Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 17

 

 

 

       

 

 

 

 

 

 

 

   Б.Н-т  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: А.Дүүрэнбилэг,

            Хохирогч: Ц.Б,

            Шүүгдэгч: Б.Н,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах М.Эрдэнэчимэг нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2017/ШЦТ/191 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Нт холбогдох, эрүүгийн 1719000000087 дугаартай, 1 хавтас, 147 хуудас бүхий хэргийг хохирогч Ц.Б, Ц.Зо нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дорноговь аймгийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, ах, эгч, дүү нарын хамт Дорноговь аймгийн Сайншанд сум, 4 дүгээр баг, 1 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Б-ын Н /РД:ЕС97043012/-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Б.Н 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Бтэй маргалдаж улмаар нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, мөн уг үйлдлийг таслан зогсоосон Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа Ц.Зог албан үүрэгтэй нь холбогдуулан нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, мөн эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж өөрчлөн зүйлчилж,

Шүүгдэгч Боржигон овогт Бямбацогтын Н хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ныг 400  цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч Б.Н цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наас 572 024 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Бд олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2042976 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Б нь 2385000 төгрөг, хохирогч Ц.Зо нь 2300000 төгрөгийн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдаж,

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Ц.Зо давж заалдсан гомдолдоо: Ц.Зо би 2017.11.19-ний өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 21 цагт хүмүүс хоорондоо зодолдоод байна гэсэн дуудлагын дагуу очиж архидан согтуурч, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан Б.Ныг эрүүлжүүлэх явцад тэрээр цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, албан үүргээ гүйцэтгэж явсан миний нүүр рүү толгойгоороо мөргөж үүдэн шүдийг хөдөлгөж, эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учруулсан, учруулсан хохирлыг барагдуулаагүй, хүндрүүлэх нөхцөл байдалтай бусдын биед хохирол учруулсан байхад 400 цаг албадан ажил хийлгэх хөнгөн ял оногдуулсан. Оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөхгүй, намайг албан үүргээ гүйцэтгэж байхад буюу эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгөх явцад эсэргүүцэж миний бие, эрүүл мэндэд хохирол учруулсан. Мөн надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан ахлагч Ууганбатыг албан үүрэгтэй нь холбогдуулж хэл амаар доромжилж, заналхийлж, өмнөөс нь нулимж, шаардлага биелүүлээгүй. Нын энэ үйлдлийг мөрдөн байцаалтаар бүрэн дүүрэн шалгаагүй. Мөрдөн байцаалтаар шүүгдэгчийн хувийн байдлыг бүрэн тогтоогоогүй. Шүүгдэгч нь бусдын биед гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдэж байхдаа хохирогч Ц.Бийн асаалттай байсан тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй согтуугаар унаж явсан үйлдлийг огт шалгаж тогтоогоогүй. Н хохирогч нартай нэг ч удаа уулзаагүй нэг ч төгрөгний хохирол барагдуулаагүй, би өөрөө цалингийн зээлтэй учраас өөрөө мөнгө гаргаж шүдээ хийлгэх боломжгүй учир шүдний эмнэлгээс авсан баримтыг үндэслэж миний хохирлыг барагдуулж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

Хохирогч Ц.Б давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б миний бие 2017.11.19-ний орой 19 цаг өнгөрөөгөөд ажлаасаа буугаад харих замдаа таксинд явах санаатай иргэдэд үйлчилж явахад Төмөр замын бензин колонкийн хажуу талаас гуйвсан нэг согтуу залууг суулган очих газарт нь хүргэж өгөхөд намайг элдвээр доромжлохоор нь чи хүн доромжилдог хэн юм бэ гэхэд буугаад ир гэхээр нь бууж очоод чи ор, согтуу байна гэж хэлэн машиндаа суух гэхэд араас татан нүүр рүү минь манартал цохиж мөргөсөн. Манараад цагдаа дуудуулах санаатай цааш очоод буцаад ирэхэд асаалттай байсан машин унаж зугтаасан. Цагдааг ирэхэд тэдний үгэнд орохгүй машины цонх хаалгыг хагалчих гээд тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй хэл амаар доромжилж хутгалж ална гэж заналхийлж байсан. Гэтэл Анхан шатны шүүхээс Б.Нт учруулсан гэм хор, хохирлыг барагдуулаагүй, хүндрүүлэх нөхцөл байдалтай бусдын биед хохирол учруулсан байхад албадан ажил хийлгэх хөнгөн ял оногдуулсан. Миний машиныг асаалттай байхад нь зөвшөөрөлгүй дээрмийн, хулгайн сэдэлтэй согтуугаар унаж зугтаан машины эд ангийг урж, зурж, гэмтээсэн байхад Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаагүй, үүнийг шалгаж өгнө үү. Миний бие одоогоор хамар битүүрдгийн улмаас толгой өвдөж шөнө унтахад шуугитнаад, хамраас байнга идээ гоождог, шүд хугархай хүний өөдөөс хараад яриад инээхэд үнэхээр хэцүү байна. Би бизнесийн зээлтэй сард 930000 төгрөгийг банкинд төлдөг учраас өөрөөсөө мөнгө гарган машинаа янзлуулж чадахгүй, шүдээ хийлгэж, хамарын хагалгаанд орж чадахгүй байгаа учир эмнэлгээс өгсөн эмчийн баримт нэхэмжлэлийг үндэслэн миний хохирлыг барагдуулж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Бийн машиныг унаж яваагүй,  машин уруу газар байсан болохоор өнхөрсөн. Таксины мөнгө өг гэхэд нь жаахан маргалдсан. Цагдааг доромжилсон зүйл байхгүй. Манайд ажил хийдэг хүн байхгүй, ээж тэтгэвэрт байдаг, хөдөө ажил гарсан боловч энэ авсан албадан ажил хийлгэх ялаа хүлээсээр байгаад явж чадаагүй гэв.

Прокурор А.Дүүрэнбилэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Прокурорын газраас шүүгдэгч Б.Нт холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, мөн хохирогч Ц.Зог эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогчийн найз охиныг цагдаа түлхснээс болж маргаан үүссэн буюу хувийн таарамжгүй харьцаанаас болж цагдаагийн биед хохирол учруулсан гэж үзээд ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хохирол учруулсан гэдгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Нын Бийн машиныг унасан үйлдэл нь зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа, Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйл бол автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэж  байгаа учраас энэ үйлдэл нь эрүүгийн хэрэг болохгүй гэж үзсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан гэж  үзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд шүүгдэгч Б.Нын холбогдсон хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй боловч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн талаарх нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн бодит байдлыг тогтоох, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуульд заасан шаардлагыг хангасан, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Прокуророос “...шүүгдэгч Б.Ныг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хохирогч Ц.Зогийн биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн” гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүхээс “...эрүүлжүүлэх байрны үүдэнд албан үүрэгтэй нь бус найз эмэгтэйг нь түлхсэн шалтгаанаар нүүрэн тус газар мөргөсөн нь хохирогч Ц.Зо, шүүгдэгч Б.Нын мэдүүлгээр тогтоогдож байна” гэж хэргийн зүйлчлэлийг дээр дурдсан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр  “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэж өөрчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.  

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Зо, цагдаагийн ахлагч Т.Ууганбат нарыг хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд буюу албан үүргээ гүйцэтгэж, шүүгдэгч Б.Ныг эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгөх явцад тэрээр хохирогч Ц.Зогийн нүүр рүү толгойгоороо мөргөж, 11-р шүдийг гэмтээж, хөнгөн гэмтэл учруулсан нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Нын “...хохирогч нарын биед гэмтэл учруулснаа хүлээн” мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Зо, Ц.Б нарын “...шүүгдэгчийн үйлдлийн улмаас тэдний биед хөнгөн гэмтэл учирсан талаарх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, илтгэх хуудас  зэргээр нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан, нотлох баримт цуглуулж, шалгаж бэхжүүлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй улмаар мэдүүлэг өгөгчид мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлснийг дурдсан нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалж, эх сурвалжийг магадлаж үзэхэд шүүгдэгчийг хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ц.Зод гэмтэл учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба харин албан үүргээ гүйцэтгэж байхад нь буюу дэд ахлагч Ц.Зог ”...цагдаагийн газрын саатуулах баривчлах байрны хаалганы кодыг хийх гээд зогсож байхад нь  шүүгдэгч Б.Н толгойгоороо мөргөсөн” үйлдлийн улмаас түүний биед 11-р шүд 4-р зэргийн хөдөлгөөнтэй, булгарал бүхий хөнгөн гэмтэл учирсан үйл баримт тогтоогдож байна.  

Тиймээс шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар 2-т заасан “...хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, эрхэлж байгаа албан үүрэгтэй нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй. 

Түүнчлэн “Монсей Дижи” шүдний эмнэлгийн баримтаар хохирогч Ц.Зогийн шүдийг эмчлэхэд 1845000 /хх-90/ төгрөг, хохирогч Ц.Бийн шүдийг эмчлэхэд 885000 /хх-94/ төгрөгийн зардал гарах нь тогтоогдсон байхад анхан шатны шүүхээс “...эмчилгээ хийлгэх эмнэлгийн төлбөр нэхэмжилсэн баримтаа бүрдүүлсний эцэст жич нэхэмжлэх эрхтэй”-г дурдсан нь бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт болжээ. Хохирогч нар эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй бөгөөд энэ нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т заасан хуулийн шаардлагад нийцэх юм.

Хохирогч Ц.Бийн мөнгөн гинж, монетан ээмэгний үнэ 170000 төгрөгийг  шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь мөн үндэслэлгүй байх ба хохирогч Ц.Б мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлээгүй, тухайн цаг хугацаанд түүнд эдгээр зүйлс байсан эсэх нь тогтоогдоогүй байх ба тухайн шинжилгээний объектийг гэрэл зураг болон бусад арга хэрэгслээр бэхжүүлсэн баримт хэрэгт авагдаагүй, шинжээчийн дүгнэлтэд уг шинжилгээний объектийг шинжилж судалсан талаарх мэдээлэл тусгагдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан “...шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийх” хуулийн шаардлагыг зөрчсөн байх тул  холбогдох үнэлгээ /хх-45/-г үндэслэл бүхий дүгнэлт гэж үзэхгүй. 

Мөн хохирогч Ц.Бийн хамрын гэмтэлтэй холбоотой эмчилгээний баримт, таксины орлого 8500 төгрөг алга болсонтой холбоотой баримт хэрэгт авагдаагүй, эдгээр нөхцөл байдал мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй байх тул холбогдох зардлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэх үндэслэлгүй бөгөөд хохирогч Ц.Б хамрын гэмтэлтэй холбоотой холбогдох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Наас гаргуулахаар нэхэмжлэх эрхтэй болно.  

 

Давж заалдах гомдолд дурдсан шүүгдэгч Б.Ныг “...автотээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдохгүй байх ба харин тээврийн хэрэгслийг асаалттай байхад нь шүүгдэгч тухайн байрлалаас хөдөлгөсөн талаар шүүхийн хэлэлцүүлэгт түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Бийн “...шүүгдэгчийн үйлдлээс түүний машинд хохирол учирсан талаарх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байна.

 

Иймд энэ үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүйн гадна шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.Наас, хохирогч Ц.Бийн машины эд зүйлсэд учирсан эвдрэл, хохирол болох 175000 /хх-47/ төгрөгийг гаргуулах үндэслэлтэй юм.   

 

Хэдийгээр цагдаагийн ахлагч Т.Ууганбатыг шүүгдэгч Б.Н  хэл амаар доромжилж эсэргүүцсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх боловч түүний энэхүү гэм буруутай үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, зөрчлийн шинжтэй байна. Үүнтэй холбоотой Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, прокуророос дээрх үйлдэлтэй холбогдуулж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа гэсэн тайлбарыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан болно.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг, цалин хөлс олгохгүйгээр хийлгэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгч Б.Нт оногдуулсан нь хохирогч нарын зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд чиглэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, Эрүүгийн хуулийг зөрчөөгүй байна. 

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хохирогч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг ханган, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, энэ үндэслэлээр шийтгэх тогтоолын холбогдох заалтад өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Наас 1845000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Зод, 1287024 төгрөгийг/компьютер томографын 120000 төгрөг, шүд 885000 төгрөг, машины хохирол 175000 төгрөг, шатахууны үнэ 107024 төгрөг/ гаргуулж хохирогч Ц.Бд олгохоор тус тус шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

             

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.5, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2017/ШЦТ/191 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг хүчингүй болгож, 2 дугаар заалтын “Шүүгдэгч Боржигон овогт Бямбацогтын Н хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг,

 

1 гэж дугаарлан “Шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 2-т зааснаар хохирогч Ц.Зо, Ц.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хохирогч Ц.Зогийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

 

6 дугаар заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наас 572 024 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Бд олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2042976 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг,

 

5 гэж дугаарлан “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наас 1845000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Зод, 1287024 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Бд тус тус олгосугай” гэж,

 

7 дугаар заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Б нь 2385000 төгрөг, хохирогч Ц.Зо нь 2300000 төгрөгийн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай” гэснийг,

 

6 гэж дугаарлан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Б, Ц.Зо нар нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэж,

 

3, 4, 5 дугаар заалтыг 2, 3, 4 гэж, 8, 9 дүгээр заалтыг 7, 8 гэж дугаарлан тус тус өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Н.БАТЧИМЭГ

 

                                     ШҮҮГЧИД                                А.САЙНТӨГС

 

                                                                                      Н.БОЛОРМАА