Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 122/ШШ2024/0007

 

2024      04         09                                                 122/ШШ2024/0007

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Цэрэнханд даргалж, шүүгч Б.Баярцогт, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

 

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 7 дугаар багийн иргэн М.*******,

 

Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн ******* аймаг дахь салбар зөвлөл,

 

Гуравдагч этгээд: Г.*******,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Төрийн албаны зөвлөлийн ******* аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 06 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, болзол, шаардлага хангасан, шалгалтын үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан  М.*******ийг ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны даргын албан тушаалд нэр дэвшүүлж, санал болгохыг Төрийн албаны зөвлөлийн ******* аймаг дахь салбар зөвлөлд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.  

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.******* /цахимаар/, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, гуравдагч этгээд Г.*******, иргэдийн төлөөлөгч Ц.Сарнайцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

 

            1.1. Нэхэмжлэгч М.*******ээс Төрийн албаны зөвлөлийн ******* аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн ******* аймаг дахь салбар зөвлөлөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулсан тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны даргын албан тушаалын сул орон тоог нөхөх шалгалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

            1.2. Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Төрийн албаны зөвлөлийн ******* аймаг дахь салбар зөвлөлөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулсан тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны даргын албан тушаалын сул орон тоог нөхөх шалгалтад мэргэжлийн шаардлагад тохирохгүй оролцогч Г.*******г бүртгэсэн нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам” болон “Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/160 дугаар тушаал”-аар тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг “мэргэжлийн индекс” нийцэж байх гэснийг зөрчсөн нь илт хууль бус болохыг тогтоолгох, Төрийн албаны зөвлөлийн  ******* аймаг дахь салбар зөвлөлөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулсан тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны даргын албан тушаалын сул орон тоог нөхөх шалгалтын бүртгэлээс Г.*******гийн нэрийг хасахыг ******* аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд үүрэг болгох, Ойн албаны даргын албан тушаалын сул орон тоог нөхөх шалгалтын бүртгэлийг “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам”-ыг хууль зөрчиж бүртгэсэн тул Ойн албаны даргын албан тушаалын сул орон тоог нөхөх шалгалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах” гэж тодруулж байсан бол шүүх хуралдаанд “Төрийн албаны зөвлөлийн ******* аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 06 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, болзол, шаардлага хангасан, шалгалтын үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан  М.*******ийг ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны даргын албан тушаалд нэр дэвшүүлж, санал болгохыг Төрийн албаны зөвлөлийн ******* аймаг дахь салбар зөвлөлд даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болно.

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

 

2.1. Төрийн албаны зөвлөлийн ******* аймаг дахь салбар зөвлөлөөс 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Комисс томилох тухай” 02 дугаар тогтоолоор ******* аймгийн нутгийн захиргааны байгууллага, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн ахлах, дэс түшмэлийн удирдах албан тушаалын тусгай шалгалтыг зохион байгуулах комиссыг байгуулж, Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсаар тусгай шалгалтыг зарлаж, 2023 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-ны өдрүүдэд 09.00 цагаас 17.00 цагийн хооронд шалгалтад бүртгүүлэх иргэдийн материалыг цахимаар хүлээн авчээ.

 

2.2. Дэс түшмэлийн удирдах албан тушаалын шалгалтад гурван иргэн бүртгүүлснээс нэг иргэн материал дутуу ирүүлсэн үндэслэлээр цуцлагдаж, М.*******, Г.******* нарын бүртгэлийг баталгаажуулж, төрийн албаны тусгай шалгалтыг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулжээ.

 

2.3. Шалгалтыг тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг, дүн шинжилгээ хийх чадвар, асуудал шийдвэрлэх чадвар, монгол хэлний ярианы болон бичгийн чадвар, удирдан зохион байгуулах чадвар, манлайлах чадвар, багаар ажиллах чадвар, үйл ажиллагааны үнэлгээ гэсэн агуулгаар авч, нэхэмжлэгч М.******* нийт 88 оноо, гуравдагч этгээд Г.******* нийт 89 оноо авч, ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны даргын албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтад Г.******* нэгдүгээрт, М.******* хоёрдугаарт эрэмбэлэгдсэн байна.

 

2.4. Төрийн албаны зөвлөлийн ******* аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 06 дугаар тогтоолоор Г.*******г ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар Г.*******г Ойн албаны даргын албан тушаалд томилжээ.

 

2.5. Нэхэмжлэгчээс шалгалтын бүртгэл, үнэлгээг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн “Гомдлын хариу хүргүүлэх тухай” 02/880 дугаартай албан бичгийг 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Гурав. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:

 

3.1. Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч миний бие нь шалгалтын үр дүнгийн хувьд үйл ажиллагааны үнэлгээ 21 оноо нийт 63 оноотой байсан, өрсөлдөгчөөсөө 16 оноогоор илүү буюу 79 оноотой байсан. Тухайн өдрийн 16:00 цагт аймгийн Засаг даргын Тамгын газарт ирж дүн дээрээ гарын үсэг зурж, баталгаажуулаарай гэсэн. Тэр цагт очиход ганц хуудас буюу зөвхөн миний дүнг танилцуулж би гарын үсгээ зураад гарсан. Тухайн үед сайт руу орж харахад би 88 оноотой, өрсөлдөгч 89 оноотойгоор оруулж шивсэн байсан. Өөрөөр хэлбэл ярилцлагын шалгалтын дүнг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Төрийн албаны шалгалт өгөх болзол журмын 3.2.5 дахь хэсэгт заасан “шалгалтын дүнг тухай бүр мэдээлэх” гэснийг ноцтой зөрчиж даруй 4 цагийн дараа мэдээллийг сайтад байршуулсан байсан. Энэ зөрчил нь ******* аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулсан тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны даргын албан тушаалын сул орон тоог нөхөх шалгалтыг бүхэлд нь хүчингүйд тооцох үр дагавартай байна.

Мөн ******* аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулсан тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны даргын албан тушаалын сул орон тоог нөхөх шалгалт нь анхнаасаа хууль бус, Төрийн албаны шалгалт өгөх болзол журмын 2.5.1 “албан тушаалын тодорхойлолт”, 2.7 “Сонгон шалгаруулалтын зард сул орон тоо гарсан албан тушаалын нэр, ангилал, зэрэглэл, тавигдах шаардлага, бүртгэл”, 3.2.2 “анкет, холбогдох бусад материалыг цахимаар хүлээн авах, ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхийг хянах”, 4.1.5 “албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх”, 5.1.4 “боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт /хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах/”, 5.1.5 “шаардлагатай бол мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт” гэх шаардлагуудыг зөрчиж бүртгэлийг хийсэн.

Ажлын байрны тодорхойлолтын 3 дугаарт заасан “албан тушаалд тавигдах тусгай шаардлага”-ын “мэргэжил” гэсэн хэсэгт мэргэжлийн шаардлагыг “ Ой зүйч, ой судлаач, ойн инженер” гэж заасан байх ба нэхэмжлэгч миний бие нь МУИС-ийн биологийн факультетыг “Ой судлал” мэргэжлээр мэргэшиж төгссөн. Миний мэргэжил нь ажил олгогчийн тавьсан ажлын байрны шаардлагад заасан “Ой судлаач” гэх албан тушаалд тавигдах мэргэжлийн шаардлагатай бүрэн нийцсэн бол Төрийн албаны салбар зөвлөлийн хууль, холбогдох журам зөрчин бүртгэж, нэгдүгээрт жагсаасан Г.*******гийн мэргэжил Экологи, байгаль хамгаалал гэсэн бакалаврын зэрэгтэй, Хүрээлэн буй орчин судлалаар магистрын зэрэгтэй байгаа нь албан тушаалд тавигдах мэргэжлийн шаардлага, мэргэжлийн индекстэй нийцэхгүй байсаар байхад Төрийн албаны шалгалт өгөх болзол журмыг зөрчиж албан тушаалд тавигдах мэргэжлийн шаардлага хангахгүй хүнийг бүртгэсэн нь энэ сонгон шалгаруулалт нь бүртгэх үеэсээ эхлэн Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны шалгалт өгөх болзол журмыг ноцтой зөрчсөн Захиргааны ерөнхий хуульд заасанчлан анхнаасаа үйлчлэлгүй хууль бус захиргааны акт, захиргааны байгууллагын үйлдэл гэж үзэхээр байна.

Боловсролын сайдын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн батлах тухай” А/160 дугаар тушаалаар баталсан индексээр сонгон зарласан албан тушаалын индекс нь 08-2 кодтой индексэд хамаарч байна. Нэхэмжлэгч миний мэргэжлийн индекс нь 082103 кодтой бөгөөд 08-2 үндсэн индексэд хамаарч байгаа бол өрсөлдөгч Г.*******гийн мэргэжлийн индекс нь 05-Байгалийн шинжлэх ухаан, математик, статистик 052 Хүрээлэн буй орчин албан тушаалын мэргэжлийн шаардлага буюу индекстэй хамааралгүй байна.

Нэхэмжлэгч миний мэргэжлийн чиглэл, индекс нь /08-Хөдөө аж ахуйн, ой загасны аж ахуйн, мал эмнэл зүйн 082 Ой аж ахуй/ 082103 кодтой “Ой судлал”-ын мэргэжлийн индексэд хамаарч байгаа нь сонгон шалгаруулалтаар зарласан албан тушаалын тусгай шаардлага болох мэргэжлийн шаардлагад бүрэн нийцсэн.

Иймд албан тушаалын тодорхойлолтод заасан албан тушаалд тавигдах тусгай шаардлагын мэргэжлийн индексэд тохирохгүй Г.*******г бүртгэж, шалгалтад оруулсан нь хууль бус бөгөөд, Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмыг ноцтой зөрчсөн тул Төрийн албаны зөвлөлийн ******* аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 06 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, болзол, шаардлага хангасан, шалгалтын үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан М.*******ийг ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны даргын албан тушаалд нэр дэвшүүлж, санал болгохыг Төрийн албаны зөвлөлийн ******* аймаг дахь салбар зөвлөлд даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

Шалгалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ******* аймаг дахь төрийн албаны салбар зөвлөл мэргэжлийн индексийг дүйцүүлэх эрхгүй гэдэг нь харагдаж байна. Мөн ерөнхий индексийг дүйцүүлэх талаар шалгалтад оролцогч нарт танилцуулаагүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч бүрэн дэмжиж байгаа гэв.

 

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Төрийн албаны зөвлөлийн ******* аймаг дахь салбар зөвлөлөөс Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны даргын тусгай шалгалтыг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр улсын хэмжээнд зарласан боловч оролцогч бүртгүүлээгүй шалгалт хойшлогдсон. Дахин тусгай шалгалтыг зарлаж Төрийн албаны зөвлөлийн www.сsс.gov.mn цахим хуудсаар тусгай шалгалтыг улсын хэмжээнд зарлаж, шалгалтын бүртгэлийг 2023 оны 01 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд 09.00-17.00 цагийн хооронд цахим шуудангаар зарлагдсан ажлын байранд өрсөлдөх иргэдийн материалыг хүлээн авсан.    

Бүртгэлийг хянаж баталгаажуулалтыг хийхэд дэс түшмэлийн удирдах албан тушаалд 3 иргэн материал илгээсэн бөгөөд 1 иргэн дутуу материал ирүүлсэн тул бүртгэлийг цуцалж, 2 иргэний илгээсэн материалыг хүлээн авч Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-д заасны дагуу бүртгэлийг баталгаажуулсан.

Мэргэжлийн индекс нь ерөнхий, төрлийн, нарийвчилсан гэж байдаг бөгөөд төрийн албаны зөвлөлөөс мэргэжлийн индексийг ерөнхий чиглэлийн дагуу дүйцүүлэн бүртгэж болох талаар арга зүйн сургалтаар чиглэл өгч байсан.

Ойн албаны даргын албан тушаалын тодорхойлолтын шаардлагад “ой зүйч, судлаач, ойн инженер” гэж заасан байсан. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/160 дугаар тушаалын хавсралтад 08 ерөнхий чиглэлийг удирдлага болон тусгай шалгалтыг нээлттэй бүртгэсэн.

Г.*******гийн мэргэжлийн индекс нь Бакалавр /080101/ Экологич, байгаль хамгаалал, магистр /05210201/ Хүрээлэн буй орчин судлал мэргэжил нь тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил ерөнхий индекс таарч байгаа мөн ажилласан жил туршлага нь аймгийн мэргэжлийн хяналтын газарт Байгаль орчин хяналтын улсын байцаагч, Байгаль орчин аялал жуулчлалын газарт Усны нөөц хадгалалт, хамгаалалтын мэргэжилтнээр ажиллаж байсан туршлага зэргийг харгалзан тусгай шалгалтад бүртгэсэн.

Төрийн албаны зөвлөлөөс тусгай шалгалтын бүртгэл болон шалгалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж Г.******* нь ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/07 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ойн албаны даргын албан тушаалын тодорхойлолт”-д зааснаар тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлага болох боловсрол, мэргэжил, мэргэшил туршлагын шаардлагыг тус тус хангасан бөгөөд энэ талаар нэхэмжлэгчид Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 02/880 дугаар албан тоотоор хариуг хүргүүлэхдээ тайлбарласан болно.

Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны даргын албан тушаалын тусгай шалгалтыг нийтэд 2 удаа зарлаж мэдээлсэн боловч 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулсан шалгалтад оролцогч бүртгүүлээгүй мөн тухайн байгууллагаас улсын хэмжээнд “тэр бум мод” тарих хөтөлбөрийн хүрээнд тухайн албан тушаалыг яаралтай нөхөх хэрэгцээ шаардлага байгаа талаараа удаа дараа хүсэлт тавьж байсан.

Г.*******гийн хувьд мэргэжил нь мэргэжлийн индексийн ерөнхий чиглэлд таарч байгаа, тухайн салбарт ажилласан туршлага зэргийг харгалзан бүртгэлийг хийсэн тул бүртгэлээс хасах боломжгүй юм.

Төрийн албаны тухай хуулийн 33.3-т “ ..., тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна.” гэж заасан.

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 5 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу бүртгэл явуулсан бөгөөд бүртгэлтэй холбоотой гомдол хүсэлт сонгон шалгаруулах комисст ирээгүй бөгөөд журмын 5.4-т “Бүртгэлтэй холбоотой гомдлыг ажлын 1 өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд комисс уг гомдлыг ажлын 3 өдрийн дотор хянан эцэслэн шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд сонгон шалгаруулалтын комисс дээрх хуулийн заалт, төрийн албаны зөвлөлийн тогтоолыг зөрчөөгүй тул шалгалтыг бүхэлд нь хүчингүй болгох боломжгүй байна. 

            Иймд Төрийн албаны зөвлөлийн ******* аймаг дахь салбар зөвлөлөөс төрийн албаны тусгай шалгалтыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд тус шалгалтын бүртгэлтэй холбоотой зөрчил гараагүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.4. Гуравдагч этгээд Г.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 02/880 тоот албан бичгээр М.*******ийн гомдлын хариуг хүргүүлэхдээ Нэр дэвшигч Г.******* нь ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/07 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ойн албаны даргын албан тушаалын тодорхойлолт”-д зааснаар тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлага болох боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлагын шаардлагыг тус тус хангасан байна гэж үзсэн мөн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 5.4-т “Бүртгэлтэй холбоотой гомдлыг ажлын 1 өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд комисс уг гомдлыг ажлын гурван өдрийн дотор хянан эцэслэн шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд тухайн үед хуульд заасан хугацаанд М.******* нь бүртгэлтэй холбоотой гомдол гаргаагүй байдаг.

Г.******* миний бие Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан “22.1-д заасан нийтлэг болон 23 дугаар зүйлд заасан тусгай шаардлагыг хангасан тохиолдолд мөн хуулийн 26.1-д заасан шалгуурыг хангасанд тооцно” гэснийг бүрэн хангаж тусгай шалгалтыг 2023 оны 01 дүгээр сарын 31-нд өгсөн.

Мэргэжлийн индекс таарахгүй гэсэн нэхэмжлэл гаргасан байсан. Миний бие Г.******* нь 1999-2003 оны хооронд Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалан сургалт эрдэм шинжилгээний хүрээлэнгийн харьяа Хөдөө аж ахуйн их сургуулийг Экологич, байгаль хамгаалал мэргэжлээр төгссөн. Миний дипломын индекс 0850101, энэ мэргэжлийн индекс 8 гэсэнтэй таарч байгаа нь үүгээр нотлогдоно. Мөн 2020 онд тус сургуулийн Хүрээлэн буй орчны судлал магистрын зэрэг 052 индекстэй хамгаалсан байдаг.

Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмыг бүрэн хангаж энэ шалгалтыг өгснийхөө төлөө М.*******т гүтгүүлэн доромжлуулж, шүүхийн байгууллагад удаа дараа дуудагдаж байгаадаа туйлын сэтгэл дундуур байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандөрөвдүгээр зүйл “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн заалтыг, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2-т “22.1-д заасан нийтлэг болон 23 дугаар зүйлд заасан тусгай шаардлагыг хангасан тохиолдолд мөн хуулийн 26.1-д заасан шалгуурыг хангасанд тооцно” гэж заасныг, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан журмын  5.4-д заасныг тус тус зөрчин миний эрхэнд удаа дараа халдаж байна.

Мөн М.******* нь ******* аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргахдаа шалгалтын явцад өөрийн оноог огт хараагүй шалгалтын дүнтэй танилцуулаагүй гэж шүүхийн байгууллагад худал мэдүүлэг гаргасан байдаг. Ярилцлагын шалгалтыг хоёуланг нь байлцуулан үргэлжлүүлэн авсан тэр үед шалгалтын дүнг М.******* шууд харж байсан. Мөн шалгалт 1 цаг 40 минут орчимд дуусахад төрийн албаны салбар зөвлөлөөс бидэнд шалгалтын оноогоо цахимаас харна, дүнгээ 16 цагт ирж баталгаажуулахыг хэлсэн.

Миний бие энэ шалгалтыг шударгаар өгч нэгдүгээр байранд эрэмбэлэгдсэн болохоос биш шалгалтыг зохион байгуулаагүй. Энэ шалгалтын үйл явцыг анхан шатны шүүх дээр хангалттай тодорхой ярьсан. М.******* нь ямар сонирхлоор миний эрх ашгийг хөндөн шүүхийн байгууллага дээр гүтгэн доромжилж байн байн өргөдөл гаргаж байгааг би ойлгохгүй байна.

Дээр нь шалгалтад бүртгүүлэхдээ тухайн үед ******* аймаг Баянтүмэн сумын Тамгын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч буюу тодорхойлолт гаргах эрхгүй албан тушаалтнаар тодорхойлолт гаргуулан шалгалтад бүртгүүлсэн байсан.

Төрийн албаны салбар зөвлөлөөс 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 06 дугаар тогтоолоор намайг тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн. Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлэг явуулж хянуулсан. 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 05/3005 тоот албан бичгээр тухайн албан тушаалд ашиг сонирхлын зөрчил байхгүй гэж ирснээр Ойн албаны даргын албан тушаалд 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/08 тоот Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын тушаалаар томилогдон одоог хүртэл чиг үүргийг хэрэгжүүлж байна.

Иймд М.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Дөрөв: Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт:

4.1. Нэхэмжлэгч М.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Төрийн албаны салбар зөвлөл нь Ойн албаны даргын албан тушаалд тавигдах тусгай шаардлага болох ой зүйч, судлаач, ойн инженер байх мэргэжлийн шаардлагыг хангаагүй Г.*******г бүртгэн тусгай шалгалтад оруулж, Ойн албаны даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн нь Төрийн албаны тухай хууль болон холбогдох журмыг зөрчсөн ... ” гэж, хариуцагчаас “ ... Мэргэжлийн чиглэл, индексийн ерөнхий чиглэлийг удирдлага болгон тусгай шалгалтад оролцогчдыг нээлттэй бүртгэсэн. Г.******* нь Ойн албаны даргын албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан учраас тусгай шалгалтад бүртгэж, 89 оноо буюу хамгийн өндөр оноо авсан тул тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоол гаргасан нь хууль зөрчөөгүй ...” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.

 

3. Төрийн албаны зөвлөлийн ******* аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Комисс томилох тухай” 02 дугаар тогтоолоор ******* аймгийн нутгийн захиргааны байгууллага, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн Ахлах, дэс түшмэлийн удирдах албан тушаалын тусгай шалгалтыг зохион байгуулах комиссыг байгуулж, Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар шалгалтын бүртгэлийг зарлаж, 2023 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-ны өдрүүдийн 09.00 цагаас 17.00 цагийн хооронд шалгалтад оролцох иргэдийн материалыг хүлээн авч, Дэс түшмэлийн удирдах албан тушаалын тусгай шалгалтад оролцохоор 3 иргэн материал ирүүлснээс 1 иргэн материал дутуу ирүүлсэн үндэслэлээр бүртгэл цуцлагдаж, М.*******, Г.******* нарын бүртгэлийг баталгаажуулжээ.

 

4. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичиг”-ийг албан тушаалын тодорхойлолт гэж тодорхойлсон, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмыг төрийн албаны төв байгууллага батална.” гэж, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолоор батлагдсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-ын 3.5.2-т “төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах мэргэжил ба мэргэшлийн шаардлагыг тухайн албан тушаалын чиг үүрэгт нийцүүлэн, албан тушаалын тодорхойлолтод тусгана” гэж тус тус заажээ.

 

5. ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/07 дугаар тушаалаар Ойн албаны даргын албан тушаалын тодорхойлолтыг баталж, тухайн албан тушаалд тавигдах мэргэжлийн шаардлагыг “Ой зүйч, судлаач, ойн инженер” гэж тодорхойлсон байхад хариуцагч салбар зөвлөл нь албан тушаалын тодорхойлолтоор тавигдсан мэргэжлийн тусгай шаардлагыг хангахгүй этгээдийг төрийн албаны тусгай шалгалтад бүртгэн, сонгон шалгаруулалтад оролцуулж, сонгон шалгаруулалтад тэнцсэнд тооцож, улмаар уг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг баримтална:” гэж заасантай нийцэхгүй байна.

 

6. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/160 дугаар тушаалаар дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх мэргэжлийн чиглэл /хөтөлбөрийн нэр/, индексийг шинэчлэн батлахдаа “08 Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуй, мал эмнэлзүй” гэсэн ерөнхий мэргэжлийн чиглэл нь “081 Хөдөө аж ахуй”, “082 Ойн аж ахуй”, “083 Загасны аж ахуй”, “084 Мал эмнэлэг”, “088 Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуй, мал эмнэлзүйд хамаарах салбар дундын чиглэл” гэсэн төрөлжсөн мэргэжлийн чиглэлүүдэд хуваагдахаар, эдгээр нь мөн цааш “082101 индекстэй Ойн аж ахуй”, “082101 индекстэй Ойн инженерчлэл”, “082103 индекстэй Ой судлал” гэсэн хөтөлбөрийн нэрээр нарийвчилсан мэргэжлийн чиглэлүүдэд ангилагдахаар заасан ба Ойн албаны даргын албан тушаалын тодорхойлолтод албан тушаалд тавигдах мэргэжлийн тусгай шаардлагыг хөтөлбөрийн нэрээр буюу “Ой зүйч, судлаач, ойн инженер” гэж заасан байна.

 

7. Маргааны тохиолдолд нэхэмжлэгч М.******* нь Монгол Улсын Их сургуульд Ой судлал мэргэжлээр суралцаж, Ой судлалын бакалавр зэрэгтэй төгссөн нь баримтаар нотлогдох ба тухайн албан тушаалд тавигдах мэргэжлийн тусгай шаардлагыг хангасан гэж үзэхээр байна.

 

8. Харин гуравдагч этгээд Г.******* нь Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуульд экологич байгаль хамгаалал мэргэжлээр суралцаж, байгаль хамгаалал, экологийн бакалавр зэрэгтэй төгссөн байгаа нь Ойн албаны даргын албан тушаалд тавигдах мэргэжлийн тусгай шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

 

9. Тодруулбал, гуравдагч этгээд Г.*******гийн “052 Хүрээлэн буй орчин” төрөлжсөн чиглэлийн “052101 Экологи”, “052202 Байгаль хамгаалал” индекс, мэргэжлийн чиглэл нь ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/07 дугаар тушаалаар баталсан Ойн албаны даргын албан тушаалын тодорхойлолтод заасан индекс, мэргэжлийн чиглэлтэй дүйцэхгүй нь Боловсрол, шинжлэх ухааны яамны 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 6/1277 дугаар албан бичгээр тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Төрийн албаны төв зөвлөлөөс мэргэжлийн индексийг ерөнхий чиглэлийн дагуу дүйцүүлэн бүртгэх талаар чиглэл өгч байсны дагуу Г.*******гийн мэргэжлийн индекс, чиглэлийг ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжилтэй дүйцүүлэн бүртгэсэн ...” гэх тайлбар үндэслэлгүй.

 

10. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.12-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж болно. Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөх болзол, журам, төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журмыг Засгийн газартай зөвшилцөн төрийн албаны төв байгууллага батална.”, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 3.2-т “Комисс нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:”, 3.2.2-т “анкет, холбогдох бусад материалыг цахимаар хүлээн авах, ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхийг хянах”, 4.1-д “Дараах болзлыг хангасан албан хаагч, иргэн шалгалтад бүртгүүлнэ:”, 4.1.5-д “албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх”, 5.3-д “Энэ журмын 4.1-д заасан болзлыг хангаж, 5.1-д заасан холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн албан хаагч, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэнийг бүртгэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа хэлэлцэн гаргах ба болзол хангаагүй бол энэ тухай шалтгааныг мэдэгдэнэ.”, 8.1-д “Төрийн албаны тухай хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан болзол болон албан тушаалын тодорхойлолтод тавигдсан шаардлагыг хангаагүй, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, худал мэдүүлсэн бол тухайн иргэний шалгалтыг хүчингүй болгоно.” гэж зааснаас үзвэл салбар зөвлөлийн шийдвэрээр байгуулагдсан шалгалтын комисс нь шалгалтад бүртгүүлэхээр ирүүлсэн оролцогчдын материалыг хүлээн авч, ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, болзол хангаагүй бол бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргаж, шалтгааныг оролцогчид мэдэгдэхээр байна.

 

11. Төрийн албаны зөвлөлийн ******* аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан шалгалтын комисс нь Ойн албаны даргын албан тушаалын тодорхойлолтод заасан албан тушаалд тавигдах мэргэжлийн тусгай шаардлагыг хангаагүй гуравдагч этгээд Г.*******г бүртгэж, шалгалтад оролцуулан, хамгийн өндөр оноо авсанд тооцож тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоол гаргасан нь дээрх хууль, журмын зохицуулалтыг зөрчсөн, хууль бус шийдвэр болжээ.

 

12. Нөгөөтэйгүүр, хариуцагч болон гуравдагч этгээдээс гаргаж байгаа “Бүртгэлтэй холбоотой гомдлыг ажлын 1 өдрийн дотор гаргах ёстой. Бүртгэлтэй холбоотой гомдлыг одоо гаргах боломжгүй ...” гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

 

13. Учир нь “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 5.4-д “Бүртгэлтэй холбоотой гомдлыг ажлын 1 өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд комисс уг гомдлыг ажлын 3 өдрийн дотор хянан эцэслэн шийдвэрлэнэ.” гэсэн заалтыг журмын 5.3 дахь заалттай холбож буюу шалгалтын бүртгэлээс хасагдсан оролцогч уг асуудлаараа ажлын 1 өдрийн дотор гомдол гаргаж шийдвэрлүүлнэ гэж ойлгож хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл шалгалтад бүртгүүлсэн оролцогч бусад оролцогчдынхоо бүрдүүлж өгсөн баримт бичигтэй цахим системээр танилцах, тухайн оролцогчийг албан тушаалын тодорхойлолтод заасан болзол, шаардлагыг хангасан эсэхийг хянах боломжгүй юм.

 

14. Хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно.” гэж заасныг зөрчсөн болох нь дээрх байдлаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Төрийн албаны зөвлөлийн ******* аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 06 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуульд заасан болзол, Ойн албаны даргын албан тушаалын тодорхойлолтод тавигдсан шаардлагыг хангасан, сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан М.*******ийг ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны даргын албан тушаалд нэр дэвшүүлж, санал болгохыг Төрийн албаны зөвлөлийн ******* аймаг дахь салбар зөвлөлд даалгаж шийдвэрлэв.

 

15. Хэрэг маргааныг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцож, хэргийн үйл баримтад үнэлэлт өгч, дүгнэлт гаргах бөгөөд М.*******ийн нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлийн ******* аймаг дахь салбар зөвлөлд холбогдох хэргийн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэл бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 25 дугаар зүйлийн 25.1, 33 дугаар зүйлийн 33.12 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн албаны зөвлөлийн ******* аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 06 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуульд заасан болзол, Ойн албаны даргын албан тушаалын тодорхойлолтод тавигдсан шаардлагыг хангасан, сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан М.*******ийг ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны даргын албан тушаалд нэр дэвшүүлж, санал болгохыг Төрийн албаны зөвлөлийн ******* аймаг дахь салбар зөвлөлд даалгасугай.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ЦЭРЭНХАНД

 

                                           ШҮҮГЧИД                         Б.БАЯРЦОГТ

                           

                                                                                     Г.БАЯСГАЛАН