Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2022/00030

 

“,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн  тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 70 дугаар шийдвэртэй,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 29 дүгээр магадлалтай,

“,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,” ХК-ийн нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,,”  ХХК-д холбогдох

445,018,544 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн  төлөөлөгч Б.Идэрзоригийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнаран, хариуцагчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,” ХК нь хариуцагч “,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,,”  ХХК-д холбогдуулан нүүрс худалдах-худалдан авах гэрээний үүрэг 445,018,544 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь алданги 102,696,587 төгрөгийг төлөх боломжгүй гэж маргажээ.

          2. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 70 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,,”  ХХК-аас үндсэн төлбөр 342,321,957 төгрөг, алданги 102,696,587 төгрөг, бүгд 445,018,544 төгрөгийг гаргуулж “,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,” ХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 29 дүгээр магадлалаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 70 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн” гэсний дараа “...232 дугаар зүйлийн 232.4, 232.6” гэсэн нэмэлт оруулж, бусад заалт хэсгийг хэвээр үлдээн, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч  ,,,,,,,,,,,,,,,,,,,,, хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.08-ны өдрийн 29 дүгээр магадлалыг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж гомдол гаргаж байна.

4.1. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтуудыг хэрэгжүүлэх ёстой байсныг хэрэгжүүлээгүйн улмаас хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж чадаагүй. Давж заалдах шатны шүүх хэрвээ хуульд зааснаар нотлох баримтыг бодитойгоор харьцуулан үнэлсэн бол нэхэмжлэгчийн алданги гэж нэхэмжилсэн 102,696,587 төгрөгийг  хэрэгсэхгүй болгох байсан гэж үзэж байна. Учир нь “,,,,,,,,,, ,,,,,,,,, ,,,,,,,,,,”  ХХК нь худалдан авсан нүүрсний төлбөрөөс 31,171,267 төгрөгийг төлсөн. Энэ мөнгийг төлсөн гэдгийг нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ мөн бичсэн байдаг. Гэтэл манай төлсөн 31,171,267 төгрөгийг хэдэн төгрөгөөс хасаж бодсон, алдангийг ямар байдлаар тооцсон тухай нотлох баримтыг нэхэмжлэгч тал гаргаж өгөөгүй, нэхэмжлэлдээ ч бичээгүй.

4.2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ дурдахдаа “,,,,,,,,,, ,,,,,,,,, ,,,,,,,,,,”  ХХК нь 2016 оны 1-р сараас 2019 оны 11-р сар хүртэлх хугацаанд 31,171,267 төгрөгийг төлсөн гэж л дурдсан байдаг. Нэхэмжлэгч нь манай компанийг 3 жилийн хугацаанд дээр дурдсан мөнгийг нүүрсний үнэнд төлсөн гэсэн хэрнээ тус 31,171,267 төгрөгийг тухайн үеийн төлөгдөөгүй байсан гэх үнийн дүнгээс хасахгүйгээр 2016.12.31-ний өдрөөс 2019.11.20-ны өдөр хүртэлх хугацааны алданги гэж (3 жилийн хугацааны) 102,696,587 төгрөг нэхэмжилсэн нь ямар ч үндэслэлгүй. “,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,” ХК-д манай компанийн төлөх ёстой мөнгө 2016 онд 61,000,000 төгрөг байсан гэж бодвол манай компанийн төлсөн 31,171,267 төгрөгийг хасахад 30,000,000 төгрөг үлдэнэ. Энэ үлдсэн 30,000,000 төгрөгийг гүйцэтгээгүй үүрэг гэж үзэж алданги тооцох ёстой. Хэрвээ ингэж бодит үнэнээр тооцсон бол маш их мөнгөний зөрүүгээр алданги багасаж бодогдох ёстой байсан. Гэтэл “,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,” ХК нь нарийвчлан тооцоо бодохгүйгээр зүгээр л худалдан авсан нүүрсний нийт үнэ 373,493,224 төгрөгөөс манай өгсөн 31,171,267 төгрөгийг хасаад 342,321,957 төгрөг болгоод энэ мөнгөнөөсөө алданги бодож тооцож байгаа нь буруу юм.

4.3. Хэрвээ манай компани мөнгө огт төлөхгүй байж байгаад хамгийн сүүлд 31,171,267 төгрөгийг бөөнд нь өгсөн бол нэг өөр асуудал, гэтэл “,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,” ХК нь манай компанийг 2016 оноос 2019 оны 11-р сар хүртэл дээр дурдсан мөнгийг төлсөн гэж нэхэмжлэлдээ бичиж хүлээн зөвшөөрч байгаа хэрнээ тус мөнгийг тэр үеэс нь бодохгүй орхигдуулж байгаад сүүлд шүүхэд өгөхдөө нүүрсний нийт үнээс шууд хасаж тооцож алданги бодож байгаа нь буруу бөгөөд энэ буруу бодсоноос болж манай компаниас үндэслэлгүй их алданги нэхэмжилж байна. Мөн нэхэмжлэгч тал нүүрс хэдийд манай компанид нийлүүлсэн тухай баримтыг шүүхэд өгөөгүй байхад зөвхөн хүснэгтэд дурдсан тоон үзүүлэлтээр хэргийг шийдвэрлэх нь үндэслэлгүй. Учир нь нүүрс хэдний өдөр ирсэн бууснаас эхлээд үүрэг үүсэх ёстой. Гэтэл анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх эдгээр байдлуудыг анхаарч үзэхгүйгээр зөвхөн гэрээ байгуулагдсан байна, нүүрсний үнийг төлөөгүй, алданги тооцож шаардлага гаргасан нь хууль зөрчөөгүй байна... гэж үзэж шийдвэр, магадлал гаргасан нь үндэслэлгүй.

4.4. Учир нь манай “,,,,,,,,,, ,,,,,,,,, ,,,,,,,,,”  ХХК нь гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаагүй, харин нэхэмжлэгч тал нь манай төлсөн 31,171,267 төгрөгийг тухайн цаг үед нь нүүрсний үнээс хасаж тооцох ёстой байсныг тооцолгүйгээр алданги бодсон, нүүрс хэдний өдөр нийлүүлэгдсэн тухай бодит баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд өгөөгүй байхад шүүх тооцоо дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд л маргаж гомдолтой байгаа. Шүүх хариуцагч талыг хэдний өдрөөс эхэлж үүргээ гүйцэтгээгүй гэж үзсэн, хэдний өдрөөс эхлэн алдангийг хэдэн төгрөгөөс эхэлж тооцсон тухай үндэслэлээ шийдвэр, магадлалдаа бичээгүй, тодорхой биш байдлаар хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүх аливаа хэргийг шийдвэрлэхдээ нягт нямбай хандаж, олон талаас нь судалж, нэг бүрчлэн нарийвчлан дүгнэлт хийж үндэслэлтэй зөв шийдвэр гаргах ёстой байгууллага гэж үзэж байна.

4.5. Манай компани нь “,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,” ХК-аас 10 гаруй жилийн хугацаанд нүүрс худалдан авч байхдаа гэрээгээ зөрчиж байгаагүй. Энэ удаа гэрээний хугацаандаа төлбөрөө төлж чадаагүй шалтгаан нь бусад байгууллагаас авлагаа авч чадаагүй байдалтай холбоотой гэдэг талаар тайлбартаа бичсэн бөгөөд шүүхийн шийдвэрийг ямар учраас зөвшөөрөхгүй байгаа тухайгаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо тодорхой бичсэн. Гомдолд бичсэн зүйлүүдийг дүгнэн үзэж нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,” ХК-ийн үндэслэлгүйгээр нэхэмжилж байгаа 102,696,587 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

5. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,” ХК-аас хариуцагч “,,,,,,,,, ,,,,,,,, ,,,,,,,,”  ХХК-д холбогдуулан 445,018,544 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байна.

7. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, талуудын хооронд байгуулагдсан 2016.10.30-ны өдрийн №ШО-16-120, 2017.09.07-ны өдрийн №ШО17-1/11 дугаартай гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах-худалдан авах гэрээ бөгөөд хүчин төгөлдөр байна. 2016.10.30-ны өдрийн гэрээнд худалдан авагч тал нийлүүлэгдсэн нүүрснийхээ төлбөрийг дараа сарын 10-ны дотор, 2017.09.07-ны өдрийн гэрээнд худалдан авагч тухайн сард нийлүүлэгдэх нүүрсний төлбөрийг нийлүүлэлт хийгдсэн даруйд худалдан авагч талын дансанд бүрэн шилжүүлэхээр, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд нийлүүлсэн нүүрсний үнийн дутуу төлөгдсөн үлдэгдлээс төлбөр хэтэрсэн хоног тутамд 0,1 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.“Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, 232.6.“Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэсэнтэй нийцнэ.

8. Иймд, нэхэмжлэгч нь 2016 оны №ШО-16-120 гэрээгээр нийлүүлсэн 123 вагон буюу 8193 тонн нүүрсний үнийн үлдэгдэл, 2017 оны №ШО17-1/11 гэрээгээр нийлүүлсэн 16 вагон буюу 1079 тонн нүүрсний үнийн үлдэгдэл, нүүрс нийлүүлсэн тээврийн зардал, нийт 373,493,224 төгрөгийн төлбөрөөс хариуцагчийн төлсөн 31,171,267 төгрөгийг хасч, үлдэгдэл 342,321,957 төгрөгөөс алданги тооцоход 221,393,554 төгрөг болж байгаа боловч “алдангийн нийт хэмжээ төлбөл зохих нийт төлбөрийн 30 хувиас хэтэрч болохгүй” гэсэн гэрээний заалтын дагуу 102,696,587 төгрөгийн алдангийг нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй,  алдангийн хэмжээг “илт их” гэсэн үндэслэлээр багасгах боломжгүй талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

9. Анхан шатны шүүхийн шийдэл зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийг баримтлаагүй алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4., 232.6. дахь хэсгийг нэмсэн нь зөв байна.

10. Хариуцагчийн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...манай төлсөн 31,171,267 төгрөгийг хэдэн төгрөгөөс хасаж бодсон, алдангийг ямар байдлаар тооцсон тухай нотлох баримтыг нэхэмжлэгч тал гаргаж өгөөгүй, “,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,” ХК-д манай компанийн төлөх ёстой мөнгө 2016 онд 61,000,000 төгрөг байсан гэж бодвол манай компанийн төлсөн 31,171,267 төгрөгийг хасахад 30,000,000 төгрөг үлдэнэ. Энэ үлдсэн 30,000,000 төгрөгийг гүйцэтгээгүй үүрэг гэж үзэж алданги тооцох ёстой. Хэрвээ ингэж бодит үнэнээр тооцсон бол маш их мөнгөний зөрүүгээр алданги багасаж бодогдох ёстой байсан, анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх эдгээр байдлуудыг анхаарч үзэхгүйгээр зөвхөн гэрээ байгуулагдсан байна, нүүрсний үнийг төлөөгүй, алданги тооцож шаардлага гаргасан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. “,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,” ХК-ийн үндэслэлгүйгээр нэхэмжилж байгаа 102,696,587 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” /Тодорхойлох хэсгийн 4-т/ гэснийг хангах боломжгүй.

11. Учир нь, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл буюу тооцооллоо хийхдээ хариуцагчийн төлсөн мөнгийг тухай бүрт нь хассан дүнгээс алдангийг тооцсон байх бөгөөд нийт алдангийн хэмжээг гэрээнд заасны дагуу төлбөл зохих нийт төлбөрийн 30 хувиас хэтрүүлэлгүйгээр нэхэмжилсэн байна (хавтаст хэргийн 9-10 дахь талд).

12. Иймд, шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 29 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 671,733 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХТУЯА

                                    ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                         Д.ЦОЛМОН

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД