Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 100

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх  хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бүргэдэй 1 дүгээр баг, Булгийн 2-20 тоотод оршин суух, эрэгтэй, Алтанбулаг сумын Засаг дарга Алаг морьт овогт Пүрэвдоржийн Батсайхан /МЭ-69082810/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бүргэдэй 1 дүгээр баг, 4 байр 6 тоотод оршин суух, өндөр насны тэтгэвэрт, Могойхон овогт Ванчинсүрэнгийн Ганболдод /УУ-61010510/-т холбогдох

“Хамгаалалтын зурваст гражийн үйл ажиллагаа явуулж буй барилгыг чөлөөлүүлэх тухай“, нэхэмжлэгч П.Батсайханд учирсан хохирол 5.000.000 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Батсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Сарангуа, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван  нар оролцов.

         

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч П.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа:

           Миний бие нь 2007 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 72 тоот Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын захирамжаар халаалтын төвийн барилгын зориулалтаар 0.7 га газрыг 20 жилийн хугацаатай 0120962 дугаартай “газар эзэмших эрхийн гэрчилгээ” олгож, энэ газар дээр Алтанбулаг сумын халаалт, дулаан, цэвэр усаар хангадаг халаалтын үйл ажиллагаа явагддаг, хамгаалалтын зурвас бүхий онцгой объект юм.

           Гэтэл иргэн В.Ганболд нь 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Алтанбулаг сумын засаг даргын 158 тоот захирамжаар олгосон 170100093 тоот гэрчилгээ үндсэн дээр автомашины гражийн зориулалтаар 1000м2 газрыг “ашиглах” гэрчилгээний дагуу 15 жилийн хугацаатай үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд энэ хугацаа нь 2016 онд дуусгавар болж, гэрчилгээ нь хүчингүй болсон гэж ойлгож байгаа. В.Ганболд нь халаалтын үйл ажиллагаа явуулдаг онцгой объектод дулааны шугаман дээр автомашины гражийн зориулалттай үйл ажиллагаа явуулж байгааг хууль зөрчсөн гэж үзэж байна.

Уг газар нь миний эзэмшлийн газартай давхацсан байдаг юм. Тиймээс уг газрыг чөлөөлж өгөхийг хүссэн нэхэмжлэл гаргасан. Гэтэл намайг нэхэмжлэгч биш гэдэг үндэслэлээр мөн хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу хэргийг түдгэлзүүлсэн байдлаар энэ хэрэг 4 жил явж байна. Миний хувьд өмгөөлөгч авахаас эхлээд эдийн засгийн хувьд ч  хохирсон.

Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1/72Б тоотоор халаалтын төвийн газар дээр хэмжилт хийн иргэн В.Ганболдын граж доогуур дулааны шугам 7м орсон гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан байгаа. “Эрчим хүчний тухай” хуулийн 33 дугаар зйүлийн 33.1-д “шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгалаалтын зурвас дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөр бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, мөн Засгийн газрын 2001 оны 263 тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийн 2.7-д “Хамгалалтын зурвас дотор барилга байгууламж, орон сууц, гэр хашаа барих, шугам сүлжээ эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажмиллагаа явуулахгы хориглоно” гэсэн нь иргэн В.Ганболдын барилга байгууламжийн хамгаалалтын зурвасаас чөлөөлөх үндэслэл болж байгаа юм.

Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга “газар ашиглах эрх нь дуусгавар болсон иргэнд энэ талаар мэдэгдэж...албадан нүүлгэх арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй” гэсэн 2017 оны 1 дүгээр сарын 11-ний 01/692 тоот албан бичгийг аймгийн Засаг даргын тамгын газарт хүргүүлж байсан. Мөн энэ талаар аймгийн Засаг даргад удаа дараа хандаж байсан бөгөөд засаг дарга 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1/111 тоотоор иргэн В.Ганболдод газрыг чөлөөлөхийг мэдэгдэж байсан.

Иймд иргэн В.Ганболдын хамгаалалтын зурваст гражийн үйл ажиллагаа явуулж буй барилгыг миний эзэмшлийн, хамгаалалтын зурвас газраас чөлөөлж өгнө үү.

           -Миний бие нь В.Ганболдтой холбогдуулан хамгаалалтын зурваст гражийн үйл ажиллагаа явуулж байгаагаас учирсан хохирол 5.000.000 төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч хэрэг удааширч болзошгүй байгаа тул уг 5.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа татан авч улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн мөнгөө буцаан авах хүсэлт гаргасан байгаа юм.  Нэмэгдүүлсэн нэхэмжлэлээ татан авч байна гэх.

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагч В.Ганболд шүүхэд гаргасан тайлбартаа: 

Тус шүүхэд гаргасан П.Батсайханы нэхэмжлэлтэй танилцлаа. Алтанбулаг сумын 1 дүгээр багийн иргэн В.Ганболд миний бие гражийн газрыг 2001 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 158 тоот Засаг даргын захирамжаар өнөөдрийг хүртэл тухайн газрыг гражийн зориулалтаар эзэмшиж байна. 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улсын тоо бүртгэлд бүртгүүлж, кадастрын зураглал хийж баталгаажуулсан. Уг газрын талаар урьд нь маргаан гарч 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 09 тоот сум дундын 20 дугаар шүүхийн шийдвэрээр В.Ганболд миний эзэмшлийн газар гэж тогтоосон юм.

            “Алтанбилэг” ХХК миний газрыг чөлөөлж өгөхгүй байсан учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар одоо чөлөөлүүлэх гэж байгаа газрыг надад хүлээлгэн өгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 77/44 дугаартай тогтоол үйлдэгдсэн. Иймээс энэ газар миний эзэмшилд хэвээрээ байгаа гэж үзэж байна. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар “Алтанбилэг” ХХК-ийн захирал асан одоогийн засаг дарга П.Батсайханы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон нэхэмжлэгч П.Батсайханы шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Сэлэнгэ Алтанбулаг сумын 1 дүгээр баг 2-20 тоот иргэн П.Батсайханы нэхэмжлэлтэй хариуцагч В.Ганболдод холбогдох “Газар чөлөөлүүлэх тухай” хэрэгт нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж гэм хор учруулсны хохирол 5.000.000 /таван сая/ төгрөг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх байдал удааширна гэж үзээд мөн “бүрэлдэхүүнгүй шийдвэрлэнэ” гэсэн ерөнхий шүүгчийн шийдвэртэй тул хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зйүлийн 106.3-т зааснаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 5.000.000 /таван сая/ төгрөгийг нэхэмжлэлээ татан авч байна. Хуульд заасны дагуу тэмдэгтийн хураамжийг буцааж олгоно уу гэжээ. 

                                 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

 

П.Батсайханы нь В.Ганболдод холбогдуулан “Хамгаалалтын зурвасд гражийн үйл ажиллагаа явуулж буй барилгыг чөлөөлүүлэх тухай“, мөн В.Ганболд хамгаалалтын зурваст гражийн үйл ажиллагаа явуулж байгаагаас учирсан хохирол 5.000.000 төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн шаардлагуудыг гаргажээ.

 

1.Нэхэмжлэгч П.Батсайхан нь Алтанбулаг сумын Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 72 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн дагуу 0,7 га газрыг 20 жилийн хугацаатай халаалтын төвийн барилгын зориулалтаар эзэмшүүлэхээр 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Газар эзэмших эрхийн 0120962 дугаартай гэрчилгээ, Алтанбулаг сумын засаг даргын 09 дүгээр сарын 19-ний өдрийн 158 дугаартай захирамжийн дагуу В.Ганболдод халаалтын төвийн хойно төв замын зүүн хэсэгт 1000 ам дөрвөлжин газрыг Авто машины гражийн барилгын зориулалтаар газар ашиглуулахаар 15 жилийн хугацаатайгаар 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 170100093 дугаартай “Иргэний газар ашиглах” гэрчилгээ  олгосон болох нь хэрэгт авагдсан газар эзэмших эрхийн болон газар ашиглах гэрчилгээнүүдийн /хх-ийн 3, 71/ хуулбараар зэрэг болно.

Хариуцагч В.Ганболдын газар ашиглах эрхийн гэрчилгээ нь Газрын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар “газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол газар дээрх барилга байгууламж, тухайн эд хөрөнгөө өмчлөгч этгээдийн тэрхүү эд хөрөнгөө тухайн газар дээр ашиглах эрх дуусгавар болно” гэсний дагуу 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсноор талуудын хооронд газар чөлөөлүүлэх тухай маргаан үүсэн зохих байгууллагад хандсан болох нь хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 18-04-016/223 дугаартай ”Эзэмшил газрын тухай” дүгнэлт, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/692 тоот “Иргэний газар ашиглах эрхийн тухай”, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1/111 тоот “Газар ашиглах эрхийн талаар”, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1/411 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг,  Алтанбулаг сумын газрын даамалын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Мэдэгдэл” зэргээр нотлогдож байна.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Алтанбилэг” ХХК-ийн хүсэлтийн дагуу Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газаас тухайн маргаж буй газарт очин хээрийн хэмжилт хийж В.Ганболдын граж доогуур дулааны шугам 7м орсон болохыг тогтоож кадастрын зураглал хийсэн, Алтанбулаг сумын засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/14 дугаартай “Хамгаалалтын зурвас тогтоох тухай” захирамжаар тус сумын төвийн цэвэр ус, дулаан дамжуулах нийт шугамд 5м-ийн өргөнтэй хамгаалалтын зурвасыг “Эрчим хүчний тухай” хуулийн 33 дугаар зйүлийн 33.2-т зааснаар тогтоож, хамгаалалтын зурвас тогтоосон цэвэр ус, дулаан дамжуулах шугамын  байршилын зургийг гарган өгсөн байгааг дурдах нь зүйтэй.

Талуудын хооронд маргаж буй Хамгаалалтын зурваст гражийн үйл ажиллагаа явуулж буй барилгыг чөлөөлүүлэхээр В.Ганболдод  Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1/111 тоот “Газар ашиглах эрхийн талаар” гэх албан бичгээр хуулинд заагдсан хугацаанд газар чөлөөлөхийг мэдэгдсэн байх бөгөөд зөвхөн В.Ганболдод газар чөлөөлүүлэх талаар албан бичиг өгснөөр хязгаарласан байгаа нь “Газрын тухай” хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг...сум...Засаг даргын мэдэлд шилжүүлнэ.” , 41.4-т “Энэ хуулийн 41.1-д заасан хугацаанд газраа чөлөөлөөгүй бол тухайн шатны засаг дарга албадан нүүлгэх ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна”, 60 дугаар зүйлийн 60.1.2-т “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан...газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга” хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу талуудын хоорондох маргааны талаар шүүхэд мэдүүлэх эрх нь тухайн газар эзэмших эрх олгосон төрийн эрх бүхий байгууллагад олгогдсон байна.

Гэтэл П.Батсайханд хэдийгээр зохих байгууллагаас 0,7 га газрыг 20 жилийн хугацаатай халаалтын төвийн барилгын зориулалтаар эзэмшүүлэхээр 2008 оны 01 дүгээр сарын 14-нйи өдөр “Газар эзэмших эрхийн гэрчилгээ” олгосон боловч “Эрчим хүчний тухай” хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвас дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөр бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан байгаа нь тухайн үед халаалтын төвийн үйл ажиллагаа явуулж байсан “Алтанбилэг” ХХК-нд хамааралтай байх тул газар чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гэж үзэх боломжгүй байна.

Иймд П.Батсайханы нэхэмжлэлтэй В.Ганболдод холбогдох “Хамгаалалтын зурваст гражийн үйл ажиллагаа явуулж буй барилгыг чөлөөлүүлэх тухай“ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.  

 

2. Нэхэмжлэгч П.Батсайхан нь хамгаалалтын зурваст гражийн үйл ажиллагаа явуулж байгаагаас учирсан хохирол 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа татан авах хүсэлтийг шүүхэд гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтйин хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хамгаалалтын зурваст гражийн үйл ажиллагаа явуулж байгаагаас учирсан хохирол 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94.950 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухйа хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч В.Ганболд нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийг байлцуулахгүйгээр хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаарзүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай  хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар П.Батсайханы нэхэмжлэлтэй В.Ганболдод холбогдох “Хамгаалалтын зурваст гражийн үйл ажиллагаа явуулж буй барилгыг чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэгч П.Батсайхан нь В.Ганболдод холбогдох  хамгаалалтын зурваст гражийн үйл ажиллагаа явуулж байгаагаас учирсан хохирол 5.000.000 төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа татан авах хүсэлтийг хангасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд заасан 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94.950 төгрөгийг төсвийн орологоос буцаан гаргуулж П.Батсайханд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурдсугай.        

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал...14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

 6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн өмгөөлөгчид Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах, гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Л.СОЁЛМАА