Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 24

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 129 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч Э.Цийн давж заалдсан гомдлоор Голомт банк ХХК-н Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Э.Ц, В.С нарт холбогдох Зээл болон барьцааны гэрээг цуцалж, зээл, зээлийн хүү, торгуулийн хүү нийт 8.560.469,24 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Сэлэнгэ салбар анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Э.Ц, В.С нар нь 2018.02.15-ны өдөр Голомт банктай ЗГ4325105706 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлөхгүй байсаар өнөөдрийн байдлаар 268 хоног хугацаа хэтэрч, зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 7.616.979,67 төгрөг, зээлийн хүү 922.101,23 төгрөг, торгуулийн хүү 21.388,34, нийт 8.560.469,24 төгрөгийн өр хуримтлагдсан байна. Банкны зүгээс зээлдэгч нарт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч үүргээ ноцтойгоор зөрчсөн хэвээр байна. Иймд зээлдэгч Э.Ц, В.С нартай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг цуцалж, зээлдэгч нараас зээл, зээлийн хүү, торгуулийн хүү нийт 8.560.469,24 төгрөгийг гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч В.С нь анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ...Манайх тус банкнаас өмнө нь 8 хувийн ипотекийн зээл авсан бөгөөд байраа түрээслэх замаар тус зээлийг төлж байгаа. Дараа нь цалингийн зээл авахад тухайн үед тус банканд ажиллаж байсан эдийн засагч нь тусдаа данс нээлгүйгээр шууд ипотекийн зээлийн данстай холбожээ. Манай байрыг түрээсэлж байсан хүн зээлээ дутуу төлснөөс болоод цалингийн зээлийн орлого нь шууд Монголын Ипотекийн корпораци хувьцааг нь эзэмшдэг ипотекийн зээл рүү давуу эрхээр татагдаад орсон байна. Гэтэл банкнаас шүүхэд шилжүүлсэн байна. Хэрвээ Голомт банк анх шинээр данс нээж, зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан бол байр түрээсэлж байсан этгээдэд мөнгөө завшуулахгүй хянаад явах бололцоо байсан. Иймд Голомт банкны 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10/521 дугаартай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тус банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож, зээлийн болон барьцааны гэрээг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Ц нь анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ...би 2019 оны 11 дүгээр сард Голомт банкны эдийн засагчтай уулзаж, учир байдлаа хэлээд дансаа салгуулсан. Энэ үед тус банкны хуулийн зөвлөх Д.Ариунтуяа орж ирэхэд нь бас хэлсэн. Гэтэл банкнаас шүүхэд шилжүүлсэн байна. Хэрвээ Голомт банк анх шинээр данс нээж, зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан бол би байр түрээсэлж байсан этгээдэд мөнгөө завшуулахгүй хянаад явах бололцоо байсан. Иймд Голомт банкны 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10/521 дугаартай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тус банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож, зээлийн болон барьцааны гэрээг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 129 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар зээлдүүлэгч Голомт банк ХХК-ийн Сэлэнгэ салбар, зээлдэгч Э.Ц, В.С нарын хооронд 2018 оны 02 сарын 15-ны өдөр байгуулагдсан ЗГ4325105706 тоот зээлийн болон барьцааны гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Э.Ц, В.С нараас үндсэн зээлийн үлдэгдэл 7.616.979,67 төгрөг, зээлийн хүү 922.101,23 төгрөг, торгуулийн хүү 21.388,34 төгрөг, нийт 8.560.469,24 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК /Сэлэнгэ салбар/ -нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 151.917,50 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, уг улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нараас тэнцүү хуваан гаргуулж Голомт банк ХХК /Сэлэнгэ салбар/-д олгосугай.

гээд, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Э.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Миний бие нь 2 өөр зориулалтаар олгогдсон зээлийг нэг дансаар олгосон банкны буруутай үйл ажиллагаанаас болж, зээлийн төлөлт болон түрээсийн хувьд алдагдалд орсон гэдгээ тайлбартаа тусгасан бөгөөд үүнийг Голомт банкны эдийн засагч Б.Наранбаяр хүлээн зөвшөөрсөөр байтал зээлийн гэрээний зөвхөн банкны эрхийг тодорхойлсон заалтыг үндэслэж, нэг талыг илэрхий барьсан шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргасан гэж үзэж байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 129 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Голомт банкны байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ЭГ4325105706 дугаартай зээлийн гэрээг хүчинтэйд тооцож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Голомт банк ХХК-ийн Сэлэнгэ салбар нь хариуцагч Э.Ц, В.С нарт холбогдуулан зээлийн болон барьцааны гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг 8.560.469,24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагч Э.Ц давж заалдах гомдол гаргасан байна.

Хариуцагч давж заалдах гомдлоо анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж тайлбарлажээ.

 

Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч Голомт банк ХХК /Сэлэнгэ салбар/ хариуцагч Э.Ц, В.С нарын хооронд 2018 оны 02 сарын 15-ны өдөр ЗГ4325105706 тоот зээлийн болон барьцааны гэрээгээр 10.000.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар байгуулж, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд тэдгээрийн хооронд зээлийн гэрээ байгуулсан эсэх болон гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй боловч талуудын хооронд байгуулсан гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцлах талаар маргасан байна.

Нэхэмжлэгч Голомт банк нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нар нь зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, 2019 оны 12 сарын 18-ны өдрийн байдлаар 268 хоногийн хугацаа хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн тул талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу нэг талын санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах болсон гэдэг бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа тус банк хоёр өөр зориулалтаар олгогдсон зээлийг нэг дансаар олгосон банкны буруутай ажиллагаанаас болж зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу хийгдэж байгаа эсэхийг мэдээгүй улмаас гэрээний үүрэг зөрчигдсөн гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Голомт банк хариуцагч нарт орон сууц худалдах худалдах авах зорилгоор Ипотекийн зээл болон хэрэглээний зээлийг зээлдэгчийн цалингийн орлогыг барьцаалан тус тус олгосон байх бөгөөд хариуцагч нь цалингаас суутгал хийх хэлбэрээр зээлийн төлөлт хийхээр тохиролцсон байна.

Банк хоёр өөр төрлийн зээлийг зээлдэгчид нэг дансаар олгосноор түүний хууль ёсны ямар эрх ашиг хэрхэн зөрчигдсөн болон зээлдэгч нарын гэрээний үүргээ зөрчихөд хэрхэн нөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд банкны энэ ажиллагаа нь хариуцагч нарын үүргээ гүйцэтгэхгүй байхад нөлөөлсөн гэх хариуцагч нарын татгалзал үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болохоор заажээ. Ийнхүү гэрээний үүргийг зөрчсөн үндэслэлээр гэрээний нэг талын санаачилгаар гэрээг цуцлахдаа үүрэг гүйцэтгэгчид үүргээ биелүүлэх боломж олгох, өөрөөр хэлбэл гэрээний зөрчил арилгах үүргээ биелүүлэх нэмэлт хугацааг тогтоох зэрэг ажиллагааг хийсэн байхыг шаарддаг.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар үүрэг гүйцэтгүүлэгчээс нэмэлт хугацаа тогтоогоогүй боловч хариуцагч нарт зээлийг хугацаандаа төлөх талаар утсаар холбогдон мэдэгдэх, биечлэн уулзаж улмаар мэдэгдэл хүргүүлэн үүргээ биелүүлэхийг шаардаж байсан боловч зээлдэгч нар нь гэрээний үүргийг биелүүлэх талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй, нэхэмжлэгч нь гэрээний үүргийг биелүүлэх талаар арга хэмжээг авсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй тул нэхэмжлэгчээс зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай гаргасан шаардлага нь үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүхээс хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 129 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 151.917 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

Г.ДАВААРЕНЧИН