тогтоолд заагаагүй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна.

 Шийтгэх тогтоолд Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай гэж тодорхойлон бичсэн нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн шинжийг заасан байхад энэ гэмт хэргийн гол шинжүүдийн нэг болох хуулт бусаар авсан гэдэг шинжийг орхигдуулсан. 

Түүнчлэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад хуулийн зүйл хэсэг заалтыг буруу тайлбарлаж Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан.

Б нь зохион байгуулалттай гэмт хэргийн гишүүн биш бөгөөд Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн  бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй гэж хориглон заасан байхад 2 гэмт хэрэг санаатай үйлдсэн Б-дхорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь хуулийн шаардлага хангахгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Дорждэрэм давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Улсын яллагчийн зүгээс Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж эсэргүүцлийн үндэслэлээ тайлбарлаж байна. Нэгдүгээрт насанд хүрээгүй хохирогч Б, Б нарын мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй. Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчийг шүүх хуралдаанд зохих журмын дагуу  оролцуулаагүй тайлбарлаж байна. Хохирогч нар нь шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг гаргасан. Анхан шатны шүүх хуралдаанд өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй тэр үндэслэлээр шүүх хуралдаан хойшилсон. Дараагийн шүүх хуралдаан дээр мөн хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч байхгүй гэдэг асуудлыг ярьдаг. Үүний дагуу хохирогч нар шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ гаргасан байдаг. Тухайн хүсэлтэд сурган хүмүүжүүлэгчийг оролцуулж өгнө үү гэж шүүхэд хүсэлтээ гаргасан байдаг. Шүүгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хууль ёсны төлөөлөгчтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх эрх хэмжээний хувьд хууль ёсны төлөөлөгчөөр Н-г томилж оруулсан. Энэ талаар шүүгчийн захирамж гарсан энэ нь хууль зөрчсөн асуудал байхгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хууль ёсны төлөөлөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч нарын эрхийг эдэлж оролцдог.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргийг зааж өгсөн. Хохирогч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хууль сануулсан. Хохиргч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Мэдүүлгийг нь худал гэх хууль зүйн үндэслэл байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлд өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид холбогдох хэрэг хянан шийдвэрлэх журам байгаа. Хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулахыг хориглосон заалт байхгүй. Анхан шатны шүүхээс хууль ёсны төлөөлөгч, сурган хүмүүжүүлэгчийг томилоод хохирогч нар нь хуульд заасан үүргийн дагуу мэдүүлэг өгсөн нь мөрдөн шалгах ажиллагааг зөрчигдөөгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс хархад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж авсан үйлдэл нь эргэлзээтэй байсан тул анхан шатны шүүхээс шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хөнгөрүүлж зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Улсын яллагч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох болон тодорхойлох хэсэгт 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан бол гэдгийн хууль бусааар гэдэг үгийг орхигдуулсан гэж бичсэн байсан. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс техникийн алдаа байх гэж бодож байна. Үүн дээр улсын яллагчийн зүгээс хуулийг буруу хэрэглсэн гэж тайлбарлаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдврэлэх тухй хуулийн 39.7 дугаар зүйлд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглсэн, хуулийн зүйл хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн ойлголт байгаа гэтэл улсын яллагчийн хэлээд байгаа нь яг аль зүйл заалтыг буруу хэрэглэсэн гэдэг нь тодорхойгүй байна. Хохирогч нар өөрсдөө мөнгөө гаргаж өгсөнийг шүүх хууль бусаар авсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан зэргийг баримталж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж улсын яллагч нь эсэргүүцэлдээ дурдсан байсан. Тухайн хууль заалтыг яаж буруу хэрэглэсэн нь тодорхойгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэснийг хуульд харшилсан байна гэсэн дүгнэлтийг хэлээд байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хамаарахгүй байхад тэнсэх ялыг хэрэглэсэн гэж улсын яллагч үзэж байна. Өмгөөлөгчийн хувьд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлээд, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх хуулийн зохицуулалт нь тусдаа байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан заалтыг хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтыг журамлана гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Хуульд албадлагын арга хэмжээ хэрэглэхэд хориглосон заалт байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан заалт нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн заалт учир тухайн заалтыг хэрэглэх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна. 

