Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 27

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 64 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 207.780 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

Г.ДАВААРЕНЧИН

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

 

Оролцогчид

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г /онлайн/

Хариуцагч М.Д

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 64 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдсан гомдлоор БФ ББСБ ХХКийн нэхэмжлэлтэй М.Дд холбогдох 12.051.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч БФ ББСБ ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Зээлдүүлэгч БФ ББСБ ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр иргэн М.Дтэй зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ байгуулах болсон шалтгаан нь иргэн М.Дгийн тус компанид хандаж өөрийн гараар бичсэн зээл авах өргөдлийг үндэслэн түүнтэй зээлийн гэрээ байгуулсан байна. Ингээд түүний хүссэн 11 сая төгрөгийг гэрээнд тусгасан зээлдэгчийн ХААН банкны 5001721651 тоот данс руу нь шилжүүлснээр зээлдүүлэгч зээлдэгч нарын нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн. Хуульд заасан шаардлагыг хангуулж гэрээг бичгээр үйлдэн талууд гарын үсэг зурж тамга дарж гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байна. Зээлдэгч М.Дгийн данс руу нь 11 сая төгрөгийг шилжүүлж түүний зөвшөөрснөөр өөрийнх нь өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Гарамын № 29 тоотод байрлах хувийн сууцыг газрын хамт барьцаалж барьцааны гэрээ үйлдэж уг гэрээнд талууд гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болсон. Энэ барьцааны гэрээ нь зээлийн гэрээний салшгүй хэсэг байхаар гэрээнд тусгагдсан.

Иймд Зээлдэгч М.Д нь зээлээ буцаан төлөх үүргээ биелүүлээгүй учир шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээнд хүү авахаар тохиролцсон байдаг. 11 сая төгрөгийг 1 сарын 3.9 хувийн хүүтэй 36 сарын хугацаагаар зээлдүүлсэн. Мөн хүүнээс гадна нэмэгдүүлсэн хүүг тооцож авахаар заасан. Үндсэн зээлийн үлдэгдэл 10375500 төгрөг, хүүнд 1403700 төгрөг, хуримтлагдсан хүүнд 229300 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 43062 төгрөг, нийт 12051500 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийг хангаж шийдэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Д анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь БФ ББСБ ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 11 сая төгрөгийг сарын 3.9 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлж авсан юм. Энэ зээлийн гэрээг хамтран зээлдэгч Б.Цэцэгмаа, Батбаатар нарын хүсэлтээр байгуулсан. Уг мөнгийг зээлж аваад би Батбаатарын данс руу шилжүүлсэн. Цэцэгмаа надаар энэ зээлийг авахуулахдаа БФ ББСБ ХХК-ний Зүүнхараа салбарын эрхлэгч байсан Оюунсүрэнтэй ярилцаж тохиролцсон байсан учир зээл бүтсэн. Эхлээд 6 сая төгрөг гаргах боломжтой гэж байсан боловч Цэцэгмаа нь Оюунсүрэнтэй ярилцаж тохироод 11 сая төгрөг авахаар болсон. Зээлийн гэрээнд Батбаатар хамтран хариуцагчаар гарын үсэг зурсан. Иймд энэ хүнээр бас төлүүлж болдоггүй юм уу гэж бодож байна. Цэцэгмаа болохоор Оюунсүрэнгээс мөнгө аваад танд өгнө гэдэг. Гэрээгээр халхавчлан Оюунсүрэн, Цэцэгмаа нар намайг залилсан. Би одоо нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 64 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Дгээс үндсэн зээл 10375500 төгрөг, үндсэн хүү 1403700 төгрөг, хуримтлагдсан хүү 229300 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43062 төгрөг, нийт 12051500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БФ ББСБ ХХК-д олгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжинд төлсөн 207780 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Дгээс 207780 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БФ ББСБ ХХК-д олгосугай. гээд, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч М.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Учир нь миний бие нь 2019 оны 04-р сарын эхээр Базаррагчаагийн Цэцэгмаа гэгч танил эмэгтэй мөнгөний хэрэг болоод байна гэж ирэхээр нь би мөнгө төгрөггүй гэхэд та 14 хоногийн хугацаатай хашаа, байшингийнхаа гэрчилгээгээ өгч байгаач би 14 хоногийн дараа буцаагаад өгнө гэсэн, тэгэхээр нь би жаахан гайхаж эргэлзсэн чинь .. та айх зүйл байхгүй би яг 14 хоногийн дараа хашаа байшингийн чинь гэрчилгээг авчираад өгнө гээд авч явсан. Гэтэл ганц 2 хоногийн дараа танай хашаа байшингийн гэрчилгээг БФ ББСБ-д барьцаанд тавих боллоо та гэрээнд гарын үсэг зураад өг гэсэн. Би урьд нь ингэж хашаа байшингаа барьцаанд тавьж зээл авч байгаагүй учир мэдлэг муутай байсан ба БФ ББСБ дээр очиход танай хашаа байшин 6.000.000 төгрөгийн л үнэ хүрнэ гэж хэлсэн чинь гэтэл Б.Цэцэгмаа нь өөрөө гүйгээд БФ ББСБ-н захирал эмэгтэйтэй ярьж тохироод өөрийн нөхөр Батбаатарын цалингийн тодорхойлолтыг авчирч нилээн материал дахин бүрдүүлээд Батбаатарыг хамтран хариуцагч болгоод 11000000 төгрөгийн зээл авсан. Энэ мөнгө нь миний данс руу ороход Б.Цэцэгмаа өөрөө ирээд бүгдийг нь нөхөр буюу хамтран хариуцагч Батбаатарын данс руу хийлгэж авсан. Гэвч 14 хоног өнгөрсөн, бүр сар гаран болсон чинь БФ ББСБ-с зээлээ төл гэж хэлэхээр нь би гайхаж Б.Цэцэгмаатай ярьсан чинь... шууд л урьдаас загнаж юун сүртэй юм, энэ мөнгийг чинь БФ ББСБ-н захирал Оюунсүрэнтэй хамтарч төлнө гэж хэлсэн. Ингээд би зээлээ төлөхгүй болохоор нь Б.Цэцэгмаа гэгч зальт этгээд хамтран хариуцагч болох түүний нөхөр Б.Батбаатар нарыг удаа дараа зээлээ төлөхийг шаардаж, аргаа бараад асууж сураглаж судлахад энэ хоёр ерөөсөө ингэж 2-лаа нийлж залилан хийдэг урьд өмнө залилангийн хэргээр /ЭХ-н 148-ын 3-ээр ял шийтгүүлсэн/ ийм хүмүүс байсныг мэдэхгүй итгэж өнөөдөр орон гэргүй болоход хүрээд байна. Дээрх этгээдийн зальтай, хүнийг хуурдагыг Зүүнхараагийн шүүх .прокурор, цагдаагийнхан бүгд мэддэг юм байна. Гэвч шүүх энэ байдлыг харгалзан үзэхгүйгээр намайг Цагдаагийн байгууллагад гомдлоо гаргаж Б.Цэцэгмааг цагдаагийн байгууллага шалгаж байгаа баримт байгааг харгалзан үзэхгүйгээр зөвхөн намайг гэрээ хийсэн гэсэн үндэслэлээр буруутгаж БФ ББСБ-н ажилтан Оюунсүрэн, Цэцэгмаа нар намайг залилан хуурч иргэний эрх зүйн гэрээгээр халхавчлан зээл авахуулсаныг огт харгалзан үзэлгүй нэхэмжлэлийг хангаж бүх мөнгийг надаас гаргуулахаар шийдсэнд гомдолтой байна. Оюунсүрэн гэдэг нь 2019 оны 4-р сар энэ зээлийг гарах үед БФ ББСБ-н захирлаар ажиллаж байсан эмэгтэй бөгөөд одоо мөн цагдаад Цэцэгмаатай хамт шалгагдаж байгаа болно. БФ ББСБ нь дээрх зээлийг миний дансруу хийсэн нь үнэн. Гэхдээ энэ мөнгө шууд хамтран хариуцагч Б.Батбаатарын дансруу шилжсэн баримт байсаар байхад БФ ББСБ-н ХХК нь зөвхөн надыг хариуцагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгааг анхаарч мөн жирийн иргэн намайг зальтай этгээдүүдэд хууртан өнөөдрийг хүртэл хохирогч орон гэргүй болох байдалд хүрээд байгаа байдлыг минь ойлгож үнэн зөв шийдвэр гаргаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Гомдлыг бүхэлд нь эс зөвшөөрч буй үндэслэл нь

1. М.Д нь БФ ББСБ ХХК-иас 2019 оны 04 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 11,000,000 төгрөгийн зээлийг сарын 3,9 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг гармын 29 тоотод байрлах өөрийн өмчлөлийн хувийн сууцыг газрын хамтаар барьцаалан авсан ба талуудын хооронд МУ-ын Иргэний хуулийн 451-р зүйлд заасан зээл олгох хуулийн зохицуулалтаар гэрээний харилцаа үүссэн нь 235/353/00236 дугаартай зээлийн, 235/353/00236-01 дугаартай барьцааны гэрээ хийгдэж гарын үсгүүд зурагдаж. гэрээг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болсон байгаагаас хангалттай нотлогдож байгаа юм.

Зээлдүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу зээлдэгч М.Дгийн данс руу 11,000,000 төгрөгийг шилжүүлснээр зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон. Зээлдэгч Дуламсүрэн нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж өөрөө зээл авахыг хүсэж өргөдөл бичсэн, зээлийг өөрөө авсан, гэрээний нөхцлүүдтэй бүрэн танилцаж гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан төдийгүй зээлийг өөрийн дансаар хүлээн авсан нь хэрэгт авагдсан түүний өөрийн гараар бичсэн зээл хүссэн гар өргөдөл, зээлийн болон барьцааны гэрээнүүд, гэрээнд өөрийн гарын үсгийг зурсан байдал, мөн шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбар зэргээр нотлогддог. Мөн шүүхэд гаргасан тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тайлбартаа тэрээр энэ зээлийг би авсан нь үнэн гэж тайлбарлан мэдүүлсээр ирсэн байдаг.

