Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 39

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

 

Оролцогчид

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Ариунтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 248 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлоор Ж.Бын нэхэмжлэлтэй З.От холбогдох 9.480.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Ж.Б анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэн Ж.Бби 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж аман хэлцэл хийж сард 300.000 төгрөгийн цалинг тогтмол өгч дээрээс нь хонь ямаанаас гарсан төлийн 10%-ийг өгч байхаар З.Отай тохиролцож туслах малчнаар авч ажиллуулсан. Хэлцлийн дагуу би хөлсөө тогтмол өгч байсан төдийгүй мөнгөний хэрэг гарлаа гэхээр нь 2 сарын хөлсийг нь урьдчилж өгсөн байсан. Мөн дээрээс нь 18 тооны хурга ишиг өгсөн. Гэтэл 2018 оны 05 сарын 09-ны өдөр миний малыг хариулж яваад 19 тооны эр ямаа, 39 тооны эр хонийг дутаасан байсан. ...Миний хууль ёсны эрх ашгийг хамгаалж хохирлыг минь барагдуулж нэхэмжлэлийн шаардлага болох 9.480.000 төгрөгийг минь бүрэн хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч З.О анхан шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... Би 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ж.Бын гэрт туслах малчнаар ажиллахаар очсон. 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр малыг нь алдсан нь үнэн. Гэхдээ би туслах малчнаар ажиллахдаа мал тусгаарлаж аваагүй. Ж.Бахтай хамт малладаг байсан. 19 тооны эр ямаа, 39 тооны эр хонь алга болсон гэж яриад байгаа боловч яг хэдэн эр, хэдэн эм хонь ямаа алга болсныг мэдэхгүй байгаа. ...Мал алга болохоос 3-4 хоногийн өмнө тоолоход мал бүрэн байсан. Ерөнхийдөө 7 хоногт 2-3 удаа малаа тоолдог байсан. Өмнө нь нэг ч удаа мал дутааж үзээгүй. Намайг анх ажиллуулахаар ярилцахдаа сар бүр 300,000 төгрөгийн цалин өгнө, дээр нь төллөх малын 10 хувийг өгнө гэж ярьсан боловч би төллөх малын 10 хувийг аваагүй. Харин цалингаа авдаг байсан. Надад 7 ишиг 8 хурга өгнө гэж байсан. Би түүнийг нь аваагүй гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 248 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.Оаас 9.480.000 төгрөгийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166.630 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй... гээд, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй тул шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй.

Хариуцагч мал дутаасан талаар ямар нэгэн маргаан үүсгээгүй харин юун дээр маргаж байгаа вэ гэхээр хариу тайлбартаа бичсэнээр цагдаагийн газраас уг хэргийг шалгаад надад хамааралгүй болохыг тогтоосон малыг дутаасан асуудал надад хамаагүй гэж маргасан боловч татгалзлаа нотолсон нэг ч хуудас нотлох баримт гаргаж өгөөгүй. Хуульд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл шүүх хариуцагчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Нэхэмжлэгчийн хувьд шаардлагаа нотолж хуулийн байгууллагаар шалгуулаад тогтоосон бүх нотлох баримтыг гаргаж өгсөн. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас уг хэргийг шалгаад 20119 оны 07 сарын 10-ны өдрийн 143 дугаартай хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоолдоо ...гэрч З.О нь би Ж.Бын малыг хариулж явахдаа дутаасан нь үнэн би ажилдаа хайнга хандсан гэдэг асуудлаа хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг.... гэрч Б.Ууганзаяа, Ж.Мөнхдаш, Б.Тулга нарын мэдүүлэг, мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2017, 2018 оны тооллогын баримт Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар З.О нь иргэн Ц.Бүрэнбаатарын мал 19 тооны ямаа, 39 тооны хонийг дутагдуулсан болох нь тогтоогдож байна гэж жил гаран шалгаад албан ёсоор тогтоож өгсөн.

Иргэн хүн хуулийн байгууллагынхаа албан ёсны шийдвэрт итгэхгүй бол өөр юунд итгэх юм бэ. Прокурорын байгууллага нь шалгаад тогтоогдсон гэж үзэж байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь ямар учиртайг ойлгохгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гаргасан гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзнэ. Хариуцагч нь тухайн айлд туслах малчнаар ажиллаж байсан бөгөөд малаа хариуцагчид хүлээлгэн өгөөгүй зөвхөн өөрийн ажилд туслуулж зохих хөлс олгодог байсан. Тиймээс түүний эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд үзэхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Ж.Бнь хариуцагч З.От холбогдуулан эд хөрөнгөд учруулсан хохирол буюу малыг хариулж яваад дутаасан малын үнэ 9.480.000 төгрөгийн гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч Ж.Бнь хариуцагч З.Оыг туслах малчнаар 2017 оны 11 дүгээр сарын 01-ээс эхлэн тодорхой хөлс өгөхөөр тохиролцон ажиллуулснаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1- д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч З.Оыг мал хариулж байх хугацаанд нэхэмжлэгчийн малнаас 59 толгой бог мал дутсанаар зохигчдын хооронд маргаан үүссэн улмаар нэхэмжлэгч нь Цагдаагийн байгууллагад хандаж, гомдол гаргаж шалгуулсан боловч Сэлэнгэ аймгийн Прокурорын 2019 оны 07 сарын 10-ны өдрийн 143 тугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хаажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч З.Оыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажил гүйцэтгэх явцдаа бусдад хохирол учруулсан гэдэг нь тогтоогдохгүй байгаа бөгөөд хариуцагчийн буруугаас өөрт нь хохирол учирсан талаар нотлох баримт шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч З.Оыг 59 толгой бог мал дутаасан гэм буруутай болохыг Прокурорын тогтоолоор тогтоосон байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчсөн гэж давж заалдах гомдлоо тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан Прокурорын 2019 оны 07 сарын 10-ны өдрийн 143 дугаартай тогтоол нь зөвхөн хариуцагчийг гэмт хэрэг үйлдсэн эсэх асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд тухайн тогтоолд бичсэн үйл баримтаар хариуцагчийг нэхэмжлэгчид хохирол учруулсан гэж үзэхгүй тул тус тогтоолыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагддаг бөгөөд зохигчид нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцдэг ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй тул анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Ж.Бнь нэхэмжлэлийн  шаардлагаа нотлоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэл байхгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 248 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 166.630 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

Г.ДАВААРЕНЧИН