Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2020/01448

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 25 өдөр

 

Дугаар 183/ШШ2020/01448

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,  дүгээр хороо, “З г” ХК-ийн байр  тоотод байрлах, улсын бүртгэлийн , регистрийн  дугаартай, “А к Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо, Бурхант тоотод оршин суух, регистрийн дугаар, М овогтой Р Э холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 23.715.068 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Доржханд нар оролцов.       

 

 

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч “А к Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Р.Э нь манай байгууллагатай 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулж, 5.000.000 төгрөгийг 5,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай авсан ба зээлийн барьцаанд Isuzu ELF NKR817005196 маркийн 65-34 УНА улсын дугаартай автомашиныг барьцаалсан. Р.Энхбаяр зээлээ төлөхгүй, гэрээний үүргээ зөрчиж, манай байгууллагыг өдий хүртэл хохироож байна. Зээлийн гэрэний дагуу Р.Эр 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 5.000.000 төгрөг, хүү 16.020.822 төгрөг, 1742 хоногийн нэмэгдүүлсэн хүү 3.149.917 төгрөг, нийт 24.170.739 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Иймд Р.Эс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23.715.068 төгрөгийг гаргуулж, манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч “А к Б” ХХК-ийн захирал Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай байгууллагаас зээл авсан хугацаанаас хойш Р.Э нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй ба түүний оршин суугаа газар нь олдохгүй, утас нь эхэндээ холбогддог байсан боловч сүүлдээ холбогдох боломжгүй болсон. Түүний ахтай бид холбоо тогтоодог байсан ба тэрээр энэ мөнгийг авч ашигласан гэх боловч төлбөр төлөөгүй. Зээлийн барьцаанд тавьсан автомашин одоо хаана байгаа нь тодорхойгүй байгаа ба бид цагдаагийн байгууллагад энэ талаар хандсан боловч “Шүүхийн шийдвэргүй бол бид эд хөрөнгө эрэн сурвалжлах боломжгүй” гэдэг хариуг амаар өгсөн. 2016 онд шүүхээс шийдвэр гарч Р.Эыг эрэн сурвалжилсан боловч жилийн дараа бидэнд энэ хаягийг олж өгсөн. Р.Э төлбөрийн чадваргүй гэдгийг мэдэх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад түүнээс үндсэн төлбөр 5.000.000 төгрөг, хүү 10.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөгийг гаргуулахад татгалзах зүйлгүй” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “А к Б” ХХК-иас хариуцагч Р.Э холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 23.715.068 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган “Зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 5.000.000 төгрөг, хүү 10.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөг гаргуулах тухай” шаардлага гаргасан байна.

 

Хэрэгт авагдсан баримтууд, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбар зэргээс үзэхэд 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр А153/150413 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулж, Р.Э нь “А к Б” ХХК-иас 5.000.000 төгрөгийг сарын 5,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай авсан, мөн зээлийн барьцаанд 0 УНА улсын дугаартай, Isuzu ELF маркийн, 2005 онд үйлдвэрлэгдсэн, аралын NKR817005196 00857462 дугаартай автомашиныг барьцаалжээ.

 

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дууссан боловч зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн гэрээгээр тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.

 

Гэвч нэхэмжлэгч “А к Б” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс хойш шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн байх ба энэ хугацаанд “2016, 2017 онд хариуцагч Р.Эыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандаж, шийдвэр гаргуулсан” хэмээн тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, мөн хэргийн 8 дугаар хуудаст авагдсан Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 25з1-г/6776 тоот албан бичгийн агуулгаас үзэхэд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гарсан, харин тухайн шүүхэд хэзээ хандсан нь тодорхойгүй байна. 

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийн хугацаа 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 3 жилийн хугацаанд үйлчлэх ёстой байсан ба хэрэгт авагдсан баримтаар 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Мөн нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт хандсан албан бичиг хэрэгт авагдсан байгаа боловч уг албан бичгийг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан” гэдэгт хамааруулах боломжгүй байна.

 

Түүнчлэн үүнээс өмнө хариуцагч Р.Эт холбогдуулан шаардлага гаргаж, төлбөрөө буцаан төлөхийг мэдэгдэж байсан тухай баримтууд, эсхүл Р.Э нь төлбөр төлөх, баталгаа гаргах болон бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрч байсан тухай баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Өмнө нь утсаар олон удаа ярьж шаардаж байсан” гэх тайлбар нотлогдохгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасныг баримтлан хариуцагч Р.Эт холбогдох “Зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 5.000.000 төгрөг, хүү 10.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч “А к Б ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар “А к Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278.803 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Шүүх нэхэмжлэлийг 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн, хариуцагч Р.Эт 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч танилцуулсан боловч хариуцагч хуульд заасан 14 хоногийн хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, мөн тэрээр уг хугацаанаас хойш шүүхэд утасны дугаар болон оршин суугаа хаяг өөрчлөгдсөн талаарх мэдээллийг ирүүлээгүй, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж, хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжийг хангасан боловч тэрээр шүүхэд өгсөн хаягтаа оршин суудаггүй, утас нь “Холбогдох боломжгүй” гэсэн хариу өгсөн тул энэхүү хэргийг хариуцагчийн эзгүйд хянан хэлэлцсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасныг баримтлан хариуцагч Р.Эт холбогдох “Зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 5.000.000 төгрөг, хүү 10.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч “А к Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар “А к Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278.803 /хоёр зуун далан найман мянга найман зуун гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ГЭРЭЛТУЯА