Зээлдэгч М.Д зээлсэн мөнгөө Цэцэгмаа гэгчид шилжүүлэн өгсөн тул би төлөхгүй гэж ойлгомжгүй тайлбар өгдөг. Зээлдэгч этгээд нь зээлсэн мөнгөө бусдад шилжүүлэх, бэлэглэх, ашиглуулах зэргээр хэрхэн захиран зарцуулах нь түүний эрхийн асуудал юм.

Гэрээг талууд сайн дурын үндсэн дээр. гэрээний чөлөөт байдлын зарчмыг үндэслэн хийсэн. Зээлдэгч М.Д нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн, талууд гэрээ хэлцлийн хуулиар тогтоосон хэлбэр агуулгыг зөрчилгүйгээр хийсэн байна. Гэрээнд заасан зээлдэгчийн зээл төлөх үүрэг нь хэн нэгэн этгээдэд шилжээгүй мөн гэрээний үүргээ зээлдэгч зөрчсөн нь баримтаар хангалттай тогтоогддог. Иймд хариуцагч М.Дгээс 2020.02.21-ны өдөр гаргасан гомдлыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхэд хариуцагч нь хамтран зээлдэгч Батбаатар болон түүний эхнэр Цэцэгмаа нарыг хамтран хариуцагчаар татан оруулах тухай хүсэлт гаргасан. Гэтэл анхан шатны шүүх тухайн хүсэлтийг нь огт хүлээн аваагүй шийдвэрлэсэн. Хариуцагч нь тухайн хүсэлттэйгээ Батбаатар болон түүний эхнэр нарыг хамт хамтран хариуцагчаар татан оролцуулах зайлшгүй шаардлагатай гэдгээ нотлосон баримт хамт хүргүүлсэн байдаг. Гэтэл шүүх тухайн баримтад огт дүгнэлт хийгээгүй. Хэдийгээр зээлийн гэрээнд М.Д нь гарын үсэг зурсан ч тухайн зээлийг өөр хүн авсан талаар мэдүүлж баримт өгсөөр байхад шийдвэрлэлгүй шүүх зохигчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлцүүлэхээр буцаж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч БФ ББСБ ХХК нь хариуцагч М.Дд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг  12.051.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зээлийг өөрөө аваагүй гэсэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Хариуцагч давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх хэргийн оролцогчийн хүсэлтийг хүлээн авахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэжээ.

 

Хэргийг судлан үзвэл: Хариуцагч М.Д нь БФ ББСБ ХХК-нд зээл хүссэнээр зохигчдын хооронд 2019 оны 04 дугаар сарын 12-ны өдөр 11,000,000 төгрөгийн зээлийг сарын 3,9 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж улмаар 2019 оны 04 сарын 14-ний өдөр зээлийг олгосноор зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байна.

Тус гэрээний дагуу хариуцагч М.Д нь зээлийн төлбөрийг зохих хуваарийн дагуу эргэн төлөх үүрэг хүлээсэн боловч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар нэхэмжлэгчийн гэрээний үүргээ биелүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй ба шүүх зээлийн гэрээний эрх зүйн харилцааг зохицуулсан хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагч татан оролцуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаагүй гэж тайлбарладаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагч татан оролцуулж болохоор заасан боловч энэ нь зөвхөн нэхэмжлэгчид хамааралтай зохицуулалт юм.

Учир нь шүүхэд нэхэмжлэл гаргах эсэх болон хэнд холбогдуулан нэхэмжлэлээ гаргах эрх нь зөвхөн нэхэмжлэгчид олгогддог өөрөөр хэлбэл шүүх зөвхөн нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр хамтран хариуцагчийг татах ба нэхэмжлэгч зөвшөөрөөгүй бол түүний нэхэмжлэлийг бус нэхэмжлэгчийн хүсээгүй этгээдэд хариуцлага ногдуулах цаашлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас өөр шаардлагыг шийдвэрлэсэнтэй адил болно.

Тиймээс тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагч татан оролцуулахыг нэхэмжлэгч нь зөвшөөрөөгүй байх тул шүүх иргэн Б.Цэцэгмаа, Б.Батбаатар нарыг хамтран хариуцагчаар татан оролцуулах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлэн авснаар хариуцагч М.Дд тухайн мөнгийг захиран зарцуулах эрх үүссэн гэж үзнэ.

Хариуцагч нь мөнгөө захиран зарцуулах эрхийнхээ дагуу иргэн Б.Цэцэгмаа, Б.Батбаатар нарт шилжүүлсэн нь зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд ямар нэгэн хамааралгүй бөгөөд мөнгөө бусдад шилжүүлж нөгөө этгээд нь хүлээн авснаар тэдгээрийн хооронд өөр эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх тул тухайн харилцаатай холбоотой маргаанаа шүүхэд жич нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх боломжтой юм.

 

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хуулийн зохих заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.