Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 305

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

Улсын яллагч Х.Анхцэцэг,

Шүүгдэгч Х.М..........т, түүний өмгөөлөгч А.Очбардал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2285) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгээр:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овгийн Х..........рын М..........тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 0522 00048 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Х..........рын М..........т, Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1965 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, .................., урьд

1. Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын ардын шүүхийн 1979 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 42 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1961 оны БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлийн “Б”-д зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлсэн,

2. Сэлэнгэ аймгийн ардын шүүхийн 1983 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн шүүхийн 22 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1961 оны БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн “Б”-д зааснаар 5 жил, 153 дугаар зүйлийн “Б”-д зааснаар 2 жил, 168 дугаар зүйлийн “Б”-д зааснаар 8 жил хорих ял тус тус шийтгүүлж, 1961 оны БНМАУ-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 30 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтаан 8 жил хорих ял шийтгэсэн,

3. Октябрийн районы ардын шүүхийн 1986 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 460 дугаар таслан шийдвэрлэх 1961 оны БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн “Б”-д зааснаар 5 жилийн хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 31 дүгээр зүйлийн “Б” заасныг журамлан түүнд оногдуулсан 5 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор эдлээгүй үлдсэн 2 жил 25 хоногийн ялаас 1 жилийн хорих ялыг нэмж бүгд 6 жилийн хорих ялаар шийтгэсэн.

4. Октябрийн районы ардын шүүхийн 1987 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр таслан шийдвэрлэх 1986 оны БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил, мөн хуулийн 113 дугаар зүйлд зааснаар 2 жилийн хорих ял тус тус шийтгүүлж, мөн хуулийн 37 дугаар зүйлд заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн 3 жилийн хорих ялаар шийтгэж, 1986 оны БНМАУ-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлд зааснаар Октябрийн районы ардын шүүхийн 1986 оны 460 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 3 сар 03 хоногийн хорих ялыг нэмж бүгд 8 жил 3 сар 3 хоногийн хугацаагаар тогтоож 1994 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр суллагдсан.

5. Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1996 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 292 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ял шийтгүүлсэн.

6. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 157 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил, мөн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял тус тус шийтгэж, мөн хуулийн 37 дугаар зүйлд зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаан 3 жил хорих ял шийтгүүлж, 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлд зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1996 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 292 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 10 жил 4 сар 7 хоногийн ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж бүгд 13 жил 4 сар 7 хоног хугацаагаар тогтоож 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр суллагдсан.

7. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 133а шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.

- Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 135 дугаар шүүгчийн захирамжаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад нийцүүлж, түүний эдлэх хорих ялыг 2 жил 1 сар 14 хоногийн ялтай дүйцүүлж, тэрээр биеэр 4 жил 10 сар 14 хоногийн ял эдэлсэн тул хорих ялаас ялаас чөлөөлж шийдвэрлэсэн. 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Х.М..........т нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Дүнзэнгийн 3-1 тоотод Д.Н..........гын цээжин тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.М..........т мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Д.Н..........гийн мөрдөн шалгах ажиллагаанд;

- гэрчээр өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 03-ны...орой 22 цаг өнгөрч байхад манай Партизаны М..........т гэх залуу манай гэр болох Дүнзэнгийн 3-1 тоотод орж ирсэн. Орж ирэхдээ нилээн согтуу тавчиктай, эхнэртэйгээ хэрэлдчихсэн гээд орж ирсэн. Манайд хононо гэхээр нь би “гарах гэж байна” гэсэн. Тэр үед М..........т гал тогооны хэсэгт “пизда энэ тэр гээд” үглээд байсан. Би хөнжил янзалчихаад эргээд хартал хутга барьчихсан байсан ба би “хөөе чи” гэж хэлсэн чинь зүүн цээж хэсэгт хатгачихсан. Би яаж байгаан гээд хувцсаа тайлтал цус гарч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12) 

