Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гантөмөрийн Урангуа |
Хэргийн индекс | 128/2023/0559/З |
Дугаар | 128/ШШ2023/0804 |
Огноо | 2023-11-02 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2023/0804
2023 11 02 128/ШШ2023/0804
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: Минжитбулган гол ХХК /РД:2041278/
Хариуцагч: Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ш.Ачмаа
Гомдлын шаардлага: Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ш.Ачмаагийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 0046321 дугаартай шийтгэлийн хуудас, ЗХБ-50 дугаартай албан даалгаврыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Маргааны төрөл: Зөрчил
Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чингис, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ж.Энэрэлт, хариуцагч Ш.Ачмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасандэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ш.Ачмаа 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 0046321 дугаартай шийтгэлийн хуудсаар Минжитбулган гол ХХК /РД:2041278/ нь зохих тусгай зөвшөөрөлгүй түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль, 311,775,000 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулж, улсын байцаагчийн албан даалгавар бичжээ.
1.1.Гомдол гаргагч Минжитбулган гол ХХК нь Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ш.Ачмаагийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 0046321 дугаартай шийтгэлийн хуудас, ЗХБ-50 дугаартай албан даалгаврыг тус тус хүчингүй болгуулах-аар гомдлын шаардлага гаргасан.
2.Хэргийн үйл баримтын тухайд: Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хааж, зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар ирүүлсэн 53 тоот тогтоолыг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр улсын байцаагч Ш.Ачмаа хүлээн авч Налайх дүүргийн 5 дугаар хороонд түгээмэл тархацтай ашигт малтмал болох элсний ордод Минжитбулган гол ХХК нь зохих тусгай зөвшөөрөлгүйгээр олборлолтын үйл ажиллагаа явуулсан нөхцөл байдалд хяналт шалгалт хийж, Минжитбулган гол ХХК нь тусгай зөвшөөрөлгүй элсний олборлолт хийсэн нь үзлэг шалгалт, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон, эсхүл борлуулсан зөрчил гаргасан гэж үзээд 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль, 311,775,000 төгрөгийн нөхөн төлбөрийн шийтгэл оногдуулж, улсын байцаагчийн албан даалгавар өгч шийдвэрлэжээ.
3.Процессын түүх: 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр зөрчлийн хэрэг нээн шалгаж, мөн оны 06 дугаар сарын 16-ны өдөр Минжитбулган гол ХХК-д шийтгэл оногдуулсан байна. Гомдол гаргагч нь 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд хандсан байна.
4.Гомдол гаргагч Минжитбулган гол ХХК гомдлын шаардлагын үндэслэлдээ: Манай компани Налайх дүүргийн Зуунмод гэх нэртэй газарт байрлах 33 гектар талбай бүхий уурхайн талбайд хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасны дагуу Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 30 жилийн хугацаагаар эзэмшиж эхэлсэн. Гэтэл 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хууль батлагдсантай холбоотойгоор манай компани нь тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор дээрх хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс төрийн эрх бүхий байгууллагаас хил заагуудыг тогтоох ажиллагаа явуулсны дагуу 2014 оны 174 дүгээр шийдвэрээр манай компани үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломж бүрдсэн.
Үүний дараагаар буюу 2014 оноос эхлэн албан ёсоор хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж, жил бүр уулийн ажлын төлөвлөгөөг холбогдох төрийн захиргааны байгууллагаар батлуулан үйл ажиллагаа хэвийн явагдаж байх хугацаанд Нийслэлийн Засar даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний А/609 дүгээр захирамжаар манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан бөгөөд захирамжийн үндэслэлээ ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй гэж дурдсан байсан.
Манай компанийн зүгээс дээрх шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч компани уг газарт хэвийн олборлолтын үйл ажиллагаа явагдаж байсан нь шүүхээс явуулсан үзлэг, хэрэгт авагдсан бусад баримтуудаар тус тус тогтоогдсон. Иймээс хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй эвлэрэх санал гаргасны дагуу талууд эвлэрлийн гэрээ байгуулж тус шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0559 дугаартай захирамжаар "талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож" шийдвэрлэсэн.
Дээрх эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгчид хүлээлгэсэн үүргүүдийг биелүүлж, баримт бичиг бүрдүүлэх явц нь төрийн байгууллагын үйл ажиллагаатай шууд хамааралтай байсны улмаас тодорхой хугацааг алдаж 2019 оны 05 дугаар сард холбогдох баримтыг бүрдүүлж хүргүүлсэн боловч Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/640 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс "Минжитбулган гол" ХХК-ийн МѴ-013882 дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээх боломжгүй гэх дүгнэлтийг хийсэн.
Бид энэхүү дүгнэлтийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 494 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 570 дугаар магадлалаар тус тус "... "..Нийслэлийн засаг дарга нь эвлэрлийн гэрээний биелэлтийг дүгнэх ажлын хэсэг байгуулж, уг ажлын хэсэг нь гэрээний Үүргээ биелүүлсэн эсэх талаар дүгнэлт гаргасан нь хууль зөрчөөгүй... гэх дүгнэлтийг хийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл энэхүү шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгч болон хариуцагч нарт эвлэрлийн гэрээтэй холбоотой эрх зүйн ямар нэгэн үр дагавар үүсгээгүй, зөвхөн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Иймд Нийслэлийн Байгаль орчны газраас манай компанид холбогдох захиргааны байгууллагатай газрын төлбөр тооцоо нийлж акт үйлдсэн тохиолдолд МѴ-013882 дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээх боломжтой тухай мэдэгдсэний дагуу 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Газрын албатай "газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт"-ыг үйлдэн холбогдох баримт бичгийн бүрдлийг хангаж хүргүүлсэн. Улмаар хариуцагчийн гаргасан 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр MV-013882 дугаартай тусгай зөвшөөрлийн 14 дэх жилийн төлбөр төлснийг тэмдэглэн тусгай зөвшөөрлийн хугацааг 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хүчинтэй сунгасан тухай тэмдэглэл хийсэн. Хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийг талуудын хооронд байгуулагдсан "Эвлэрлийн гэрээ-ний үүргээ биелүүлсэн гэж үзэн дээрх байдлаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан тул тусгай зөвшөөрөл сэргэсэн гэж үзээд зээл болон өөрийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтыг үйл ажиллагаандаа зарцуулан холбогдох төлбөр, татвар хураамжийг бүрэн төлж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргийг биелүүлэн ажиллаж ирсэн.
Мөн МѴ-013882 дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд буюу Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутагт орших "Элстэйн гол" элсний ордын 2021 оны ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан Нийслэлийн Байгаль орчны газарт хүлээлгэн өгсөн ба 2021 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тухайн төлөвлөгөөг баталж, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлыг холбогдох дансанд байршуулж, компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан Гэтэл 2023 оны 5 дугаар сард Нийслэлийн Байгаль орчны газрын Геологи, уул уурхайн хяналтын байцаагч Ш.Ачмаагаас "танай компани тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа тул зөрчлийн хэрэг нээж байгаа гэж мэдэгдэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж үндэслэлгүйгээр 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 0046321 дугаартай шийтгэлийн хуудас, ЗХБ-50 дугаартай албан даалгаврыг манай компанид оноож, учруулсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Учир нь манай компани холбогдох захиргааны байгууллагуудын шийдвэрийн үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулсан ба Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т "Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална", 4.2.8-д "хууль ёсны итгэлийг хамгаалах гэж тусгайлан заасан бөгөөд захиргааны байгууллагын уялдаа холбоогүй, ойлгомжгүй байдлаас шалтгаалж манай компанийн эрх ашиг хөндөгдсөн ба "хууль ёсны итгэл хамгаалагдах" онцгой нөхцөл бий болсон гэж үзэж байна. Учир нь манай компани нь холбогдох захиргааны байгууллагуудын шийдвэрийн үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд захиргааны байгууллагын уялдаа холбоогүй, ойлгомжгүй байдлаас шалтгаалж компанийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөн, их хэмжээний эд хөрөнгийн хохирол амсаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.8-д заасан захиргааны үйл ажиллагаанд оролцогч этгээдийн "хууль ёсны итгэлийг хамгаалах" тусгай зарчимд нийцээгүй, хууль бус шийдвэр гэж үзэж байна.
Иймд Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ш.Ачмаагийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 0046321 дугаартай шийтгэлийн хуудас, ЗХБ-50 дугаартай албан даалгаврыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэн нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
4.1.Гомдол гаргагч Минжитбулган гол ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чингис шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Минжитбулган гол ХХК нь Зуунмод гэх нэртэй газарт 2008 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын шийдвэрээр хуульд заасан шаардлагыг хангасны үндсэн дээр 30 жилийн хугацаатай газар эзэмших эрх авсан. Үүний дараа 2009 оны 07 сарын 16-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах тухай хууль батлагдсантай холбоотой Минжитбулган гол ХХК тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулах боломжгүй байж байгаад Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоол гарснаар үйл ажиллагаа үргэлжлүүлэх боломжтой болсон. 2013 оноос үйл ажиллагаа явуулаад жил бүр хайгуулын ажил, уулын ажлын төлөвлөгөө боловсруулж захиргааны байгууллагаар батлуулаад үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын А/609 дүгээр захирамжаар Минжитбулган гол ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн. Цуцалсан үндэслэл нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаагүй гэсэн үндэслэлээр цуцалсан. Уг шийдвэр нь хууль бус байсан учраас Минжитбулган гол ХХК-ийн зүгээс шийдвэрийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас маргаан бүхий акт хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд шүүхээс талуудын эвлэрлийн гэрээг батлаад хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гарсан. Эвлэрлийн гэрээнд талууд тодорхой үүргийг хүлээгээд холбогдох баримт бичгийг бүрдүүлж захиргааны байгууллагад өгснөөр үйл ажиллагаа буцаад хэвийн сэргэх боломжтой гэж дүгнэлт хийгээд эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээ байгуулснаас хойш захиргааны байгуулагд удаа дараа хүсэлт гаргаад холбогдох баримт бичгийн бүрдлийг хангаад явж байсан. 2021 онд холбогдох бүх баримт бичгийг бүрдүүлж өгсний дараа Нийслэлийн Байгаль орчны газраас Минжитбулган гол ХХК-ийн газрын төлбөр эцсийн байдлаар ийм төлбөр байна. Уг төлбөрийг төлөх хэрэгтэй байна гэхэд Минжитбулган гол ХХК газрын төлбөрийг тогтмол төлж дуусгаад холбогдох баримтыг газрын албанд газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг үйлдэн холбогдох баримт бичгийн бүрдлийг хангаж хүргүүлсэн. Нийслэлийн Байгаль орчны газраас тусгай зөвшөөрлийн 14 дэх жилийн төлбөрийг төлж дууссаныг тэмдэглээд 2021 оны 07 сараас 2022 оны 07 сарын 27-ны өдөр хүртэл ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн. Шийдвэрлэсэнтэй холбоотой Минжитбулган гол ХХК тухайн хугацаанд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан. 2023 оны 05 сараас эхлээд Нийслэлийн байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ш.Ачмаагаас Минжитбулган гол ХХК-тай холбоотой зөрчлийн хэрэг үүсээд явагдаж байна. Минжитбулган гол ХХК ашиглалтын тусгай зөвшөөрөлгүйгээр олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Энэ чинь хууль бус гэсэн үндэслэлээр зөрчлийн хэрэг нээж шалгасан. Минжитбулган гол ХХК холбогдох байгууллагад хандан манайх тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байсан гэж удаа дараа Нийслэлийн Засаг даргад хандаж байсан. Ирүүлсэн хариу нь эвлэрлийн гэрээний дагуу өмнө баталсан шүүхийн шийдвэрээр Минжитбулган гол ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сэргээлгэхээр ажил хийгдэж байна гэж хариуг өгөөд яваад байсан. Минжитбулган гол ХХК-ийн зүгээс тухайн үед Ш.Ачмаа байцаагчид 2022 оны 07 сар хүртэл тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж зөрчил гаргасан үйлдэл биш ээ. Холбогдох байгууллагаар сунгалт хийлгэсэн үедээ үйл ажиллагаа явуулж байсан. 2022 оны 07 сараас хойш зөвшөөрөлгүй явуулсан баримтууд байхгүй гэж үзэж байгаа. Эрх бүхий байгууллагууд Минжитбулган гол ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгах юм байна. Дотоод хяналтын ажил нь явагдаж байгаа гэж бодоод байж байтал Ш.Ачмаа байцаагчаас Минжитбулган гол ХХК тусгай зөвшөөрөл дууссаны дараа үйл ажиллагаа явуулж байсан байна. Нийслэлийн Засаг даргаас тодруулахад ийм хариу ирж байна гэж Минжитбулган гол ХХК-д шаардлага тавьж эхэлсэн. Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Минжитбулган гол ХХК-ийн үйлдэлтэй холбоотой Ш.Ачмаа байцаагч шинжээч томилоод шинжилгээний дүгнэлт гаргуулсан. Тухайн шинжээчийн дүгнэлтэй танилцах хууль зүйн боломж байгаагүй. Шүүхэд маргаан ирснээс хойш улсын байцаагчийн шинжээч томилсон тогтоолыг харахаар шинжилгээ хийх хүн нь Профейшнл ланд сүрвэй ХХК-ийн ерөнхий инженер Д.Төгөлдөр гэж хүнийг томилсон. Зөрчлийн хэрэгт авагдсан баримтаар харахад Д.Төгөлдөр гэдэг хүн шинжилгээ хийх эрхтэй хүн мөн үү биш үү? Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд мөн үү биш үү гэдэгт тодорхой баримт байхгүй. Юуг баримтаар хавсаргасан гэхээр Профейшнл ланд сүрвэй ХХК-ийн Барилга, хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрлийг хавсаргасан байгаа. Профейшнл ланд сүрвэй ХХК-аас Д.Төгөлдөрийг шинжилгээ хийх эрхтэй гэж томилсон шийдвэр хэрэгт авагдаагүй. Зөрчил хянан шийдвэрлэх явцад уг шинжилгээг шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан шинжээчийн дүгнэлт гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. Маргаан бүхий хоёр акт шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан шүүхийн шинжилгээний дүгнэлтийг үндэслэж гарсан гэж ойлгож байгаа. Шийтгэлийн хуудаст торгох шийтгэлээс гадна хохирлын хэмжээг нөхөн төлүүлэх шийдвэр гараад 311,775,000 сая төгрөг гарсан. Үүнийг яаж гаргаад байгаа вэ гэхээр 62,355 м.кв элсийг 2018 оноос Минжитбулган гол ХХК олборлосон байна гэж шүүхийн шинжилгээний дүгнэлт гаргахгүй этгээд гаргасан байна. Үүнийг үндэслээд хохирлын хэмжээг тогтоож акт тавиад байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхийн шинжилгээ хуульд заасан шинжээч гэж үзлээ ч гэсэн тухайн шинжилгээний дүгнэлт нь 2018 оноос хойш 2023 он хүртэл аль хугацаанд хэдэн элс олборлоод байгаа нь тодорхойгүй байна. Минжитбулган гол ХХК тодорхой хэмжээний 2011 оноос хойш тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд үйл ажиллагаа явуулсан хугацаанд олборлосон элсний хэмжээ яг альд нь хамаарах юм бэ? Шүүхийн шинжилгээг бид нарт боломжит хугацаанд танилцуулсан боловч хуульд заасан хугацаанд гомдол гаргах боломжтой байсан ч уг боломжоо эдэлж чадаагүй. Шийтгэлийн хуудаснаас гадна албан даалгавар өгсөн. Тусгай зөвшөөрлийн элсний олборлолтод шигшилт ангилал хийсэн учраас нөхөн сэргээлтийн ажлыг хийх албан даалгавар өгөөд байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нөхөн сэргээлтийг хэн хийх вэ гэдэг талаар тусгайлан зохицуулсан байгаа. Нийслэлийн байгаль орчны газрын хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ш.Ачмаад нөхөн сэргээлтийг албан даалгавраар даалгах эрх олгогдоогүй. Тусгай зөвшөөрлийг эзэмшигч ашиглагчийн хувьд Байгаль орчны нөхөн сэргээхтэй холбоотой холбогдох зардлыг Нийслэлийн Засаг даргын тамгын газарт байршуулдаг. Нөхөн сэргээлт явуулж байгаа компаниудад Нийслэлийн Засаг даргын тамгын газар хяналт тавьдаг. Хэрвээ нөхөн сэргээлт хийгдээгүй байвал байршуулсан мөнгөнөөс нөхөн сэргээлт хийгээд дараа нь буруутай этгээдээс гаргуулах хууль зүйн зохицуулалттай байгаа. Маргаан бүхий актуудыг гаргахад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан процесс ажлыг нэг бүрчлэн хийгээгүй нь гомдол гаргагч компанийн эрхийг бүхэлд нь зөрчсөн гэж үзэж байгаа. Гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж актуудыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна. гэжээ.
4.2.Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ж.Энэрэлт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн тайлбарт нэмж тайлбар хэлье. Улсын байцаагчийн актад 311 сая төгрөгийг хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэр гарсан. Эрх бүхий албан тушаалтны шинжээч томилсон шийдвэр хэрэгт авагдсан байгаа. Шинжээч томилсон шийдвэр нь Шүүх шинжилгээний тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн журмыг зөрчсөн гэж үзэж байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зөрчил шалган шийдвэрлэх явцад хөрөнгө хүрээлэн буй орны хохирлын үнэлгээг тооцох дүгнэлт гаргах үйл ажиллагааг зохицуулсан байдаг. Үүний дагуу Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 38 дугаар зүйлд хүрээлэн буй орчны хохирлын үнэлгээг тооцоход зориулсан тусгай шаардлагыг тусгайлан зохицуулсан байдаг. Шүүх шинжилгээний тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т хүрээлэн буй орчны хохирлыг үнэлгээг шинжээчийн багаар хийлгэнэ гэж зохицуулсан байдаг. Шинжээчийн баг нь тусгай мэдлэг бүхий 2 буюу түүнээс дээш этгээдийг шинжээчээр томилно гэдэг тусгай журмыг зөрчсөн. Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд нь шинжилгээ хийлгэх тусгай мэдлэг бүхий нотолсон баримт бичгийг урьдчилан тодруулж баримтжуулна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8-д энэ зүйлд заасан журмыг зөрчиж шинжээч томилохыг хориглосон байна. Эрх бүхий албан тушаалтан шинжээчээр томилсон Д.Төгөлдөр ямар хүн гэдэг нь тодорхой байдаггүй. "Профейшнл ланд сүрвэй" ХХК-ийн ерөнхий инженер гэж өөрөө тодорхойлж бичсэнээс бусдаар Д.Төгөлдөр ямар ажил эрхэлдэг ямар хөдөлмөрийн гэрээтэй байгаа тухайн компанид ажилдаг уу гэдэг зүйл тодорхой байдаггүй. Үүний дагуу шинжээч томилсон үйлдэл нь хууль бус гэж үзэж байна. Шинжээч томилсон үндэслэл нь тодорхойгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зөрлийн улмаас учирсан хохирол нөхөн төлбөр олгох журмыг Улсын ерөнхий прокурор батална гэж заасан. 2017 оны Улсын прокурорын А/75 дугаар тушаалд зөрчлийн улмаас учирсан хохирол нөхөн төлбөр хохирлыг тогтооход тусгайлан зохицуулаагүй бол эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуулийн дагуу шинжээч томилж холбогдох нөхөн төлбөрийн хэмжээг тогтоолгоно гэж заасан. Шинжээчийн дүгнэлтэд тухайн зөрчлийн улмаас хэдэн төгрөгийн хохирол учирсан бэ? гэдгээр шинжээч томилоогүй. Минжитбулган гол" ХХК хэдэн метр куб элс олборлосон бэ гэдэг ганц асуулттай. Тусгай мэдлэгтэй эсэх нь эргэлзээтэй, шинжилгээ хийх эрх бүхий эсэх нь эргэлзээтэй Шинжээч Д.Төгөлдөрийн гарын үсэгтэйгээр 62 метр куб элс олборлосон гэсэн тайлбар бичсэн байгаа. Шүүх шинжилгээний тухай хуульд шинжээчийн дүгнэлтүүд заавалчгүй тусгагдах ёстой гэсэн хуулийн олон заалт байгаа тэрний аль ч заалт байхгүй. Тэгэхээр шинжээчийн дүгнэлт гэж үзэн маргах хэцүү баримт байна. Яг хэдэн төгрөгийн хохирол учруулсан бэ? 311 сая төгрөг яаж гарсан бэ? Шинжилгээ хийх эрхтэй эсэх нь эргэлзээтэй этгээдийн гаргасан 62 метр куб гэсэн дүнг 5000 үржүүлээд нэг тоо гаргасан. 5000 төгрөг гэдэг нь зах зээлийн ханш гэж тайлбарладаг. Хаанаас энэ дүнг юу гэж тайлбарлаж байна гэхээр, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2010 оны А\158 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журам байгаа. Байгаль орчинд учруулсан хохирол нөхөн төлбөрийг тооцох аргачлал. Уг журамд заасны дагуу томьёоллоор үржүүлж уг дүнг гаргасан гэж тайлбарлаад бичээд байгаа юм. Түгээмэл тархацтай ашигт малтмал, ашигт малтмал гэсэн хоёр тустай ойлголт байгаа эрх бүхий албан тушаалтан анзаарч хараагүй юм бол уу? Уг үнэлгээг өөрөө тайлбарлах байх гэж бодож байна. Тодруулбал Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т түгээмэл тархацтай ашигт малтмал гэж зам барилгын зориулалтай ашиглах боломжтой элбэг тархац бүхий элс гэж уг зүйлийг ойлгоно гэж заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т ашигт малтмал гэж геологийн хувьсалт өөрчлөлтийн дүнд хуримтлагдсан гадар гуу дээр хуримтлагдсан эрдэс баялгийг ойлгоно гэж ялгаатай зохицуулсан. Ялгаатай зохицуулалтын дагуу "Минжитбулган гол" ХХК-тай холбоотой хэрэг бүртгэлийн хэргийг хаасан прокурорын тогтоол байгаа. Хэрэгт авагдсан 2023 оны 03 сарын 27-ны өдрийн 53 дугаар тогтоол тусгай зөвшөөрөлгүйгээр Ашигт малтмалын тухай хуульд заасан ашигт малтмал олборлосон бол энэ нь эрүүгийн шинжтэй байна. Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т зааснаар Минжитбулган гол ХХК-ийн үйлдэл нь түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосонтой холбоотой асуудал байх тул энэ асуудал нь эрүүгийн шинжгүй гэж үзээд хэрэг бүртгэлийн хэрэг хаасан. Зөрчлийн шинжтэй эсэхийн тодруулахаар харьяаллын дагуу хариуцагч руу шилжүүлсэн байдаг. Ашигт малтмал, түгээмэл тархац гэдэг нь нэр томьёоллын хувьд тус тусдаа ойлголт. Хохирлыг тооцоод байгаа Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар хууль бус олборлолтын үйл ажиллагаа явуулсан тохиолдолд хохирлын хэмжээг дараах томьёоллоор тодорхойлно гэсэн байгаа. Үүний дагуу ашигт малтмалыг хууль бус олборлосноор учруулах хохирлын хэмжээ хууль бус олборлосон ашигт малтмалын хэмжээ ашигт малтмалын зах зээлийн үнэ ханш гэж байна. Түгээмэл тархацтай ашигт малтмал гэсэн нэг ч үг байхгүй. Уг томьёоллыг гаргаж байгаа бол тусгай мэдлэг бүхий шинжээчдийн баг бүрэлдэхүүнээр мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан мэргэжлийн байгууллагаар уг дүгнэлтийг гаргуулах боломжтой. Элс олборлосон компани дээр 311 сая төгрөгийн хохирол тооцоод байгаа нь үндэслэлгүй байна. Минжитбулган гол" ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хавсралт тэмдэглэгээ дээр 2021 оноос 2022 он хүртэл нэг жилийн хугацаанд тусгай зөвшөөрлийн эрхийг сунгасан тэмдэглэл байгаа. Энэ хугацаанд Минжитбулган гол" ХХК-ийн зүгээс тусгай зөвшөөрөлтэй гэж үзэж байна. Үүнтэй холбоотой маргаан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд явж байгаа асуудал байна. Хохирол тооцсон, шинжээч томилсон, шинжилгээ хийлгэсэн үйлдэл нь хууль зөрчсөн байна гэж үзэж байна. Эрх зүйн зөрчилтэй захиргааны акт болохоор хууль бус гэж үзэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.4-т Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн үр дагаврыг арилгахаар ямар ямар арга хэмжээ авч болох вэ гэдгийг заасан байгаа. Өөрийн санаачилгаар эсвэл Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр ариутгах, хоргүйжүүлэх, цэвэршүүлэх, засвар үйлчилгээ хийх, холбогдох бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглох, хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчлийг арилгах хүртэл хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг зогсоох гээд эрх хэмжээг нь хуулиар олгочихсон байгаа юм. Бид нарын маргаад байгаа албан даалгавар дээр ямар өгүүлбэр яваад байна гэхээр хууль бус олборлолтын үйл ажиллагааг зогсоож, олборлолт хийж, эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх, техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайд биологийн нөхөн сэргээлт хийж хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хангах арга хэмжээнүүд алга байна. Тухайн компанийн үйлдсэн гэж үзээд байгаа зөрчил нь хууль бусаар түгээмэл тархацтай ашигт малтмалыг тусгай зөвшөөрөлгүйгээр олборлосон асуудал. Үүний дагуу үйл ажиллагаа зогсоох шийдвэр гаргасан. Цаашлаад нөхөн сэргээхтэй холбоотой асуудлыг эрх бүхий албан тушаалтан улсын байцаагчид шууд даалгаж шийдвэрлэж байгаа нь хуулиар олгосон эрх хэмжээг хэтрүүлсэн гэж үзэж байна. Нөхөн сэргээхтэй холбоотой асуудал байгаа бол Минжитбулган гол" ХХК байгаль орчны ерөнхий төлөвлөгөөгөө жил бүр батлуулаад явж байсан. Уг төлөвлөгөөндөө магадгүй нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй бол Засаг даргаас тухайн талбайд нь өмнө нь байршуулсан мөнгө хөрөнгөтэй тэнцэх хэмжээний үнэ нөхөн сэргээлтийн ажиллагааг явуулахад илүү мөнгө гарах юм бол үл маргах журмаар тухайн компаниас нь гаргуулдаг. Хуулийн зохицуулалтууд нь тусдаа байгаа. Хуульд заасан нийтлэг үүргээ хэрэгжүүлээгүй байх юм бол Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.12.4-т зааснаар хариуцлага хүлээнэ гэж заасан тусдаа зохицуулалт байгаа. Нэг зөрчлийн шинжтэй үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шалгаад шийдвэрлээд явж байгаа. Хаа байсан өөр асуудал дээр үр дагавар үүсгэсэн. Нөхөн сэргээхтэй холбоотой үүрэг хүлээлгэсэн шийдвэр нь хууль бус гэж үзэж байна. Уг маргаантай байдал манай талд ч юм уу ашигтайгаар шийдвэрлэсэн тохиолдолд Минжитбулган гол" ХХК нөхөн сэргээлт хийхгүй үйл ажиллагаа үргэлжлүүлээд явна. Хэрвээ бид нар нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг өөрийн зардлаар эсвэл байршуулсан мөнгөөр хийгээд явах юм бол энэ зардлыг хаанаас нэхэмжлэх вэ? Уг үндэслэж байгаа захиргааны 2 акт нь хууль зүйн агуулга нь зөрчилтэй байгаа учраас хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна. гэжээ.
5.Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ш.Ачмаа шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ш.Ачмаа би Налайх дүүргийн 5 дугаар хороо Зуун модны элс гэх газарт Минжитбулган гол ХХК / РД:2041278/ нь зохих тусгай зөвшөөрөлгүй түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон, худаг, шүүрлийн усыг зохих зөвшөөрөлгүй ашиглан элс угааж борлуулсан гэх 2302000098 дугаартай зөрчлийн хэргийг хянаж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтаар 2000 нэгжийн торгууль, 311 775 000 төгрөгийн нөхөн төлбөрийн шийтгэл оногдуулж улсын байцаагчийн албан даалгавар өгч шийдвэрлэсэн. "Минжитбулган гол ХХК" нь тусгай зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож, түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль зөрчсөн болох нь хэрэгт авагдсан гэрч, холбогдогч нараас авсан мэдүүлэг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтсээс ирүүлсэн лавлагаа, зөрчил гарсан талбай дээр үзлэг хийсэн тэмдэглэл, хохирол тогтоосон баримт, Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн хуулбар болон бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул "Минжитбулган гол" ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг татгалзаж байна. гэжээ.
5.1.Хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ш.Ачмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдол гаргагч тал эвлэрлийн гэрээ байгуулсан талаар яриад дуусгачихлаа. Тусгай зөвшөөрлийг зөвшөөрөхгүй байгаатай холбоотой Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Уг нэхэмжлэл нь хэргийн материалын 159 дүгээр хуудас дээр байгаа. Минжитбулган гол" ХХК-ийн гаргасан уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Эвлэрлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэгчээс дахиад эвлэрлийн гэрээг дүгнэсэн ажлын хэсэгтэй холбоотойгоор давж заалдах шатын шүүхэд гомдол гаргасан байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. Нийслэлийн Засаг даргын сэргээсэн тусгай зөвшөөрлийг гэсэн захирамж өнөөдрийг хүртэл гараагүй байна. 2021 онд тусгай зөвшөөрөлтэй холбоотой бичиг хийсэн үйлдлийг Минжитбулган гол" ХХК тусгай зөвшөөрөлтэй байсан гэж үзэж байна. Маргаантай явж байх хугацаандаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамжийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдний гомдлыг хүлээж ав гэдэг бичиг удаа байгаль орчны газрын түгээмэл тархацтай ашиг малтмал хариуцсан мэргэжилтэн Я.Цэвээнханд гэдэг хүнд сар бүр илгээсэн байдаг. Минжитбулган гол" ХХК-ийн тусгай зөвшөөрөл сэргэж байгаа. Уулын ажлын төлөвлөгөө тайлангаа батлуулъя. Тусгай зөвшөөрлийн төлбөрөө бид нар төлөөд ирлээ гээд банк дээр өөрсдөө төлж ирээд уг баримтууд нь гэрчийн мэдүүлэгт байгаа. Гэрчийн мэдүүлэг нь хэргийн материалын 240 дүгээр хуудаст байгаа. Бичилт хийсэн үйлдлээ юу гэж тайлбарласан бэ гэхээр удаа дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас бичиг ирээд байсан тэгэхээр нь сэргэж байгаа юм байна гэж үзсэн. Тэгтэл Засаг даргын захирамж гараагүй байсан юм байна лээ. Намайг төөрөгдүүлж андуурал үүсгэж бичилт хийлгэсэн байдаг. Хамгийн сүүлд Нийслэлийн Засаг даргын хуулийн хэлтсээс 2021 оны тусгай зөвшөөрлийн бичилт хийсэн байгаа үйлдэл нь хууль бус үндэслэлгүй юм аа гэсэн албан бичиг ирүүлсэн байдаг. Нийслэлийн Засаг даргын тусгай зөвшөөрлийг сэргээсэн гэсэн захирамж гараагүй байхад тусгай зөвшөөрөлд бичилт хийсэн үйлдэл нь хууль бус юм аа. Бичилт хийснээр тусгай зөвшөөрөл сэргэсэн гэсэн үг биш юм аа. Шинжээчийн хувьд Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуульд зааснаар тусгай мэдлэг мэргэжил бүхий хүнийг шинжээчээр томилж болно гэсэн хуулийн заалт байгаа. Шинжээч яаж ажилладаг вэ гэхээр тусгай мэдлэг мэргэжилтэй геодезийн хэмжилтийг тусгай багаж тоног төхөөрөмжийг ашиглах зөвшөөрлийг Барилга хот байгуулалтын яамнаас олгодог. Үүний дагуу албан ёсны газраар төлөвлөлт хийлгэсэн байдаг. Элсний тухайд түгээмэл тархацтай ашигт малтмалд хэмжилт хийхэд хялбар байдаг. Яагаад гэвэл тухайн ашигт малтмал ил нүдэнд харагдаж байдаг. Тухайн ашигт малтмалыг авлаа гэхэд тухайн олборлосон хэсэгт нүх үүсдэг учир шинжээчийн дүгнэлт бодитой гардаг. Үүнийг геодезийн хэмжилт хийдэг багажаар тогтоогоод гаргаад ирдэг. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын баталсан. Байгаль орчинд учруулсан хохирол нөхөн төлбөрийг тооцох журам байдаг. Уг журамд ашигт малтмал тооцох аргачлал гэсэн байна. Манайх түгээмэл тархацтай ашигт малтмал гэж маргаж байгаа юм байна. Ашигт малтмалын тухай хууль дээр заагдаагүй асуудлыг түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулиар зохицуулна. Үүний үндсэн дээр ашигт малтмалын гэдэг нэршлээр нь уг мөнгийг тооцож байгаа. Журам дээр зах зээлийн үнэ ханшаар тооцно гэсэн байгаа. Өмнө нь бид нар яаж тооцдог байсан бэ гэхээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар үнийг тогтоож гаргадаг байсан. 2013 оноос уг тогтоол гарахаа болиод зах зээлийн үнийг шууд утгаар нь авч хэрэгжүүлдэг болсон. Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас албан бичиг авсан байдаг. Уг газарт үйл ажиллагаа явуулах, газар ашиглах эрх хэвээрээ байгаа юу гэхэд 2017 оноос хойш уг газарт газар ашиглах гэрээ байхгүй. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 609 дүгээр захирамжаар уг газрыг цуцалсан. Үүний дагуу газар ашиглах гэрээ байхгүй гэсэн албан бичгийг ирүүлсэн байгаа. Тусгай зөвшөөрөлтэй гэж үзээд 2020-2021 онд олборлолт явуулсан гэж байна. Хуульд Нийслэлийн Засаг даргын захирамж гарч байж тусгай зөвшөөрөлтэй гэж үзнэ. Тусгай зөвшөөрлийг сэргээсэн захирамжийг ганцхан Нийслэлийн Засаг дарга гарна. Өөрсдөө бид нар мэдэж байна гэсэн зүйл байхгүй. Бичилт хийсэн үйлдэл нь хууль зүйн үндэслэлгүй гэсэн баримт байгаа. Гэрчийн мэдүүлгээр эрх бүхий этгээдийг төөрөгдүүлж андуурал үүсгэн бичилт хийлгүүлсэн гэсэн хууль бус үйл ажиллагаа байгаа. 311 сая төгрөг 62 метр куб яаж гарсан бэ гэж байна. Үүнийг 2018 оны Байгаль орчин аялал жуулчлалын яам болон Нийслэлийн байгаль орчны газраас хамтарсан эвдэрсэн газарт хийсэн тайлан байдаг. Уг тайланд Минжитбулган гол" ХХК-ийн талбай орсон байдаг. Талбайн хэмжээ, гүнийг бүх талаараа хэмжээд гаргасан 2018 оны тайлан байдаг. Шинжээч 2018 оны хэмжээнээс 2023 оны 05 сар хүртэл уулын ахилтын хэмжээг хэмжиж гаргасан байдаг. 62 метр куб нь мэргэжлийн багаж төхөөрөмжөөр гаргаж ирсэн тооцоо юм. 5000 төгрөг яаж гарсан бэ гэхээр байгаль дээр байгаа зүйлийг бохироор бодож гаргасан дүн юм. Зах зээлийн ханш нь 1 метр куб нь 10,000 юм уу 12,000 хавьцаа байна. Түүнээс бохироор тооцож хаягдал гарна гэдэг үүднээс тооцож гаргасан дүн байгаа. Эвлэрлийн гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн нэрс удаа дараа Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн ерөнхий газар, бусад дүүргүүдэд удаа дараа албан бичгүүдийг Нийслэлийн Засаг даргын хуулийн хэлтсээс хүргүүлсэн байдаг. Уг албан бичгүүд хэрэгт авагдсан байгаа. Эвлэрлийн гэрээний үүргээ биелүүлж Нийслэлийн Засаг даргын захирамж цуцлагдсан хэвээр байгаа. Газрын нэрс дээр Минжитбулган гол" ХХК байнга явж байдаг ийм газар байгаа. Хяналт тавьж ажиллана уу гэж албан бичгүүд Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас байнга ирдэг. Миний хувьд 2022 оны 09 сард Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын урьдчилан сэргийлэх удирдамжтай хяналт шалгалтаар явж байгаад Минжитбулган гол" ХХК-ийн талбайд очсон. Очиход олборлолтын үйл ажиллагаа явагдаж байсан. Шалгагдаж байх явцдаа байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй үндэслэлээр Нийслэлийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээр шилжүүлсэн байдаг. 2022 оны 10 сараас эхлээд шилжүүлээд шалгагдаж байх явцдаа над дээр зөрчлийн шинжтэй байна гэдэг үндэслэлээр ирээд үргэлжлүүлээд шалгагдаад явж байгаа. 2023 оны 05 сарын 23-ны өдөр прокурорын зөвшөөрлөөр үйл ажиллагааг нь зогсоож тоног төхөөрөмжийг нь лацадсан гэхэд үйл ажиллагаа явуулж байсан. 2023 оны 05 сарын 26-нд очиход лацадсан тоног төхөөрөмжийг хөдөлгөөд үйл ажиллагаа явуулж байсан зураг нь хэргийн 82 дугаар хуудаст байгаа. Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газраас холбогдсон Минжитбулган гол" ХХК-руу шалгалт хийе гэсэн. Байгаль орчны байцаагч очиход Минжитбулган гол" ХХК худаг шүүрлийн усыг ашиглаад үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл явуулж байгаа. Нийслэлийн Засаг даргын тамгын газартай тусгай зөвшөөрөл сэргээхгүй байгаатай холбоотой маргаж байна гэж байна. Энэ нь миний зөрчлийн хэрэгтэй хамааралгүй юм аа. Минжитбулган гол" ХХК маргалдахаасаа өмнө уг зөрчлөө үйлдээд явж байсан зөрчил илэрсэн. 2023 онд акт тавьдаг өдөр Минжитбулган гол" ХХК тусгай зөвшөөрөлтэй холбоотой Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна лээ. Уг хэргийг сунжруулах, хууль бус олборлолтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд яваад байх санаатай үйлдэл гэж миний зүгээс харж байна. Шинжилгээ хийхэд заавал багаар шинжилгээ хийлгэх ёстой гэж байна. Тусгай мэргэжил мэдээлэл шаардах бол шинжээч оролцуулж болно гээд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан байгаа. Заавал багаар оролцоно гэсэн зүйл байхгүй. Шүүх шинжилгээний тухай хуульд байж магадгүй би бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай үндэслэж шинжээч томилсон байгаа. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Гомдол гаргагч Минжитбулган гол ХХК-аас Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ш.Ачмаад холбогдуулан Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ш.Ачмаагийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 0046321 дугаартай шийтгэлийн хуудас, ЗХБ-50 дугаартай албан даалгаврыг тус тус хүчингүй болгуулах-аар тус шүүхэд гомдлын шаардлага гаргажээ.
2.Шүүх гомдол гаргагчийн гомдол, түүний үндэслэл, гомдолдоо хавсаргасан баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж дараах үндэслэлүүдээр Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ш.Ачмаагийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 0046321 дугаартай шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 /тавин найм/ хоногийн хугацаагаар түдгэлзүүлж, түүний ЗХБ-50 дугаартай албан даалгаврын ... хууль бусаар олборлолтын үйл ажиллагааг зогсоох хэсгийг хэвээр үлдээж, ... олборлолт хийж эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх, техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайд биологийн нөхөн сэргээлт хийж хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хангах арга хэмжээг авч зөрчлийн үр дагаврыг арилгах-тай холбоотой өгсөн даалгаврыг хүчингүй болгож шийдвэрлэв.
3.Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ш.Ачмаагийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 0046321 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагын тухайд:
3.1.Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.Тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд:1.2.түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон, эсхүл борлуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байна.
3.2.Гомдол гаргагч Минжитбулган гол ХХК нь 2017-2020 онуудад үйл ажиллагаа явуулаагүй /Зөрчлийн хэрэг 1 дүгээр хавтас, 49 дэх тал/ гэх холбогдогчийн тайлбар, мэдүүлэг зөрчлийн хэрэгт нотлох баримтаар авагдсан байх ба Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03/3075 дугаартай албан бичгээр Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 тоот захирамжаар цуцлагдсан Минжитбулган гол ХХК-ийн МҮ-013882 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээгээгүй талаараа Нийслэлийн Байгаль орчны газарт мэдэгдсэн баримт байна.
3.3.Гэвч MV-013882 дугаар тусгай зөвшөөрлийн хавсралтад 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Тусгай зөвшөөрлийн 14 дэх жилийн төлбөр төлснийг тэмдэглэв гэж хугацааг сунгасан Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр бичиглэл хийсэн тул тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан гэж буруутгах үндэслэлгүй талаар гомдол гаргагч тал тайлбарлан маргажээ.
3.4.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь энэ хуулийн 21.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигч уг зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах нөхцөлийг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 20.1.5-д заасан хугацаагаар сунгаж, энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэж, өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ. гэж заасан.
3.5.Дээрх зохицуулалтаас үзвэл гомдол гаргагч Минжитбулган гол ХХК-ийн MV-013882 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах шийдвэрийг тусгай зөвшөөрлийн хавсралтад Тусгай зөвшөөрлийн 14 дэх жилийн төлбөр төлснийг тэмдэглэв. Хугацаа 2021.07.17-2022.07.17 хүртэл гэж бичиглэл хийсэн Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр гаргах эрх бүхий албан тушаалтан биш байх тул тухайн хугацаанд гомдол гаргагч Минжитбулган гол ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон, эсхүл борлуулсан; гэж заасны дагуу хууль бус үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон гэж үзэхээр байна.
3.6.Хэдийгээр гомдол гаргагч хуулийн этгээд нь Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн болох нь дээрх байдлаар тогтоогдож байх боловч хариуцагч нь хохирол, нөхөн төлбөрийн дүнг үндэслэл бүхий тогтоогоогүй, үүнийг шүүхээс шалган тогтоох боломжгүй нөхцөл байдалд үндэслэн дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
3.7.Хариуцагчаас маргаан бүхий шийтгэлийн хуудсанд хохирол, нөхөн төлбөрийн үнийн дүнг тооцож гаргасан үндэслэлээ Тухайн ашигт малтмалыг авлаа гэхэд тухайн олборлосон хэсэгт нүх үүсдэг учир шинжээчийн дүгнэлт бодитой гардаг. Үүнийг геодезийн хэмжилт хийдэг багажаар тогтоогоод гаргаад ирдэг. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын баталсан. Байгаль орчинд учруулсан хохирол нөхөн төлбөрийг тооцох журам байдаг. Уг журамд ашигт малтмал тооцох аргачлал гэсэн байна. Манайх түгээмэл тархацтай ашигт малтмал гэж маргаж байгаа юм байна. Ашигт малтмалын тухай хууль дээр заагдаагүй асуудлыг түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулиар зохицуулна. Үүний үндсэн дээр ашигт малтмалын гэдэг нэршлээр нь уг мөнгийг тооцож байгаа. Уг журам дээр зах зээлийн үнэ ханшаар тооцно гэсэн байгаа. гэж тайлбарласан.
3.8.Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/156 дугаар тушаалын хавсралтаар Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлалыг баталсан байх ба хууль бус олборлолтын үйл ажиллагаа явуулсан тохиолдолд хохирлын нийт хэмжээг дараахь томьёогоор тодорхойлно: Ххб=Q*P+ЗНС (1.16)
Энд, Ххб ашигт малтмалыг хууль бус олборлосноор учруулах хохирлын хэмжээ, төг;
Q хууль бус олборлосон ашигт малтмалын хэмжээ, кг, эсвэл тн
P ашигт малтмалын зах зээлийн үнэ ханш, төг
ЗНС нөхөн сэргээлт хийх ажлын зардал, төг. гэснээс үзвэл хохирлын хэмжээнд нөхөн сэргээлт хийх ажлын зардлыг хамааруулан тооцох учиртай байна.
Түүнчлэн тушаалын 3 дахь заалтад Энэ аргачлалын дагуу байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын томилсон мэргэжлийн баг болон "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль"-ийн 9 дүгээр зүйлийн дагуу эрх авсан мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж холбогдох зардлыг нэхэмжлэлд тусган гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж байхыг сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай гэж зааснаас үзэхэд улсын байцаагч шинжээчийн дүгнэлтэд үндэслэж зах зээлийн ханшаар нөхөн төлбөрийг өөрөө тооцож тогтоох үндэслэл байхгүй, мэргэжлийн баг, эрх бүхий этгээдээр гүйцэтгүүлэх ёстой байжээ гэж үзлээ.
3.9.Тодруулбал улсын байцаагч нөхөн төлбөр, хохирлын хэмжээг тодорхойлсон нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ., 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ. гэж тус тус заасантай нийцэхгүй байх тул дээр дурдсан журмын дагуу хохирлын хэмжээг үндэслэл бүхий тогтоосны үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
4.ЗХБ-50 дугаартай албан даалгарыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагын тухайд:
4.1.Маргаан бүхий Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай даалгавраар ... хууль бус олборлолтын үйл ажиллагааг зогсоож, олборлолт хийж эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх, техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайд биологийн нөхөн сэргээлт хийж хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хангах арга хэмжээг авч, зөрчлийн үр дагавар арилгахыг Минжитбулган гол ХХК/РД:2041278/-д даалгаж байна гэжээ.
4.2.Нөхөн сэргээлтийн тухайд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.Байгалийн баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчны тэнцлийг хангах зорилгоор дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ: гэж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчны алдагдсан тэнцлийг болон байгалийн баялгийг нөхөн сэргээх, хүн амыг нүүлгэх, мал, амьтныг тухайн нутаг дэвсгэрээс шилжүүлэхэд гарсан зардлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр сум, дүүргийн Засаг дарга шүүхэд нэхэмжлэл гаргана. гэж тус тус заасны дагуу газрын нөхөн сэргээлтийг тухайн газрыг ашиглагч иргэн хуулийн этгээдээр нөхөн төлүүлэхээр заасан.
4.3.Харин Минжитбулган гол ХХК нь маргаан бүхий газрыг хуулийн дагуу ашиглагч этгээд биш, хууль бусаар олборлолтын үйл ажиллагаа явуулсан байх тул нөхөн сэргээлт хийхийг даалгах нь үндэслэлгүй, дээр дүгнэсэнчлэн хохирлыг тооцон гаргуулах нь хууль тогтоомжид нийцэхээр байна.
4.4.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.Эрх бүхий албан тушаалтан өөрийн санаачилгаар, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр зөрчлийн үр дагаврыг арилгах зорилгоор ариутгах, хоргүйжүүлэх, цэвэршүүлэх, засвар үйлчилгээ хийх, холбогдох бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглох, иргэний гүйлгээнээс буцаан татах, хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг зогсоох, энэ талаар олон нийтэд зарлан мэдээлэх зэрэг арга хэмжээ авч болно. гэж зөрчлийн үр дагаврыг арилга арга хэмжээний талаар хуульчилснаас үзвэл энэ хэргийн тухайд хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг зогсоох арга хэмжээ авах боломжтой, харин хуульд заагаагүй зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээнд хамаарахгүй үйл ажиллагаа болох нөхөн сэргээлт хийх-ийг даалгасан нь буруу гэж шүүх үзлээ.
4.5.Иймд эрх бүхий албан тушаалтны даалгаврын ... олборлолт хийж эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх, техникийн нөхөн сэргээлт хийгдсэн талбайд геологийн нөхөн сэргээлт хийх-тэй холбоотой хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйл, мөн хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн байгаль орчны газрын хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ш.Ачмаагийн 2023 оны 06 сарын 16-ны 0046321 дугаартай шийтгэлийн хуудсыг дахин шинэ захиргааны акт гаргах хүртэл 58 /тавин найм/ хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2.Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Байгаль Орчныг хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн байгаль орчны газрын хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ш.Ачмаагийн 2023 оны 06 сарын 16-ны өдрийн Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврын ... олборлолт хийж эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх, техникийн нөхөн сэргээлт хийгдсэн талбайд геологийн нөхөн сэргээлт хийх-тэй холбоотой хэсгийг хүчингүй болгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинээр акт гаргаагүй бол Нийслэлийн байгаль орчны газрын хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ш.Ачмаагийн 2023 оны 06 сарын 16-ны 0046321 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болохыг дурдсугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөгийг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.
5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРАНГУА