Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2020/01787

 

 

 

 

 

 

 

                           2020         05       19                             

                               101/ШШ2020/01787

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 000 регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Нарны зам 000 саруул төв 00 тоотод байрлах “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн ОМ000 регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, 00 байр 00тоотод оршин суух Их тугтан овогт Батсүхийн Мд холбогдох,

59,860,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.             

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяндагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Сарнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов. 

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.М нь 2019 оны 1-р сарын 31-ны өдрийн ЗГ2019/09 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 35,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү үндсэн зээлийн 20 хувь байхаар харилцан тохиролцож 6 сарын хугацаатай зээлийг Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал 18062 үйлдвэрчний эвлэлийн гудамж, 70б байр 17 тоот 60 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалж зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлдүүлэгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байсан учраас харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч зээлдэгч Б.М нь оршин суух хаягаа өөрчилж, оршин суух хаяг нь  тодорхойгүй учраас Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8-р сарын 29-ны өдрийн 6851 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Зээлдүүлэгчийн зүгээс Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлдэгч Их тугтан овогт Батсүхийн Мийг эрэн сурвалжлуулж, оршин суух хаягийг олж тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч, 2019 он 10 дугаар сарын 10-ны өдрийн 1989 дугаартай шүүхийн шийдвэрээр  Б.Мийг эрэн сурвалжилж оршин суух хаягийг олж тогтоохыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгаж шийдвэрлэсэн. Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс зээлдэгч Б.Мтэй оршин суух хаягийг Баянзүрх дүүргийн 22-р хороо, 89-р байр 34 тоотод оршин суудаг болохыг тогтоосон. Зээлдэгч Б.М нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж, зээлийг төлж барагдуулахгүй зээлдүүлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, 219 оны 1 дүгээр сарын 31-ны өдрөөс 2020 он 2 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар үндсэн зээл 35,000,000 төгрөг, зээлийн хүү 17,733,333 төгрөг  нэмэгдүүлсэн хүү 1,796,676 төгрөг нийт 54,530,000 төгрөгийг бодит хохирлыг учруулаад байна. Иймд Б.Мөөс 2019 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийн ЗГ2019/09 дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 54,530,000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох СХД-ийн 6-р хороо Ханын материал  18062 үйлдвэрчний эвлэлийн гудамж 70б байр 17 тоот 60 мкв талбайтай Ү-2201051734 хоёр өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж, зээлдүүлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ шаардлагаа 5,330,000 төгрөгөөр нэмэгдүүлж, үндсэн зээл 35,000,000 төгрөг, зээлийн хүү 22,166,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,693,333 төгрөг нийт 59,860,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

 Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М миний бие Ази капитал БББ-аас зээл хүсэж байгаагүй уламжилъя. Дээрх зээлийг ирэн Баатарцогт Ази капитал ББСБ нар харилцан тохиролцож миний барьцаа  хөрөнгийг барьцаалсан  зээл олгосон. Зээлийн мөнгө нь миний данс руу шилжсэн. Шилжсэн мөнгийг нь би Баатарцогтын данс руу шилжүүлсэн. Мөн зээлийн хугацаанд Баатарцогт хүүг нь төлнө гэж байсан. Улмаар дээрх зээлийн хугацаа дууссанд Баатарцогт нь төлж чадахгүй миний барьцааны оронд надад тоёота маркийн авто машиныг зах зээлийн үнээс өндөр үнээр надад өгсөн. Уг машин нь зээлэнд хүрэхгүй учир уг зээлийг төлж чадаагүй байна. Ийм учраас шүүхэд шийдвэрлүүлэх болсон. Хавтаст хэрэгт авагдсан 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зээлийн гэрээг харахад зээлдэгч нь зөвхөн Б.М бус Баатарцогт гэх хүн байгаа. Гэтэл 35,000,000 төгрөгийг зөвхөн Б.М авсан мэтээр нэхэмжлэл гаргасан тул гомдолтой байна. Мөн 35,000,000 төгрөгийг зээлэх болсон шалтгаан нь Баатарцогт буюу Б.Мийн танил ах гэх хүн ажил эхлүүлэх гэсэн юм. Гэтэл миний нэр дээр үл хөдлөх байхгүй, барьцаанд тавих эд хөрөнгөгүй учраас Б.Мийг өөрийнхөө нэр дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавиад зээл олгоод өг гэсэн. 35,000,000 төгрөгийн 30,000,000 төгрөгөөр нь би ажлаа эхлүүлье 5,000,000 төгрөгийг нь чи урамшуулал болгоод аваарай. Би өөрөө ажлаа эхлүүлээд ашиг олоод эхлэхээрээ төлбөрөө төлөхөд ямар ч асуудалгүй гэж хэлсэн байдаг. Б.Мий хувьд танил ахдаа итгэж тус зээлийг өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьж зээлийг авсан. Тус 35,000,000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Б.М өөрийн Худалдаа хөгжлийн банкны дансанд авсан боловч 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр танил ах болох Баатарцогтод 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл Баатарцогтын ажил нь хангалттай бүтээмжгүй байсан учраас 35,000,000 төгрөгийг буцааж төлөх ямар нэгэн боломжгүй болсон. Б.М нь тус зээлийн гэрээнд дангаар гарын үсэг зурж 35,000,000 төгрөгийг ганцаараа авсан мэт болоод 59,860,000 төгрөгийг төлөх болсныг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Б.Мд холбогдуулан 54,530,000 төгрөг гаргуулах, барьцаа  хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 5,330,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 59,860,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг “... 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2019/09 дугаартай зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний үүргийн дагуу хангуулна” гэж тодорхойлсон.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ “... тус зээлийг өөрөө авч хэрэглээгүй, гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон Д.Баатарцогт барьцааны хөрөнгө байхгүй улмаас зээл авах боломжгүй байгаа тул өөрийн нэрээр зээл аваад өг гэж гуйсных нь дагуу авч өгсөн тул хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан.

“А” ХХК нь Б.М, Д.Баатарцогт нартай 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2019/09 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, 35,000,000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Ханын материал /18062/ үйлдвэрчний эвлэлийн гудамж 70б байр 17 тоот 60 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг барьцаалж, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2019/09 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г  тус тус байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний хуулбар зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 10-15 дахь талд/

Зээлдүүлэгч нь зээлийн гэрээний зүйл болох 35,000,000 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зээлдэгч Б.Мий Худалдаа хөгжлийн банкны 499165855 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхаас гадна тус үйл баримтад хариуцагч маргахгүй байна. /х.х-ийн 38, 67 дахь талд

Талуудын хооронд байгуулсан гэрээнд зохигчдын илэрхийлсэн хүсэл зоригийн байдал, агуулга зэрэг нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн хүчин төгөлдөр байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан “хэлцэл”-ийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь М хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг М хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан үүрэг талуудын хооронд үүссэн байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж, мөн  242.2.-т “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэж, түүнчлэн 242.3.-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж тус тус заажээ.

Тодруулбал, зээлдэгч Б.М, П.Баатарцогт нар нэхэмжлэгч “А” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, гэрээний зүйлийг хүлээн авсан байх тул тэд нэхэмжлэгчид уг зээлийг буцаан төлөх үүргийг хамтран хүлээсэн үүрэг гүйцэтгэгчид бөгөөд нэхэмжлэгч тал тэдгээрийн хэн нэгнээс үүргийг бүхэлд нь, аль эсхүл хэсэгчлэн шаардах эрхтэй тул хариуцагч Б.Мөөс зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардсан нь үндэслэлтэй.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэрээний хугацаа дууссан боловч үүргээ гүйцэтгээгүй зөрчил гаргасан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан зээл, зээлийн хүү тооцооллын хүснэгтээр тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 16, 58 дахь талд/

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний хугацаа 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр дууссан байх боловч зээлдэгч нь гэрээний үүрэгт 1,750,000 төгрөгийг төлсөн байх ба үүнийг зээлийн хүүнд нь тооцсон нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж зохицуулсан бөгөөд ийнхүү үүрэг гүйцэтгэх хугацаа дууссан үндэслэлээр зээлдүүлэгч нь зээлдэгчээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл 35,000,000 төгрөг, зээлийн хүү 22,166,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,693,333 төгрөг нийт 59,860,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ хугацаа хэтрүүлсний хүүг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар тодорхойлсон нь үндэслэлгүй байна.

Учир нь, шүүх маргааныг хянан шийдвэрлэх хугацаанд эрх зөрчигдөнө гэж зээлийн хүүг тооцох нь зөрчигдсөн эрхийг сэргээх иргэний эрх зүйн хамгаалалтын аргад нийцэхгүй тул 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн хүү, хугацаа хэтрүүлсний хүүг тооцоход 21,233,334 төгрөг гарч байх тул үндэслэлгүй нэхэмжилсэн 933,333 төгрөгийн хүүг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд оролцогч талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч тус тохиролцоо хуулийн хүрээнд байгуулагдсан байх шаардлагатай.

Зохигч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.4 дэх хэсэгт нэмэгдүүлсэн хүүг “үндсэн зээлийн 20 хувь байна, нэмэгдүүлсэн хүүг хугацаандаа төлөгдөөгүй зээлийн үндсэн өрийн үлдэгдлээс тооцно/ гэсэн тохиролцоо Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэсэнтэй нийцээгүй, өөрөөр хэлбэл тус тохиролцоо нь хуулийн хүрээнд байгуулагдаагүй байх тул нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Дурдсан үндэслэлүүдээр, хариуцагч Б.Мөөс үндсэн зээл 35,000,000 төгрөг, зээлийн хүүнд 21,233,334 төгрөг нийт 56,233,334 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,626,666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч нь зээлийн гэрээний зүйл болох 35,000,000 төгрөгийн 29,000,000 төгрөгийг зээлдэгч П.Баатарцогтод шилжүүлсэн гэх тайлбараар түүнийг тус гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй болохгүй юм.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг М дүнгээр төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны хөрөнгөөр үүргийг хангуулна гэжээ.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана” гэж тус тус зохицуулснаар барьцааны гэрээнд барьцаалсан хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Мөөс  56,233,334 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,626,666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан үүргийн гүйцэтгэлийг Б.Мий өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201051734 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Ханын материал /18062/ үйлдвэрчний эвлэлийн гудамж 70б байр 17 тоот 60 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 601,050  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөөс 509,316 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-нд олгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ЭНХЖАРГАЛ