Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1550

 

 

 

 

 

 

 

 

 

 

“А-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/01448 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “А-” ХХК-ийн хариуцагч Р.Э-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 23 715 068 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч “А-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Р.Э- нь манай байгууллагатай 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр А153/150413 тоот зээлийн гэрээ байгуулж, 5 000 000 төгрөгийг 5,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай авсан ба зээлийн барьцаанд Isuzu ELF NKR817005196 маркийн 65-34 УНА улсын дугаартай автомашиныг барьцаалсан. Р.Э- зээлээ төлөхгүй, гэрээний үүргээ зөрчиж, манай байгууллагыг өдий хүртэл хохироож байна. Зээлийн гэрэний дагуу Р.Э- 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 5 000 000 төгрөг, хүү 16 020 822 төгрөг, 1742 хоногийн нэмэгдүүлсэн хүү 3 149 917 төгрөг, нийт 24 170 739 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Иймд Р.Э-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23 715 068 төгрөгийг гаргуулахаар шаардаж, Р.Э- төлбөрийн чадваргүй гэдгийг мэдэх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад түүнээс үндсэн төлбөр 5 000 000 төгрөг, хүү 10 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөгийг гаргуулахад татгалзах зүйлгүй” гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.

 

Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасныг баримтлан хариуцагч Р.Э-т холбогдох “Зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 5 000 000 төгрөг, хүү 10 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч “А-” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар “А-” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278 803 /хоёр зуун далан найман мянга найман зуун гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Учир нь Р.Э- нь 5 000 000 төгрөг зээлсэн боловч зээлийн эргэн төлөлтөөс нэг ч төгрөг төлөөгүй алга болсон. Хаана байгаа газар нь тодорхойгүй болсон тул анхан шатны шүүхээр эрэн сурвалжлуулж олж тогтоон улмаар үргэлжлүүлэн нэхэмжлэл гаргасан. Энэ нь хуулийн дагуу Р.Э-аас зээлийн гэрээний үүргийн дагуу нэхэмжлэх ажиллагаа тасралтгүй явагдаж байсан гэх ойлголт онолын хувьд тодорхой харагдана. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “А-” ХХК-аас хариуцагч Р.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23 715 068 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган үндсэн зээлийн үлдэгдэл 5 000 000 төгрөг, хүү 10 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

            Талууд 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 5 000 000 төгрөгийг сарын 5.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцсон байна. Мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагчийн өмчлөлийн 65-34 УНА улсын дугаартай, Isuzu ELF маркийн, 2005 онд үйлдвэрлэгдсэн, аралын NKR817005196 00857462 дугаартай автомашины эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлжээ. /хэргийн 41-42 дугаар тал/

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

 

            Хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дууссан байх боловч хэрэгт 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгчээс Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн тасагт хариуцагч Р.Э-тай холбоотойгоор дээрх автомашиныг олуулах тухай хүсэлтийг гаргасан талаарх бичгийн баримт хэрэгт авагджээ. Уг хүсэлтийг цагдаагийн байгууллага хүлээн авч хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. /хэргийн 10 дугаар тал/

 

            Мөн хэргийн 8 дугаар талд авагдсан Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 25з1-г/6776 тоот албан бичигт хариуцагчийг эрэн сурвалжлах тухай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гарсан талаар дурьджээ. Харин нэхэмжлэгч шүүхэд хэзээ уг нэхэмжлэлийг гаргасан үйл баримт тодорхойгүй байна. Шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулж, хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд зааснаар түр зогссон, тасалдсан эсэхэд дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

            Давж заалдах шатны шүүхээс дээрх байдлыг тодруулах ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримт, хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/01448 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.МӨНХЗУЛ

 

                                       ШҮҮГЧИД                                  Д.НЯМБАЗАР

 

                                                         С.ЭНХТӨР