Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 29

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

 

Оролцогчид

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнаран

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 70 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдсан гомдлоор ШО ХК-ийн нэхэмжлэлтэй СТХХХК-д холбогдох 445.018.544 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 03 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжпэгч ШО ХК анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ШО ХК-иас СТХХХК нь арав гаруй жилийн хугацаанд нүүрс худалдан авч байгаа компани юм. ШО ХК-иас СТХХХК нь 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ШО-16-120 дугаар нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулан 8.193 тонн, тээврийн зардлын хамт 330362916 төгрөгийн үнэ бүхий нүүрс худалдан авсан. 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ШО17-1/11 дүгээр нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулан 1079 тонн, тээврийн зардлын хамт 43130318 төгрөгийн үнэ бүхий нүүрс тус тус худалдан авсан юм. ...СТХХХК ШО ХК-тай байгуулсан дээрх 2 гэрээний алдангийг тооцоолоход нийт 221393554 төгрөгийн алданги үүсэж байна. Гэрээнүүдэд ..алдангийн нийт хэмжээ төлбөл зохих нийт төлбөрийн 30 хувиас хэтэрч болохгүй хэмээн заасан тул 102696587 төгрөгийн алдангийг шаардах нь зүйтэй хэмээн үзсэн болно. Иймд СТХХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 342321957 төгрөг, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж алдангид 102696587 төгрөг, нийт 445018544 төгрөгийг гаргуулж ШО ХК-д олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ тэнгэр хараа, ХХК-ний захирал Б.Идэрзориг анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Манай компани нь нүүрс худалдах, худалдан авах гэрээгээ биелүүлээгүй явдал нь манай компани бусад байгууллагаас авах авлагаа авч чадаагүй байдлаас болсон юм. Энэ нөхцөл байдлын улмаас бид нэхэмжлэлд дурдсан алдангийг төлөх боломжгүй байгаа тул 102696587 төгрөгийн алдангиас чөлөөлж өгнө үү. Манай компани нь бусад байгууллагаас авах авлагаа энэ оны 3 дугаар улиралд багтаан авах учир нэхэмжлэлд дурьдсан үндсэн төлбөр болох 342321957 төгрөгийг 2020 оны 10 дугаар сард багтаан төлж барагдуулах болно гэжээ.

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 70 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч СТХХХК-иас үндсэн төлбөр 342321957 төгрөг, алданги 102696587 төгрөг, бүгд 445018544 төгрөгийг гаргуулж ШО ХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2383043 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч СТХХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 2383043 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ШО ХК-д олгосугай. гээд, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Гомдол гаргаж байгаа учир нь: Манай компани нь Шивээ -Овоо ХК-иас 10 гаруй жилийн хугацаанд нүүрс худалдан авч байгаа компани билээ. Бид энэ удаа гэрээнийхээ хугацаанд төлбөрөө төлж чадаагүй шалтгаан нь бусад байгууллагаас авах ёстой авлагаа авч чадаагүй байдалтай холбоотой юм. Энэ тухайгаа тайлбартаа бичиж нүүрсний үндсэн төлбөрийг 2020 оны 10-р сард багтааж төлье. алдангиас чөлөөлж өгнө үү гэж хүсэлт гаргасан юм. Нэхэмжлэгч байгууллага энэ тайлбарыг хүлээж аваагүй билээ. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зөв дүгнээгүй байдлаас болж үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. ...Гэтэл шүүх зөвхөн нэхэмжлэгч талын алданги бодсон байдлыг дагалдан нэхэмжлэлд бичсэн 102.696.587 төгрөгийн алдангийг бүгдийг нь хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр болсон юм. Манай СТХХХК нь нэхэмжлэгч ШО ХК -тай тооцоо нийлж 2018 оны 8-р сарын 31-ний өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа гаргасан баримт хэргийн материалд байгаа бөгөөд 2 тал ингэж баталгаа гаргахад ямар нэгэн алданги тооцоогүй, зөвхөн 342.321.957 төгрөгийн үлдэгдлийг нэхэмжлэн авахаар тохиролцож баталгаа гаргаж гарын үсгээ зурсан юм. Энэ баталгаанаас гадна гэрээ байгуулсан 2 талын тооцоо нийлсэн олон баримтууд байгаа бөгөөд эдгээр баримтуудад мөн л алданги тооцоогүй зөвхөн үндсэн төлбөрийн үлдэгдэл 342.321.957 төгрөгийг л нэхэмжлэхээр баталгаа гаргаж байсан билээ. Гэтэл ингэж баталгаа. тооцоонууд гаргаж байсан атлаа нэхэмжлэгч нь их хэмжээний алдангийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд баталгаануудаа зөрчсөн зүйл юм. Шүүх 2 талын тохиролцсон гарын үсэгтэй алданги тооцохгүй тухай баталгаа баримтууд хэргийн материалд байхад алданги тооцсон нь үндэслэлгүй юм. Хүндэт шүүгчид та бүхэн эдгээр нөхцөл байдлуудыг дүгнэн үзэж нэхэмжлэгч талын нэхэмжилсэн алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан. Манай компани нь алданги тооцсон тухай тооцоололоо нарийвчлан гаргаж өгсөн байна. Энэ нь хэрэгт авагдсан баримтад тодорхой байгаа тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргсан тайлбартаа: Анхан шатны шүүх иргэний хэргийг буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч ШО ХК нь хариуцагч СТХХХК-нд холбогдуулан нүүрс худалдах, худалдан авах гэрээний үүрэг 445.018.544 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь алданги 102.696.587 төгрөгийг төлөх боломжгүй гэж маргажээ.

 

Хэргийг судлан үзвэл: Зохигчдын хооронд 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэг жилийн хугацаатай гэрээ байгуулан 123 вагон буюу 8193 тонн, 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэг жилийн хугацаатай гэрээ байгуулан 16 вагон буюу 1079 тонн нүүрсийг тус тус худалдах худалдан авах гэрээ байгуулан худалдагч нь гэрээний дагуу нүүрсийг худалдан авагч талд нийлүүлсэн байна.

Ийнхүү зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд хариуцагч нь худалдан авсан нүүрсний үнийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул худалдан авагч нь гэрээний үүргээ биелүүлэх тухай шаардлага гаргажээ.

Гэрээний 4.1-т нүүрсний үнийг нүүрс хүлээн авсны дараа төлбөрийг хийхээр тохирч, төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд сүүлийн 30 хоногийн нийлүүлсэн нүүрсний үнийн төлөгдсөн үлдэгдлээс төлбөр хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги тооцож төлнө. Алдангийн нийт хэмжээ төлбөл зохих нийт төлбөрийн 30 хувиас хэтэрч болохгүй гэж заасан ба гэрээний дагуу хариуцагч нь үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу алданги тооцон гаргуулахаар шаардлага гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

 

Аливаа гэрээг байгуулах үед үүрэг гүйцэтгэгч үүргээ эсхүл үүргээ гүйцэтгээгүй болон зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд гэрээгээр хүлээсэн үүргийнхээ төлөө мөнгөн төлбөр төлөхөөр тохиролцдог.

Хэдийгээр хариуцагч нь зохих төлөлт хийсэн гэж алдангийг өөр байдлаар тооцох ёстой гэж тайлбарлаж байгаа боловч үүрэг гүйцэтгэгч СТХХХК нь нийт 1079 тонн буюу 373.493.224 төгрөгийн үнэ бүхий нүүрс худалдан авсан бөгөөд тухайн худалдан авсан нүүрсний үнэд нийт 31.171.267 төгрөг төлсөн, 2018 оны 03 сарын 31-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл төлөлт огт хийгээгүй бөгөөд төлөлтийг ямар хүндэтгэн үзэх шалтгааны улаас төлөөгүй талаар хэрэгт ямар нэгэн баримт ирүүлээгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байх өөр ноцтой байдал үүссэн эсэхээ нотлоогүй тул шүүх талуудын гэрээгээр тохирсон алдангийг багасгах хуулийн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүх алдангийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Харин шүүх алдангийн асуудлыг шийдвэрлэхдээ зохих хуулийн заалтыг баримтлаагүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт зохих нэмэлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 70 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэхь заалтын Иргэний хуулийн гэсний дараа ...232 дугаар зүйлийн 232.4, 232.6 гэсэн нэмэлт оруулж, бусад заалт хэсгийг хэвээр үлдээн, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид 671.433 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