Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 263

 

П.Т-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 8 дугаар магадлалтай, П.Т-д холбогдох 1828001740182 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргалын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1975 оны 06 дугаар сарын 26-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт,

1. Өмнөговь аймгийн 1 дүгээр хэсгийн ардын шүүхийн 1993 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 95 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 16, 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5,000 төгрөгөөр торгох ял,

2. Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 1995 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 36а дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял,

3. Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 83 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200,000 төгрөгөөр торгох ял,

4. Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 168 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан 1231 дүгээр зүйлийн 2, 138 дугаар зүйлд зааснаар нийт 2 жил 6 сар хорих ял,

5. Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ял,

6. Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ял тус тус шийтгүүлж байсан, Н овогт П-н Т.

П.Т- нь 2017 оны 07 дугаар сарын 14-нд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг Зүүн сайханы 5-13 тоотод оршин суух Х.С-н хөөрөг, даалинг хулгайлж 5,970,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч П.Т-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Т-д 6 сар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч П.Т-аас 2,985,000 төгрөгийг, иргэний хариуцагч Ж.А-с 2,985,000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.С-т олгохоор шийдвэрлэсэн байна.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх иргэний хариуцагч Ж.А-гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Т-ыг 6 сар хорих ял шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар П.Т-ын үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж,

4 дэх заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар П.Т-аас 2,985,000 төгрөгийг, иргэний хариуцагч Ж.А-с 2,985,000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.С-т олгосугай” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар П.Т-аас 3,220,000 төгрөгийг, иргэний хариуцагч Ж.А-с 2,750,000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.С-т олгосугай” гэж өөрчилж,

шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, П.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүх хуралдааны танхимаас нэн даруй суллаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргал бичсэн эсэргүүцэлдээ “...Магадлал хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээнээс хамаарч ялгамжтай байдлаар зохицуулсан байхад давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч П.Т-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна гэж дүгнээд хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн санкцид “...эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” бол хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар хуульчилжээ.

Гэтэл давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах хорих ялын дээд хэмжээ нь 5 жил байхад хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д хамруулан гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил өнгөрсөн гэж үзсэн нь буруу байна.

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч П.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээнээс хамаарч зохицуулсан байтал давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт тооцож хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын санкци нь 6 сараас 5 жил хүртэл хорих ялаар шийтгэнэ гэж хуульчилсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д энэ хуулийн тусгай ангид дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол гэж тодорхой заасан байхад давж заалдах шатны шүүх П.Т-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн тул магадлалыг хүчингүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор Ц.Ариунжаргалын бичсэн эсэргүүцлийг үндэслэн П.Т-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Прокуророос П.Т-ын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шилжүүлснийг анхан шатны шүүх хянан үзээд хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэн 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин давж заалдах шатны шүүх П.Т-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба гэмт хэрэг үйлдсэнээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан нэг жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн хэргийн ангилалд хамаарах хэдий ч хууль тогтоогч эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тооцох үндэслэлийг тодорхойлохдоо гэмт хэргийн ангилалд тулгуурлаж бус харин тодорхой ялын дээд хэмжээгээр хязгаар тогтоон хуульчилсан болно.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д  “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанд тооцохоор зохицуулсан бөгөөд гэмт хэргийн ангиллыг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа тооцох талаар ямар нэгэн хэм хэмжээг хуульчлан тогтоогоогүй байхад давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуульд байхгүй үндэслэл зааж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Иймд хяналтын прокурор Ц.Ариунжаргалын “...давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч П.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул магадлалыг хүчингүй болгуулж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх” тухай бичсэн эсэргүүцлийн “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгуулах” гэсэн хэсгийг хүлээн авч, магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 8 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН