Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 191

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг

Хохирогч Ц.Золбоо, Ц.Баттөр

Шүүгдэгч Б.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Наранбаатарт холбогдох эрүүгийн 1719000000087 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, ах, эгч, дүү нарын хамт Дорноговь аймгийн Сайншанд сум, 4 дүгээр баг, Ганзамын 46-1 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Бямбацогтын Наранбаатар / ЕС97043012 / .

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.Наранбаатар нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Баттөртэй маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, мөн уг үйлдлийг таслан зогсоосон Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа Ц.Золбоог албан үүрэгтэй нь холбогдуулан нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Наранбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 19-ны орой найз нартайгаа архи ууж байгаад такси бариад Нарлаг шандын үүдэнд буусан. Таксины жолоочид мөнгө өгөх гэсэн чинь нөгөө талаар өгчих гэж хэлсэн. Тэгээд бид 2 маргалдсан. Тэгээд таксины жолооч намайг цохиод зугтаахаар нь би хойноос нь очоод нүүр лүү нь мөргөсөн. Тэгээд цагдаа ирээд машинд суулгах гэхээр нь эсэргүүцсэн. Цагдаа дээр очоод манай эхнэрийг цагдаа Золбоо түлхэхээр нь би уурлаад мөргөсөн. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ц.Золбоогийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 19-ны орой 21 цагаас 2017 оны 11 дүгээр сарын 20-ны 03 цаг хүртэл хөдөлгөөнт эргүүлийн 110 дугаар чиглэлд ахлагч Ууганбаярын хамт Цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 21 цагийн орчимд Нарлаг шандын гадаа хүмүүс хоорондоо зодолдоод байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход Нарлаг шанд байрны урьд асаалттай машин хаалга нь онгорхой цус болсон байсан. Тэгээд нөгөө хоёр хүн яасан юм бол гээд байрны хойд талд зогсож байсан хоёр залуугаас асуухад хөөцөлдөөд тийш гүйсэн гэж зааж өгсөн. Тэгээд гүүрний доор хоёр залуу хөөцөлдөөд явж байхаар нь араас нь очиход З.Баттөр гэх залуугийн хамраас цус гарсан байдалтай байсан. Б.Наранбаатарыг цагдаагийн газарт очьё гэж шаардлага тавьсан боловч эсэргүүцэж хэл амаар доромжилж нулимаад байсан. Тэгэхээр нь нэг бүрийн тусгай хэрэгсэл буюу гав хэрэглэх явцад ноцолдоод байхаар нь газар хэвтүүлж байгаад гавласан. Тэгээд машинд суулгаад Цагдаагийн газарт ирээд  хаалганы код хийх гээд зогсож байхад хойноос хоёр хүн гүйгээд ирэхээр нь эргээд харахад нэг хүүхэн нэг залуу хоёр ирсэн. Эмэгтэй нь Наранбаатарыг татаад байхаар нь би хажуу тийшээ түлхээд эргээд харахад Б.Наранбаатар намайг мөргөсөн. Б.Наранбаатарыг эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгсөн. Мөргүүлснээс болоод урд үүдэн шүд хөдөлсөн. Шүдэндээ холболт хийлгэсэн боловч шүдний эмнэлэг үзээд шүдийг аваад зөрүүлээд суулгадаг шүд хийнэ гэсэн. Нэхэмжлэх зүйлээ хэргийн материалд өгсөн байгаа гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ц.Баттөрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2017 оны 11 дүгээр сарын 19-ны орой ажлаа тараад таксинд явсан. ... Тэгээд колонкийн ойролцоо нэг согтуу залуу зогсож байхаар нь аваад Дэнж рүү өгсөөд Нарлаг шандад очоод нөгөө согтуу залуугаас аль байр вэ гэж асуусан чинь ингээд зогсчих гээд өөдөөс томроод хэл амаар доромжилсон. Тэгээд машинаас буухдаа мөнгөө өгөхгүй зугтах гэхээр нь нөгөө талаар мөнгөө өгчих гэж хэлсэн чинь надаас эсрэг зөрөөд байсан. Тэгээд намайг хэл амаар доромжилоод машинаас буугаад ир гэхээр нь би буугаад очсон. Маргалдаж байгаад би буцаад машин руугаа явах гэхэд нүүр манраад л явчихсан. Намайг мөргөсөн үү цохьсон уу гэдгийг мэдээгүй. Тэгээд би хүн дуудах гээд явчихаад буцаад ирэхэд миний машиныг унаад урагшаа явж байсан. Би очоод энэ залууг машинаас татаад буулгасан, машин өнхрөөд явчихсан хойноос нь явах гэхээр гартаа юм барьчихаад ойртуулахгүй байсан. Миний хамраас цус гоожиж байсан. Тэгээд би машинаа зогсоож авсан, утсаа аваад цагдаа дуудсан. Тэгсэн энэ залуу зугтаачихсан. Би хойноос нь нэлээд хөөцөлдөж байгаад барьж аваад цагдаа руу явъя гээд явж байхад цагдаа ирсэн. Шүүгдэгчээс нийтдээ 4 000  000 төгрөг нэхэмжилж байгаа гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Наранбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... таксины жолооч баруун гараараа миний нүүр лүү нэг удаа цохьчихоод зугатаахаар нь жолоочийг барьж аваад нүүр лүү нь толгойгоороо нэг удаа мөргөсөн чинь жолоочийн хамарнаас цус гарсан. ....цагдаагийн албан хаагчийн нүүрлүү толгойгоороо нэг удаа мөргөсөн гэсэн мэдүүлэг / хх-ийн 29 дүгээр хуудас /,

Хохирогч Ц.Баттөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нэг залуу гар өргөхөөр нь зогсоод авсан. Тэр залуугаас архи үнэртэж байсан. Тэр залууг Нарлаг шанд орно гэхээр нь би Нарлаг шандын байрны голд очоод зогстол тэр залуу гэнэт ингээд зогс п... минь гэх мэтээр хэл амаар доромжлоод машинаас буусан. Тэгснээ чи буугаад ир гэхээр нь би машинаас буугаад яагаад намайг хэл амаар доромжлоод байгаа юм бэ гэж хэлтэл чи хэн юм бэ гээд хэл амаар доромжлоод өөдөөс дайраад байсан. Тэгэхээр нь би машиндаа сууя гээд эргээд машинруугаа явтал миний баруун мөрнөөс татаад миний нүүр лүү баруун гараараа нэг удаа цохьсон. .... миний хамарнаас цус гараад шүд хугарсан байсан. .... Би Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэхэд орсон бензиний зардал, тархины зураг авахуулсан баримтууд нь 227.000 төгрөгийн баримт өгсөн. Би одоо хамрын хагалгаанд ороход 1.500.000 төгрөг болно гэсэн. Харин шүдээ хэдээр янзлуулахаа мэдэхгүй байна. Цаашид гарах зардлаа нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 14-16 дугаар хуудас/

Хохирогч Ц.Золбоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2017 оны 11 дүгээр сарын 19-ний 21 цагаас 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 03 цаг хүртэл эргүүлийн 112-р чиглэлд саатуулах баривчлах байрны цагдаа, цагдаагийн ахлагч Т.Ууганбаярын хамт үүрэг гүйцэтгэсэн. .... дуудлагаар очоод залууг машинд суухыг шаардахад согтуу залуу нь цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлж эсэргүүцэн хэл амаар доромжилж, тээврийн хэрэгслийн цонхыг хагалах гээд хаалга өшиглөөд машинруу шүлсээ хаяхаар нь нэг бүрийн тусгай хэрэгсэл буюу гаваар ард нь гавлаад машинд суулгах гэтэл машинруу хөлөөрөө жийж эсэргүүцээд бид 2-ын хөлрүү өшиглөөд байсан. Тэгээд цагдаагийн газарт авчираад саатуулах баривчлах байрны кодтой хаалганы код хийх гээд зогсож байтал уг залуу миний толгойруу нэг удаа мөргөсөн. Би одоогоор эм тариа эмчилгээний зардал гэж аваагүй. ...би цаашид одоо хохирлын мөнгө 2.300.000 төгрөг нэхэмжилнэ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/,

 Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 374 дугаартай “ ..Ц.Баттөрийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд баруун 1-р шүдний хугарал, баруун зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...”  дүгнэлт /хх-ийн 40 дүгээр хуудас /,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 02/002 дугаартай "...Ц.Золбоогийн биед дээд баруун 1 дүгээр шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээс үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5 хувь нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /хх-ийн 87 дугаар хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-66/ зэргийг шинжлэн судлав.

        

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Наранбаатарыг цагдаагийн албан хаагч Ц.Золбоогийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг албан үүрэгтэй нь холбогдуулан хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Наранбаатар нь цагдаад саатуулагдсан үедээ цагдаагийн эрүүлжүүлэх байрны үүдэнд албан үүрэгтэй нь бус найз эмэгтэйг нь түлхсэн шалтгаанаар түүний нүүрэн тус газар мөргөсөн  болох нь хохирогч Ц.Золбоогийн болон шүүгдэгч Б.Наранбаатар нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч Б.Наранбаатар нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Баттөртэй маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, мөн уг үйлдлийг таслан зогсоосон Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа Ц.Золбоог нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох шүүгдэгч Б.Наранбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 19-ны орой найз нартайгаа архи ууж байгаад такси бариад Нарлаг шандын үүдэнд буусан. Таксины жолоочид мөнгө өгөх гэсэн чинь нөгөө талаар өгчих гэж хэлсэн. Тэгээд бид 2 маргалдсан. Тэгээд таксины жолооч намайг цохиод зугтаахаар нь би хойноос нь очоод нүүр лүү нь мөргөсөн. Цагдаа дээр очоод манай эхнэрийг цагдаа Золбоо түлхэхээр нь би уурлаад мөргөсөн. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг, Хохирогч Ц.Золбоогийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Цагдаагийн газарт ирээд  хаалганы код хийх гээд зогсож байхад хойноос хоёр хүн гүйгээд ирэхээр нь эргээд харахад нэг хүүхэн нэг залуу хоёр ирсэн. Эмэгтэй нь Наранбаатарыг татаад байхаар нь би хажуу тийшээ түлхээд эргээд харахад Б.Наранбаатар намайг мөргөсөн. гэсэн мэдүүлэг, Хохирогч Ц.Баттөрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: .... Маргалдаж байгаад би буцаад машин руугаа явах гэхэд нүүр манараад л явчихсан. Намайг мөргөсөн үү цохьсон уу гэдгийг мэдээгүй. Миний хамраас цус гоожиж байсан. Тэгээд би машинаа зогсоож авсан, утсаа аваад цагдаа дуудсан. ... гэсэн мэдүүлэг,  Шүүгдэгч Б.Наранбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... жолоочийг барьж аваад нүүр лүү нь толгойгоороо нэг удаа мөргөсөн чинь жолоочийн хамарнаас цус гарсан. ....цагдаагийн албан хаагчийн нүүрлүү толгойгоороо нэг удаа мөргөсөн гэсэн мэдүүлэг, Хохирогч Ц.Баттөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...чи буугаад ир гэхээр нь би машинаас буугаад яагаад намайг хэл амаар доромжлоод байгаа юм бэ гэж хэлтэл чи хэн юм бэ гээд хэл амаар доромжлоод өөдөөс дайраад байсан. Тэгэхээр нь би машиндаа суух гээд эргээд машин руугаа явтал миний баруун мөрнөөс татаад миний нүүр лүү баруун гараараа нэг удаа цохьсон. .... миний хамарнаас цус гараад шүд хугарсан байсан. ....” гэсэн мэдүүлэг, Хохирогч Ц.Золбоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд цагдаагийн газарт авчираад саатуулах баривчлах байрны кодтой хаалганы код хийх гээд зогсож байтал уг залуу миний толгойруу нэг удаа мөргөсөн.... гэсэн мэдүүлэг,  Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 374 дугаартай дүгнэлт, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 02/002 дугаартай гэсэн дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

Иймд Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Наранбаатарт хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, мөн эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, шүүгдэгч Боржигон овогт Бямбацогтын Наранбаатарыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хохирогч Ц.Баттөр нь 5 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд эмчилгээ хийлгэсэн зардал 572 024 төгрөгийг шүүгдэгч Б.Наранбаатараас гаргуулж хохирогч Ц.Баттөрд олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас гэмт хэргийн хохиролтой холбоотой гэх нотлох баримт, үндэслэл тогтоогдоогүй тул 2042976 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хохирогч Ц.Баттөр нь цаашид эмчлүүлэх шүдний эмичлгээний төлбөр 2385000 төгрөг, хохирогч Ц.Золбоо нь цаашид эмчлүүлэх шүдний эмчилгээний төлбөр 2300000 төгрөгийн нэхэмжлэлийг Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг шүдний эмнэлгийн  нотлох баримтыг үндэслэн нэхэмжилсэн боловч уг шүдний эмнэлэг нь дээрх эмчилгээ хийдэггүй, Улаанбаатар хотод хийдэг талаар хохирогч нар тайлбарласныг үндэслэн уг нэхэмжлэлтэй холбоотой зардлыг эмчилгээ хийлгэх эмнэлгийн төлбөр нэхэмжилсэн баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Наранбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Наранбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, мөн эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болгон өөрчилж зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Боржигон овогт Бямбацогтын Наранбаатар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наранбаатарыг 400 / дөрвөн зуу / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наранбаатар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай аижл хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Наранбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наранбаатараас 572 024 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Баттөрд олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2042976 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Баттөр нь 2385000 төгрөг, хохирогч Ц.Золбоо нь 2300000 төгрөгийн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

 

           8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Наранбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ГАНБОЛД