Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 262

 

М.М-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О- болон түүний өмгөөлөгч С.Баянмөнх, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар магадлалтай, М.М-д холбогдох 201718020151 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын цахилгаанчин, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт, ял шийтгүүлж байгаагүй, сүрьеэгийн 90 хувийн группд байдаг, хэрэг хариуцах чадвартай, О овогт М-н М.

М.М- нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн орчимд иргэн Д.Д-н эзэмшлийн “Хонда пит” загварын *** УНР дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр баг, Хэрх тосгоны төв засмал замд 7 настай М.Т-г зам хөндлөн гарч явахад нь мөргөсний улмаас амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх шүүгдэгч М.М-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.М-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.О-ийн 49,783,200 төгрөгийг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлээс 40,231,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаан шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэг. Магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасанд гомдолтой байна.

1. М.М- нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэл дээр маргаагүй бөгөөд хэрэг үйлдэгдсэн даруйд талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн, эцэг, эхийнх нь хамт байнга сахиж шаардлагатай эм тариагаар нэн дариу хангаж, бүх зардлыг хариуцан гаргаж, хоол хүнс, оршуулах ажлыг гардан гүйцэтгэж бүх талаар дэмжлэг үзүүлсэн энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлсэн байдаг. /1хх-19/

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо оршуулгын болон 21, 49 хоногийн зардалд нийт 5,404,467 төгрөг нэхэмжилж байснаа дараагийн хурлаас үнийн дүнгээ огцом нэмэгдүүлж 49,783,200 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнд талийгаачид олгогддог байсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэмжийн мөнгийг 16 нас хүртэл авах байсан 23,300,300 төгрөг, Хаан банкнаас осол болохоос өмнө зээлсэн 5,520,000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс гэх 2,000,000 төгрөг зэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй.

3. М.М- нь өндөр насны тэтгэвэрт байдаг эцэг, эхийнхээ хамт амьдардаг бөгөөд өөрөө сүрьеэ өвчний улмаас 90 хувиар хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж 147,000 төгрөгнөөс өөр орлогогүй тул эцэг, эхийнхээ тэтгэврийг 28 сарын хугацаатай зээлж хохирогчийн талд төлж, одоо банкинд 7,753,835 төгрөгийн өртэй байгаа нь төрийн банкны 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 18/16 дугаартай тодорхойлолтоор нотлогддог. /2 хх-244/ Энэ гэр бүл одоо зөвхөн М.М-н группын мөнгөөр амьдарч байгаа юм.

4. Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нараас 49,000,000 төгрөг төл, төлж чадахгүй бол шорондоо ор гэж байгаа болно.

Хоёр. Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гарахад амь хохирогч, түүний эцэг нар нь Замын хөдөлгөөний дүрмийн 3. Явган зорчигчийн үүрэг: 3.3-т “Сургуулийн өмнөх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох бөгөөд харгалзаж яваа хүн хүүхдийг хөтөлж тэвэрч явна” болон 3.9-т “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно. Ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн дундуур гэнэт гүйх гэснийг зөрчсөн нь гэмт хэрэг гарах нөхцөлийг хохирогч, хохирогчийн эцэг Мягмар нар бүрдүүлсэн гэдгийг шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаар дүгнэлтээр тогтоосон.

Үүнээс хохирогчийн гэм буруу, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн нь тогтоогддог атал хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь зөвхөн М.М-г хэт яллан буруутгаж хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр “Хүүг минь хөнөөсөн хэргийг хөнгөн хэрэг гэж үзээд тэнссэн, шүүхүүд бие биерүүгээ явуулж, талийгаач хүүг минь амраахгүй зовоож байна, мөрдөгч, прокурор, шүүгч нар шударга ажиллаагүй” хэмээн ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн хүмүүсийг үндэслэлгүйгээр гүтгэж байна.

Давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдлыг өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байхад удаа дараа анхан шатны шүүх рүү буцаасан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг чирэгдүүлэн бухимдуулахад хүргэсэн гэж үзэж байна.