Тухайлбал насанд хүрээгүй хохирогч Б, Б нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: “Б гэгч тэднийг амбаарт байхад нь цохиж аваад байсан. Мөн мөнгө нэхсэн. Б-с 5000 төгрөг, Б-с 2000 төгрөг, С-с 1000 төгрөг нийт 8000 төгрөг авсан. Б, Б хоёрыг пивонд явуулсан. Тэр хоёр Б гэгчид пиво авчирч өгсөн. Б-ыг нэг удаа гараараа хацарлуу алгадсан. Б-ийг нүүр рүү нь цохьсон” /Хэргийн 1 дүгээр хавтасны 51, 57 дугаар хуудас/  талаар мэдүүлсэн байна. 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч  Б-д: “Би өөрөө пиво авчирч өгсөн. Манай найзуудыг цохиж зодоод байсан болохоор хэлснээр нь пиво авчирч өгсөн. Би бол дээрэмдүүлсэн гэж бодохгүй байна. Намайг нээх их цохиж зодсон зүйл байхгүй. Зорилгогүй, архиныхаа халуунд цохисон байх. Зодсоныхоо дараа пиво аваад өг гэсэн. С нь мэдүүлэг өгөөдөх зохих хэмжээний мөнгө өгнө гэж хэлсэн.” гэж, 

Насанд хүрээгүй хохирогч Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Б орж ирээд цохиж аваад ганц пиво аваад өгчих гэсэн. Би 2000 төгрөг гаргаад, С-ээс 1000 төгрөг, Б-д 5000 төгрөг гаргаж ирээд Б, Б-д нар пивонд явсан. Тэр хойгуур нэг нэг цохиж аваад удалгүй Б, Б хоёр пиво аваад ирсэн. Бид нарыг цохиж зодоод байсан болохоор хурдхан гарчих юмсан гэж бодоод өгсөн. 2-3 удаа алгадсан. Ц-г өшиглөсөн. Хурдан гаръя гэж бодоод пиво авч өгсөн. Пиво аваад өг гэсэн.” гэж мэдүүлсэн байна.

Анхан шатны шүүх Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож хөнгөрүүлэн өөрчилөхдөө улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ нотлох баримтад тулгуурлан хангалттай тодорхойлж чадаагүй байна. 

 

Тиймээс анхан шатны шүүх  хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн үндэслэл бүхий дотоод итгэлээр үнэлж, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байна гэж үзвэл аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж байх зүйтэй.

 

Мөн анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө шүүгдэгчийг Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан гэж дүгнэн тухайн гэмт хэргийн хууль бусаар авах гэсэн шинжийг орхигдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл хэсгийг зөв хэрэглээгүйг эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.  

 

 Түүнчлэн анхан шатны шүүх Б нь хохирогч нарын эд хөрөнгийг авах гэсэн сэдэлт зорилгоор  довтолсон эсэх нь хангалттай тогтоогдохгүй эргэлзээ бүхий нөхцөл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон талуудын мэтгэлцээний үр дүнд тогтоогдож байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлсон бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох зарчим нь тухайн хэргийн үйл баримтын талаар эргэлзээтэй байгаа тохиолдолд хамааралгүй юм. 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт Энэ зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу томилно гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь хэсэгт ерөнхий шүүгч шүүх хуралдааныг даргалах, хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулахаар мөн зүйлийн 13.2 дахь хэсэгт Ерөнхий шүүгч эрх хэмжээнийхээ асуудлаар захирамж гаргахаар тус тус заасан бөгөөд шүүгч Ч.Мөнхтуяа ерөнхий шүүгчээс эрх хүлээн авсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан гэж үзнэ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад арван найман насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчөөр  Говь-Алтай аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Т тогтоогдсон байх бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зөвхөн Мөрдөгч, прокурор 18 насанд хүрээгүй хүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдвол зохих хүн байхгүй бол хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын ажилтныг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож болохоор заасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хууль ёсны төлөөлөгчийг тогтоохтой холбоотой маргааныг шүүх, прокурор шийдвэрлэнэ гэж заасан нь насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохтой холбоотой асуудлаар талууд маргавал уг маргааныг шүүх шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалт бөгөөд уг заалтаар шүүхэд насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчийг өөрчлөн томилох эрх шүүхэд олгогдоогүй байна.

 Гэтэл анхан шатны шүүх шүүгчийн захирамжаар насанд хүрээгүй хохирогч нарын анги удирдсан багш Н-ийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон шүүх хуралдаанд оролцуулсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолыг анхан шатны шүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож, Б-д холбогдох хэргийг тухайн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолыг  хүчингүй болгож, Б-дхолбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаасугай. 

 

2. Шүүгдэгч Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Ч.ЭНХТӨР

                  ШҮҮГЧИД               Б.НАМХАЙДОРЖ

                                         Ш.БАТТОГТОХ