Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 185

 

 

 

 

 

 

 

 

 

     Э.Гад холбогдох эрүүгийн

      хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Б.Уранцэцэг,

            шүүгдэгч Э.Гы өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

            нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 575 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Гы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 1708000000171 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Боржигон овгийн Эрдэнийн Э.Г, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1991 оны 8 дугаар сарын 8-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 40-13 тоотод оршин суух албан ёсны хаягтай, хэрэгт холбогдох үедээ Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 70-03 тоотод түр оршин сууж байсан,

2008 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгүүдэд заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 10 сарын хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жилийн хорих ял шийтгүүлсэн, /регистрийн дугаар/;

Э.Га нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 70-46 тоот байрлах С.Аын монгол гэрээс “Samsung” загварын 32 инчийн LCD зурагт, хонины мах, эрэгтэй хүний мөнгөн шигтгээтэй бүс, үүргэвч цүнх, иргэний үнэмлэх, “ХААН” банкны виза карт, бор өнгийн түрүүвч, Мобикомын гар утасны дугаар, чулуун зүүлт зэрэг эд зүйл хулгайлж, 515,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Э.Гы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Гыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Гаас 1 жилийн хугацаанд 215,000 төгрөг гаргуулан хохирогч С.Ат олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Га гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие нь хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Мөн хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөх болно. 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 буюу дээрмийн хэрэгт 3 жилийн хорих ял шийтгүүлсэн. Миний бие нь хорих ялаар шийтгүүлсэн хэргийнхээ хохирлыг нөхөн төлөх болно. Иймд ар гэрийн байдлыг болон хэргийн байдал зэргийг минь харгалзан үзэж, 3 жилийн хорих ялыг минь хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч Э.Гы өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Э.Гы гомдлыг дэмжиж байна. Гомдолд дурьдсан асуудлаар очиж уулзахад, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дээрмийн хэргээр шийтгүүлсэн гэдгээ хэлсэн. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд ял шийтгүүлэхээс өмнө үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг хэрхэн нэмж нэгтгэх талаар зохицуулалт орхигдуулсан гэж үзэж байна. Хоёр газар шийтгэх тогтоол гарсан байгаа учир эдгээр ялыг хаана, хэрхэн нэмж, нэгтгэх асуудал орхигдсон. Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх үүднээс хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Уранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн давж заалдах гомдол болон өмгөөлөгчийн саналыг сонслоо. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж тус тус заасан. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дээрмийн гэмт хэрэгт, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хулгайлгах гэмт хэрэгт хорих ял шийтгүүлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл харагдахгүй байна гэж үзэж байна. Тийм учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх, Э.Гад холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

 

Шүүгдэгч Э.Га нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 575 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил хорих ял шийтгүүлснээс гадна Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 610 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлжээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг хэрхэн нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсгээр зохицуулж байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг халсан тул Э.Гад оногдуулах ялуудыг нэгтгэхэд энэхүү журмыг хэрэглэх үндэслэлгүй болсон.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд “хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар зохицуулалгүй орхигдуулснаас тус тусдаа мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэгдэн, шүүхээр шийдвэрлэгдэж, хэд хэдэн шийтгэх тогтоол гарсан нөхцөлд шүүх ялуудыг нэгтгэж, жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох хууль зүйн боломжгүй болсон.

 

Энэ тохиолдолд Э.Гы холбогдсон хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй байна.

 

   Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, магадлалд заасан үндэслэлээр Э.Гад холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

   Хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасантай холбогдуулан шүүгдэгч Э.Гы “хорих ялыг хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг эцэслэн шийдвэрлээгүй болно.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 575 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Гад холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол Э.Гад урьд авсан цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧИД                                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН