Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 575

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,  

улсын яллагч Б.Уранцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Э.Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708000000171 дүгээр хэргийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, ... тоотод түр оршин суух,

урьд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 10 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 338 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 100000 төгрөгийн эд хурааж, 11 жилийн хорих ял шийтгүүлсэн, Боржигон овогт Эийн Г /РД:.../.

Э.Г нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух С.Аын гэрээс 32 инчийн Samsung маркийн LCD зурагт, хөргөгчин дотор байсан хонины мах, эрэгтэй хүний мөнгөн шигтгээтэй бүс, хар өнгийн төмөр шигтгээтэй үүрдэг цүнх, цүнх дотор байсан иргэний үнэмлэх, Хаан банкны виза карт, бор өнгийн түрийвч дотор байсан Мобикомын дугаарын утасны сим карт, чулуун зүүлтийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн хулгайлж, 315000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэрэгт мэдүүлэг өгсөн. Одоо мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг барагдуулна” гэв.

Эрүүгийн 1708000000171 дүгээр хэргээс мөрдөн байцаалтанд өгсөн:

Хохирогч С.Аын: “2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн үед гэрээ цоожлоод дэлгүүр, эмийн сан орж юм авчихаад 30 орчим минут болоод харьж явтал манай хашааны хаалгыг дотроос нь хажуу талын хашаанд амьдардаг Г гэдэг залуу онгойлгосноо намайг хараад буцаагаад хаачихсан. Гүйгээд очтол гэрийн хаалганы гадна талын модон хүрээг эвдэж цоожийг цүүтэй нь цуг мултлаад газар хаячихсан байсан. Гэр доторх эд зүйлсийг онгичоод эмх замбараагүй болгочихсон байсан. Эд зүйлийг бүртгэж үзэхэд хөргөгчинд байсан мах, орон дээр байсан миний цүнх, хойморт байсан Samsung маркийн LCD зурагт, хувцасны шүүгээнд байсан нөхрийн мөнгөн бүс зэрэг байхгүй байсан. ...Гы хадам аав Амарсайхан гэрийнхээ хаалгыг цоожлоод зогсож байхаар нь би шууд гэр рүү нь ортол баруун талын орны хөшигний ард манай зурагтыг доош харуулаад хам хум хийчихсэн, бусад зүйлс тэдний гэрт байгаагүй. ...Би алдагдсан зурагтаа хүлээж авсан, өөр ямар нэгэн зүйл хүлээж аваагүй...” гэх мэдүүлэг /хх-13-14/,

Гэрч Ш.Болдын: “16 цагийн үед шиг санагдаж байна. Над руу манай эхнэр А яриад “хажуу айлын Баганаа гэдэг залуу гэрээс зурагт, мөнгөн бүс, мах, цүнх хулгайлсан байна, би гэрээс нь зурагтаа олж авлаа” гэж хэлсэн. Г гэрийн хаалганы дай модыг хуу татаад цоож цүүтэй нь цуг мулталчихсан байна...” гэх мэдүүлэг /хх-18-19/,

Гэрч Ц.Амарсайханы: “2017 орны 10 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн үед би хүргэн Гы хамт үлдсэн. Бид хоёр дэлгүүрээс 0.5 литрийн 2 шил архи аваад гэртээ уугаад архи дуусахаар нь дахиж ганц шил архи олж уух уу гэж хоорондоо ярилцаад сууж байтал Г “аав би гарчихаад ирье” гээд гарсан. Удалгүй Г нэг зурагт тэврээд ороод ирэхээр нь би “юун зурагт вэ, яах гэж байгаа юм” гэж асуухад “та наадхаа орны араар хийчих, би удахгүй эргээд ирнэ” гэж хэлээд гараад явсан. Би эхнэрээ тосох гээд гэрээс гарч гэрээ цоожлох гээд зогсож байтал хажуу айлын А гэдэг хүүхэн орж ирээд ...“хүргэн чинь зурагт авч орж ирсэн үү” гэхээр нь “тийм ээ, нэг зурагт авчирсан” гэж хэлсэн. А ...зурагтыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-22-23/,