- хохирогчоор өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ...Жаргалантын гэртээ ганцаараа байсан юм. Би Жаргалант тосгонд нэг их айл амьтан танихгүй хааяа л хойд талын Б..........гийн гэрт ордог юм. Тэр өдөр өдөржин Б..........гийн гэрт байж байгаад гэртээ ганцаараа хонож байхаар хамт тэдний гэрт хонохоор болоод орой 23 цагийн үед гэртээ орж ирээд хөнжил авах гээд зогсож байсан чинь Байгалмаагийн нөхөр М..........т гэрийн шаахайтай дээгүүрээ хүрэмтэй орж ирээд хөгшин нь гэртээ маргалдаад танайд хонож болох уу гэхээр нь үгүй би гэртээ хонохгүй одоо гарах гэж байна гэж хэлсэн. Тэгээд эргээд харсан чинь М..........т миний цээжний зүүн тал руу хутгаар хатгачихаад гараад зугтаачихаар нь би тусламж хүсээд Б..........гийн гэр рүү ороод шархаа боолгох гэсэн чинь ухаан алдчихсан байсан. Тэгээд 21 дүгээр хорооны өрхийн эмнэлэгт сэрсэн. ...би гэртээ ганцаараа байсан учраас М..........т намайг хутгалсан талаар харсан үзсэн гэрч байхгүй. Харин хойд талын Б..........г тэдний гэрээс зүгээр гараад эргэж орж ирэхдээ хутгалуулсан гэдгийг гэрчилж өгнө...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-29),

2. Гэрч Э.Б..........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 32 дүгээр хороо Дүнзэнгийн 1 дүгээр гудамжны 02 тоотод ээж Э..........н болон нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ...хуучин манайтай хөрш айл байсан Н..........г ах манайд хонох гэж байсан юм. Тэгээд 23 цагийн үед гэрлүүгээ орж нүүрс, юм аа оруулчихаад эргээд ирье гээд манайхаас гарсан юм. Тэгтэл 10 орчим минутын дараа Мөнхөө намайг хутгалчихлаа гээд гэрт ороод ирсэн. Н..........г дээгүүрээ цээж нүцгэн, цээжний зүүн талд шархтай цус гарчихсан хувцсаар дарчихсан байсан. Тэгээд гэрт орж ирсний дараа амнаас нь хөөс сахраад ухаан алдаад газар уначихаар нь цагдаа, түргэн дуудсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34),

3. Гэрч Б.Б..........лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 03-нд жижүүртэй ажлаа хийгээд байж байтал 23 цаг 53 минутад Б..........г гэдэг хүн 80026810 утсаар яриад хутгалуулсан ухаангүй хүн байна гэж хэлсэн. Дуудлагын дагуу 00:08 цаг үед Дүнзэн 3-1 тоотын хажууд байдаг Б..........г гэдэг айлд очиход Н..........г гэдэг хүн гэрийн гадаа гэдэс өвдөөд байна гэсэн цээж нүцгэн куртик өмссөн сууж байсан. Д.Н..........гийг гэрт оруулж биед нь үзлэг хийхэд ил цус алдсан шинж тэмдэг байхгүй зүрхний тус газар эгэмний дунд шугам 3, 4 дүгээр хавирганы дунд хэсэгт өнгөц зүсэгдсэн шархтай байсан. Д.Н..........гийг эмнэлэг дээр авчраад шархны анхдагч цэгцлэлт хийгээд нэвтэрсэн шарх биш байхаар нь оёдол тавиад тариа тарьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82-83),

4. Гэрч Б.С..........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны орой...23 цаг 58 минутын орчим Б..........г гэдэг эмэгтэй утсаар “хутгалуулчихсан хүн байна гэсний дагуу Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Дүнзэн байрны 3-1 тоотын арын хашаанд Б..........гийн гэрт очиход Д.Н..........г нь согтуу архи уусан байдалтай цээжиндээ хутгалуулсан байсан. Тэгээд Н..........гийг эмнэлгийн ажилтанд хүлээлгэж өгсөн. Тухайн үед Д.Н..........гийг хутгалсан Х.М..........т нь гэрээсээ гараад зугтаасан байсан...тэр шөнө М..........тын гэрээр очиход байхгүй байсан ба эмнэлэг дээр Х.М..........т ирсэн байна гэсний дагуу Х.М..........тыг барьж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80-81),

5. Гэрч З.С..........рын (хохирогчийн эхнэр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны орой 23 цагийн орчим хажуу алын Э..........н над руу залгаад танай нөхөр Н..........г чинь хүнд хутгалуулаад эмнэлэгт хүргэгдсэн талаар сонссон. ...Н..........гийг хутгалдсан М..........ттай нэг бус удаа уулзсан надтай юу ч ярихгүй байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-32),

6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 198 дугаар дүгнэлт:

“...Хэсэг газрын үзлэгт: Цээжний зүүн талд хөхний толгойн дээд хэсэгт босоо байрлалтай 2.8 см урт мэс заслын 3 ширхэг оёдлын ором бүхий арьсны түвшингээс дээш бага зэрэг товгордуу цайвар ягаан өнгийн гялгар сорвитой...ДҮГНЭЛТ

1. Д.Н..........гийн биед цээжинд сорви гэмтэл тогтоогдлоо

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх сорви гэмтэл нь цаг хугацааны хувьд хэдийд учирсан болохыг нарийвчлан тогтоох боломжгүй.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40),

5. Шүүгдэгч Х.М..........тын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны орой 23 цаг 30 минутын орчимд би найз Н..........гийн гэрт хонохоор очсон юм. Тэгсэн чинь Н..........г гэртээ ганцаараа архи уугаад сууж байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би Н..........гт хандаж би танай гэрт хоночихмоор байна манай гэрт хүүхдүүд ирсэн гэртээ багатахгүй байна гэж хэлсэн чинь Н..........г би одоо ингээд явлаа хүүхдийнхээ бичиг баримтыг аваад Налайх руу явлаа гээд байсан. Би буцахаар болсон чинь намайг архи уу гэж Н..........г хэлэхээр нь би архи уухгүй амсаад өгье гэж хэлээд амсчихаад өгсөн. Би танайд тэгүүл хонож болохгүй юм байна одоо харилаа гээд сууж байсан чинь намайг элдвээр хараагаад доромжлоод байсан ба би хөргөгч нь дээр байсан хутгыг нь аваад хөргөгч нь доогуур хийх гэж байсан чинь Н..........г над руу гүйж ирээд хоолойноос боохоор нь би болиулахдаа гартаа барьсан байсан хутгаар Н..........гийн цээжинд хатгасан байна лээ. Би тэрнээс санаатай хутгалаагүй. Хутгаар хатгасны дараа Н..........гт хандаж би чамайг хутгаар хатгачихлаа шүү, санаатай хутгалаагүй шүү гэж хэлээд хутгыг нь гэрт нь үлдээчихээд гэр рүүгээ явсан. Н..........гийг би санаатай хутгалаагүй. Намайг гартаа хутга барьсан байхад Н..........г миний хоолойноос боохоор нь би гарыг нь тавиулах гэж байгаад цээжийг нь хутгаар хатгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56)

6. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 04-08)

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 20), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 48), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 58-79) зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.М..........тад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Х.М..........т нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгон, Дүнзэнгийн ........... тоотод, 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 23 цагийн орчим, хувийн таарамжгүй харьцааны улмаас, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шалтгаан нөхцөлөөр, шууд санаатай үйлдлээр иргэн Д.Н..........гын цээжин тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Д.Н..........гийн мөрдөн шалгах ажиллагаанд;

гэрчээр өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 03-ны орой 22 цаг өнгөрч байхад манай Партизаны М..........т гэх залуу манай гэр болох Дүнзэнгийн 3-1 ...нилээн согтуу тавчиктай, эхнэртэйгээ хэрэлдчихсэн гээд орж ирсэн. ...М..........т гал тогооны хэсэгт “пизда энэ тэр гээд” үглээд байсан. Би хөнжил янзалчихаад эргээд хартал хутга барьчихсан байсан ба би “хөөе чи” гэж хэлсэн чинь зүүн цээж хэсэгт хатгачихсан. Би яаж байгаан гээд хувцсаа тайлтал цус гарч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12) 

хохирогчоор өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ...өдөр...Б..........гийн гэрт байж байгаад гэртээ ганцаараа хонож байхаар хамт тэдний гэрт хонохоор болоод орой 23 цагийн үед гэртээ орж ирээд хөнжил авах гээд зогсож байсан чинь Байгалмаагийн нөхөр М..........т гэрийн шаахайтай дээгүүрээ хүрэмтэй орж ирээд хөгшин нь гэртээ маргалдаад танайд хонож болох уу гэхээр нь үгүй би гэртээ хонохгүй одоо гарах гэж байна гэж хэлсэн. Тэгээд эргэд харсан чинь М..........т миний цээжний зүүн тал руу хутгаар хатгачихаад гараад зугтаачихаар нь би тусламж хүсээд Б..........гийн гэр рүү ороод шархаа боолгох гэсэн чинь ухаан алдчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-29),

- Гэрч Э.Б..........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ...хуучин манайтай хөрш айл байсан Н..........г ах манайд хонох гэж байсан юм. Тэгээд 23 цагийн үед гэрлүүгээ орж нүүрс, юм аа оруулчихаад эргээд ирье гээд манайхаас гарсан юм. Тэгтэл 10 орчим минутын дараа Мөнхөө намайг хутгалчихлаа гээд гэрт ороод ирсэн. Н..........г дээгүүрээ цээж нүцгэн, цээжний зүүн талд шархтай цус гарчихсан хувцсаар дарчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34),

- Гэрч Б.Б..........лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 03-нд жижүүртэй ажлаа хийгээд байж байтал 23 цаг 53 минутад Б..........г гэдэг хүн 80026810 утсаар яриад хутгалуулсан ухаангүй хүн байна гэж хэлсэн. Дуудлагын дагуу 00:08 цаг үед Дүнзэн 3-1 тоотын хажууд байдаг Б..........г гэдэг айлд очиход Н..........г гэдэг хүн гэрийн гадаа гэдэс өвдөөд байна гэсэн цээж нүцгэн куртик өмссөн сууж байсан. Д.Н..........гийн...зүрхний тус газар эгэмний дунд шугам 3, 4 дүгээр хавирганы дунд хэсэгт өнгөц зүсэгдсэн шархтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82-83),

- Гэрч Б.С..........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны орой...23 цаг 58 минутын орчим Б..........г гэдэг эмэгтэй утсаар “хутгалуулчихсан хүн байна гэсний дагуу Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Дүнзэн байрны 3-1 тоотын арын хашаанд Б..........гийн гэрт очиход Д.Н..........г нь...цээжиндээ хутгалуулсан байсан. ...эмнэлэг дээр Х.М..........т ирсэн байна гэсний дагуу Х.М..........тыг барьж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80-81),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 198 дугаар дүгнэлт: “...1. Д.Н..........гийн биед цээжинд сорви гэмтэл тогтоогдлоо. ...4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Х.М..........т нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “гэртээ хонуулсангүй” гэх сэдэлтээр, хохирогч Н..........гийг хутгалж, шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.М..........т нь хохирогч ...Н..........гийг хутгалсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хутгалуулсанаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Х.М..........тыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н..........г нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Х.М..........тыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Х.М..........тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Манай үйлчлүүлэгч нь гэм буруу болон эрүүгийн хариуцлага дээр маргах зүйл байхгүй, харин манай үйлчлүүлэгчийг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.М..........тад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь заалтад засан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Х.М..........тыг хутгыг зэвсгийн чанартай ашиглаж, хохирогчийн цээжин тус газар хутгалагдсан шарх учруулсан байгааг буюу гэмт хэргийн нийгмийн аюулын хохирол, хор уршгийг ихэсгэж болох зүйлээр гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан шүүхээс улсын яллагчийн санал болгосон 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар Х.М..........тад нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1808 0522 00048 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Х..........рын М..........тыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М..........тыг 500 (таван зуун) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 (дөрвөн) цагийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.М..........т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