Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 21

 

Ш.Б нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Б даргалж, шүүгч Б.А, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 133/ШШ2020/00325 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Алтай сум 4 дүгээр баг Баян-Овоо 1, Аж гудамж, 20 дугаар байр 1 тоотод оршин суух, Б овогт Ш. Б нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Жинст баг 41 дүгээр байр 22 тоотод оршин суух, О овогт Н. Б холбогдох

2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Алтайн Сүрлэг нуруу ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 0019/001 дугаар тогтоолын дагуу Н.Б компанийн захирлаас чөлөөлсөн болохыг тогтоож, хариуцагч Н.Б компанийн тамга тэмдэг, гэрчилгээ бичиг баримт гаргуулах, Алтайн сүрлэг нуруу ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б бүрэн эрхийг дуусгавар болсныг тогтоолгож, 266.000.000 төгрөг гаргуулж хувьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй,

2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Алтайн сүрлэг нуруу ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 0019/001 тоот тогтоолыг хүчингүйд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүгч Т.Ж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д, Д.З /онлайнаар/, хариуцагч Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ч.А /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Алтайн Сүрлэг нуруу" ХХК-ийг иргэн Н.Б 40 хувь, иргэн Ш.Б 37 хувь, "Агро Сфер" Холдинг ХХК 23 хувь буюу нийт 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар хувьцаа эзэмшигч нар 2016 онд мал, махны үйлдвэрийн зориулалттайгаар үүсгэн байгуулсан. Үүсгэн байгуулсны дараа сүүлийн 2 жил хувьцаа эзэмшигч компанийн захирал болох Н.Б нь хувьцаа эзэмшигч нартай уулзахгүй, хувьцаа эзэмшигчдийн хурал хийж санхүүгийн тайлан баланс гаргахгүй, хувьцаа эзэмшигч нарт хувь хүртээхгүй, үйл ажиллагааг Компанийн тухай хууль, дүрэмд зааснаар явуулаагүй тул "Алтайн сүрлэг нуруу" ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Ш.Б, "Агро Сфер Холдинг" ХХК нь Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2, 60.4, 61 дүгээр зүйлийн 61.7 дахь хэсгүүдийг удирдлага болгон 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэр гаргаж, хуралд хэлэлцэх асуудлын талаар санал авах хуудас, хурлын зар зэргийг холбогдох хаяг шуудангаар Н.Б руу явуулсан боловч хариу ирүүлээгүй, ээлжит бус хуралд оролцоогүй. Иймд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр "Алтайн сүрлэг нуруу" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулж тухайн хурлаар тус компанийн захирал Н.Б нь сүүлийн 2 жилийн байдлаар компанийн санхүүгийн ямар ч тайлан танилцуулаагүй, хувьцаа эзэмшигч нарт ноогдол ашиг хүртээгээгүй, хуурамч итгэмжлэлийг ашиглаж компанийн нэр дээр 320.000.000 төгрөгийн зээл авч зориулалтын дагуу зарцуулаагүй, мөн эрсдэл тооцолгүй малчдаас их хэмжээний мал, мах авч компанийн нэр хүндийг орон нутагт унагаж байгаа тул тус ээлжит бус хурлаар Н.Б захирлын албан тушаалаас хувьцаа эзэмшигчдийн 100 хувийн саналаар чөлөөлж, Ш.Б " Алтайн сүрлэг нуруу" ХХК-ийн захирлаар томилох шийдвэр гарсан. Иймд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн "Алтайн сүрлэг нуруу" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 0019/001 дугаар тогтоолын дагуу Н.Б компанийн захирлаас чөлөөлсөн болохыг тогтоож, хариуцагч Н.Б компанийн тамга тэмдэг, бичиг баримт гэрчилгээг гаргуулж өгнө үү. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар ихэсгэж байна. Алтайн Сүрлэг Нуруу ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б нь 2017-2019 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуульд зааснаар хуралдуулаагүй. Иймд Алтайн Сүрлэг Нуруу ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б бүрэн эрхийг Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5-д заасны дагуу дуусгавар болсоныг тогтоож өгнө үү. Н.Б нь өөрийн бүрэн эрх дуусгавар болсон хугацаанд хувьцаа эзэмшигч нарын зөвшөөрөлгүй их хэмжээний хэлцэл буюу 320.000.000 /гурван зуун хорин сая/ төгрөгийн гэрээ хийж компанид 266.000.000 /хоёр зуун жаран зургаан сая/ төгрөгийн хохирол учруулсан.

Иймд компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.7 төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага нь энэ хуулийн 84.4-т заасан үүргээ биелүүлээгүй бол компанийн хувьцаа эзэмшигч уг албан тушаалтнаар компанид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасны дагуу 266.000.000 төгрөгийг Н.Б гаргуулж, Алтайн сүрлэг нуруу ХХК-д олгож, Н.Б эзэмших хувьцаа болон Н.Б өөрийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү. Хөдөө аж ахуй, мал хамгаалах сангаас 320.000.000 төгрөгийн зээл авсан. Өөрөө зээл авна гэж байхаар нь би өгөхгүй гэж байсан. Хувьцаанаас тусдаа оруулсан 100 сая төгрөгийг өгчих гэхэд өгөөгүй. 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр би захирал болсон. 2016 оны 7 дугаар сард үйлдвэр оруулж ирж байхдаа сумдаа ажил гараад явахад үйлдвэр оруулж ирэх угсрах барилгын явцын ажлыг гэрээт ажилтнаар хийлгэх нотариат хийж өгсөн. Би компанийн захирал байхдаа компанийг босгох зорилгоор компанийг төлөөлөх нотариат хийж өгөхөд 2016 оны 9 дүгээр сарын 18-нд өөрөө захирал болсны дараа захирлыг төлөөлөх нотариатыг ашиглаж хувьцаа эзэмшигч миний өмнөөс 320.000.000 /гурван зуун хорин сая/ төгрөгийн хэлцэл хийсэн. Хөдөө аж ахуйн газраас түүнийг татаад үзэхэд Компанийн тухай хуулиар 320 сая төгрөгийн хэлцэл хийхэд Компанийн тухай хуулийг зөрчиж хувь эзэмшигчдийн хурал хийгээгүй. Би хоёр удаа 100 сая төгрөг Н.Б өгөөд хохирч байгаа хүн. Миний нэхэмжилж байгаа 400 сая төгрөг нь 37 хувийн ноогдол хөрөнгө, үүн дээр 100 сая төгрөг нэмэгдээд 500 сая төгрөг байх ёстой. Гэтэл би 100 сая төгрөгөө нэхэмжлэхээ болиод 400 сая төгрөг дээр эвлэрье гэсэн бодолтой байна. 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тогтоолын шийдвэрийг хүчин төгөлдөр болгуулах, тамга тэмдэг гаргуулах гэсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч Н.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд гаргасан "Алтайн Сүрлэг Нуруу" ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэх Ш.Б нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлсэн шаардлагатай хариуцагч Н.Б миний зүгээс танилцаад үл хүлээн зөвшөөрч байна. Үүнд: "Алтайн Сүрлэг Нуруу" ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын ээлжит хурал 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хуралдсан. Улмаар хувьцаа эзэмшигч нар нь өмнөх хурлыг хүчингүйд тооцон дахин ээлжит бус хурлыг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан гэх боловч хуульд заасан нөхцлийн дагуу тухайн хурлын зарыг хүргүүлээгүйгээс үүдэн энэхүү хурлыг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан, 2017 оны 12 дугаар сарьн 15-ны өдрийн 2017/Ү/34 тоот зээлийн гэрээг байгуулж, 320 сая төгрөгийн зээл авахдаа бусад хувьцаа эзэмшигч нарьн зөвшөөрлийг авсан болно, энэ талаарх нотлох баримтуудыг шүүхэд хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл Ш.Б 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэл, "Агро Сфер" ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын зөвшөөрөл /2017 оны 12 дугаар сарьн 15-ны өдрийн 17/03 тоот тогтоол/ зэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авч, зээлийг зориулалтын дагуу авсан болно. Иймд нэхэмжлэгч гэх Ш.Б зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, миний зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. Ш.Б өөрөө итгэмжлэл хийж өгсөн. Мөн Агро Сфер гэдэг компани нь 2 хувьцаа эзэмшигчтэй. Тэр хувьцаа эзэмшигчээс нь зөвшөөрөл аваад ийм итгэмжлэлээр авч болох уу гэсэн зөвшөөрлийн дагуу авсан. Тэрийг би хувьдаа ашиглаагүй. Бодлогын гэрээ, зээлийн гэрээг би хавтаст хэрэгт гаргаж өгсөн байгаа. Үлдсэн материалыг Нийслэлийн Прокурорын газраас авна гэдэг тайлбар өгсөн. 320 сая төгрөг дээр тайлбар хийхэд ийм байна.Миний хувьд 130 сая төгрөгийн зээлийн гэрээ бид хоёрын хооронд хийгдсэн байдаг. 130 сая төгрөгийг аваагүй гэж гүтгэж байна. Үүнийг Н.Э захиралд хандаж хэлэхэд Агро Сфер компанийн эзэмшигч В гэдэг хүнээс төсвөөр авсан мөнгөнөөс нь 60 гаруй сая төгрөг авч тохирсон гэж яриад байна. Би удаа дараа тэр хүн рүү ярьсан. 23 хувийг эзэмшиж байгаа Агро Сфер компани үүнийг хариуцна гэж тохирсон байгаа. Гэтэл одоо 130 сая төгрөг аваагүй гэж тайлбарлаж байна. Мөн компаний дансанд төлсөн гэжээ.

 

Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд "Алтайн Сүрлэг Нуруу" ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэх Ш. Б нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ..."2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн "Алтайн Сүрлэг Уулс" ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 0019/001 тоот тогтоолын дагуу Н.Б компаний захирлаас чөлөөлсөн болохыг тогтоож, хариуцагч Н.Б компаний тамга тэмдэг, гэрчилгээ бичиг баримт гаргуулах тухай" нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлд ...2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэр гаргаж, хуралд хэлэлцэх асуудлын талаар санал авах хуудас, хурлын зар зэргийг холбогдох хаяг шуудангаар Н.Б руу явуулсан боловч хариу ирүүлээгүй, ээлжит бус хуралд оролцоогүй гэжээ. Миний хувьд тухайн хурал болох өдөр, хэлэлцэх асуудлыг мэдээгүй бөгөөд шуудангаар явуулсан гэж Ш.Б тайлбарлаж байна. Гэтэл тухайн үед миний бие нь хөдөө байсан бөгөөд шуудангаас хүлээн авах эзэн байхгүй тул шуудангаар ирүүлсэн гэх албан захидлыг буцаан хүргүүлсэн талаар хожим мэдсэн. Гэхдээ тэрхүү албан захидал нь компаний хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар, мэдээлэл мөн эсэхийг би мэдэх боломжгүй юм. Учир нь миний зүгээс өөрийн биеэр гардаж аваагүй билээ. Тухайн албан бичиг надад хүргэгдээгүй, буцсан талаар хариуцагч нар мэдэж байгаа. Компанийн тухай хуулийн 60.4, 65 дугаар зүйлд заасны дагуу хурал зарласан этгээд нь хурлын зарыг мэдээлэх үүргээ биелүүлээгүй нь хурлыг хууль болон, журам, компанийн дүрэмд заасныг удирдлага болгон зарлаагүй гэж үзэж байх тул 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн "Алтайн Сүрлэг Уулс" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 0019/001 тоот тогтоолыг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Н.Э шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болох талаар мэдээгүй, албан бичиг надад хүргэгдээгүй буцсан тул 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн "Алтайн Сүрлэг Уулс" ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 0019/001 тоот тогтоолыг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ. Юуны өмнө хувьцаа эзэмшигч бид "Алтайн Сүрлэг Уулс" ХХК-ийн нэр дээр ээлжит бус хурлын шийдвэр гаргаагүй. Гүйцэтгэх захирал Н.Б нь Компанийн тухай хуулиар хуулийн хугацаанд нэг ч удаа Компанийн хувьцаа эзэмшигчидийн ээлжит бус хурлыг зарлаж байгаагүй, мөн "Алтайн Сүрлэг Нуруу" ХХК-ийн санхүүгийн тайлангуудыг үнэн зөвөөр нь гаргадаггүй, мэдээлэл бичиг баримтыг нуун дарагдуулдаг, удаа дараа санхүүгийн сахилга бат зөрчиж ард иргэдээс олон тооны малыг хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр худалдан авч үнийг нь төлөөгүй компанийг өрөнд оруулж үүнтэй холбоотой шүүхийн шийдвэрүүд гарсан. Бид Н.Б захиралд хурлаа хуралдуулах мөн мэдээлэл хүргүүлэх талаар 2019 оны 03 дугаар сарын 14, 2019 оны 03 дугаар сарын 28, 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрүүдэд тус тус мэдэгдэл, санал санаачилгыг гаргаж хүргүүлсэн, хүлээлгэн өгсөн боловч хариу мэдээлэл өгөөгүй. "Алтайн Сүрлэг Нуруу" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тов зарыг хуульд зааснаар Н.Б мэдэгдэж хүргүүлсэн ба үүнтэй холбоотой нотлох баримтыг хэрэгт хавсаргасан. 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хийсэн. Хурлын зарыг Н.Б захирал руу шуудангаар явуулсан. Н.