Шүүгдэгч Э.Гы яллагдагчаар өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би хадам аав Амарсайханы хамт 2 шил 0.5 литрийн архи уусан. 17 цагийн үед би хадам аавдаа “хүнээс мөнгө олоод ирье” гэж хэлээд гэрээс гарч зүүн талын хашаа уруу даваад ороход гэр нь цоожтой байсан. Хаалганы цоожийг цүүтэй нь цуг мулт татаад эвдлээд орж хойморт байсан “Samsung” маркийн LCD зурагт, хөргөгчинд байсан 9 кг орчим мах, эмэгтэй хүний гар цүнх зэргийг аваад хашааны хаалгаар гарах гэтэл гэрийн эзэн хүүхэн ирж байгаа харагдсан. Махаа Гүнгэрваа худалдааны төвийн тэр хавьд явж байсан таксины жолоочид 25000 төгрөгөөр зарчихаад, мах хийсэн цүнхийг замдаа хаячихсан. Би дээрх хэргийг ганцаараа үйлдсэн. Би тэр айлаас мөнгөн бүс аваагүй. Тэр үед дунд зэргийн согтолттой байсан, өөрийн үйлдэл үг яриаг удирдан жолоодох чадвартай байсан...” гэх мэдүүлэг /хх-31-32, 37-38/,

хохирогч С.Аын гаргасан өргөдөл /хх-2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-8/, гэрч Г.Баярмаагийн мэдүүлэг /хх-20-21/, эд зүйлийн үнэлгээ /хх-25-26/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-45/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүх хуралдаандаар шүүгдэгч Э.Г нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ...рбитын ... тоотод оршин суух иргэн С.Аын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч Samsung маркийн 32 инчийн зурагт, хонины мах, эрэгтэй хүний бүс, эмэгтэй хүний цүнх, түрийвч, чулуун зүүлт, банкны виза карт, иргэний үнэмлэх зэргийг хулгайлж 515,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар буюу хохирогч С.Аын “...Г гэдэг залуу онгойлгосноо намайг хараад буцаагаад хаачихсан. ...хөргөгчинд байсан мах, орон дээр байсан миний цүнх, хойморт байсан Samsung маркийн LCD зурагт, хувцасны шүүгээд байсан манай нөхрийн мөнгөн бүс зэрэг эд зүйл байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-13-14/, гэрч Ц.Амарсайханы “...Г “аав би гарчихаад ирье” гээд гарсан. Удалгүй Г нэг зурагт тэврээд ороод ирэхээр нь би “юун зурагт вэ, яах гэж байгаа юм” гэж асуухад “та наадхаа орны араар хийчих, би удахгүй эргээд ирнэ” гэж хэлээд гараад явсан. Би эхнэрээ тосох гээд гэрээс гарч гэрээ цоожлох гээд зогсож байтал хажуу айлын А гэдэг хүүхэн орж ирээд ...“хүргэн чинь зурагт авч орж ирсэн үү” гэхээр нь “тийм ээ, нэг зурагт авчирсан” гэж хэлсэн. А ...зурагтыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-22-23/, шүүгдэгч Э.Гы “...гэрийн хаалганы цоожийг эвдэлж ороод хойморт байсан “Samsung” маркийн LCD зурагт, хөргөгчинд байсан 9 кг орчим мах, эмэгтэй хүний хар цүнх аваад гарсан...” гэх хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-31-32/ зэргээр бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Э.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.  

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Аын эд хөрөнгөд 515000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд 300000 төгрөгийн үнэ бүхий “Samsung” маркийн 32 инчийн зурагтыг биет байдлаар буцаан өгсөн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон, төлөгдөөгүй эд зүйлсийн үнэ 215000 төгрөгийг шүүгдэгчээс 1 жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогч С.А /Сонгинохайрхан дүүргийн ...рбитын ... тоотод оршин суух, РД-.../-т олгохоор шийдвэрлэлээ.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч нар “Гэм буруу дээр маргаагүй. Дүгнэлт хэлэх шаардлагагүй” гэснийг дурдаж байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хохирол төлөгдөөгүй, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 3 жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Хэргээ хүлээсэн, нийгмийн хор аюул харьцангуй бага байгааг харгалзан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцуулав.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүх тухайн зүйл, хэсэгт заасан 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурадах нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Эийн Гыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.Гыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Э.Гд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Г энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Э.Гас 1 /нэг/ жилийн хугацаанд 215000 /хоёр зуун арван таван мянга/ төгрөг гаргуулж, хохирогч С.А /Сонгинохайрхан дүүргийн ...рбитын ... тоотод оршин суух, РД-.../-т олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.Гы эдлэх ялыг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.   

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР