Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 22

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 100 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор П.Бы нэхэмжлэлтэй В.Год холбогдох Хамгаалалтын зурваст гражийн үйл ажиллагаа явуулж буй барилгыг чөлөөлүүлэх тухай, нэмэгдүүлсэн шаардлага болох П.Бд учирсан хохирол 5.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч П.Б анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2007 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 72 тоот Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын захирамжаар халаалтын төвийн барилгын зориулалтаар 0.7 га газрыг 20 жилийн хугацаатай 0120962 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, энэ газар дээр Алтанбулаг сумын халаалт, дулаан, цэвэр усаар хангадаг халаалтын үйл ажиллагаа явагддаг, хамгаалалтын зурвас бүхий онцгой объект юм. Гэтэл иргэн В.Г нь 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Алтанбулаг сумын засаг даргын 158 тоот захирамжаар олгосон 170100093 тоот гэрчилгээ үндсэн дээр автомашины гражийн зориулалтаар 1000м2 газрыг ашиглах гэрчилгээний дагуу 15 жилийн хугацаатай үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд энэ хугацаа нь 2016 онд дуусгавар болж, гэрчилгээ нь хүчингүй болсон гэж ойлгож байгаа. В.Г нь халаалтын үйл ажиллагаа явуулдаг онцгой объектод дулааны шугаман дээр автомашины гражийн зориулалттай үйл ажиллагаа явуулж байгааг хууль зөрчсөн гэж үзэж байна. Уг газар нь миний эзэмшлийн газартай давхацсан байдаг юм. Тиймээс уг газрыг чөлөөлж өгөхийг хүссэн нэхэмжлэл гаргасан. Гэтэл намайг нэхэмжлэгч биш гэдэг үндэслэлээр мөн хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу хэргийг түдгэлзүүлсэн байдлаар энэ хэрэг 4 жил явж байна. Миний хувьд өмгөөлөгч авахаас эхлээд эдийн засгийн хувьд ч хохирсон. Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1/72Б тоотоор халаалтын төвийн газар дээр хэмжилт хийн иргэн В.Гын граж доогуур дулааны шугам 7м орсон гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан байгаа. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвас дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөр бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно, мөн Засгийн газрын 2001 оны 263 тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм-ийн 2.7-д Хамгаалалтын зурвас дотор барилга байгууламж, орон сууц, гэр хашаа барих, шугам сүлжээ эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн нь иргэн В.Гын барилга байгууламжийн хамгаалалтын зурвасаас чөлөөлөх үндэслэл болж байгаа юм. Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга газар ашиглах эрх нь дуусгавар болсон иргэнд энэ талаар мэдэгдэж...албадан нүүлгэх арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэсэн 2017 оны 1 дүгээр сарын 11-ний 01/692 тоот албан бичгийг аймгийн Засаг даргын тамгын газарт хүргүүлж байсан. Мөн энэ талаар аймгийн Засаг даргад удаа дараа хандаж байсан бөгөөд засаг дарга 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1/111 тоотоор иргэн В.Год газрыг чөлөөлөхийг мэдэгдэж байсан. Иймд иргэн В.Гын хамгаалалтын зурваст гражийн үйл ажиллагаа явуулж буй барилгыг миний эзэмшлийн, хамгаалалтын зурвас газраас чөлөөлж өгнө үү. -Миний бие нь В.Гтой холбогдуулан хамгаалалтын зурваст гражийн үйл ажиллагаа явуулж байгаагаас учирсан хохирол 5.000.000 төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч хэрэг удааширч болзошгүй байгаа тул уг 5.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа татан авч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгөө буцаан авах хүсэлт гаргасан байгаа юм. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлээ татан авч байна гэжээ.

Хариуцагч В.Г анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ...Алтанбулаг сумын 1 дүгээр багийн иргэн В.Г миний бие гражийн газрыг 2001 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 158 тоот Засаг даргын захирамжаар өнөөдрийг хүртэл тухайн газрыг гражийн зориулалтаар эзэмшиж байна. 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улсын тоо бүртгэлд бүртгүүлж, кадастрын зураглал хийж баталгаажуулсан. Уг газрын талаар урьд нь маргаан гарч 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 09 тоот сум дундын 20 дугаар шүүхийн шийдвэрээр В.Г миний эзэмшлийн газар гэж тогтоосон юм. Алтанбилэг ХХК миний газрыг чөлөөлж өгөхгүй байсан учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар одоо чөлөөлүүлэх гэж байгаа газрыг надад хүлээлгэн өгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 77/44 дугаартай тогтоол үйлдэгдсэн. Иймээс энэ газар миний эзэмшилд хэвээрээ байгаа гэж үзэж байна. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар Алтанбилэг ХХК-ийн захирал асан одоогийн засаг дарга П.Бы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 100 дугаартай шийдвэрээр:

1. Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар П.Бы нэхэмжлэлтэй В.Год холбогдох Хамгаалалтын зурваст гражийн үйл ажиллагаа явуулж буй барилгыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэгч П.Б нь В.Год холбогдох хамгаалалтын зурваст гражийн үйл ажиллагаа явуулж байгаагаас учирсан хохирол 5.000.000 төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа татан авах хүсэлтийг хангасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид заасан 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж П.Бд олгосугай. гээд, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой үнэлж чадаагүй нь шүүгчийн мэргэжлийн ур чадвар, мэдлэгтэй холбоотой гэж үзэн гомдолтой байна. П.Б маргаан бүхий газрыг эзэмшдэг, хууль ёсны гэрчилгээтэй, түүний газар дээр 2016 онд газрыг эзэмшиж, ашиглаж байсан хугацаа нь дуусгавар болсон иргэн В.Гын гаржийн болон машин засварын үйл ажиллагаа явуулдаг байшин буйг чөлөөлүүлэхээр олон жил дамжин Сэлэнгэ аймгийн шүүх шийдвэрлэж өгөхгүй, үндэслэлгүй шалтгаан зааж, шударга бус хандаж, нэг талыг барин В.Г гэгчийн эрх ашигт сонирхол бүхий байсаар өдий хүрч байгааг дурдах нь зүйтэй юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт заасан 4-р хуудсанд байгаа ...талуудын хоорондох маргааны талаар шүүхэд мэдүүлэх эрх нь тухайн газар эзэмших эрх олгосон төрийн эрх бүхий байгууллагад олгогдсон байна гэх үндэслэл дүгнэлтийг ойлгохгүй байна.

...анхан шатны шүүх шийдвэр гаргаж нэхэмжлэл гаргах эрхгүй гээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна. Иргэн В.Г нь бусдын эзэмшлийн газар дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ дуусгавар болсон 5 жилийн хугацаа өнгөрч байхад шүүх ийнхүү шийдвэрлэхгүй удаашруулж, хамгаалалтын зурвас газрыг чөлөөлөхгүй байгаа нь ямар ашиг сонирхол бүхий гэдгийг ойлгохгүй байна. Шүүх зөрчигдсөн эрхийг хамгаалж чадахгүй байна, шүүхийн шийдвэр шударга бус байгаагийн дээр хууль ёсны бус байгаад гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж, миний эзэмшлийн газраас иргэн В.Гын байшинг чөлөөлж, хуулийг хэрэгжүүлж, шударга хандана уу гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч В.Год холбогдуулан Хамгаалалтын зурваст гражийн үйл ажиллагаа явуулж буй барилгыг чөлөөлүүлэх тухай, мөн хариуцагчийн хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохирол 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохирол 5.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа татан авчээ.

Хэргийг судлан үзвэл: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын засаг даргын 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 158 дугаартай захирамжаар хариуцагч В.Год сумын халалтын төвийн хойно төв замын зүүн хэсэгт 1000 м2 талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай авто машины гражийн барилга барих зориулалтаар, 2007 оны 06 сарын 13-ны өдрийн 72 дугаартай засаг даргын захирамжаар халаалтын төвийн барилгын зориулалтаар 0.7 га газрын 20 жилийн хугацаатай тус тус олгожээ.

Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна., 33.2-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга шугам сүлжээг хамгаалах дүрмийн дагуу хамгаалалтын зурвасын хэмжээг баталгаажуулна. гэж заасны дагуу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын засаг даргын 2016 оны 02 сарын 17-ны өдрийн А/14 дугаартай захирамжаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын төвийн цэвэр ус, дулаан дамжуулах нийт шугамд 5 метрийн өргөнтэй хамгаалалтын зурвасыг тогтоож, хамгаалалтын зурвасыг журамд заасны дагуу, ашиглаж хамгаалж байхыг сумын халаалтын төв, Алтанбилэг ХХК-нд үүрэг болгосон байна.

Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т ... Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно. мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т дулаан дамжуулах сүлжээ гэж эрчим хүчний эх үүсвэрээс дулаан хуваарилах төв хүртэлх дулааны шугам, тоног төхөөрөмжийг, 3.1.14-т дулаан түгээх сүлжээ гэж дулаан хуваарилах төв, түүнээс хэрэглэгчийн тоног төхөөрөмж хүртэлх дулааны шугам, тоног төхөөрөмжийг хэлнэ гэж заасан бөгөөд энэхүү хуулийн зохицуулалтаас үзвэл дулааны шугам, тоног төхөөрөмжийн өмчлөгч, эзэмшигч нь бусад этгээдийн хууль бус үйл ажиллагаа явуулахыг хориглох эрхтэй болохыг заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Халаалтын төвийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2005 оны 04 сарын 29-ний өдрийн 24 дугаартай тогтоолыг үндэслэн Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128 дугаартай Барилга худалдах тухай тогтоолоор Алтанбилэг ХХК-д худалдсан бөгөөд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 сарын 12-ны өдрийн 95 дугаартай тогтоолоор 2005 оны 04 сарын 29-ний өдрийн 24 дугаартай тогтоолоо хүчингүй болгожээ.

 

Нэхэмжлэгч П.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын төвийн халаалтын төвийн үйл ажиллагаа явагддаг хамгаалалтын зурваст буюу дулааны шугам дээр хариуцагч В.Г нь автомашины гражийн үйл ажиллагаа явуулж Эрчим хүчний тухай хууль зөрчсөн гэж тайлбарладаг ба хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч П.Б нь халаалтын төвийн барилгын зориулалт бүхий 0.7 га газрын эзэмшигч хэдий ч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Халаалтын төв болон тухайн төвийн дулаан түгээх сүлжээний /дулааны шугам, тоног төхөөрөмжийн/ эзэмшигч, өмчлөгч мөн эсэх мөн тухайн Сумын халаалтын төвийг төлөөлөх эрх бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүй байна.

Иргэн хууль ёсны эрх ашиг сонирхлоо шүүхэд хандаж хамгаалуулах эрхтэй боловч Иргэний шүүхэд хандах эрхийг хэрэгжүүлэхэд тодорхой журам дарааллыг баримталдаг. Өөрөөр хэлбэл тухайн шаардлагыг шүүхээс өөр байгууллага албан тушаалтанд хандаж тэндээс гарсан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол шүүхэд хандах боломжтой.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчийг Эрчим хүчний тухай хуулийг зөрчсөн гэж тодорхойлсон бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т ...Зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь өөрийн эрх мэдэлд хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэнэ. гэж заажээ.

Тухайн маргааныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэхээр Эрчим хүчний тухай хуульд заасан байхад нэхэмжлэгч нь дээрх журмыг зөрчин шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байтал нэхэмжлэгчийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн улмаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна.

 

Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 100 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, П.Бы нэхэмжлэлтэй В.Год холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165150 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4. Нэхэмжлэгч П.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохирол 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

Г.ДАВААРЕНЧИН