Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 248

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн сумын 3 дугаар баг Мангирт гэх газар тоотод оршин суух, Авгаан овогт Ж.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Хушаат сум, 2 дугаар баг, 1-19 тоотод оршин суух, Хаадархан овогт З.О, т холбогдох

9.480.000 төгрөгийг гаргуулан эд хөрөнгийн хохирол барагдуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэ-Оргил, хариуцагч З.О, хариуцагчийн өмгөөлөгч Д.Ариунтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Бнь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэн Ж.Бби 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж аман хэлцэл хийж сард 300.000 төгрөгийн цалинг тогтмол өгч дээрээс нь хонь ямаанаас гарсан төлийн 10%-ийг өгч байхаар З.Отай тохиролцож туслах малчнаар авч ажиллуулсан. Хэлцлийн дагуу би хөлсөө тогтмол өгч байсан төдийгүй мөнгөний хэрэг гарлаа гэхээр нь 2 сарын хөлсийг нь урьдчилж өгсөн байсан. Мөн дээрээс нь 18 тооны хурга ишиг өгсөн. Гэтэл 2018 оны 05 сарын 09-ны өдөр миний малыг хариулж яваад 19 тооны эр ямаа, 39 тооны эр хонийг дутаасан байсан. Энэ хэргийг нь шалгуулахаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт гомдол мэдээлэл гаргасан боловч энэ учруулсан хохирол нь амьдралын эх үүсвэр болон эд хөрөнгийн эрхэд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэж гэмт хэргийн шинжгүй байна гэсэн үндэслэлээр хэргийг хааж өөрт учирсан хохирлоо иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэй гэсэн. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч Улсын Ерөнхий гаргаж явсан боловч тусыг эс олж хяналтын прокурорын шийдвэр үндэслэлтэй байна иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн. Үүний дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Миний хууль ёсны эрх ашгийг хамгаалж хохирлыг минь барагдуулж нэхэмжлэлийн шаардлага болох 9.480.000 төгрөгийг минь бүрэн хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч; Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум, Бүргэдэй 1 дүгээр баг, 64 айлын орон сууцны 1 дүгээр байрны 05 тоотод оршин суух, Сэлэнгэ аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч ажилтай, Боржигон овогт Дүгэрсүрэнгийн Эрдэнэ-Оргил, РД:/ФМ-78011677/ нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.БЗ.О нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлд иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлүүдийг хуульчилж өгсөн байдаг. Нэхэмжлэгч Ж.Бнь Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан эрхийнхээ дагуу өөрт учирсан хохирлыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ж.Бнь 700-800 орчим тооны малтай бөгөөд эхнэр хүүхдийнхээ хамт амьдардаг. Мал ихтэй учраас малаа маллаж чадахгүйд хүрч улмаар туслах малчин авахаар шийдсэн. Ингээд 2017 оны 11 дүгээр сард З.От хандан сарын 300,000 төгрөгийн цалинтай мөн мал төллөх үеэр шинээр төрсөн малын 10 хувийг авч байхаар тохиролцон туслах малчнаар ажиллуулахаар хүсэлт тавьсныг З.О зөвшөөрч 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд Ж.Бүрэнбаатарын гэрт байрлан туслах малчнаар ажиллаж эхэлсэн. Тухайн үед Ж.БЗ.О нар нь бичгээр гэрээ байгуулаагүй ч гэсэн Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар хэлцэл хийгдсэн гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ үйлчилж эхэлсэн. Хөлсөөр ажиллах гэрээг заавал бичгийн хэлбэрээр байгуулна гэсэн хуулийн зохицуулалт байхгүй учраас Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5-д зааснаар уг гэрээг хийгдсэн гэж үзэж байгаа юм. Хөлсөөр ажиллах гэрээний дагуу Ж.Бнь хөлс төлөх үүрэг хүлээж З.О нь ажил гүйцэтгэх үүрэг үүссэн. Ж.Бнь өөрийн үүргийг гүйцэтгэж сар бүр хэлэлцэж тохирсны дагуу 300,000 төгрөгийг З.От цалин гэж өгч байсан. Гэтэл З.О нь ажиллаж байх хугацаандаа буюу 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 19 тооны эр ямаа, 39 тооны эр хонь дутаасан. Тухайн өдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Ж.Бнь цагдаагийн газарт дуудлага өгч гомдол мэдээлэл гаргасан. Улмаар хоёр жил орчим хугацаанд уг асуудлыг шалгаад гэмт хэргийн шинжтэй боловч бусдын эд хөрөнгөд хайнга хандах нь материаллаг бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд онц ноцтой хохирол учруулсан байхыг шаарддаг. Хохирлын хэмжээ хүрэхгүй байгаа нь гэмт хэргийн шинжгүй байна гэж үзээд хэргийг хаасан прокурорын тогтоол гарсан. Уг тогтоолыг эс зөвшөөрч Сэлэнгэ аймгийн ерөнхий прокурор болон улсын ерөнхий прокурорт гомдол гаргасан боловч гэмт хэргийн шинжгүй байх тул иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэдэг байдлаар хариу өгсөн. Ж.Бнь 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр буюу эхлээд цагдаад дуудлага өгөхдөө хулгайлах гэмт хэргийн дуудлага өгсөн. Үүний дагуу З.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан шалгасан боловч хулгайн гэмт хэргийн шинж нь нууц далд аргаар авсан байхыг шаарддаг гэтэл З.О нь Ж.Бүрэнбаатарын малыг итгэмжлээд авчихсан хүн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.9 дүгээр зүйлд зааснаар Бусдын эд хөрөнгийг хамгаалахад хайнга хандах гэж үзсэн боловч мөн л гэмт хэргийн шинжийг хангаагүй байна гэж үзсэн юм. Түүнээс биш уг хэрэгт З.Оыг огт буруугүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгоогүй. Уг хэргийг шалгаж байхад З.О нь удаа дараа гэрчээр өгсөн мэдүүлэгтээ Ж.Бүрэнбаатарын малыг дутаасан нь үнэн. Хохирол төлбөрийг нь төлөх талаар Ж.Бүрэнбаатартай ярилцана гэж мэдүүлсэн байдаг. Прокурорын зүгээс хэргийг хэрэгсэхгүй болгосны дараа уг байр сууриа өөрчилж надад хамаагүй би төлөхгүй гэсэн байдлаар хандах болсон. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн гаргасан нэхэмжлэлийг нотлох цөөнгүй нотлох баримт гаргаж өгсөн. Харин хариуцагчийн зүгээс шүүхэд гаргасан хариу тайлбараа нотолсон 1 хуудас ч нотлох баримт гаргаж өгөөгүй. Тиймээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэх.

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Би 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ж.Бүрэнбаатарын гэрт туслах малчнаар ажиллахаар очсон. 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр малыг нь алдсан нь үнэн. Гэхдээ би туслах малчнаар ажиллахдаа мал тусгаарлаж аваагүй. Ж.Бахтай хамт малладаг байсан. 19 тооны эр ямаа, 39 тооны эр хонь алга болсон гэж яриад байгаа боловч яг хэдэн эр, хэдэн эм хонь ямаа алга болсныг мэдэхгүй байгаа. 2018 оны 05 дугаар сарын 08-ны орой Ж.Бах бид хоёр тэдний малыг хаваржаа руу нь туусан. Тэгээд тэндээ малаа харж хоноод өглөө нь босоод намайг малтайгаа үлдээгээд өөрөө гэр лүү гээ явсан. Би араас нь 3-4 цагийн дараа малыг нь тууж очсон. Мал алга болохоос 3-4 хоногийн өмнө тоолоход мал бүрэн байсан. Ерөнхийдөө 7 хоногт 2-3 удаа малаа тоолдог байсан. Өмнө нь нэг ч удаа мал дутааж үзээгүй. Намайг анх ажиллуулахаар ярилцахдаа сар бүр 300,000 төгрөгийн цалин өгнө, дээр нь төллөх малын 10 хувийг өгнө гэж ярьсан боловч би төллөх малын 10 хувийг аваагүй. Харин цалингаа авдаг байсан. Надад 7 ишиг 8 хурга өгнө гэж байсан. Би түүнийг нь аваагүй. Мал алга болсноос хойш надад маш хэцүү байсан. Би өмнө нь гэмт хэрэгт огт холбогдож байгаагүй. Ж.Бахын эхнэр нь их ууртай хүн байдаг. Тэр хүн намайг чи заавал төлж өг. Яаж харахаараа мал алгадаг юм гэх мэтээр хэлээд байхаар нь айсандаа хариуцлага алдсан нь үнэн гэж мэдүүлэг өгсөн гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаж ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.Бнь хариуцагч З.От холбогдуулан ... 2018 оны 05 сарын 09-ний өдөр З.О нь миний малыг хариулж яваад 19 тооны эр ямаа, 39 тооны эр хонийг дутаасны улмаас нийт 9.480.000 төгрөгийн хохирол учруулсаныг төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч З.О нь эс зөвшөөрч ...бидний хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй, эд хөрөнгийн хариуцлага хүлээх талаар гэрээ байгуулагдаагүй, би ганцаараа биш Ж.Бүрэнбаатартай хамт хаваржаандаа очиход дутсан, уг тооны малыг яг хэзээ /дутаасан/ алга болсон нь мэдэгдэхгүй, надад тодорхой тооны мал хүлээлгэн өгсөн зүйл байхгүй тул дээрх хохирлыг хариуцахгүй хэмээн маргаж байна.

Нэхэмжлэлийн шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-ийн 1 тал/ болон хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан /хх-ийн 24 тал/ тайлбар, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын өгсөн тайлбар, хавтаст хэргийн 32-40 дүгээр талд хариуцагч З.Оаас Цагдаагийн газарт өгсөн мэдүүлэг зэргээр Ж.Бүрэнбаатар, З.О нарын хооронд аман хэлцлээр 2017 оны 11 сарын 01-нээс эхлэн туслах малчнаар ажиллах, ажиллуулахаар, улмаар ажлын хөлсөнд З.От сарын 300.000 төгрөгийн цалин тогтмол өгөх, мөн дээрээс нь гарсан төлийн 10% -ийг жил бүр өгч, авч байхаар тохиролцсоны дагуу З.О нь Ж.Бүрэнбаатарынд байж, мал хариулах зэрэг ажлыг гүйцэтгэж байсан болох нь тогтоогдож, талуудын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5-д заасан ... нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгснөөр, мөн хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1- д заасан ... ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээснээр, талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

З.О нь хөлсөөр ажиллах аман хэлцлийн дагуу 2017 оны 11 сарын 01- нээс эхлэн 2018 оны 05 сарын 09-ний өдрийг хүртэл Ж.Бүрэнбааатарын хонь хариулах зэрэг ажил үүрэг гүйцэтгэж байсан ба 2018 оны 05 сарын 09-ний өдөр З.Оын хариулж байсан малаас нийт 58 /19 тооны эр ямаа, 39 тооны эр хонь/ тооны мал дутсаны улмаас Цагдаагийн байгууллагаар шалгуулж, дээрх тооны мал дутсан нь тогтоогдсон гэх боловч Прокуророос гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан / хх-ийн 10-15 тал / байна.

Хэрэг бүртгэлтэнд З.О /хх-ийн 7-9, 32-40 тал/- нь ... мал хариулж явахдаа хайнга хандаж, сонор сэрэмж алдаж мал дутааж, хохирол учруулснаа хүлээн мэдүүлсэн гэх боловч тэрээр Иргэний шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ... би туслах малчнаар ажиллахдаа мал тусгаарлаж аваагүй. Ж.Бахтай хамт малладаг байсан,19 тооны эр ямаа, 39 тооны эр хонь алга болсон гэж яриад байгаа боловч яг хэдэн эр, эм хонь, ямаа, хэзээ, хэрхэн алга болсныг мэдэхгүй тул хохирлыг хариуцахгүй хэмээн маргаж байгаа бөгөөд нэхэмжлэгч Ж.Бнь жил бүрийн мал тооллогын А дансны баримтаар тухайн үед /2018 оны 05 сард/ нийт хичнээн тооны малтай байсан хийгээд уг малаас ямар нас, зүс, хүйсний, хичнээн тооны хонь, ямаа дутсан болох, тухайн үед З.От яг хэдэн тооны мал хүлээлгэж өгсөн, авсан тухай тооцоо баримтгүй зэргээс үзэхэд; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1- д зааснаар хэргийн зохигч / нэхэмжлэгч /-оос ... нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүйгээс гадна мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 -т зааснаар ... шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх эрхтэй тул дан ганц нэхэмжлэл болон зохигч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хариуцагчийн хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нотлогдсон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд бусад баримтаар давхар нотлогдоогүй, өөрөөр хэлбэл; нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166.630 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээвэл зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.Оаас 9.480.000 төгрөгийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166.630 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Л.ЭНХТАЙВАН