Б захирал тэр үед зарыг аваагүй учир хүлээн авагч нь авах боломжгүй гээд шуудан буцаад надад ирсэн. Компаний тухай хуулиар хөдөө орон нутагт зар өгч чадаагүй. Хурлын зарыг хүргэх процесс нь учир дутагдалтай болоод хүлээж авч чадаагүй байсан. Бид хуулиа сайн мэддэг байсан бол өдөр тутмын сонинд зар өгөх ёстой байсан. Тэрийг мэдээгүй хөдөө байсан учраас шуудангаар явуулсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр "Алтайн Сүрлэг Нуруу" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн дагуу тус компанийн хувьцаа эзэмшигчдийг төлөөлж иргэн Ш.Б нэхэмжлэл гаргажээ. Тэрээр нэхэмжлэл гаргахдаа "Алтайн Сүрлэг Нуруу" ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0019/001 тогтоолын 4 дэх заалтын дагуу Ш.Б шаардлагатай тохиолдолд шүүхэд нэхэмжлэл үүсгэх эрх үүргийг гүйцэтгэх захирал Ш.Б олгосугай гэж заасан боловч өнөөдрийн байдлаар гүйцэтгэх захирлаар албан ёсоор хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул түүнийг гүйцэтгэх захирал гэж үзэж иргэний хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй байна. Нөгөө талаас иргэн Ш.Б "Алтайн Сүрлэг Нуруу" ХХК-ийн хувьцаа ззэмшигч Ш.Г, Б.Э болон "Агро Сфер" Холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Э шүүхэд төлөөлж нэхэмжлэл гаргах Иргэний хуульд заасан шаардлага хангасан итгэмжлэл олгоогүй байхад "Алтайн Сүрлэг Нуруу" ХХК болон тус компанийн хувьцаа эзэмшигчдийг иргэн Ш.Б төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь эрх зүйн үндэслэлгүй байна. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах, мөн хуулийн 117 дугаар зүйлд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед 65 дугаар зүйлийн 65.1.1-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байдаг тул нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан нь хэрэг хэлэлцэх үед тогтоогдож байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасныг үндэслэн хариуцагч Н.Б холбогдуулан гаргасан Н.Б Алтайн Сүрлэг нуруу ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 0019/001 дугаар тогтоолын дагуу Н.Б компаний захирлаас чөлөөлсөн болохыг тогтоож, хариуцагч Н.Б компаний тамга тэмдэг, гэрчилгээ бичиг баримт гаргуулах, Алтайн сүрлэг нуруу ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б бүрэн эрхийг дуусгавар болсныг тогтоолгох шаардлага бүхий Ш.Б нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 10 сарын 23-ны өдрийн 0019/001 дугаартай тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай хариуцагч Н.Б сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж тус тус шийдвэрлэж, Нэхэмжлэгч Ш.Б нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох хариуцагч Н.Б 266.000.000 /хоёр зуун жаран зургаан сая/ төгрөг гаргуулж, хувьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа татан авсныг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.600 төгрөг, хариуцагч Н.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч 266.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан тул уг шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 1.487.950 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч Ш.Б олгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Б гаргуулан хариуцагч Н.Б олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.З, Н.Э нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Ш.Б нь Н.Б холбогдуулан Н.Б компанийн захирлаас чөлөөлсөн болохыг тогтоолгож, хариуцагч Н.Б компанийн тамга тэмдэг, гэрчилгээ гаргуулах, Алтайн сүрлэг нуруу ХХК-ий гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Н.Б нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Алтайн сүрлэг нуруу ХХК-ий хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 0019/001 тоот тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна.

 

Гомдлын үндэслэл: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. 40.1 Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. 40.2.Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. 118.4.Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана. 118.5.Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, мөн улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн зардал төлүүлэх, эд мөрийн баримтыг хэрхэх, хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжлэгч, хариуцагч бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгана гэсэн заалтуудыг тус тус зөрчиж хэт нэг талыг барьж хуулийг буруу хэрэглэж тайлбарласан байна.

 

Ш.Б нь компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5-д заасны дагуу Н.Б гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсныг тогтоож өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Шүүх тус маргаан нь Иргэний хууль болон Компанийн тухай хуулиар шүүхэд харьяалалгүй маргаан гэж үзсэн нь хуулийг буруу хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг ач холбогдолтой талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4. Компани нь хязгаарлагдмал хариуцлагатай болон хувьцаат компани гэсэн хэлбэртэй байна гэж заасан байдаг. 59.7.Хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ энэ хуулийн 59.4-т заасан хугацааны дотор хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргаагүй бол Санхүүгийн зохицуулах хороо тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх нь дуусгавар болсныг нийтэд мэдээлнэ гэж заасан байна. Нэхэмжлэгч Алтайн сүрлэг нуруу ХХК нь хязгаарлагдмал хариуцлагатай компани учир 59.7 дахь заалт нь манай тохиолдолд хамаарахгүй заалт юм. Мөн шүүгч нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байгаа хуулийн зүйл заалтыг тогтоох хэсэгт нэг бүрчлэн тодорхой зааж өгөх ёстой. Гэтэл ямар хуулийн аль заалтыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь тодорхойгүй байна. Энэ нь ИХШХШТХ-ийн 118.5.Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, мөн улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн зардал төлүүлэх, эд мөрийн баримтыг хэрхэх, хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжлэгч, хариуцагч бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгана гэсэн заалтыг зөрчсөн мөн хуулийг буруу хэрэглэж тайлбарласан болох нь харагдаж байна.

 

Шүүх тогтоох хэсэгтээ 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Гэтэл Компанийн тухай хуулийн 70.1.1 хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэрийн талаар хуралд оролцоогүй, эсхүл оролцсон боловч эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигч шүүхэд гомдол гаргах эрхийг дурьдсан байдаг. Гэтэл шүүхээс хурлын тогтоолыг хүчингүй болгох үндэслэлээ тогтоолдоо дурьдаагүй нэхэмжлэгч Ш.Б, хувьцаа эзэмшигч нар Агро Сфер ХХК нь хурлын шийдвэрийн талаар огт маргадаггүй ба компанийн тухай хуулийн 69.1-д заасанчилан хувьцаа эзэмшигчдийн 51% оролцсоноор хурлын шийдвэр хүчин төгөлдөр болсон талаар дурддаг. Шүүх хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцогчдын ирц 51%-иас дээш оролцсон байдалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй харагдаж байна. Нэхэмжлэгч тал Компанийн тухай хуульд заасан зөвхөн хурлын зарыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зар хүргэх гэдгийг чухалчилж үзжээ. Гэтэл Компанийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгч тал зарыг мэдээлэх үүргээ шуудангаар хүргүүлсэн байдаг.

 

Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг хүчингүйд тооцохын тулд хуралд оролцсон 51 хувиас дээш хувьцаа эзэмшигчдийн хүсэл сонирхолыг шүүх анхаарах ёстой байсан нэгэнт Компанийн тухай хуулийн 69.1-д хувьцаа эзэмшигчдийн хурал 51 хувиас дээш хувьцаа эзэмшигчид оролцсоноор хүчин төгөлдөр болно гэж заасан. Өнөөдөр хариуцагч Н.Б хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож эсрэг саналтай байсан ч 51 хувийн хувьцаа эзэмшигчдийн олонхийн шийдвэрээр хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болох байсан талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй харагдаж байна. Харин нэхэмжлэгч талыг шүүх Компанийн тухай хуульд заасан 60.4-т заасан үүргээ зөрчсөн гэж дүгнэж байгаа нь хурлыг хүчингүйд тооцох үндэслэл биш энэ нь харин Компанийн тухай хуулийн 100 дугаар зүйлд зааснаар тус хуулийг зөрчсөн этгээд Зөрчлийн тухай хууль эсхүл Эрүүгийн хуулиар хариуцлага оногдуулахаар харагдаж байна. Гэтэл шүүх зөвхөн энэ үндэслэлээр эрх бүхий этгээдүүдийн хоорондын хүсэл сонирхолыг илэрхийлж хийсэн хурал хэлцлийг хүчингүйд тооцож байгаа нь хуулийг буруу хэрэглэж үндэслэлгүй шийдвэр гаргасан харагдаж байна. Мөн шүүгч хэргийг хянан шийдвэрлэх явцдаа хэргийг хэлэлцэх дарааллыг тогтоогоогүй, хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийг хэлэлцүүлээгүй. Энэ нь талуудын хуулиар олгогдсон тэгш эрхийн зарчмыг хангаагүй бөгөөд зохигчийн мэтгэлцэх эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтыг хангалттай гаргаж өгсөн байдаг. Хариуцагч талаас хэрэгт ач холбогдолтой нэг ч баримтыг гаргаж өгөөгүй байхад шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. 40.2.Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтыг зөрчиж байгаа нь харагдаж байна.

 

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 133/ШШ2020/00325 дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгож Ш.Б нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг буруу дүгнэж, үнэлсэн байх тул шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Н.Б холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Алтайн сүрлэг нуруу ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 0019/001 дугаар тогтоолын дагуу Н.Б компанийн захирлаас чөлөөлсөн болохыг тогтоож, хариуцагч Н.Б компанийн тамга тэмдэг, гэрчилгээ, бичиг баримт гаргуулах, Алтайн сүрлэг нуруу ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б бүрэн эрхийг дуусгавар болсныг тогтоолгох,

 

Хариуцагч Н.Б нь Н.Э холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Алтайн сүрлэг нуруу ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 0019/001 тоот тогтоолыг хүчингүйд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Н.Б нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хувьцаа эзэмшигчдийн хурал хууль бус болсон, мөн нэхэмжлэлийг гаргах эрхгүй этгээд гаргасан учраас хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Н.Б гаргасан сөрөг нэхэмжлэлийг Н.Э нь хүлээн зөвшөөрч Ш.Б нь хурлын зарыг шуудангаар хүргүүлсэн, мэдэгдсэн тул шийдвэр нь хүчинтэй гэж маргасан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийг шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа бас нэг үндэслэлээ хувьцаа эзэмшигчдийн хурлыг өөрт нь мэдэгдэлгүйгээр хуралдуулсан тул 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 0019/001 дугаар тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.1.1-д зааснаар гомдол гаргаж болохоор байна гэж анхан шатны шүүх дүгнээд хариуцагч Н.Б холбогдуулан гаргасан Н.Б Алтайн сүрлэг нуруу ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 0019/001дугаар тогтоолын дагуу Н.Б компанийн захирлаас чөлөөлсөн болохыг тогтоож, хариуцагчаас компанийн тамга тэмдэг, гэрчилгээ, бичиг баримт гаргуулах, Алтайн сүрлэг нуруу ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох шаардлага бүхий Ш.Б нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0019/001 дугаар тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай хариуцагч Н.Б сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

 

Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлд Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай шийдвэр гаргах эрх бүхий этгээд нь Төлөөлөн удирдах зөвлөл/байхгүй бол гүйцэтгэх удирдлага/, эсхүл энэ хуулийн 61.7-д заасан этгээд буюу Алтайн сүрлэг нуруу ХХК-ийн 37 хувийн хөрөнгө оруулалттай хувьцаа эзэмшигч Ш.Б, 23 хувийн хөрөнгө оруулалттай хувьцаа эзэмшигч Н.Э нар нь Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулж, шийдвэр гаргах эрхтэй байна.

Мөн Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 61.1.3 дахь хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хувьцаа эзэмшигчид зарлан хуралдуулж болохоор байна.

Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар Хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан этгээд нь тухайн хурлын зарыг хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчид мэдэгдэх үүрэг хүлээнэ гэжээ.

Хэрэгт авагдсан баримт болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан хариуцагч Н.Б тайлбараар хувьцаа эзэмшигч Ш.Б, Н.Э нар нь дээрх хуульд заасныг биелүүлсэн байна гэж үзэхээр байгаа учраас хувьцаа эзэмшигчдийн хурал хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.15-д заасан бүрэн эрхийнхээ хэмжээнд гүйцэтгэх захирал Н.Б бүрэн эрхийг зогсоож, Ш.Б Алтайн сүрлэг нуруу ХХК-ийн захирлаар томилсон тухай шийдвэр гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

Нэгэнт хувьцаа эзэмшигчдийн хурлаар гүйцэтгэх захирал Н.Б гүйцэтгэх захирлаас чөлөөлж, Ш.Б томилсон байгаа тул шүүх энэ үйл баримтыг тогтоох шаарлагагүй байна.

Энэ нь тухайн хувьцаа эзэмшигчдийн хурал түүний бүрэн эрхийн асуудал бөгөөд шүүхийн эрх хэмжээний асуудал биш байна.

 

Алтайн сүрлэг нуруу ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн 51 хувь оролцсноор хуралдаж хурлын шийдвэр хүчин төгөлдөр болохын хувьд гүйцэтгэх захирлаар Ш.Б томилогдсон байх тул уг компанийн тамга тэмдэг, бусад бичиг баримтыг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Нэгэнт хууль, журамд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаж хүчин төгөлдөр шийдвэр гарсан байгаа тул Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0019/001 дугаар тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан, хэрэгт авагдсан нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т зааснаар шийдвэрийн үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэлийн зарим хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 210.600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийдвэрийн зарим хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Ш.Б давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, түүнд буцаан олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 133/ШШ2020/00325 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...хариуцагч Н.Б компанийн тамга тэмдэг, гэрчилгээ, бичиг баримт гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай... гэснийг мөн ...хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0019/001 дугаартай тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай хариуцагч Н.Б сөрөг нэхэмжлэлийг хангаж... шийдвэрлэснийг тус тус хүчингүй болгож, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.15-д зааснаар хариуцагч Н.Б компанийн тамга тэмдэг, гэрчилгээ, бичиг баримтыг гаргуулж Алтайн сүрлэг уулс ХХК-ийн захирал Ш.Б олгож, хариуцагч Н.Б хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0019/001 дугаартай тогтоолыг хүчингүйд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 210.600 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Ш.Б давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, түүнд буцаан олгосугай.

 

4. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ш.Б

 

ШҮҮГЧИД                               Б.А

 

                                                Т.Ж