Гурав. Шүүгдэгч М.М- нь хувийн байдлын хувьд урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, тахир дутуугийн группд сүрьеэ өвчний “HR” оношоор 2016 оноос орж өдөрт 5 төрлийн 17 ширхэг эм өдөр бүр хэрэглэж ирсний улмаас чих нь дүлийрч, хэл яриа нь муудсан. Мөн өвчин нь хүндэрч 2018 оны 11 дүгээр сарын 22-нд уушиг тайрах мэс ажилбар хийлгэж, 17 ширхэг эмийг 19 сарын турш эмчийн хяналтан дор байнга хэрэглэх заалттай эмчлэгдэж байна. /2хх-247-249, 3хх-2/

Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг хянан үзэж, магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Баянмөнх хэлсэн саналдаа “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өмгөөлөгч авах төлбөрийн чадваргүй тул манай байгууллагад хандан миний бие шүүх хуралдаанд оролцож байна. Хохирогчийн зүгээс мөнгө, төгрөг харсан зүйл байхгүй, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлтэй. Шүүх хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн дүгнэлт хийнэ гэсэн итгэл, найдвартай байсан. Давж заалдах шатны шүүхээс шударга ёсны зарчимд нийцүүлж удаа дараа хэргийг мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргаж байхад анхан шатны шүүх үүнд ямар нэгэн дүгнэлт хийлгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Энэ хэргийн гол асуудал нь анхан шатны шүүхэд байгаа юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй бөгөөд гэм хор арилаагүй, хохирол төлбөр бүрэн төлөгдөөгүй юм. Эрүүгийн хуульд зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулах ёстой” гэв.

Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгчид холбогдох хэргийг анх 2017 оны 03 дугаар сарын 14-ны өдөр прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Хэргийг анхан шатны шүүх 4 удаа хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх 4 удаа буцаасан бөгөөд хяналтын шатны шүүхээр 1 удаа хянан хэлэлцээд хохирлын талаар маргаантай байна гэсэн үндэслэлээр мөн адил буцааж байсан юм. Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй байхад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн. Давж заалдах шатны шүүх энэ үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн М.М-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

М.М- нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн орчимд иргэн Д.Д-н эзэмшлийн “Хонда пит” загварын *** УНР дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчин Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр баг, Хэрх тосгоны төв засмал замд 7 настай М.Т-г зам хөндлөн гарч явахад нь мөргөсний улмаас түүний амь насыг хохироосон болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.М-н гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний дотор  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөн анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгчийн зүгээс 9,552,200 төгрөг төлөгдсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 40,231,000 төгрөгийг хангалгүй шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд хэдийгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон ч иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байгааг дурдах нь зүйтэй болно.

Харин давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн зорилго, шударга ёсны зарчимд нийцээгүй, мөн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохироогүй гэсэн ерөнхий үндэслэлүүд дурдан, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн зохицуулалтын агуулгыг буруу тайлбарлаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй байна.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, эрүүгийн хуулийн зорилгод нийцдэг.

Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахад хамаарах нөхцөл байдлуудыг хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан тал бүрээс нь харгалзан дүгнэж, гэмт хэрэгт үйлдэгдсэн нөхцөл байдал буюу тээврийн хэрэгслийн жолооч болон явган зорчигч хэн аль нь замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалт зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн болохыг харгалзан, түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан шууд хохирлыг төлж барагдуулсан, хувийн байдал зэргийг дүгнэсний үндсэн дээр шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэлээ.   

Мөн түүнчлэн шүүгдэгч М.М- нь хүнд өвчний улмаас тахир дутуугийн группд байдаг, хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалт 90 хувьтай байгаа хувийн эрүүл мэндийн онцлог байдал нь шүүхээс эрүүгийн хариуцлагын төрөл шинжийг сонгон хэрэглэхэд харгалзан үзвэл зохих бас нэг үндэслэл мөн болно.    

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэгийн “Шүүгдэгч анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэл дээр маргаагүй бөгөөд хэрэг үйлдэгдсэн даруйд талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн... Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гарахад хохирогч, түүний эцгийн буруутай үйлдэл байсан... М.М-н хувийн байдлуудыг хянан үзэж магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О- гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН