Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1552

 

 

 

 

 

 

 

 

 

 

“А-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2020/01787 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “А-” ХХК-ийн хариуцагч Б.М-д холбогдуулан гаргасан 59 860 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.М- нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ЗГ2019/09 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 35 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү үндсэн зээлийн 20 хувь байхаар харилцан тохиролцож 6 сарын хугацаатай зээлийг Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал 18062 үйлдвэрчний эвлэлийн гудамж, 70б байр 17 тоот 60 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалж зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлдүүлэгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байсан учраас харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч зээлдэгч Б.М- нь оршин суух хаягаа өөрчилж, оршин суух хаяг нь тодорхойгүй учраас Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 6851 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Зээлдүүлэгчийн зүгээс Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлдэгч Их тугтан овогт Батсүхийн М-ийг эрэн сурвалжлуулж, оршин суух хаягийг олж тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч, 2019 он 10 дугаар сарын 10-ны өдрийн 1989 дугаартай шүүхийн шийдвэрээр Б.М-ийг эрэн сурвалжилж оршин суух хаягийг олж тогтоохыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгаж шийдвэрлэсэн. Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс зээлдэгч Б.М-тэй оршин суух хаягийг Баянзүрх дүүргийн 22-р хороо, 89-р байр 34 тоотод оршин суудаг болохыг тогтоосон. Зээлдэгч Б.М- нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж, зээлийг төлж барагдуулахгүй зээлдүүлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, 219 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2020 он 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 35 000 000 төгрөг, зээлийн хүү 17 733 333 төгрөг нэмэгдүүлсэн хүү 1 796 676 төгрөг нийт 54 530 000 төгрөгийг бодит хохирлыг учруулаад байна. Иймд Б.М-өөс 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ЗГ2019/09 дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 54 530 000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох СХД-ийн 6-р хороо Ханын материал 18062 үйлдвэрчний эвлэлийн гудамж 70б байр 17 тоот 60 мкв талбайтай Ү-2201051734 хоёр өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж, зээлдүүлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ шаардлагаа 5 330 000 төгрөгөөр нэмэгдүүлж, үндсэн зээл 35 000 000 төгрөг, зээлийн хүү 22 166 667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 693 333 төгрөг нийт 59 860 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М- миний бие Ази капитал БББ-аас зээл хүсэж байгаагүй уламжилъя. Дээрх зээлийг ирэн Б- Ази капитал ББСБ нар харилцан тохиролцож миний барьцаа хөрөнгийг барьцаалсан зээл олгосон. Зээлийн мөнгө нь миний данс руу шилжсэн. Шилжсэн мөнгийг нь би Б-ын данс руу шилжүүлсэн. Мөн зээлийн хугацаанд Б- хүүг нь төлнө гэж байсан. Улмаар дээрх зээлийн хугацаа дууссанд Б- нь төлж чадахгүй миний барьцааны оронд надад тоёота маркийн авто машиныг зах зээлийн үнээс өндөр үнээр надад өгсөн. Уг машин нь зээлэнд хүрэхгүй учир уг зээлийг төлж чадаагүй байна. Ийм учраас шүүхэд шийдвэрлүүлэх болсон. Хавтаст хэрэгт авагдсан 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зээлийн гэрээг харахад зээлдэгч нь зөвхөн Б.М- бус Б- гэх хүн байгаа. Гэтэл 35,000,000 төгрөгийг зөвхөн Б.М- авсан мэтээр нэхэмжлэл гаргасан тул гомдолтой байна. Мөн 35,000,000 төгрөгийг зээлэх болсон шалтгаан нь Б- буюу Б.М-ийн танил ах гэх хүн ажил эхлүүлэх гэсэн юм. Гэтэл миний нэр дээр үл хөдлөх байхгүй, барьцаанд тавих эд хөрөнгөгүй учраас Б.М-ийг өөрийнхөө нэр дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавиад зээл олгоод өг гэсэн. 35 000 000 төгрөгийн 30 000 000 төгрөгөөр нь би ажлаа эхлүүлье 5 000 000 төгрөгийг нь чи урамшуулал болгоод аваарай. Би өөрөө ажлаа эхлүүлээд ашиг олоод эхлэхээрээ төлбөрөө төлөхөд ямар ч асуудалгүй гэж хэлсэн байдаг. Б.М-ий хувьд танил ахдаа итгэж тус зээлийг өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьж зээлийг авсан. Тус 35 000 000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Б.М- өөрийн Худалдаа хөгжлийн банкны дансанд авсан боловч 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр танил ах болох н.Б-од 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл Б-ын ажил нь хангалттай бүтээмжгүй байсан учраас 35 000 000 төгрөгийг буцааж төлөх ямар нэгэн боломжгүй болсон. Б.М- нь тус зээлийн гэрээнд дангаар гарын үсэг зурж 35 000 000 төгрөгийг ганцаараа авсан мэт болоод 59 860 000 төгрөгийг төлөх болсныг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

 Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.М-өөс 56 233 334 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 626 666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан үүргийн гүйцэтгэлийг Б.М-ий өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201051734 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Ханын материал /18062/ үйлдвэрчний эвлэлийн гудамж 70б байр 17 тоот 60 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 601 050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-өөс 509 316 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А-” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Иргэн Б.М- болон П.Б- нь 2019 оны 01 дүгээр сарын 31 -ний өдөр “А-” ХХК-аас ЗГ2019/09 дугаартай зээлийн гэрээний үндсэн дээр 35 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлж Б.М-ий өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, Ханын материал 18062 үйлдвэрчний эвлэлийн гудамж, 706 байр 17 тоот 60 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан байдаг. Гэвч 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ЗГ2019/09 дугаартай зээлийн гэрээний зээлдэгч нь П.Б-, Б.М- нар юм. Гэтэл 35 000 000 төгрөгийг дан ганц Б.М- авсан мэтээр нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна. Мөн тус зээлийг зээлэх болсон шалтгаан нь П.Б- буюу Б.М-ий танил ах гэх хүн “ажил эхлүүлэх гэсэн юм... гэтэл миний нэр дээр үл хөдлөх хөрөнгө байхгүй, барьцаанд тавих эд хөрөнгөгүй учраас Б.М-ийг өөрийнхөө нэр дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавиад зээл аваад өг 30 000 000 төгрөгөөр нь би ажлаа эхлүүлье 5 000 000 төгрөгийг нь чи урамшуулал болгоод ав, би өөрөө зээлийн хугацаанд үндсэн төлбөрийг хүүтэй нь графикийн дагуу төлөөд явчихна, төлөвлөсөн ажлын ашиг ороод эхлэхээр төлбөрөө асуудалгүй төлөөд барьцааг чинь суллана” гэж хэлсэн учраас Б.М- нь танил ахдаа итгэж өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө П.Б-ын танил гэх ‘А-” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнаар дамжуулан барьцаанд тавьж тус зээлийг авсан байдаг. Түүнээс биш Б.М- болон П.Б- нарын зээл хүсэхдээ бүрдүүлж өгдөг материал нь зээл авахад хангалттай биш байхад танил байсан учраас зээл нь хурдан гарсан бөгөөд барьцаа хөрөнгө нь Б.М-ий өмчлөлийнх байсан тул мөн Б.М-ийг үндсэн зээлдэгч болгож зээлийн мөнгө миний дансруу орсон байдаг. №2019/09 дугаартай зээлийн гэрээний дагуу 35 000 000 төгрөг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Б.М-ийн Худалдаа хөгжлийн банкны дансанд орсон нь үнэн боловч маргааш нь буюу 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Б.М- нь хамтран зээлдэгч П.Б-ын дансанд 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Удалгүй П.Б- нь “ажип хангалттай бүтээмжгүй байна, зээлийг төлөх бопомжгүй болсон" гэх шалтгаанаар зээлийг төлөхөөс татгалзаж, Б.М-өөс холбоогоо тасалсан юм. Тодруулбал ЗГ2019/09 дугаар зээлийн гэрээний дагуу Б.М- нь 35 000 000 төгрөгийг авсан гэж харагдаж байгаа боловч хамтран зээлдэгч П.Б- тус мөнгийг захиран зарцуулсан гэдэг нь хавтаст хэрэгт буй баримтуудаар нотлогдож байгаа билээ. ‘"А-” ХХК нь хариуцагчийг эрэн сурвалжилсан тухайгаа анхан шатны шүүх хурлын үед хэлсэн байдаг ч П.Б-ын эрэн сурвалжлаагүй, анхнаасаа дан ганц Б.М-өөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах санаатай байсан. П.Б-ын танил тус ББСБ-д ажилладаг, зээл авахад тусалсан байдаг учраас үгсэн тохиролцож Б.М-ийг өр төлбөрт унагаж байгаа гэж харагдахаар байна. Б.М- нь бусдад итгэл хүлээлгэж өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьж, гарын үсэг зурсныхаа төлөө өнөөдөр бусдын өмнөөс хариуцлага хүлээж өрөнд орчихоод байгаа юм. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ ЗГ2019/09-ний тоот зээлийи гэрээний дагуу орж ирсэн мөнгийг хэн захиран зарцуулсаныг болон зээлдэгч нь 2 /хоёр/ хүн байгааг үл харгалзан, тэр тусмаа хамтран зээлдэгчээр оролцох ойр дотны холбоо хамааралгүй, хамаатан садан биш хүн ямар шалтгаанаар хамтран зээлдэгчээр оролцсон талаар огт тодруулалгүй зөвхөн хариуцагч Б.М-өөс 56 233 334 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч “А-” ХХК нь хариуцагч Б.М-д холбогдуулан 54 530 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 5 330 000 төгрөгөөр нэмэгдүүлж, 59 860 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч “А-” ХХК болон хариуцагч Б.М-, П.Б- нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 35 000 000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.М-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Ханын материал /18062/ үйлдвэрчний эвлэлийн гудамж 70б байр 17 тоот 60 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 10-15 дугаар тал/

 

            Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хамтран зээлдэгч П.Б- хариуцна гэж маргажээ.

 

            Нэхэмжлэгчээс 35 000 000 төгрөгийг хариуцагчид 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн нь төлбөрийн даалгаварын баримтаар тогтоогдож байна. /хэргийн 38 дугаар тал/ Анхан шатны шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дах хэсэгт зааснаар үндсэн зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь зөв.

 

            Харин анхан шатны шүүх зээлийн тооцооллыг буруу хийсэн байна. Учир нь зээлдэгч буюу хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд буюу 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1 750 000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй бөгөөд зээлдэгч нь сар бүр зээлийн үндсэн төлбөр болон хүүг зээл, хүүгийн эргэн төлөх хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байх тул /хэргийн 12 дугаар тал/ уг мөнгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлээс хасч тооцно.

 

            Иймд хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл 33 250 000 төгрөг, үүнээс зээлийн гэрээний хугацаа дуусч, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 7 сарын хугацааны хүүг /сарын хүү нь 1 330 000 төгрөг/ тооцоход 9 310 000 төгрөг, зээлийн гэрээний 6 сарын хугацааны хүү 5 198 576 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 796 676 төгрөг, нийт 49 555 252 төгрөг төлөхөөр байна.

 

            Нэхэмжлэгч нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх бөгөөд уг хугацаагаар тооцоход 2 сарын хугацааны хүү 2 660 000 төгрөг, үүний нэмэгдүүлсэн хүү 896 657 төгрөг дээр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны дээрх зээлийн төлбөр 49 555 252 төгрөгийг нэмж бүгд 53 111 909 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2, 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч “А-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 748 091 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1. “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж заасан.

 

            Анхан шатны шүүх зээлийн барьцаанд тавьсан Б.М-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Ханын материал /18062/ үйлдвэрчний эвлэлийн гудамж 70б байр 17 тоот 60 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв.

 

            Харин давж заалдах гомдолд заасан зээлийн гэрээний үүргийг хариуцахгүй, зээлийг аваагүй гэдэг нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Учир нь нэхэмжлэгчээс хариуцагчийн данс руу 35 000 000 төгрөгийг шилжүүлсэн байна. Харин хариуцагч зээлсэн мөнгөө хамтран зээлдэгч П.Б- руу шилжүүлсэн нь төлбөр төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Хариуцагч нь уг мөнгийг хамтран зээлдэгчээс шаардахад энэ шийдвэр саад болохгүй.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүх гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянан үзэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийнг 166.4 дэх хэсэгт эрх хэмжээнийхээ хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2020/01787 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыгИргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.М-өөс 53 111 909 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 748 091 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

3 дах заалтын “509 316 төгрөг” гэснийг “423 510 төгрөг” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 509 350 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.МӨНХЗУЛ                   

 

                                              ШҮҮГЧИД                                  Д.НЯМБАЗАР            

                                                                      С.ЭНХТӨР