Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 407

 

Л.Н, Б.З, Б.З нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:       Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:          Х.Батсүрэн

                         Б.Мөнхтуяа

                         П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/104 дүгээр захирамжийн Ё.Д, Б.Ц, Д.О нарт холбогдох хэсэг, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/172 дугаар захирамжийн Т.Ө-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Т.Ө-д олгосон 500 м.кв газрыг Л.Н-д, Ё.Д, Д.О нарт олгосон 500 м.кв, 700 м.кв газрыг Б.З, Б.З нарт олгуулах шийдвэр гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0098 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2018/0310 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: Л.Н, түүний өмгөөлөгч Р.П,

Хариуцагч: итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, Ц.О,

Гуравдагч этгээд: Ё.Д, Д.О нарын өмгөөлөгч М.М,

Гуравдагч этгээд: Т.Ө, түүний өмгөөлөгч Д.С нар,

Гуравдагч этгээд Т.Ө, түүний өмгөөлөгч Д.С, гуравдагч этгээд Ё.Д, Д.О нарын өмгөөлөгч М.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0098 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/104 дүгээр захирамжийн иргэн Б.Б-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.4-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Л.Н, Б.З, Б.З нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн иргэн Ё.Д, Б.Ц, Д.О нарын газар эзэмшүүлэх А/104 дүгээр захирамж, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн иргэнд хууль бусаар газар олгосон Т.Ө-ы А/172 тоот захирамжийг тус тус хүчингүй болгуулах, Т.Ө-д олгосон 500 м.кв талбай бүхий газрыг Л.Н-д, харин Ё.Д, Д.О нарт олгосон 500 м.кв, 700 м.кв бүхий газрыг Б.З, Б.З нарт олгуулах шийдвэрийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2018/0310 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0098 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Б.Б” гэснийг “Б.Б” гэж, 2 дахь заалтаас “...Б.З, Б.З” гэснийг хасч, 3 дахь заалтыг “Газрын тухай хуулийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” А/104 дүгээр захирамжийн иргэн Ё.Д, Б.Ц, Д.О нарт холбогдох хэсгийг, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр А/172 дугаар захирамжийн Т.Ө-д холбогдох хэсгийг тус тус хариуцагчаас нэхэмжлэгч Б.З, Б.З, гуравдагч этгээд Ё.Д нарт Жанжины 26-668, 26-668а, 26-668б тоот хаягтай газруудыг тэнцүү хэмжээгээр хуваан эзэмшүүлэх шийдвэр гаргах хүртэл 6 сарын хугацаатайгаар түдгэлзүүлсүгэй.” гэж, 3 дахь заалтын дугаарыг “4” гэж, 5 дахь заалтыг “Хариуцагч шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор дахин шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актууд хүчингүй болохыг дурдсугай.” гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.Н, түүний өмгөөлөгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан.

Гуравдагч этгээд Т.Ө-ы хяналтын журмаар гаргасан гомдол

3. Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 26 дугаар гудамж, 668а тоот газрыг иргэн Б.Ц-ээс авахад олон жилийн хур хогтой, айл буух бололцоогүй, гэрэл цахилгаан байхгүй ийм л газар надад хүлээлгэж өгсөн. Би ковш хөлслөн түрүүлж, хог ачдаг том оврын тэргээр 4 удаа, портероор 1 удаа ачуулан нийт тээврийн хөлсөнд 1,200,000 төгрөг төлж, цэвэрлэн хашаа барьж, хаалга үүд гарган засаж сэлбэн ирж буусан. Мөн Баянзүрх дүүрэг болон 12 дугаар хороо, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнд удаа дараалан хүсэлт гаргасны эцэст 2017 оны 11 дүгээр сард албан ёсны өөрийн гэсэн цахилгаантай болсон. Гэтэл нэхэмжлэгч Л.Н нар нь уул газар амьдарч ашиглаж тордож байсан гэж худлаа ярьж, хуурамч материал бүрдүүлж, хүмүүсийг төөрөгдүүлж байна. Үнэхээр л ашиглаж байсан юм бол олон жил болсон хур хогтой гэрэл цахилгаангүй байх уу.

4. Нэхэмжлэгч нар 2003 оноос хойш тухайн газраа амьдарч, уг газрыг ашиглаж байгаагүй нь гэрч нар, гуравдагч этгээдүүдийн тайлбараас анхан шатны шүүх тогтоосон байдаг юм. Ё.Д, Б.Ц, Д.О нараас өмнө Л.Н нь газраа өмчилж авах гэж удаа дараа хүсэлт гаргаж байсан гэх боловч дүүргийн Өмч, газрын харилцааны албаны бичиг хэргийн бүртгэл огт байхгүй байгааг анхан шатны шүүх тогтоосон. Ямар ч баримт байхгүй, зүгээр л амаараа тэгж байсан гэхээс өөр зүйлгүй байгаа.

5. Мөн тухайн 12 дугаар хорооны Засаг дарга М нь Л.Н нар нь тус хороонд амьдарч байгаагүй болон өрхийн дэвтэр нээлгүүлж байгаагүйг хорооны архиваас шүүж анхан шатны шүүхэд албан тоотоор явуулсан. Гэтэл хавтаст хэрэгт өрхийн дэвтэртэй тодорхойлолт байдаг. Энэ нь Засаг дарга байсан Ж гэдэг хүний гарын үсгийг ашиглаж хуурамчаар хийсэн зүйл юм. Хэрэв тэгээгүй юм бол архиваас гарч ирэх ёстой шүү дээ. Маргаан бүхий газрууд нь 1990 оноос өмнө нэгэн байгууллагын туслах аж ахуй, хашаа байсныг зарим гэрч нар хэлж байгаа. Л.Н нар нь 4 тал хашаа барьсан гэдэг нь огт худлаа. Л.Н нарын гэрч болох Д.Б, Х болон түүний хүүхэд нар гэрчийн мэдүүлэг худлаа өгсөн байдаг. Бадам нь хэлэхдээ Н эгч ингээд хэлээд өгөөч гээд гуйгаад байхаар нь аргагүйн эрхэнд ингээд хэлчихсэн гэх, Х /нөхөр нь Н/ хашааны газар өгсөн учраас зааж өгсөн үгийг нь хэлсэн гэх, Х-ийн хүү ээж аавыг нь газартай болгосон учраас зааж өгсөн үгийг нь хэлж гэрчилсэн гэх, шүүхийн өмнө хуурамч материал бүрдүүлэх, худал мэдүүлэг өгөх нь хориотой бус уу.

6. Мөн уул маргаан бүхий газар дээр анхан шатны шүүхийн шүүгч Д.О 2017 оны 3 дугаар сард, шүүгч М 2018 оны 01 дүгээр сард, дүүргийн Засаг даргын хуулийн төлөөлөгч, газрын харилцааны байцаагч О нар ирж үзэж тодруулга хийж, кадастрын зургийг дахин гаргуулж ажилласан. Үүний дараа 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн анхан шатны шүүх хурлаар нэхэмжлэгч Л.Н нарын Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан. Үүнийг би маш зөв зүйтэй шийдвэр гэж үздэг юм. Гэтэл давж заалдах шатны шүүх маш буруу шийдвэр гаргасан. Учир нь, шүүгч Э.З, Д.Б, Ц.С нар нь хэргийн материалтай сайн танилцаагүй, хуулийн буруу заалтуудыг хэрэглэсэн гэж үзэж байна.

7. Нэхэмжлэгч Л.Н, өмгөөлөгч Н нарын худлаа яриа, мэдүүлэгт хэт итгэж нэг талыг барьсан. Уул маргаан бүхий газарт огт амьдарч байгаагүй Б.З, Б.З нарт газрыг хуваан олгуулах ямар ч үндэслэлгүй зүйлийг сэдэж гаргасан. Хууль журмын дагуу газар худалдаж авсан иргэн миний бие ямар буруутай болох, хохирлыг хэн барагдуулах талаар юу ч байхгүй байна. Иймээс эдгээр зүйлүүдийг нягтлан шалгаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.С-н хяналтын журмаар гаргасан гомдол

8. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 32 дугаар зүйлийн 32.1-д “иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэж тус тус заажээ. Б.Ц нь өөрийн нэр дээр газар эзэмших хүсэлтээ 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад гаргасан бөгөөд 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/104 дүгээр захирамжаар Жанжины 26-668а тоот газрыг Б.Ц-д, 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр гуравдагч этгээд Т.Ө-д уг газраа шилжүүлж, хууль ёсны дагуу түүний хүсэлтээр 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/172 дугаар захирамжаар дээрх Жанжины 26-668а тоот хаяг бүхий газрыг иргэн Т.Ө-д шилжүүлсэн байна.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтууд, үзлэгийн тэмдэглэл зэрэгт үнэлэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв гэж үзэж байна. Иймд гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч М.М-ын хяналтын журмаар гаргасан гомдол

10. Давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт хийсэн дүгнэлтийн тухайд авч үзвэл, “...Б.З, Б.З нарын хувьд гуравдагч этгээд Б.Ц, Б.О нараас өмнө тухайн газартаа амьдарч улмаар тухайн газраа эзэмших хүсэл сонирхолтой байсан гэдэг нь иргэний үнэмлэхний хуулбар, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, Баянзүрх дүүргийн 12 хорооны Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 26/48 дугаар албан бичиг, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна” гэжээ. Шүүхийн үндэслэл болгож буй Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 26/48 дугаар албан бичигт нэхэмжлэгч Л.Н, Б.З нарыг 12 дугаар хороонд бүртгэлгүй, оршин суудаггүй, нэхэмжлэгч Б.З-г Жанжины 27-668 тоотод бүртгэлтэй боловч хаягандаа амьдардагүй талаар тодорхойлсон. Мөн гэрч А.Х-ийн мэдүүлэгт нэхэмжлэгч Б.З, Б.З нар нь 2005 оноос хойш амьдарч байгаагүйг тодорхойлдог. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Б.З нь 12 дугаар хороонд бүртгэлгүй, 2005 оноос хойш тухайн газарт амьдраагүй, нэхэмжлэгч Б.З-ын хувьд бүртгэлтэй боловч 2005 оноос хойш амьдраагүй болох нь тогтоогдсоор байхад тухайн газрыг бодит байдал дээр эзэмшиж, ашиглаж байсан, газрыг эзэмших хууль ёсны ашиг сонирхол байсан гэж дүгнэх боломжгүй юм.

11. Магадлалын Хянавал хэсэгт “Б.Ц, Д.О нарын гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална”, 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус заасныг зөрчсөн байхад ... Б.З, Б.З нарыг газар эзэмших эрхгүй гэж үзсэн нь буруу” гэжээ. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан зохицуулалт нь хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээтэй болон гэрчилгээгүй боловч тухайн газар дээр он удаан жил амьдарч, газрыг эзэмшиж, ашиглаж байгаа иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг давхар хамгаалах зорилготой болно. Өөрөөр хэлбэл эрхийн гэрчилгээгээ аваагүй боловч тухайн газар дээр бодитоор амьдарч /эзэмшиж, ашиглаж/ байхад нь газар дээр нь бусад этгээдэд түрүүлж хүсэлт гаргасан гэх үндэслэрээр газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн бол хууль бус болох байсан.

12. Гэтэл дээр дурдсанаар нэхэмжлэгч Б.З, Б.З нарын хувьд Баянзүрх дүүргийн 12 хороо, Жанжины 27-668 тоотод насанд хүрснээсээ хойш амьдраагүй буюу 2005 онд нүүгээд явсан, газар эзэмших эрхийн гэрчилгээ авч байгаагүй, нэхэмжлэгч Б.З 12 дугаар хороонд огт бүртгэлгүй, нэхэмжлэгч Б.З-ын хувьд зөвхөн хаягийн бүртгэлтэй байдаг нь тухайн газрыг бодитоор эзэмшиж, ашиглан амьдарч байгаа гэж үзэх боломжгүй юм. Иймд давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Улмаар маргаан бүхий газарт гуравдагч этгээд Ё.Д-аас өөр айл бодитоор оршин сууж, амьдардаггүй байхад түүний хуулийн дагуу эзэмших боломжтой 700 м.кв газраас бусад газарт бусдад /гуравдагч этгээд Д.О нарт/ газар эзэмшуүлсэн нь Газрын тухай хууль зөрчөөгүй, шударга ёс, тэгш байдлын зарчмыг алдуулаагүй байна.

13. Мөн магадлалын Хянавал хэсэгт “Б.З, Б.З нар ч мөн тухайн газарт 2006 онд өргөдөл гаргаж байсан, газрын албанд бүртгүүлээгүй боловч тухайн газрыг эзэмшиж, ашиглах сонирхол цаг хугацааны хувьд тэргүүн ээлжинд үүссэн байсан гэж дүгнэв” гэжээ. Анхан шатны шүүх шийдвэрийн Үндэслэх хэсэгтээ “...нэхэмжлэгч нараас нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн 2005 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөр огноолсон, хорооны Засаг даргын тодорхойлолт бүхий Б.З, Б.З нарын газар эзэмших тухай хүсэлт нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.2.2, 32.2.3, 32.4-т заасан шаардлагыг хангаагүй, 2006 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн огноо бүхий, ... нэгж талбарын кадастрын зургийн газар эзэмшиж буй аж ахуй нэгж гэх хэсэгт “худаг” гэсэн бичилт хийгдсэн, хэний захиалгаар, ямар байгууллага үйлдсэн болох нь тодорхойгүй, зургийг үйлдсэн, хянасан эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, баталгаажуулалт хийгдээгүйг...” дурдан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 34 дүгээр зүйлийн 34.5-д тус тус зааснаар шүүхээс нотлох баримтаар үнэлэх боломжгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй” гэж дүгнэсэн байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нар 2006 онд газрын албанд бүртгүүлээгүй боловч өргөдөл гаргаж байсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

14. Түүнчлэн Баянзүрх дүүргийн Газрын албаны архивын бичиг баримт болон маргаан бүхий газарт шүүхээс 2017 оны 01 дүгээр сарын 31, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрүүдэд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч Б.З, Б.З нарыг газар эзэмших хүсэлтээ 2015 оноос өмнө гаргаж байгаагүйг тогтоосон байхад 2006 онд өргөдөл гаргаж байсан тул цаг хугацааны хувьд тэргүүн ээлжинд газар эзэмших, ашиглах ашиг сонирхол үүссэн гэж дүгнэсэн нь үйл баримтыг хэт нэг талыг барьж дүгнэсэн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт юм.

15. Магадлалын Хянавал хэсэгт “...Нэхэмжлэгч Б.З, Б.З, гуравдагч этгээд Ё.Д нар маргаан бүхий Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 26-668, 26-668а, 26-668б тоот газруудыг эзэмших эрхтэй боловч тухайн  газарт нэхэмжлэгчийн барьсан гэх байшин /Ё.Д-ын эзэмшиж буй газарт байрладаг гэх/, бусад эд хөрөнгүүд хаана нь байрлаж байгааг тодруулж, газрын хил заагийг тогтоосны үндсэнд ... бүрэн эрхийн хүрээнд дээрх газруудыг тэнцүү хэмжээгээр нэхэмжлэгч Б.З, Б.З, гуравдагч этгээд Ё.Д нарт олгож, эзэмшүүлэх нь зүйтэй” гээд Тогтоох хэсэгт “хариуцагч шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор дахин шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актууд хүчингүй болохыг” дурджээ.

16. Давж заалдах шатны шүүх энэхүү дүгнэлтээ “тухайн газарт нэхэмжлэгчийн барьсан гэх байшин /Ё.Д-ын эзэмшиж буй газарт байрладаг гэх/, бусад эд хөрөнгүүд хаана нь байрлаж байгааг тодруулж, газрын хил заагийг тогтоох” шаардлагатай гэж үзсэн нь ойлгомжгүй юм. Учир нь шүүхээс бусад эд хөрөнгүүд хаана нь байрлаж байгааг тогтоох гэж чухам ямар эд хөрөнгийг хэлээд байгаа, маргаан бүхий газрын кадастр, нэгж талбарын болон сансрын зураг дэлгэрэнгүй байдлаар хэрэгт авагдсан байхад чухам ямар үндэслэлээр газрын хил заагийг тогтоох шаардлагатай гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн хэсэгт нэхэмжлэгчийн барьсан гэх байшин /Ё.Д-ын эзэмшиж буй газарт байрладаг гэх/ хаана байрлаж байгааг анхан шатны шүүхийн удаа дараагийн газрын үзлэгээр Ё.Д өөрийн эзэмшлийн газар дахь байшиндаа амьдарч буйг тогтоосоор байтал давж заалдах шатны шүүхээс тодорхойгүй байна, дахин тодруулах шаардлагатай гэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй. Түүнчлэн шүүхээс энэхүү дүгнэлтээрээ нэхэмжлэгч нарын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр буюу хэрэг хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд гуравдагч этгээд Ё.Д-ын эзэмшлийн газар болох 668 тоот хаягт байршилтай 24 м.кв хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Л.Н, Б.З нар нь өөрийн өмч мэтээр улсын бүртгэлийн Ү-220408418 дугаарт бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан хууль бус үйл ажиллагааг зөвтгөсөн үндэслэлгүй дүгнэлт гэж үзнэ. Тодруулбал нэхэмжлэгч нар тухайн газар амьдарч байсан болон харъяа дүүргийн газрын албанд түрүүлж газар эзэмших тухай хүсэлт гаргаж байсан талаарх үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан тодорхой бичгийн баримтуудаар нотлогдохгүй байсан тул Ё.Д-ын эзэмшлийн газар дээрх түүний амьдарч буй үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч нар өмчлөх эрхтэй гэсэн улсын бүртгэл хийгдсэнээр энэхүү маргааны шийдэлд хууль бусаар шууд нөлөөлөхөөр улсын бүртгэл хийлгэсэн байдаг. Үүнтэй холбоотой бие даасан шаардлага гаргасан боловч хэргийг тусгаарлан шийдвэрлэсэн болно.

17. Нэхэмжлэгч нар нь “иргэн Ё.Д, Б.Ц, Д.О нарт газар эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/104, мөн дүүргийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/172 дугаар захирамжийн Т.Ө-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Т.Ө-д олгосон 500 м.кв талбай бүхий газрыг Л.Н-д, харин Ё.Д, Д.О нарт олгосон 500 м.кв, 700 м.кв бүхий газрыг Б.З, Б.З нарт олгуулах шийдвэр гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэснийг баримтлан үндсэндээ нэхэмжлэгч Б.З, Б.З нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тэдэнд газар эзэмшүүлэх шийдвэр гарган, захиргааны байгууллага 6 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй тохиолдолд гуравдагч этгээд Ё.Д, Д.О, Т.Ө нарт холбогдох хэсгийг хүчингүй болгохоор заасан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үзэж байна.

18. Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаас үзэхэд шүүх зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан зохицуулалт нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй үндэслэлээр захиргаанд шийдвэр гаргахыг даалгасан зохицуулалт биш юм. Харин шүүхээс тодорхой хугацаагаар актын биелэлтийг түдгэлзүүлэх ажиллагааг хариуцагч өөрөө маргаан бүхий захиргааны актыг алдаатай гарсныг хүлээн зөвшөөрч, улмаар актыг хүчингүй болгох үндэслэл бүрэн биш буюу хэргийн нөхцөл байдлыг шалган тогтоож, дахин шинээр захиргааны акт гаргах боломжтой гэж үзсэн тохиолдолд хэрэгжүүлэхээр заасан.

19. Гэтэл давж заалдах шатны шүүхийн дүгнэлтэд дурдсан хэргийн нөхцөлд байдлыг цаашид тодруулах нөхцөл байдал байхгүй байхад болон захиргааны байгууллага өөрөө хүлээн зөвшөөрөөгүй байхад ийнхүү шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Түүнчлэн захиргааны байгууллагад ямар шийдвэр гаргахыг даалгах асуудал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар шийдвэрлэгдэх асуудал байхад 106.3.11 дахь заалтаар даалгасан агуулгаар шийдвэрлэсэн нь шүүхээс захиргааны байгууллагын эрх хэмжээнд хууль бусаар халдаж, гуравдагч этгээд нарын эрхийг зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.

20. Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

21. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

22. Давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгч Л.Н-ийн хувьд Баянзүрх дүүргийн Засаг даргын А/438 дугаар захирамжаар газар эзэмших эрхтэй болсон, уг газар эзэмшүүлсэн захирамжтай маргаагүй, дахин газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгч нараас гуравдагч этгээд “Т.Ө-д олгосон 500 м.кв талбай бүхий газрыг Л.Н-д олгуулах шийдвэр гаргахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан, энэ утгаараа хэрэв Л.Н-ийн нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бол түүнд холбогдох даалгах шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох байтал Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/172 дугаар захирамжийн Т.Ө-д холбогдох хэсгийг нэхэмжлэгч Б.З, Б.З, гуравдагч этгээд Ё.Д нарт тэнцүү хэмжээгээр хуваан эзэмшүүлэх шийдвэр гаргах хүртэл 6 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

23. Түүнчлэн, “гуравдагч этгээд Ё.Д-ын хувьд маргаан бүхий газарт 2010 оноос хойш амьдарч байгаа тул түүнийг газар эзэмших эрхгүй этгээд гэж үзэхээргүй байна” гэж дүгнэсэн атлаа мөн түүний газар эзэмших эрхийг 6 сар түдгэлзүүлж /хэрэв энэ хугацаанд захиргаанаас дахин акт гаргахгүй бол түүний газар эзэмших эрх хүчингүй болох боломжтой/, нэхэмжлэгч Б.З, Б.З болон түүнд өөрт нь тэнцүү хэмжээгээр хувааж эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.

24. Мөн давж заалдах шатны шүүхээс “нэхэмжлэгч Б.З, Б.З нар нь гуравдагч этгээд Б.Ц, Б.О нараас өмнө тухайн газартаа амьдарч, улмаар тухайн газраа эзэмших хүсэл сонирхолтой байсан гэдэг нь иргэний үнэмлэхийн хуулбар, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын албан бичиг, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна” хэмээн дүгнээд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах;”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн зохицуулалтаар хамгаалагдана гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлажээ. Учир нь, нэхэмжлэгч Б.З, Б.З нар нь эцэг, эх /нэхэмжлэгч Л.Н/-ийн хамт маргаан бүхий газар гуравдагч этгээд нараас өмнө амьдарч байсан гэх боловч 2010 оноос хойш амьдраагүй бөгөөд маргаан бүхий газруудыг /жанжин 27-668а, б, в/ эзэмших хүсэлтээ гаргаж байсан гэдэг нь тогтоогддоггүй, нэхэмжлэгч Б.З нь маргаан бүхий газарт бүртгэлгүй, Б.З нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, жанжин 27-668 тоотод бүртгэлтэй боловч хэн аль нь 2010 оноос хойш тухайн хаяг дээрээ амьдарч байгаагүй, харин маргаан бүхий газар дээр гуравдагч этгээд нар нь амьдарч байгаа бөгөөд цаг хугацааны хувьд нэхэмжлэгч нараас түрүүлж хүсэлт гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаагаас үзвэл нэхэмжлэгч нарын газар эзэмших “хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдана” гэж үзэхээргүй байна.

25. Иймд, тухайн газар олон жилийн турш бодитойгоор амьдарч байгаа иргэдээс цаг хугацааны хувьд түрүүлж өгсөн хүсэлтийг үндэслэн газар эзэмшүүлэх эрх олгосонд хариуцагчийг буруутгаж, гаргасан шийдвэрүүдийг нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй тул гуравдагч этгээд Т.Ө болон түүний өмгөөлөгчийн “давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нар нь газар эзэмших хүсэлтээ удаа дараа өгч байсан гэдэг нь тогтоогдоогүй, гуравдагч этгээд нь хог новшоор дүүрэн байсан газрыг цэвэрлэж, хашаа барьж, хаалга, үүд гарган засаж сэлбэн, цахилгаан татуулан өнөөдрийг хүртэл амьдарч байхад маргаан бүхий газарт огт амьдарч байгаагүй, хүсэлтээ өмнө нь өгч байгаагүй нэхэмжлэгч нарт газрыг хувааж олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэсэн утгатай хяналтын гомдол /Тодорхойлох хэсгийн 3-9/, мөн гуравдагч этгээд нарын өмгөөлөгчийн “давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газар дээрээ 2005 оноос хойш амьдраагүй байхад тухайн газрыг бодит байдал дээр эзэмшиж, ашиглаж байсан, газрыг эзэмших хууль ёсны ашиг сонирхол байсан гэж Газрын тухай хуулийн 31 дүгээрийг зүйлийн 31.3 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн, анхан шатны шүүх “нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлэхгүй” гэж дүгнэсэн байхад давж заалдах шатны шүүх үүнийг үнэлж, нэхэмжлэгч нарыг “2006 онд газрын албанд бүртгүүлээгүй боловч өргөдөл гаргаж байсан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хэргийн үйл баримт тодорхой, хангалттай нотлох баримт цугларсан байхад шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсгийг үндэслэн маргаан бүхий актуудыг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн нь хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн утгатай /Тодорхойлох хэсгийн 10-19/ хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангах үндэслэлтэй.

26. Харин бодит байдал дээр нэхэмжлэгч Л.Н нь өөрийн эзэмшил газар дээрээ амьдардаггүй бөгөөд түүний газар дээр гуравдагч этгээд Т.Ө амьдардаг, Т.Ө-ы газар дээр гуравдагч этгээд Д.О амьдарч байгаа зэрэг нь хариуцагчаас дахин акт гартал маргаан бүхий актуудыг түдгэлзүүлэх үндэслэл болохгүйн зэрэгцээ мөн хэргийн оролцогчдын зүгээс өөр өөрсдийн хууль ёсны эзэмшил газар руугаа шилжин суурьших /нүүх/, эсхүл өөрсдийн хүсэлтийн дагуу эрх бүхий этгээдийн зөвшөөрөлтэйгээр эзэмшил газруудаа шилжүүлэх буюу солих зэрэг эрхийг энэхүү шүүхийн шийдвэр хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.

27. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2018/0310 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0098 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар гуравдагч этгээд нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                    Г.БАНЗРАГЧ